Бидний тухай

     MNS OHSAS 18001:2012 стандартын 4.4.3.2-д зааснаар, байгууллага нь ажилтан бүрээ ХАБЭА-н үйл ажиллагаанд оролцуулах, ХАБЭА-г эрхэмлэсэн байгууллагын соёлыг бэхжүүлэх нь аюултай тохиолдлыг бууруулах, цаашилбал ослыг тэглэх үндэс болдог.
      Үүний тулд дэлхийд тэргүүлэгч компаниуд өөрийн онцлогт тохирсон бүтээлч оролцоо, манлайллын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар ослыг тэглэх менежментийг амжилттай хэрэгжүүлж байна. Манай үйлдвэр ХАБЭА-н бүтээлч оролцоо, манлайллын арга хэрэгслийг хоёр жилийн өмнө Засвар механикийн заводад, 2018 онд бүтцийн долоон нэгжид туршин хэрэгжүүлсэн. Үүнийг Ерөнхий захирлын А/79 тоот тушаалаар энэ онд үйлдвэрийн хэмжээнд бүх бүтцийн нэгжүүд туршин хэрэгжүүлж байна.
     2019 онд ХАБЭА-н үйл ажиллагааг “Шүүмжлэхээс илүү сайжруулцгаая” уриан дор “ХАБЭА-н жижиг аян” арга хэрэгслийг туршин  нэвтрүүлэх ажлыг Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг дээр, “Өглөөний ХАБ”-ыг Авто тээврийн цехэд, Хатуу, зөөлөн хяналтын аргыг Засвар механикийн заводад, “Удирдлага ажлын байранд” аргыг Засвар монтажийн цехэд тус тус хэрэгжүүлэн ХАБЭА-н бүтээлч 23 бүлэг байгуулагдан ажиллаж байна.
     ХАБЭА-н үйл ажиллагаанд удирдлагын манлайлал, ажилтны оролцооны арга хэрэгслийн хэрэгжилт сулавтар байгаа бүтцийн нэгжүүдийг идэвхжүүлэх зорилгоор цуврал семинар зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сард Оёдлын цех, Эрдэнэт сувиллын цогцолбор, Соёлын ордон, Ус хангамжийн цех, Дулааны цахилгаан станц, Барилга засварын цехэд болон “Мэдээллийн хаалгач” нарт семинар хийв. Харин энэ сард Засвар угсралт, Ган бөөрөнцгийн цех, “Энэрэл” төвд тус тус  зохион байгууллаа.  Харин энэ сарын 10, 13, 15-ны өдрүүдэд Ерөнхий захиргааны ажилтнуудад “ХАБЭА-н удирдлагын манлайлал, оролцоо” семинар болон үйлдвэрлэлийн ажлын байрны аяллыг амжилттай зохион байгуулав.
     Семинарт Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх,  Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэ болон хэлтсүүдийн дарга, орлогч, алба, товчоодын дарга, тэргүүлэх инженер, мэргэжилтэн нийт 120 гаруй  ажилтан оролцлоо.
     Семинарын явцад ерөнхий захиргааны ажилтнууд цехүүдийн үлгэр дуурайллаар “Өглөөний ХАБ”, “ХАБЭА-н жижиг аян”-ыг өөрийн хэлтэстээ хэрэгжүүлэх, ажилдаа EQ чадвараа дээшлүүлэх замаар удирдлагын бодит үлгэр дуурайллаа нэмэгдүүлэх” эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн “Удирдлага ажлын байранд” арга хэрэгсэл болон Хатуу, зөөлөн хяналтын аргыг хослуулан ашиглаж сурахыг удирдлагуудад санал болгов. 
     Энэ онд ХАБЭА-н хэлтэс удирдлагын манлайллын арга хэрэгслийг үйлдвэрлэлийн, нийгмийн цехүүд болон оюуны хөдөлмөр эрхлэгч нарт ялгаатай аргачлалаар туршин хэрэгжүүлэх, 2020 оноос нийт ажилтнуудын ХАБЭА-н үйл ажиллагаанд бүтээлч, хариуцлагатай оролцооны тогтолцоог бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын мэргэжилтэн, доктор Л.БАТГЭРЭЛ



 

     Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрт борлуулах цахилгааны үнийг 25 мянган төгрөг, 2019 оны дөрөвдүгээр сарын 7-30-ны хооронд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 1.5 төгрөгөөр нэмэгдүүлэн 13.38 төгрөгөөр тус тус тогтоосон. Мөн энэ сарын нэгнээс 31-ний өдрийг дуустал хугацаанд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 3 төгрөгөөр нэмэгдүүлэн, 16.38 төгрөгөөр тогтоогоод байна. Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжүүд хэмнэлт хийх чиглэлээр олон үр ашигтай ажил хэрэгжүүлж, төлөвлөжээ. Мөн Эрчим хүчний хэлтэст цахилгааны хэмнэлтийн үр ашгийг тооцож, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж байгаа талаар тус хэлтсийн дарга Ш.Төрбат мэдээллээ.
     Эрдэнэт үйлдвэр жилд 940 мянган кВт/ цаг буюу 200 гаруй тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Үйлдвэрийн томоохон зардлын нэг эрчим хүчний үнэ нэмэгдэж байгаа учир урамшуулалын систем, техникийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажил үйлдвэрийн хэмжээнд хийгдэж байна.

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс


     Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулдаг 2018 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын нийт татварын 50 хувийг бүрдүүлж байгаа эдгээр 100 компанийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 17 дахь удаагаа тэргүүлж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн  “ТОП-100” өргөмжлөлөө гардан авлаа.
     Эрдэнэт үйлдвэр улс болон орон нутгийн төсөвт 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд дээрх амжилтаа эвдэж 655 тэрбум төгрөг төвлөрүүлснээр “ТОП-100” аж ахуйн нэгж шалгуурыг манлайлж байна. Түүнчлэн 6500 орчим ажилтандаа олгож буй нийгмийн хамгааллын 20 гаруй нэр төрлийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэг болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, үйлдвэрлэлийн үр ашгийн үзүүлэлтүүд энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөллөө.
     Аж ахуйн нэгжүүдийг тухайн онд улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, борлуулалтын орлого, нийгмийн даатгал, ашиг, хөрөнгө гэсэн таван гол шалгуураар  эрэмбэлдэг юм.

И.Чинтогтох

     Эрдэнэт үйлдвэр энэ жилийн “Их зогсолт”-ын засварын ажлыг 6-р сарын 29-нөөс 7-р сарын нэгний өдрүүдэд 48 цагийн хугацаанд хийнэ. “Их зогсолт”-ын бэлтгэл хангах зорилгоор үйлдвэрийн Ерөнхий захирлын “Технологийн тоног төхөөрөмжийн их зогсолт хийж, засварын ажил зохион байгуулах тухай” А/65 тоот тушаал 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр батлагдан хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй уялдан Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийн шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг хуралдаж, засварын бэлтгэл ажлын явцтай танилцав. Зарим сэлбэг, материалын хангамжийн асуудал хүлээгдэж буй ч бусад бэлтгэл ажил цаг хугацааны хувьд харьцангуй эрт хангагдаж байна гэж дүгнэлээ.
     Энэ жил нөөцгүй тоног төхөөрөмжүүдийг сэргээн засварлахаар төлөвлөжээ. Энэ засвар нь Баяжуулах үйлдвэр, Дулааны Цахилгаан Станц, Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех гэсэн таван цехэд хийгддэг. Ингэснээр бүтэн жил зогсолтгүй ажилладаг тоног төхөөрөмж, шугам хоолой, цахилгаан дамжуулах хэсгүүдийн найдвартай ажиллагаа дээшилнэ.

М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд, хэвийн явагдаж байна. Уурхайчид өртөг зардал хэмнэх бодлогын хүрээнд энэ оны эхний улиралд борлуулалтын нэг төгрөгт ногдох зардлыг 9 хувь, нэг тонн цэвэр зэсийн тооцоот өөрийн өртгийг 6.4 хувиар бууруулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны нэгдүгээр улиралд улс, орон нутгийн төсөвт 251 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол оны эхний дөрвөн сарын байдлаар 334 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Төлөвлөгөөний биелэлт 100-113 хувьтай байгаа юм. Үүнийг дагасан эдийн засгийн эерэг үзүүлэлт ч гарч байна.

У.Бат
Фото: Б.Баттөгс

     Тавдугаар сарын 14. Энэ өдрийг Эрдэнэтчүүд “Аз жаргалтай гэр бүл”-д зориулж, гэр бүлийн сайн сайхны төлөө нэг зүгт харж чадлаа. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийт 25 дахь жилдээ тэмдэглэж буй “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Орхон аймгийн зөвлөл санаачилан “1000 гэр бүлийн” баярыг Эрдэнэт хотноо зохион байгуулав. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох үндэс нь гэр бүл байдаг. Гэр бүл бүхэн аз жаргалтай байж гэмээнэ тэнд ирээдүйн зөв хүн бойжиж төлөвшдөг. Тиймээс гэр бүлийн сайн сайхан ирээдүй улс орны хамгийн чухал үнэт зүйл юм. Чухамхүү ийм учир агуулга дор Эрдэнэтчүүд "Аз жаргалтай гэр бүл"-ийн төлөө чуулж,  тайван жагсаж нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө. Энэ бол  хүн бүхэнд гэр бүлээ илүү их хүндэтгэн эрхэмлэх, хайрлах санаа сэдлийг “өдөөж”, урам өгсөн үйл явдал болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Гэр бүлийн сайн сайхны төлөө тайван жагсав

     Эрдэнэт хотын гудамж талбайд үзэмж нэмж, гартаа сүлд туг, зураг чимэглэл бүхий уриа барьж алхсан иргэд энэ өдрийн хамгийн тод “өнгө” байлаа. Орхон аймгийн бүх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болон гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдсэн урт цуваа хотын төв талбайд жагсаж, аз жаргал гэр бүлээс эхэлдэг болохыг тунхагласан. Сургуулийн бяцхан сурагчаас эхлэн  гавьяаны амралтдаа суусан эгэл жирийн буурай хүртэл “Миний гэр бүл-Миний аз жаргал”, “Аз жаргалыг хайх биш бүтээх хэрэгтэй”, “Хүүхэддээ бахархан дууриах эцэг эх нь бай”, “Гэр бүлд ээлтэй Эрдэнэт” гэсэн уриа барьж, гэр бүл хэмээх эрхэм зүйлийн төлөө санаа бодлоо нэгтгэлээ.

  

  

Арван гэр бүлд шинэ гэр бэлэглэлээ

     Арван айл гэр энэ өдөр аз жаргалаар бялхлаа. Учир нь “Гэр бүлийн өдөр”-ийг зохион байгуулагчдын зүгээс Орхон аймгийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой  арван өрхөд гал голомтоо бадраах өргөө цагаан гэр бэлэглэсэн юм. Энэхүү үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид болон бусад ТББ, аймгийн иргэд оролцож, батламж гардуулав.

 

  

Сар бүр гэр бүлийн өдрийг тэмдэглэнэ

     “Аз жаргалтай гэр бүл” үйл ажиллагааны хүрээнд гэр бүлийг дэмжих олон таатай шийдвэр гарч, ажил хэрэг болох эхлэл тавигдлаа. Сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригийг Орхон аймаг, Эрдэнэт хот “Гэр бүлийн өдөр” болгох тухай Засаг даргын захирамж гарсан байна. Тус захирамжид зааснаар гэр бүлийн сайн сайханд чиглэсэн олон арга хэмжээ Орхон аймагт хэрэгжинэ. Тухайлбал энэ өдөр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнууддаа гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цагийг олгож, илүү цагаар ажиллуулахгүй  байх тухай ч тусгаж өгчээ.   

“Аз жаргалтай гэр бүл” чуулганыг анх удаа зохион байгуулав

     Аз жаргал гэдэг бол алсаас хайх зүйл бус хамгийн ойрхон гэр бүлээс эхэлдэг. Тиймээс дэргэд буй гэр бүлээ хайрлаж хүндлэх нь аз жаргал юм гэдгийг сануулж өгснөөрөө чуулганы ач холбогдол оршиж байна. Нэг дор 1000 гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөөллийг цуглуулсан "Аз жаргалтай гэр бүл" чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны орон нутаг хариуцсан тэргүүлэгч, МЭХ-ны Орхон аймаг дахь салбарын тэргүүн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нээв. Тэрээр "Гэр бүлийн сайн сайхны төлөөх үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, нөлөөлөл юу юунаас илүү гол үүрэгтэй"-г онцолж, уг арга хэмжээг дэмжиж, хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст талархлаа. Мөн хэлсэн үгэндээ: “Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа шинэчлэн үргэлжлүүлж байна. Бид Орхон аймгийнхаа эмэгтэйчүүдэд нээлттэй, тэдний хүсэл зорилго, дуу хоолой, санал санаачилгыг дэмжиж, соён гэгээрүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох цаашлаад хөгжлийн гүүр гарц болохыг зорьж ажиллаж байна. Гэр бүл гэдэг бидний амьдрал төдийгүй төр улсын үндэс суурь юм. Сүүлийн жилүүдэд гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр төр засгаас бодлогын түвшинд анхаарахын зэрэгцээ төрийн бус байгууллагууд үүсэж, олон арван үйл ажиллагааг хүн амын дунд өрнүүлэн сургалт сурталчилгааг зохион байгуулсаар ирсэн. Энэ бүх өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд нийгмийн эх үндэс болсон Монгол сайхан айл өрхүүдийг төлөвшүүлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байна. Нийгмийн харилцааны олон талт асуудлаас шалтгаалан  Монголчууд бидний амьдралд эрээн бараантай зүйл байгаа нь нууц биш юм. Гэхдээ бие биенээ зоосны нүхээр харах биш сэтгэлийн гэрлээр харж хамтдаа урагшилдаг, хамтдаа хөгждөг сайхан гэр бүлүүд олон байгаа гэдэгт бүсгүйчүүд бид итгэлтэй байна. Иймээс амьдралд хариуцлагатай хандаж, үүргээ биелүүлдэг үнэ цэнэтэй сайхан гэр бүлүүдийг бий болгохын төлөө МЭХ, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл төр, нийгмийн хамтын ажиллагаанд түшиглэн ирээдүй болсон хүүхэд багачууд, эмэгтэйчүүд, гэр бүлд чиглэсэн олон үйл ажиллагааг цаашид зохион байгуулна гэдгийг илэрхийлье. Монголын маань өрх бүрт инээд хөөр цалгиж, аав ээжийн итгэл хайран дунд элэг бүтэн эрүүл хүүхэд өсөн торних болтугай. Монгол гэр бүлийн заяа түвшин байг.” хэмээн онцолсон.
     Чуулганд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, "Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө, "Энх Эрдэнэтийн Хөгжил" ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энх нарын хүндэт зочид болон аймгийн засаг захиргаа, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид оролцлоо.“Аз жаргалтай гэр бүл” чуулганы үеэр ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөлөл үлгэр жишээ гэр бүлүүдийг хайр, аз жаргал түгээгч “Шилдэг гэр бүл”-ээр өргөмжлөн, батламж гардуулав.  Түүнчлэн "Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө "Гэр бүл, хүнээр хүн хийх дэвшилтэт уламжлал буюу орчин үе" сэдвээр лекц уншсан нь гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах цаг үеээ олсон чухал сэдвийн нэг байлаа.

  

  

“Аав ээждээ хүргэх миний үг” эцэг эхчүүдэд хүрлээ

     Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл ЕБС-ийн сурагчдын дунд  “Аав аа, ээж ээ намайг сонсооч” захидлын аян өрнүүлжээ. Аянд Эрдэнэтийн бяцхан үрсийн  эцэг эхдээ хандаж бичсэн 2517 захидал ирснээс 270 гаруйг нь түүвэрлэн “Аав ээждээ хүргэх миний үг” ном болгон эмхэтгэж, энэ өдөр эцэг эхчүүдийн гарт хүргэлээ.  Аав ээждээ  хэлж амжаагүй бас зүрхлээгүй үг бүхэн энэ захидалд шингэжээ.  “Хүүхдүүд маань биднээс үнэтэй чамин зүйлс хүсдэггүй,  биднээс зөвхөн хайр, анхаарал халамж, өөрт нь цаг гаргахыг  хүсэж байна. Гэр бүлийн өдөр нэг өдөр биш өдөр болгон байгаасай гэж тэд хүсдэг. Тиймээс аав ээжүүд та бүхэн хүүхдүүдийнхээ захидлаар дайсан чин сэтгэлийн үгсийг нь заавал уншаарай” гэж аяныг зохион байгуулагчид чухалчлан захиж хэлсэн. Мөн тэд хүүхдүүдийн хүсэл мөрөөдлөөс үндэслэн  сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригийг Эрдэнэт хотын “Гэр бүлийн өдөр” болгох хүсэлт гаргаснаа, тэрхүү саналыг хүлээн авч шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутад талархаж буйгаа энэ дашрамд онцолж байв. Эрдэнэтийн “Гэр бүлийн өдөр” олон олон  хүнд хайртай гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа баяр хөөртэй, үр бүтээлтэй өнгөрөөх гайхамшигтай өдрүүдийн үргэлжлэл байх нь ээ.

Эрдэнэтийн бүсгүйчүүд төрд үгээ дайлаа

     Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд болсон энэхүү үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс  өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан "Эрдэнэтийн хөгжилд Эмэгтэйчүүдийн оролцоо" чуулганы 440 төлөөлөгчдийн санал бүхий "Төрд өргөх таван санал"-ыг аймгийн Засаг даргад гардуулсан явдал байв. Эрдэнэтийн бүсгүйчүүд дуу хоолой, хүсэл зорилгоороо нэгдэн, төр засагт санал бодлоо илгээснийг Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа.
     Тэд “Төрд өргөх таван санал”-даа Нэгдүгээрт, нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, өрх толгойлсон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагийг багасгах, залуу гэр бүл, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, хүүхдээ харж буй иргэдэд ажил хийх боломж олгох зорилгоор сар бүрийн нэг өдрийг “Гэр бүлийн өдөр”болгох, Хоёрдугаарт, хүнд хортой нөхцөлд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг багасгах, олон хүүхэдтэй эхийн тэтгэвэрт гарах насыг богиносгох, 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд өгч байгаа тэтгэмжийг амжиргааны баталгаажих түвшинд хүргэх, ихэр хүүхэдтэй иргэнд  олгох тодорхой хэмжээний тусламж олгох мөнгийг иргэн бүрт хүртээх зорилгоор зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, Гуравдугаарт, төр шударга, тогтвортой байх, төрийн бодлогыг иргэдэд нээлттэй, шуурхай бодитой хүргэж, иргэдийнхээ үгийг сонсдог байх, Дөрөвдүгээрт, төрийн албанд мэдлэг боловсролтой, харилцааны соёлтой, ажлын дадлага туршлагатай боловсон хүчнийг шударгаар сонгож тавьдаг байх, залуучуудыг ур чадвараар нь шалгаруулж ажилд авдаг байх, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн тэгш үнэлэмжийг дээшлүүлэх, боловсролын салбарын шинэчлэлд анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тавдугаарт, цэцэрлэг сургуулийн хүрэлцээ хангамжийг сайжруулах хүүхэд гэртэй ойрхон сурч боловсрох боломжийг бүрдүүлж, олон талт ажлыг зохион байгуулан залуусын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулах гэсэн хүсэлтийг тусгаж, цэвэр цэмцгэр Эрдэнэт хотынхоо мянга мянган эмэгтэйчүүдээ төлөөлөн санал бодлоо илгээж байна. Мөн энэ үеэр нийгэмд хандсан 9 уриалгыг чуулганы төлөөлөгчдөд танилцуулж, ирээдүй үеийнхээ сайн сайхны төлөө хариуцлагатай, тууштай хамтдаа урагшлахыг уриаллаа.  

  

  

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог