Бидний тухай

     “Эрдэнэт” үйлдвэр дөрөвдүгээр сарын 09-нд “Орхон аймгийн эдийн засгийн форум 2019” чуулганыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулах гэж байна. 2017 оны эдийн засгийн форумаар гадаад хамтын ажиллагааг онцолж, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гарах боломжийг олгосон бол энэ удаа Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилтыг хэлэлцэх юм. “Орхон аймаг ба тогтвортой хөгжил” уриан дор зохиож байгаа эл форум нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэх, харилцан ашигтай түншлэл бий болгох зорилготой юм байна. “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс уурхай дагасан хотын хэтийн хөгжлийг тодорхойлоход онцгой ач холбогдол өгч байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

    “Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн хэлтэс энэ онд үйлдвэрлэлийн техник, технологийн томоохон тоног төхөөрөмжийг шинэчлэхэд гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн насжилт нэмэгдэж, ашиглалтын хугацаа богиносож буйтай уялдан техникийн шинэчлэл эрчимтэй хийх шаардлагатай болсныг Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан онцлов. Тиймээс үйлдвэрийн тасралтгүй ажиллах нөхцөлийг хангах үүднээс 2019 онд зайлшгүй худалдан авах үндсэн хөрөнгийн жагсаалт гаргажээ.
     Мөн тус хэлтсээс жил бүр хоёрдугаар улирлын эхний сард нийт цех, нэгжүүдийн Үйлдвэр техникийн товчооны инженер техникийн ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ жил дөрөвдүгээр сарын 16-17-ны өдөр хийхээр төлөвлөж байна. 2018 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ, 2020 оны үндсэн хөрөнгийн захиалгад нэмэлтээр оруулах жагсаалт, захиалгын программд орох өөрчлөлт, үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийн насжилт нэмэгдэж буйтай холбогдуулан ашиглалтын зардлын дүн шинжилгээ хийх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах аж.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

     Хуулинд худалдан авах ажиллагааны А3 сертификат эзэмшигчийг Тендерийн үнэлгээний хороонд ажиллуулах тухай заалт бий. Энэ сэдвээр “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Болдбаатартай ярилцлаа.

     -“Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн “Тендерийн үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх буюу А3 сертификат эзэмшигч байна” гэсэн заалт “Эрдэнэт” үйлдвэрт хэрхэн хэрэгждэг вэ?
      -“Эрдэнэт” үйлдвэр худалдан авалтын ажиллагаагаа “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хүрээнд зохион байгуулсаар ирсэн. Тиймээс үнэлгээний хорооны гишүүдийг чадамжтай байхыг шаардаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах олон тендер зарлагддаг. Тендерийн хуульд заасны дагуу үнэлгээний хорооны гишүүд А3 сертификат эзэмшигч байх ёстой. Гэтэл энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн буюу А3 сертификат эзэмшигчид хүрэлцэхгүй байх тохиолдол гардаг. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа ажилтан ажиллагсад, тодорхой албан тушаалтнууд болон нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтныг үнэлгээний хорооны гишүүнээр ажиллуулах зайлшгүй шаардлага гарч, сертификат олгох сургалтыг жил бүр зохион байгуулж байна. Сертификатын хугацаа дууссан тохиолдолд давтан сургалтанд хамрагдаж, шалгалт өгснөөр хугацаа нь сунгагддаг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд хугацаа дууссан А3 сертификат эзэмшигчид болон шинээр сургалтанд суух шаардлагатай нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд ч байна. Иймд бид Хүний нөөц, цалин хөлсний хэлтэстэй хамтран өнөөдрөөс энэ сарын 7-ныг дуустал эхний ээлжийн сургалтаа зохион байгуулахаар боллоо.  

      -Энэ удаагийн сургалтанд хэдэн хүн хамрагдах вэ?
     -А3 сертификатын хүчинтэй хугацаанаас хамаарч жилд хамрагдах хүний тоо харилцан адилгүй байдаг. Хугацаа дууссан, шинээр сургалтанд хамрагдах шаардлагатай инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн нийт 115 хүн энэ удаагийн сургалтанд хамрагдана.

     -Хуульчдын оролцоо ямар байдаг вэ?
    -Манай хэлтсийн бүх хуульч А3 сертификатыг эзэмшиж байгаа. Ажил үүргийнхээ дагуу бид энэ ажилд зайлшгүй оролцох ёстой. Хуульчид үнэлгээний хороонд орсноор хуулийн хэрэглээг тайлбарлах, зөрчил гаргахгүй байх, үнэлгээний хорооны шийдвэр хууль ёсны байх зэрэгт маш хариуцлагатай ханддаг. Энэ нь шүүх болон Сангийн яаманд тендер шалгаруулалттай холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд үнэлгээний хорооны шийдвэр хуульд хэр нийцсэн бэ гэдгээр  дүгнэгдэнэ.

     -Үнэлгээний хорооны үйл ажиллагаа ямар зарчмаар явах вэ?
    -Дээрх хуулийн 47 дугаар зүйлд бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг нь хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдол буюу Засгийн газраас баталсан босго үнийн хязгаараас давсан тохиолдолд Захиалагч үнэлгээний хороо байгуулна. Үнэлгээний хороо нь байнгын бус, хэн нэгний дарамт шахалтгүйгээр, хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн шийдвэрээ дийлэнхийн саналаар гаргадаг зарчимтай. Тендерт ирүүлсэн материалууд шаардлага хангаагүй, тендер шалгаруулалт амжилтгүй болвол үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг үндэслэн Захиалагч тухай бүрт хуульд заасан шаардлагатай арга хэмжээ авч ажилладаг. Энэ зарчмаар л “Эрдэнэт” үйлдвэрт тендер шалгаруулалтын үйл ажиллагаа явагдаж байна.  
     
     -Тендер шалгаруулалтын хугацаа ямар байдаг вэ?

     -Нээлттэй тендер шалгаруулалтын журмаар тендерийн материалыг уламжлалт буюу цаасан, цахим гэсэн хоёр хэлбэрээр авдаг. Тендерийн мэдээллийг тухай бүрт, хуулийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн албан ёсны цахим хуудас www.erdenetmc.mn-д нээлттэй байршуулж, олон нийтэд зарлаж байна. Тухайн тендерийн хэлбэрээс шалтгаалан дунджаар хугацаа 75 хоног хүртэл үргэлжилдэг. Харин тендер шалгаруулалтын онцгой журмаар буюу хязгаарлагдмал, харьцуулалтын аргаар явагдаж байгаа тохиолдолд үргэлжлэх дундаж хугацаа богино байх талаар хуульчилсан байгаа.

      -Баярлалаа.


И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

 

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог