Бидний тухай

    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд чиглэлийн стандартуудаас гадна тогтолцооны гурван стандарт хэрэгждэг. Эдгээр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн, Байгаль орчны, Чанарын менежментийн тогтолцооны стандарт. Чанарын менежментийн тогтолцооны  MNS ISO 9001:2016 стандарт нь байгууллагын стандартын гэрчилгээ авснаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэ гэрчилгээ нь 2022 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх стандарт юм. Иймээс Чанарын менежментийн тогтолцооны стандартын тухай ойлголтыг үйлдвэрийн үндсэн цехийн зохих мэргэжилтнүүдэд хүргэхээр үндсэн цехийн ажилчдыг түлхүү хамруулж гурван өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсээс зохион байгуулсан юм. “Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартын үндсэн шаардлагыг сургалтад оролцогчдод танилцууллаа. Энэ стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр гарах үр дүнг тооцохоос гадна PDCA мөчлөгийн дагуу үйл явцаар удирдах, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх болно” гэж  Чанар хяналтын хэлтсийн чанарын мэргэжилтэн  Д.Шинэбаатар мэдээллээ.т

    Мөн стандартчиллын суурь асуудал, нэгдсэн менежментийн тогтолцоо стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний хууль эрх зүйн орчны шинэчлэлийг танилцуулж стандартын баримт бичиг боловсруулах , хэлэлцэх, батлах үе шатуудад баримтлах арга зүйн заавруудыг танилцуулан нэгдсэн менежментийн тогтолцооны шалгуурын талаар сургалтад оролцогчдод  мэдээлэл өглөө.

А.Бямбамаа

Фото Ш.Лхамсүрэн

      Диспетчерийн хяналт удирдлагын СКАДА системийн программ хангамжийг Франц улсын Schneider electric фирмийн “CITECT SKADA-2018”-аар сольж, суурилууллаа.  Хоёр үе шаттай программ хангамж нэвтрүүлэх, суурилуулах, тохируулах  ажлыг  Цахилгааны цехийн Телемеханикийн хэсгийн инженерүүд  өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхэлж,  саяхан дуусгав. Одоо туршин зүгшрүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний объектуудыг алсаас хянаж,  удирдаж,  хэмждэг  СКАДА  системийн программ хангамж нь цех нэгжүүдийн цахилгаан, дулаан, уур, усны эрчим хүчний  тоног төхөөрөмжөөс  мэдээлэл хүлээн авч,  диспетчерийн хяналт удирдлагад оруулан, хэрэглэгчдэд тасралтгүй найдвартай хүргэх үндсэн үүрэгтэй. Өмнөх  программ хангамж нь 2008 онд суурилагдсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрт нэвтэрч буй ухаалаг төхөөрөмжүүдээс мэдээлэл авахад хүндрэлтэй, сүүлийн үеийн үйлдлийн системтэй нийцэж ажиллах боломжгүй зэргээс шалтгаалан ийнхүү шинэчилжээ.

   CITECT SKADA-2018 программ хангамж нь орчин үеийн  бүх төрлийн контроллёр, микропроцессорын реле, ухаалаг хувиргагч, цахилгаан, дулаан, уур усны  хэмжих хэрэгслээс бодит цагийн горимын  мэдээлэл хүлээн авах, дамжуулах, боловсруулалт хийх чадвартай. Түүнчлэн  шаардлагатай чухал мэдээллийг бусдаас ялган харах, ангилах боломжтойгоороо  давуу талтай аж.

Я.Энхтуяа

Фото Б.Баттөгс

     Эрдэнэт үйлдвэр, Төрийн өмчит үйлдвэрийн газар болсонтой холбогдуулан Сэлэнгэ амралтын баазын нэршил,статус өөрчлөгдсөн. Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолборын өргөтгөлийн талаар И.Жаргалсайхан даргатай ярилцлаа.

     -Шинээр байгуулагдсан Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын талаар мэдээлэл өгнө үү?

     -Манайх Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын “Бүтцийн өөрчлөлт”-ийн тухай   2019 оны 4-р сарын 16-ны өдрийн шийдвэрээр Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор болж өргөжсөн. Энэ  бүрэлдэхүүнд Сэлэнгэ амралтын бааз,  Нийтийн хоолны хэсэг, Зочид буудал, Энэрэл төв, Хүлэмжийн хэсэг багтсан. Үүнээс гадна Нийтийн хоолны хэсэгт Ил уурхайн Катерингийн хэсэг бүрэлдэхүүнд нь багтан ажиллаж байгаа. Энэ бүтцийн өөрчлөлт нь үйлдвэрийн Ерөнхий захирлын  санал болгож, үүрэг даалгавар өгсний дагуу Сэлэнгэ амралтын баазыг түшиглэн Аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд “ойролцоо үүрэг бүхий” хэсгүүдийг нэгтгэн “Аялал жуулчлалын цогцолбор” нэртэй байгууллага болон ажиллаж байна.  

     -Байгуулагдаад удаагүй шинэ цогцолбор ажлаа юунаас эхэлж байна. Цогцолбор болсны давуу тал юу вэ?

    -Цогцолбор болсноос хойш бид зарим хэсгүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, хүний нөөцөө бүрдүүлсэн. Дээр нь бүх дотоод журам, хөдөлмөрийн гэрээг шинэчиллээ. Сэлэнгэ амралт, зочид буудалдаа  засвар үйлчилгээ хийлээ. Амралтын баазын доторх замыг бүрэн асфальтжуулан шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Амралтандаа  Караокены өрөө, сургалтын иж бүрэн танхим тохижуулах ажил хийж байна.  Давуу тал нь гэвэл, хамт олноороо нэгдэн ажилласнаар бид, нэгдсэн нэг удирдлагатай, болсон. Ингэснээр байгууллагын  бүтээлч байдал нэлээд сайжирсан нь ажиглагдаж байгаа.  Ил уурхайн хоолны газар катеринг маань ажилчдын хоолыг хамгийн чанартай, илчлэгтэй цэвэр бүтээгдэхүүнээр хийж, элдэв амтлагч, бусад зүйлсээс зайлсхийж, чанартай хоолоор үйлчлэх үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Энэ нь манай ажлын бас нэг давуу тал.

     -Аялал жуулчлал өнөө цагт ашиг орлого олох,  эдийн засгаа бэхжүүлэхэд  хамгийн үр дүнтэй салбарын нэг. Амралтын баазыг түшиглэн Аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар өмнөх жилүүдэд хэрхэн  төлөвлөж  байсан бэ?

     -Аялал жуулчлал  хөгжүүлэх түүхэн шаардлага мэдээж байсан. Хамтарсан үйлдвэрийн статустай байхад  бидэнд Аялал жуулчлал хөгжүүлэх таатай нөхцөл бүрэлддэггүй байсан. Үндэсний үйлдвэр болж, ТӨҮГ болсноор энэ салбарыг хөгжүүлэх боломж нээгдэж байгаа юм л даа.

     -Хамт олныхоо Нэн түрүүнд эхлүүлсэн дорвитой ажлаасаа  дурдвал...?

    -Бид аялал жуулчлалын эрх аваад, маршрут зохиож, энэ тал дээр түлхүү анхаарч ажиллана. Ерөнхий захирлын санаачилгаар “Ногоон хөгжлийн төв”-ийг манай амралтын бааз дээр барьж байгуулах шийдвэр гарсан. Шинэ төв дээр бид байгаль орчин, байгаль хамгаалал, экологийн талын хурал зөвлөгөөн байнга хийх бүрэн боломжтой. Энэ хүрээнд иж бүрэн өвлийн цогцолбор барилга байгууламж барих шийдвэр гарсан. Манай үйлдвэрийн Их барилгын хэлтэс дээр тендерийн асуудал нь шийдэгдээд явж байна. Энэ барилга байгууламж ашиглалтад орсноор манайд аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрэн нээгдэж, жинхэнэ эко талаас нь хүн-байгалийн уялдаа холбоог ойртуулсан, байгаль ан амьтнаа хайрлан хамгаалах туризмыг хөгжүүлэх зорилготой цогцолбор бий болсон. Манай хамт олон ч идэвх чармайлттай сайн ажиллаж байна. Энэ үйл ажиллагааны үндсэн дээр манай аялал жуулчлал амжилттай сайн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаа.

     -Таны цаашдын ажилд амжилт хүсье.

     -Баярлалаа. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.

Н.Батжаргал

     Өнгөрсөн өвөл Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилчдын шинэ жилийн баярын цэнгүүний үеэр азтан тодруулж, Турк улсад аялах эрхийн батламж дөрвөн хүн сугалсан юм. Тэд саяхан Туркийн Анталья,  Истанбул хотоор долоо хоног аялжээ. Супер азтан, Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэтэй уулзаж аяллын сонин сайхнаас нь хуваалцлаа.

     -Сайн явж ирэв үү. Эндээс хэдүүл явсан бэ?    

     -Шинэ жилийн баяраар гадаадад аялах эрхийн азтанаар тодорсон дөрвөн хүн гэр бүлийн хүний хамт наймуулаа Туркийн аялалд гарсан. Батламж дээр ...гэр бүлийн нэг гишүүний хамт аялах эрх олгов... гэсэн байсан юм. Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан, Засвар механикийн заводын инженер Казаков, Баяжуулах үйлдвэрийн Өргөх тээвэрлэх хэсгийн инженер Гантулга бид хэд гэргий нартайгаа аяллаа.

     -Эхлээд Анталья орсон уу?       

     -Киргизийн нийслэл Бишкекээр дайраад Туркийн аялал жуулчлалын хот Антальяд ирсэн. Газар дундын тэнгисийн хойд эрэг дээр байрладаг энэ хот 2,5 сая хүн амтай, аялал жуулчлал их хөгжсөн газар. Бид тэнд гурав хоносон. Жуулчдын ихэнх нь оросууд. Анталья хотод ажиллаж, амьдардаг иргэд, худалдаа наймаа, үйлчилгээ эрхэлж буй бүх хүн орос хэлтэй. Тэр нь бидэнд заавал орчуулагч, хөтчийн туслалцаа шаардлагагүй их амар байлаа. Манайхан Солонгос явж ажил хийдэг шиг Оросын бага ястнууд тэнд олноороо ажил хийдэг юм байна.

     -Эртний уламжлалт харилцаатай улс л даа.

     -Тийм шүү. Хойд талаараа Хар тэнгисээр хиллэдэг. Бид тэнд таван одтой зочид буудалд байрласан. Үйлдвэр маань биднийг өндөр хэмжээнд аялуулсан гэсэн үг. Дотроо олон бассейнтай, ресторан, лонжуудтай, далайн эрэг дээр орой болгон шоу, үзэсгэлэн болно. Тэдгээр нь бүгд үнэгүй. Буудлын таних тэмдэгтэй хүмүүс вино, зайрмаг, ундаа, ус, хоол, хүнс, амттан бүгдийг үнэгүй хэрэглэнэ. Харин массаж, далайн аялал зэрэг ганцаарчилсан үйлчилгээнүүд нь тусдаа үнэлгээтэй. Газрын дундад тэнгисийн далайн усанд шумбалаа. Далай дээгүүр шүхрээр нислээ. Далайн ус бүлээхэн сайхан байна. Банана гээд нарийн урт завин дээр 20-иод хүн суулгаад чирээд давхих юм. Цасны завь шиг юманд хүмүүс суулгаад усны долгио сөрөөд хурдална. Би айгаад суугаагүй.

     -Антальяд нүд хужирлах түүхийн үзмэр юу байна?

     -2100 жилийн өмнө Ромын эзэнт улсын үед байгуулсан задгай чулуун театрын туурь байна. Сэргээн засварласан задгай театр үнэхээр гайхамшигтай.

     -Ази, Европыг дамнан орших Турк улсын газар нутгийн байршил нь өвөрмөц сэтгэгдэл төрүүлэв үү?

    -Тэгэлгүй яахав. Хойд талаараа хар тэнгисээр Оросын холбооны улсуудтай, зүүн хойд талаараа Сири, Ирак гээд булангийн орнуудтай холбогддог. Урд талдаа газар дундын тэнгис, хар тэнгисийг холбосон, ердөө нэг км хэрийн өргөнтэй Босфорын хоолой байна. Энэ хоолой Ази, Европыг салгана. Түүнийг үзэх гэж усан онгоцоор хоёр цаг хэртэй аяллаа. Баруун тийш харахаар Европ, зүүн тийш харахаар Ази тив.    Газар нутгийн байрлал нь үнэхээр онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Европ, Ази, Африкийн орнууд нээлттэй.

     -Эртний түүхийн гэрч Истанбул хотод юу үзэв?  

     -Бид дотоод нислэгээр Истанбулд буусан. 20 сая хүнтэй, түм түжигнэж бум бужигнасан газар байна. Дэлхийн хамгийн том захаар орж үзлээ. Цай, кофе жимсний төрөлжсөн Мессир зах байна. Эртний цайз, хэрэм, сүм, музей олонтой. Сүмд ёсыг даган гутлаа тайлж орж үзлээ.

     -Лалын шашинтай болохоор хүүхнүүд нь гэвлүүртэй явна уу?

     -Гэвлүүртэй хүүхнүүд байна. Шашнаас гадна нөхөр нь эхнэртээ гэвлүүр зүүлгэх эсэхийг шийддэг гэнэ шүү. Эхнэрээ өөр хүнд харууламгүй бол гэвлүүр зүүлгэнэ. Ер нь эцгийн эрхэт ёс ноёлдог. Тероризмын аюул нүүрэлдэг болохоор том дэлгүүр, үйлчилгээний газар ороход рентген шалгуур, буутай цэрэг, цагдаа байнга байх нь жаахан түгшүүртэй. Монголоос хоёр дахин бага газар нутагт 82 сая хүн хэрүүл шуугиангүй амьдарч байна.

     -Хүн зоны харилцаа нь найрсаг тайван юм уу?

     -Истанбул дээр үеийн хот болохоор зам харгуй, гудамж нь нарийн, машин тэрэг олонтой, түгжрэл ихтэй. Гэсэн ч хэзээ ч сигналдахгүй, хүмүүс нь тайван, бие биедээ хүндэтгэлтэй. Алтаар баян орон юм уу гэж ойлгосон. Алтан эдлэл тэнд нэг их үнэтэй биш. Монголд нэг грамм алт 90-100 мянган төгрөг байхад тэнд 70 мянга орчим байна. Истанбулд ажиллаж, амьдардаг монгол оюутнууд олон. Нэр хүндтэй монгол эмч нар байдаг тухай ярьж байсан. Долоо хоногийн хугацаанд бүгдийг үзэж амжаагүй ч Турк улсын талаар сайн ойлголттой ирсэн. Эцэст нь хэлэхэд ийм сайхан сугалаа санаачлан зохион байгуулж, бүх зардлыг дааж явуулсан Эрдэнэт үйлдвэрийнхээ удирдлага, хамт олонд баярласнаа багийн гишүүдийнхээ өмнөөс илэрхийлье.

    -Баярлалаа. 

М.Одгэрэл

 

 

Баасан, 18 10-р сар 2019 00:00

Цэрэндавгын ЦЭНД-АЮУШ

 

 

 

 
Овог нэр:
   Цэрэндавгын ЦЭНД-АЮУШ 
 
Төгссөн сургууль: 
   ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд бакалавр (1997), АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул уурхай, Технологийн сургуульд магистр (2010), Ютагийн Их сургуульд доктор PhD (2014)-ын зэрэг тус тус хамгаалсан.
 
Мэргэжил: 
   Ашигт малтмал баяжуулалт, металлургийн инженер
 
Ажилласан туршлага: 
   1997-2002 онуудад ШУТИС-д багш, 2002 оноос Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн Гидрометаллургийн судалгааны лабораторид судалгааны инженер, лабораторийн эрхлэгч, 2007 оноос АНУ-д суралцаж, ажиллаж байх хугацаандаа FLSmidth Inc, Cytec Industries Inc, Solvay Group зэрэг уул уурхай, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, технологи судалгааны томоохон компаниудад судалгааны болон төслийн инженерээр ажилласан. Монголдоо ирээд 2 сар болж байгаа.
 
Мэргэжил дээшлүүлсэн байдал: 
   Six Sigma Greenbelt & Black Belt course (USA), MSHA Mine Safety training (USA),  KoreaZinc & Posco training (South Korea), TASIS Training (Italy)
 
Чин хүсэл: 
   Санаагаар болдог бол залуучуудаа дэлхийн олон орноор аялуулж, дэвшилтэт шинэлэг, олон зүйлстэй танилцуулж, тэдний билгийн нүдийг нь нээхсэн. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой химийн бодисын хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Бид үйлдвэрлэлийн процессод хэрэглэдэг ихэнх химийн бодисуудаа гаднаас өндөр үнээр худалдан авдаг. Эрдэнэт үйлдвэрийн Судалгааны төвийн удирдлагаар ажиллах хугацаандаа хими, металлургийн үйлдвэрлэлийг Монголдоо хөгжүүлэх, олон улсын стандарт, байгаль экологийн шалгуурыг хангасан импорт орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэхийг зорино. Чин хүсэл гэдэг нь бидний тархинд биш, харин зүрх сэтгэлд оршдог хүсэл, тэмүүллийг хэлдэг болов уу. 

 
1. Таны шинэ өдөр хэдэн цагт эхэлдэг вэ?
    - Өглөө 06:00 цагт эхэлдэг.
 
 
2. Өглөөний цай болон хооллолтын тал дээр та юу баримталдаг вэ?
  - Өглөөний цайнд цэвэр ус, эрүүл хөнгөн хүнс хэрэглэдэг. Ер нь манай гэрийнхэн аль болох хөнгөн, шингэц сайтай хооллохыг эрмэлздэг.
 
 
3. Өдрийг эрч хүчтэй давахад юу сэргээш болдог вэ?
   - Монголын минь цэлмэг сайхан тэнгэр, өглөөний тунгалаг нар, гэр бүл мөн ажлын газрын маань эрч хүчтэй, үргэлж шинийг эрэлхийлсэн залуус миний сэргээш болдог.
 
 
4. Яаж сэтгэлзүйн дархлаатай байж өдрийн эрч хүчээ хэвээр хадгалдаг вэ?
   - Монголын нийгмийг харьцангуй стресс багатай гэж харж байна. Хүмүүст энгийн соёл, ухамсар, найрсаг харьцааг хэвшүүлэхэд л тухайн хүн өдрийн эрч хүчээ алдахгүй. Ер нь хувь хүний ирээдүйн зорилго, амьдралд баримтлах үндсэн зарчим тодорхой, өөртөө бүрэн итгэдэг байвал сэтгэл санаа тогтвортой, сэтгэлзүйн дархлаа сайтай байна гэж хувьдаа боддог.
 
 
5. Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу?
  - Мэдээллийн эрин зууны энэ үед техник, технологи эрчимтэй хөгжин өөрчлөгдөж, мэдээ мэдээлэл улам нээлттэй болж байна. Үүнээс хоцрохгүйн тулд өдөр бүр шинэ соргог мэдээлэлтэй аль болох ойрхон байж, сурч боловсрохыг дадал болгодог.
 
 
6. Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?
   - Эрүүл амьдрах, аж төрөх үүднээс өдөр бүр явган алхах, дасгал хөдөлгөөн хийхийг өөртөө хэвшүүлэхээр зорьж байна. Шинэ ажил маань ч энэ боломжийг бүрдүүлж байгаа, мөн өглөө бүр ажилтнуудтайгаа санал бодлоо хуваалцаж, өмнөх ажлын үр дүнгээ зөвлөлдөж, дараагийн ажлаа хийхийг зорьж байна. Ингэж хийсэн ажил,  саад бэрхшээл багатай, урамтай сайхан бүтдэг гэж боддог.

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийт ажиллагсдынхаа цалинг энэ онд хоёр дахь удаа нэмж байна. Өнгөрсөн сард тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүх цех нэгжийн ажилчидтай уулзах үеэрээ оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг, төлөвлөгөөний биелэлтийн үр дүнг тооцон, цалин нэмэгдүүлэхээ мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэр бодитоор хэрэгжиж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын цалинг 10 хувиар нэмж буйг энэ сарын 17-ны өдрийн А/938 тоот тушаалаараа баталгаажуулсан байна. 
   Ингэснээр үйлдвэрийн нийт ажилтны үндсэн болон тарифт цалин 10 хувиар нэмэгдэж, үндсэн цалингийн нэгдсэн сүлжээ шинэчлэгдэж байгаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-той хамтран хэрэгжүүлдэг Хамтын гэрээний 3.1, 3.4-т тусгасан ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх заалтууд биеллээ. Тус үйлдвэр энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлж байв.
 
М.Балжинням
Баасан, 18 10-р сар 2019 00:00

Уурхайчин подкаст

 
Бүлэг Подкаст
   Тээвэр ложистикийн алба ажиллагчдаа эрүүл амьдралын хэв маягт суралцуулах, биеийн тамир спортоор хичээллүүлэх, хамт олны эв нэгдлийг сайжруулах зорилгоор зарласан зургаан сарын аянаа дүгнэв. Аяны хүрээнд зохиогдсон тэмцээнүүдийн дүнгээр цехийн дарга С.Мөнхтэгш ахлагчтай баг  түрүүлж, идэвхтэй оролцсон 12 гишүүн  ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Байгал далайн чиглэлд  аялжээ. ХАБЭА-н инженер Д.Энхбаатар ахлагчтай баг дэд байрт шалгаран Архангай, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхов.  Ажиллагчдаа  нас, хүйс, ажил мэргэжил харгалзахгүйгээр  зургаан багт хувааж, усанд сэлэлт, хийн буудлага, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, чанга шивнээ, оддын зураг тайлбарлах тэмцээн явуулжээ. Түүнчлэн  илүүдэл жин бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэн,  бүтэн сарын турш тэд  ажилдаа  явганаар ирж, өөртөө тохирох спортын төрлөөр хичээллэв.  ОХУ-д аялсан багийг ахалсан Замын мастер О.Буянхишиг: “Бидний аялал 6 хоног үргэлжилсэн, Орос улсын хөгжил, цэцэглэлттэй танилцаж, байгалийн сайхнаар аяллаа. Хоёр цех нэгдээд багагүй  хугацаа өнгөрсөн ч,  ажиллагчид бие биенээ сайн таньж мэдэхгүй, халуун дулаан уур амьсгал бүрдэхгүй байлаа. Аян өрнүүлснээр манайхан хамт олонч уур амьсгалтай, зөв дадал хэвшилтэй болсон, эрүүл зөв аргаар илүүдэл жингээ бууруулсан, би л гэхэд 8 кг илүүдэл жингээ  хаясан. Бас  ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлсөн. Энэ сайхан аяныг санаачилсан нөхөд, дэмжсэн удирдлага, идэвхтэй оролцсон хамт олондоо баярлалаа. Биднийг  урамшуулан аялах боломж  олгосон Үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагууддаа баярлалаа” гэв.   
 
Я.Энхтуяа
 
 
 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн менежментийн бодлого, түүний дотор ажилтнуудаа сургаж, хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд 22 залуу инженер техникийн ажилтнууд ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах болжээ. Уурхайчдынхаа дундаас ажил үйлс, мэргэжлийн ур чадвараараа манлайлж, Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр ОХУ-д суралцахаар шалгарсан залуу ажилтнуудтай Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр уулзаж, баяр хүргэв. Тус үйлдвэрийн ажилтнуудаа гадаадад сургаж, мэргэжил эзэмшүүлэх бодлого сүүлийн жилүүдэд зогсонги байдалд байсныг энэ жилээс Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар сэргээж, ОХУ-д залуу инженерүүдээ сургаж бэлтгэх, ахисан түвшний сургалтанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа сургалтын төлбөр болон сурч буй хугацааны тэтгэлэгийг олгох юм.
   Энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын эгнээнээс ОХУ-ын уул уурхайн томоохон сургуулиадад мэргэжил эзэмших болсон нь залуу инженерүүдэд маш том оюуны хөрөнгө оруулалт болж буй. Энэ боломж та бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг авч явах түлхүүр ажилтнууд, манлайлагчид болох том үүд хаалгыг нээж байгаа гэдэгт итгэлтэй байна. ОХУ-д суралцуулах сонгон шалгаруулалт үйлдвэрийн цех нэгжүүд дээр зохион байгуулагдаж, тухайн цехийн ажилтнууд дотроос ажил мэргэжил, авьяас чадвар, хандлага зэрэг олон үзүүлэлтээр сонгосон. Ингээд үйлдвэрийн захиргаанаас өгч буй энэ сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, илүү чадварлаг, зөв хандлагатай, Эрдэнэт үйлдвэртээ хэрэгтэй сайн мэргэжилтнүүд болж ирэхийг хүсье” гэсэн юм.   
   Уулзалтанд Авто тээврийн цехийн дарга Д.Мөнхбаатар, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж нарын зарим цех нэгжийн удирдлага оролцов. Цахилгааны цехээс энэ жил 4 залуу инженер ОХУд суралцахаар шалгарчээ. Энэ талаар цехийн дарга Д.Даваадорж “Манай цех нийт 131 ажилтантай. Тэдний 95 хувь нь дээд боловсролтой, нэг Оросын мэргэжилтэн ажиллаж байна. Манай 4 инженер нарийн мэргэжлээр суралцаж, бэлтгэгдэнэ. Сүүлийн үед орчин үеийн шинэ дэвшилтэд техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтэрч байна. Үүнийг дагаад чадварлаг, нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага бас нэмэгдсэн. Энэ үүднээс бид ажилтнуудынхаа сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Нэг жилд манай цех сургалтын зардалдаа 40 сая төгрөг төлөвлөдөг ч төдийлэн хүрэлцдэггүй. Харин энэ жил үйлдвэрийн удирдлага, Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас дэмжиж, манай ажилтнуудыг сонгон суралцуулах болсонд талархаж байна. 2014 онд манай цехээс 4 ажилтан ОХУ-ын Уралын их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд, одоо мэргэжлээр өсөж, тодорхой албан тушаал эрхлэн амжилттай ажиллаж байна. Ийм учраас одоо суралцахаар явж буй залуус та бүхэнд том боломж нээгдлээ. Сайн сурч, ихийг мэдэж ирээд үйлдвэртээ тогтвортой, манлайлж ажиллаарай” гэж онцлов.  
   Харин ОХУ-д суралцах ажилтнуудын төлөөлөл, ЗМЗ-ын Хэвний хэсгийн суурь машины операторч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 60 хувийг залуучууд эзэлж буй тоон мэдээлэл байдаг. Эдгээр залуу ажилтнаа төлөөлөн ОХУ-д мэргэжил эзэмших болсондоо баяртай байна. Ажилтнуудаа бодлогоор дэмжин, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй үйлдвэрийнхээ бүх шатны удирдлага, холбогдох газар хэлтсийнхэнд талархаж буйгаа илэрхийлье. Бид өөрсдөө идэвх чармайлт гарган суралцаж, Эрдэнэт үйлдвэр ,Эрдэнэт хот цаашлаад Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ болж ажиллах зорилго, бас хариуцлага ирлээ гэж ойлгож байна. Бидний гарт атгуулсан энэ том боломж, итгэлийг алдаж болохгүй, хичээн суралцая гэж хамт явах нийт залуустаа уриалмаар байна” гэлээ. 
   Уулзалтын төгсгөлд Орост суралцахаар мордох залуустаа хандаж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн амжилт хүслээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрээ он удаан жил, амжилт бүтээл арвинтай ажиллуулахыг цаг ямагт хүсдэг. Тэр ч утгаараа сүүлийн 3 жил геологи хайгуулын ажилд онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд багаар бодоход 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоогоод байна. Товчхондоо 40 жилийн түүхтэй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 60 жилийн ирээдүй байна гэж тодорхойлж болох юм. Та бид нэг баг болж ажиллаж байгаа учраас үйлдвэрийнхээ хэтийн төлөвийг мэдэж байгаа. Бид дараагийн 15 жилд үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөө зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд стратегийн 6 том төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Манай залуучууд суралцах зорилгоо сайн ухамсарлаж байгаа юм байна. Олон ажилтнууд дундаас шалгаран, мэргэжил эзэмших, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх энэ боломжийг та нар маань өөрсдөө олж авч байна гэж хэлбэл амьдралд илүү нийцнэ. Үйлдвэрийн удирдлагын зүгээс үнэхээр сайн ажиллаж, илүү сэтгэж байгаа, үр дүнд хүрэхийн төлөө хичээж буй ажилтнуудаа дэмжинэ. Ингэж тал талаасаа санаа оноо нийлбэл, сайхан шийдэлд хүрч болдог.
   Ирээдүйгээ улам сайхан, тод томруун, ойлгомжтой  болгох гэж, өөрсдийгөө болон гэр бүлийнхээ сайн сайхны төлөө та нар маань суралцах юм. Цаашлаад үйлдвэр, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулж, хувь нэмрээ оруулахын төлөө мэдлэг боловсролоо дээшлүүлж байна гэж ойлгох ёстой. Ийм сайхан бахархалтай торгон агшнаа хамтдаа хуваалцаж байгаа залуу ажилтнууд та нартаа баяр хүргэж, амжилт хүсье. Та нарын мэдлэг ур чадвар дээшлэх тусам ажиллах боломж тань нэмэгдэнэ. Илүү цар хүрээтэй, далайцтай ажиллана. Энэ боломжийг зөв ашиглаж, бидний хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийг үр дүнтэй, зөв бодлого гэдгийг та нар баталгаажуулах ёстой” гэж итгэл найдвар, захиа даалгавар өгч буйгаа илэрхийллээ. 
 
М.Балжинням
Фото Б.Баттөгс
 
 
 
 
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог