Бидний тухай

     Эрдэнэт үйлдвэрийн 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нэг болох “Москва 300” орон сууцны хорооллын барилгын ажил эхэлжээ. Одоогоор тус хорооллын гурван орон сууцны суурь цутгах  ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Мөн барилгын материал бэлтгэх, зарим хэмжилт хийгдэж буйг албаны хүн мэдээллээ.
     Энэ онд Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын өнгө үзэмж, тохижилт сайжруулахад тодорхой хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, хотын төв зам дагуух зурагт самбар шинэчилж засахаар төлөвлөн, зураг төслийг Инженерийн зураг төслийн төв хийж байна. Зураг төслийн ажил дууссаны дараа Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтэс хариуцан самбар хийх, байршуулах ажлыг эхлүүлэх юм. 

М.Балжинням
Б.Баттөгс
 

     ОХУ-ын Улан-Үдэ хотод энэ сарын 18-20-ны өдөр “Байкальский Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын 3-р уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ОХУ, Монгол, Хятад, Солонгос улсын 59 дуучин оролцсон байна. Олон улсад нэр хүнд бүхий, дуурийн дуучдын мэргэжлийн ур чадварын чансааг тодорхойлдог уг тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, МУСТА Даваасүрэнгийн Дагвадорж тэргүүн байрыг эзэллээ. Өнөөдөр тэмцээний ГАЛА тоглолт Буриад Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт зохион байгуулагдана. Уралдааныг ОХУ-ын ардын жүжигчин, гавьяат дуучид шүүжээ. УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ, Э.Амартүвшин 2011 онд зохион байгуулагдсан I уралдаанд, МУГЖ, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар 2015 онд зохион байгуулагдсан II уралдаанд тус тус тэргүүн байрыг эзэлж байсан бол 2019 оны  III уралдаанд Эрдэнэтийн дуучин, МУСТА Д.Дагвадорж манлайлж, Эрдэнэт үйлдвэр, дуу бүжгийн чуулга, уран бүтээлчдийнхээ нэр сүрийг өндөрт өргөн, олон улсад сурталчиллаа.

У.Цэрэнбат
Б.Баттөгс

 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч Д.Пүрэв-Отгонтой ярилцлаа.

     - Хуульч хүний хувьд та Эрдэнэт үйлдвэрийн харуул хамгаалалт ямар түвшинд байна гэж үздэг вэ?
    - "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьект”-оор тогтоосон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Цагдаагийн ерөнхий газартай байгуулсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалт”-ын гэрээний үндсэн дээр үйлдвэрийн газрын эзэмшлийн нутаг дэвсгэр, түүний объектод үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр болон агуулахын харуул хамгаалалтыг зохион байгуулах, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбартай хамтран ажиллаж, хяналт, шалгалтын ажлыг сайн гүйцэтгэж байна.

     - Хэдэн цэгт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна?
    
- Үйлдвэрийн бүс, объектын харуулын  28 цэгт гэрээт цагдаагийн алба хаагчид харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхий захиргааны 1, 2 дугаар байр, Авто тээврийн шалган нэвтрүүлэх 1, 2 дугаар цэг, Авто тээврийн цехийн Төрөл бүрийн авто машины гарааж, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн бэлэн мөнгөний кассын үйл ажиллагааны аюулгүй байдлын харуул хамгаалалтыг ханган ажилладаг. Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын алба хаагчид үйлдвэрийн газрын есөн объектын харуул хамгаалалтыг  харуулын 17 цэгт гүйцэтгэдэг.

     - Сард хэчнээн тээврийн хэрэгсэлд хяналт тавин ажилладаг вэ?
     - Харуул хамгаалалтын алба хаагчид 2019 оны дөрвөн сард давхардсан тоогоор шалган нэвтрүүлэх зургаан цэгээр болон бусад харуулын цэгүүдээр үйлдвэрийн газрын ажилтны үнэмлэхээр нэвтэрсэн 77,584 удаагийн хөдөлгөөнд хяналт тавьж 3158 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Мөн үйлдвэрийн бүс рүү орж буй 198 төрлийн бараа, материал, үйлдвэрийн бүсээс гарч байгаа 504 төрлийн бараа материал, 13 төрлийн хоёрдогч түүхий эд зэргийн дагалдах баримт бичигт тулгалт  хийж, бүртгэлд авсан байна.

     - “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ын хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байна вэ?
     - Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдсан “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг үйлдвэрийн газрын хэмжээнд мөрдүүлж, журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам” нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үйлдвэрийн газарт хэрэгжиж эхэлсэн.
     -Үйлдвэрийн газрын ажилтнуудыг ажилтны цахим үнэмлэхтэй болгосон. Үйлдвэрийн бүсийн автозамын нэг, хоёрдугаар цэг, Ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байранд суурилуулсан шалган нэвтрүүлэх төхөөрөмж /турникет/-д цахим үнэмлэхээ уншуулдаг болсноор ажлын цагийн хяналт сайжирсан.
     - Хөлсөөр ажиллах болон гэрээт төрийн байгууллагуудын ажилтнуудыг цахим үнэмлэхжүүлсэн.
     - Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу саадгүй нэвтрэх эрх бүхий хүмүүс /УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, тагнуул, авлигатай тэмцэх газар, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага/-ийн үнэмлэхийг шалгаж зочны үнэмлэхээр үйлдвэрийн бүсэд нэвтрүүлж байна.
     - Үйлдвэртэй танилцах гаднын хүн, жуулчин, зочид төлөөлөгч, оюутан сурагчдын холбогдох баримтыг шалган зочны үнэмлэхээр нэвтрүүлдэг болсон.
     -Үйлдвэрийн газартай гэрээгээр ажил, үйлчилгээ үзүүлж байгаа  гаднын байгууллага, компанийн тээврийн хэрэгслүүдэд үйлдвэрийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгохдоо үйлдвэрийн газартай байгуулсан гэрээг үндэслэл болгон гэрээнд заасан хугацаагаар олгож, бүртгэл хөтөлж, хяналт тавин ажиллаж байна.
    - 2019 оны эхний улирлын байдлаар давхардсан тоогоор 81 аж ахуйн нэгж, байгууллагын 187 тээврийн хэрэгсэлд үйлдвэрийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл, 78 ажилтанд үйлдвэрийн бүсэд нэвтрэх цахим үнэмлэх тус тус олгосон байна.

     - Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол нэлээн гарах боллоо. Ер нь хэрэг зөрчилд холбогдсон хүний тоо буурч байна уу?
     - Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудаас 2019 оны нэгдүгээр  улиралд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гурав, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон найм, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр, танхайрах хэрэгт гурав, хөрөнгө завших нэг, хулгайлах гэмт хэрэгт  гурван хүн тус  тус холбогдсон. Энэ оны нэгдүгээр улиралд Орхон аймгийн хэмжээнд нийт эрүүлжүүлэгдсэн 804 хүний 15 буюу 1.8 хувь нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг иргэд байна. Ер нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил зонхилж байгаа нь зам тээврийн осол гаргах,  бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учруулах, өөрөө эд хөрөнгө, амь насаараа хохирох эрсдэл үүсэж болзошгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тохиолдолд  ногдуулах санкцийг хуульчилж өгсөн байгаа. Тухайлбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

     - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсонтой холбогдуулан “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчилж баталсан. Энэ талаар тайлбарлана уу?
     - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/294 дүгээр тушаалаар  үйлдвэрийн газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын 8 дугаар зүйлийн 8.9-д заасан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцож,  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар  журамласан. Тухайлбал:
    - Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.9-ийн 8.9.19-д “Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл хүлээсэн ажилтнуудын ажилдаа ирээгүй хугацааг ажил тасалсан хугацаатай адилтган үзэж”  ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шинэ заалт оруулж өгсөн.
     - Үйлдвэрийн газрын ажилтнууд ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жолоодсон,  олон нийтийн газар танхайрах үйлдэл гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл хүлээх нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа нь үйлдвэрийн газрын шинэчлэн баталсан Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдож ажлаас халах, хөдөлмөрийн гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн. Иймээс гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үйлдвэрийн газрын нийт ажилтнууддаа анхааруулж байна.

     - Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
    - Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн статус өөрчлөгдөж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсонтой холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа “Үйлдвэрийн бүсэд болон объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулна.
    - Үйлдвэрийн бүсийн эрсдэлтэй цэгүүдийг шинэчлэн тогтоож камержуулах, камерын хяналтын нэгдсэн төвтэй болох зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.

Т.БАТЧУЛУУН

     Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд барьж буй 4М далангийн ажлын явцын талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөс тодрууллаа.

     - Энэ нь хүн хүч, техник, цаг хугацаа шаардсан том ажил. 2019 оны тавдугаар сарын нэгэнд Бүтээн байгуулалтын нээлт болгон уг ажлыг эхлүүлсэн. Далан барих бэлтгэл ажил сайн байна. Техникийн тасралтгүй үйл ажиллагааг бүрэн хангах шаардлагатай. Иймээс сэлбэг хэрэгсэл, тэсрэх бодис зайлшгүй хэрэгтэй. Белазын болон бульдозерийн хэрэгцээтэй сэлбэг хэрэгсэл худалдан авна. Нэн  шаардлагатай сэлбэг, хэрэгсэл, бараа материалаа захиалсан. Энэ ажлын талбар дээр хоёр удаа тэсэлгээ хийсэн. Дахиад 2-3 удаа тэсэлгээ хийнэ. Юун түрүүнд тэсрэх бодис авах шаардлагатай байна.

     - Даланг  ямар хугацаанд барьж дуусгах вэ?
   
- Аравдугаар сарын нэгэнд энэ ажлыг дуусгах ёстой. Хүйтэрчихвэл далан барихад хэцүү болно. Манай ажиллагчид өглөөнөөс орой хүртэл 12 цагаар ажиллаж байгаа. Урин дулааны улиралд уртасгасан цагаар ажиллана.

     - Ямар компани хамтран ажиллах вэ?
     - Хамтран ажиллах компани ажлын арвин туршлагатай байх ёстой. Уг ажлыг гүйцэтгэх компанийг тендер зарлан сонгон шалгаруулна. Тендерийн үнэлгээний хороо хамтран ажиллах компанийн нэрийг тодруулна. Одоогоор компанийн нэр хараахан тодроогүй байна. Мөн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Геологи хайгуулын анги, Геологи маркшейдерийн, Үйлдвэрлэлийн, Техникийн, Барилга байгууламж хяналт төлөвлөлтийн хэлтэс, Инженерийн зураг төслийн төв гэх мэт бүтцийн нэгжүүд далан барих ажлыг хамтран гүйцэтгэх юм.

     - Ийнхүү Хаягдлын сангийн 4М даланг барьснаар үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, ашиглалтын хугацаа 4-6 жилээр нэмэгдэнэ. Энэхүү төслийн хүрээнд 3М даланг хар шороон хөрсөөр хучиж, улмаар элсэн доторлогоо хийх замаар 4М даланг барьж байгуулахаар төлөвлөсөн. Уг ажлыг хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, цаашид технологийн үйл ажиллагаа тогтвортой явах нөхцөл бүрдэх юм.

Т.БАТЧУЛУУН

     Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсэгт хяналтын автомат систем суурилуулан өнгөрсөн пүрэв гарагт ажиллуулж эхэллээ. Энэхүү системийн программ хангамж, угсралт,  тохируулга, суурилуулах ажлыг Анд энерги ХК гүйцэтгэв. Энэ систем нь Урвалжийн хэсгийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн ажиллаж буй төлөв, ачаалласан байдал, залгасан салгасан хугацаа, бүтээмж, ачааллын график зэргийг хянах юм. Уг системийг суурилуулснаар тус хэсгийн оператор шуурхай мэдээллээр бүрэн хангагдаж, технологийн тоног төхөөрөмжийг хянах, удирдах боломжтой болно. Өмнөх хяналтын систем тоног төхөөрөмжийн ажиллагааг цаг алдаж мэдээлэх, үүнээс шалтгаалан урвалж тасалдуулах зэрэг дутагдалтай байсан аж. Урвалжийн хэсэг нь Төв корпусын технологийн процессыг урвалжаар тасралтгүй хангах үүрэгтэй. Хяналтын дэвшилтэт  төхөөрөмжийг ашигласнаар доголдол гэмтлийг цаг тухайд нь илрүүлэн Төв корпусыг урвалжаар найдвартай хангаж, улмаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, чанарт сайнаар нөлөөлнө. Ийнхүү Баяжуулах үйлдвэрт анх удаа WI-FI антенн ашиглаж олон тоног төхөөрөмжийн мэдээлэл дамжуулах шинэ технологи нэвтрүүллээ.

Я.ЭНХ

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог