Бидний тухай
   Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний чиглэлийн ажилтнууд хуралдаж, цаг үеийн ажил болон эрчим хүчний хэмнэлтийн бодлого, түүнд холбогдох хууль дүрмийн танилцуулга, цаашдын зорилт үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцов. Тус үйлдвэрийн хэмжээнд 1500 гаруй хүн эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Уг хуралд оролцсон удирдлага, төлөөллөөр дамжуулан тэдэнд эрчим хүчний салбарын холбогдох мэдээллийг шуурхай, зөв хүргэх зорилгод энэ удаагийн зөвлөгөөн чиглэгджээ. Нөгөө талаас цаашид баримталж ажиллах чиг, бодлогоо энэ үеэр тодорхойлж, санал бодлоо солилцох юм. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлтийг үйлдвэрийн хэмжээнд хэрхэн нэг бодлогоор зангидах, бүтцийн цех нэгжүүд ямар үүрэг, санаачилгатай ажиллах зэргээр ярилцсан байна.
   Уг хуралдаанаас гарах үр дүнгийн талаар Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий Эрчим зүйч Ш.Төрбат “Эрчим хүчний үнэ тариф их нэмэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн хувьд гэхэд цахилгаан эрчим хүчний зардал үнэ нэмэгдээгүй байх үеийнхээс 20 тэрбум төгрөгөөр нэмэгдээд байна. Ирэх жил 36 тэрбум төгрөгт хүрэх тооцоо гарсан. Тэгэхээр зардал өсөж байгаа энэ үед хэмнэлтийн бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Тиймээс бид энэ удаагийн хурлаар хэмнэлтийн асуудлаар нухацтай ярилцаж, үнэ тариф нэмэгдэх шалтгаантай уялдуулан үйл ажиллагаагаа цаашид яаж үргэлжлүүлэх вэ гэдэгт саналаа нэгтгэнэ. Түүнчлэн математик загварчлал, компьютер симуляци зэрэг чиглэлээр залуу эрчим зүйчдээ мэргэшүүлж, бодит хэрэглээнд гарч буй өөрчлөлтийг компьютер загварчлалд оруулан оновчтой санал боловсруулна. Энэ жил Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Баяжуулах үйлдвэр зэрэг нэгжүүд дээр илтгэлийн уралдаан, программ хангамжийн загварчлал гаргах сургалтууд зохион байгуулсан. Улаанбаатар хотоос мэргэжлийн багш нар урьж, хичээл заалгасан. Эдгээрт тулгуурлан, ажил мэргэжлийн томоохон уралдаан зарлана. Ингэснээр залуу ажилтнууд шинэ түвшинд  ажиллах, хэмнэлтийн хуучин арга барилыг өөрчлөх боломж бүрдэнэ” гэж ярилаа.  
 
 
 
М.Балжинням
Фото: Ш.Лхамсүрэн
 

 
   Эрдэнэт үйлдвэрийн Аврах, гал унтраах 58-р анги, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Гэрээт цагдаагийн хэлтсийн хамтарсан гуравдугаар улирлын тактикийн сургуулилтад аврагчид бэлэн байдлаа шалгууллаа. Энэ удаа Тээвэр, ложистикийн төвийн нефть баазын хэсэгт байрладаг 2000 метр куб багтаамжай 4-р саванд гал гарч, газар хөдлөлтийн улмаас осолдогч гэмтсэн өгөгдлийн дагуу аврагчид ослын газарт ирж ажилласан юм. Анхны тусламжийн бүлгийнхэн осолдогчийг эмнэлгийн байгууллагад хүргэж, гал унтраах ажиллагааг богино хугацаанд амжилттай гүйцэтгэлээ. Улирал тутам гал түймэр, гамшгийн бэлэн байдлаа шалгаж, аврагчдын ур чадварыг үнэлэх нь арга тактикаа сайжруулахад ихээхэн түлхэц болдгийг удирдлагууд хэлж байна. Гал гарсан объект дээр ажиллах машин техник, тоног төхөөрөмж, шугам хоолой, хүн хүч гээд бүхий л зүйлийн бэлэн байдлыг шалгаснаар тактикийн сургуулилт өндөрлөсөн юм. Гуравдугаар улирлын тактикийн сургуулилтад Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30-аад офицер хүч нэмэгдүүлэн оролцсон. Команд штабын сургуулилтаар офицерууд гал унтраах ажиллагаанд оролцож, танхимын сургалт, аргазүйгээр хангагдлаа.  
 
Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.ГАНБААТАР: Бид “Хамтын гэрээ”-г хэрэгжүүлэн ажиллаж байна
 
 
   - Өнөөдрийн зохион байгуулсан тактикийн сургуулилтыг Та хэрхэн дүгнэх вэ? Эрдэнэт үйлдвэрийн гал унтраах 58-р анги, аймгийн Онцгой байдлын газар ямар уялдаа холбоотой ажилладаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
   - Эрдэнэт үйлдвэр, Онцгой байдлын байгууллага нь онцгой байдлын ажилтан, албан хаагчдын Хөдөлмөрийн харилцааны эрхзүйн хэм хэмжээг хамтын ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулсаар ирсэн. 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл үйлдвэрийг галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, Монгол Улсад мөрдөгдөж  байгаа гамшгаас хамгаалах хууль, эрхзүйн актуудыг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх, түүнд тавигддаг шаардлагуудыг хамтарсан байдлаар зохион байгуулах үүрэг бүхий “Хамтын гэрээ”-ний дагуу Онцгой байдлын газар ажиллаж байна. Аливаа үйл ажиллагаанд бэлэн байх нь маш чухал. Өнөөдрийн шатах тослох материалын агуулах, гал унтраах аврах ангиудын хоорондын хамтын ажиллагаа нь “Хамтын гэрээ”-нд заасан үүргийнхээ дагуу боллоо. Энэ төрлийн сургуулилт нь аврагчид хамтран ажиллах, арга тактикаа боловсруулах, техникийн нөхцөл байдал, түүнд хэрэглэгдэж байгаа багаж хэрэгсэл, тэдгээрийг ажиллуулж байгаа алба хаагчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгааг үзэж танилцдагаараа давуу талтай.

   - Орхон аймгийн Онцгой байдлын газраас хийж хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлууд юу байна вэ?
   - Аймгийн хэмжээнд хэд хэдэн төрлийн зохион байгуулалттай арга хэмжээ авч, гэр хороололд гарч байгаа гамшиг, ослыг бууруулах зорилгоор гал унтраах хоёр ангийг шинээр байгуулсан. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр үе шаттай техникийн шинэчлэлийг 58-р ангид хийж байна. Энэ онд шинэ техникээр хүч нэмсэн нь бидний хувьд томоохон хөрөнгө оруулалт боллоо. 
 
Нефть баазын хэсгийн  цахилгаан механикч М.СҮХБААТАР: Манайхан хийх ёстой даалгавраа амжилттай биелүүллээ 
 
 
   - Тээвэр Ложистикийн төвийн нефть баазын хэсэг төлөвлөгөөний дагуу жил бүр Аврах, гал унтраах 58-р ангитай хамтарсан сургуулилт хийдэг. Энэ удаа 58-р анги болон Онцгой байдлын газартай хамтран тактикийн сургуулилт хийсэн нь том хэмжээний ажиллагаа боллоо. Нефть бааз хэсгийн гал унтраах, анхны тусламжийн бүлгэмийнхэн 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, хийх ёстой даалгавраа амжилттай биелүүлсэн. Бид өнгөрсөн жил Нефть баазын “1000 метр кубын багтаамжтай 1-р саванд гал түймэр гарлаа” гэсэн дуудлагын дагуу ажилласан. Манай бааз шатах тослох материал агуулдаг тул гал гарах хамгийн их эрсдэлтэй бүсэд тооцогддог юм. Тиймээс цех, хэсгийн хамт олон маань ямар нэг аюул, гамшгийн үед үргэлж бэлэн байх ёстой. Энэ ч утгаараа жил бүрийн сургалтандаа амжилттай оролцож, өнгөрсөн жилийн мэдлэгээ тэлж, амжилтаа ахиулж байна.
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос үйлдвэрийн захиргаатай байгуулдаг Хамтын гэрээний 2020 оны төсөлд ажилчдын саналыг тусгах зорилгоор санал асуулга зохион байгуулж байна. Ажил олгогч болон ажилчдын эрх ашгийг хамгаалах байгууллагууд хамтарч хэрэгжүүлдэг Хамтын гэрээг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд тусгагдсан зүйл заалттай уялдуулан боловсруулдаг. Харин ирэх оны Хамтын гэрээг хууль дүрмийн заалтаас гадна ажилчдын санал хүсэлтэнд тулгуурлан боловсруулах болсон нь шинэлэг бөгөөд оновчтой санаачилга гэж  мэргэжилтнүүд онцолж байна. Санал асуулганд  тусгай албан бланк бүхий хуудсан дээр ажилчин өөрийн санал хүсэлтээ бичиж ирүүлэх бөгөөд эдгээрийг нэгтгэн хамгийн олон удаа дурьдагдсан асуудлыг Хамтын гэрээнд тусгах аж. Өнөөдрийн байдлаар, 2500 ширхэг саналын хуудас цех нэгжүүдэд тараагдсанаас түрүүч нь ҮЭХ-ны байранд хүргэгджээ. Үүн дээр дахин 1000 ширхэгийг нэмж, ажилчдад тараах юм байна. Ажилчдын саналыг цех нэгжүүдийн ҮЭ-ийн хороод болон ҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурал гэсэн үе шаттайгаар нэгтгэж дүгнэнэ. 
   Мөн ирэх жилийн Хамтын гэрээнд олон жил хөндөгдөөгүй, ажилчдын эрх ашигт нийцсэн асуудлыг тодорхой өөрчлөлт оруулан, тусгах байр суурьтай буйгаа ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр ярилаа. Тухайлбал, ээлжийн амралтын үеэр олгодог эмчилгээний 150 мянган төгрөгийг нэмэгдүүлэх, “13 дахь сарын цалин” буюу жилийн үр дүнгийн урамшууллыг 2-3 сараар бодож олгох эдийн засгийн тооцоо судалгаа хийх, шөнийн нэмэгдлийг ахиулах, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу өөрчлөгдөх зарим асуудлыг Хамтын гэрээнд тусгахаар саналаа бэлдэж байна. Ингэснээр шинэ Хамтын гэрээг  ажилчид руу чиглэсэн олон эерэг заалт бүхий байдлаар боловсруулах боломжтой гэж тэд үзэж байна.    
   Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хамтарсан  11 дэх удаагийн буюу 2019 оны Хамтын гэрээ 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Уг гэрээний биелэлтийг оны эхний гурван улирлын байдлаар дүгнэхэд 98.35 хувийн биелэлттэй гарсан нь сайн үзүүлэлт. Үлдэж буй хугацаанд 100 хувиар биелэх бүрэн боломжтой гэдгийг хэрэгжүүлэгч талууд онцолсон юм.
 
М.Балжинням
 
   Өнөөдөр Олон улсын Ахмадын баярын өдөр. Эл өдрийг Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас уламжлал болгон тэмдэглэж, тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг. Энэ жилийн тухайд хэрхэн тэмдэглэж буйг Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатаас тодрууллаа.
 

   - Эрдэнэт үйлдвэрийн 40 гаруй жилийн түүхэн ололт амжилт манай анхдагч, ахмадуудтай салшгүй холбоотой. Энэ утгаараа үйлдвэрийнхээ харьяаны ахмадуудад онцгойлон анхаарал тавьж ирсэн. Энэ жил Ахмадын баярын хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
   - Юуны өмнө Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үе үеийн нийт ахмадууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд үйлдвэрийн удирдлага хамт олон, уурхайчдынхаа нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье! Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон цаг үеэсээ нийгмийн хариуцлагын бодлого хэрэгжүүлж ирсэн. Үүний хүрээнд Эрдэнэтийн шанг таталцсан анхдагч, үе үеийн ажиллагсад, өнөөдөр ч үйлдвэрийнхээ ажил үйлсэд өөрсдийн үнэт зөвлөгөө, туршлагаа өгсөөр яваа ахмадууддаа чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ жилийн Ахмадын өдрөөр бид олон хэлбэрийн бэлэг барилаа. Тухайлбал, өнгөрсөн 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон  ахмадууд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүмүүст жил бүрийн Монголын цагаан сар, Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад тус бүрт 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж байхаар болсон. Энэ тушаал өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, бүх ахмадуудаа хамруулж байгаа. Өмнө нь энэ мөнгөн дэмжлэгийн хэмжээ 45 мянган төгрөг байсан бол одоо 100 мянган төгрөг болж нэмэгдэж байна. Мөн бид ахмадууддаа зориулж, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тэдний дунд “Мөнхийн залуу нас” дуун цэнгүүн, “Цэнгэлийн эгшиг” бүрэн хэмжээний тоглолтыг Соёл урлагийн цогцолбороор дамжуулан ахмадын баярын бэлэг болгон толилуулсан. Энэ үйл ажиллагааг манай хэлтэс үйлдвэрийн дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Мөн цех нэгж бүр өөрсдийн харьяаны ахмадуудаа энэ өдрөөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор үйлдвэрийн бүтцийн цех нэгжүүд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, баярлуулж байна.

   - Өнөөдрийн байдлаар үйлдвэрээс өндөр насны тэтгэвэрт гарсан хичнээн ахмадууд байдаг вэ? Эрдэнэт үйлдвэрээс хичнээн төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлж байна вэ?
  - Манай үйлдвэрийн нийт ахмадын тоо 2358-д хүрсэн. Үүн дээр мэргэшлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон 207 ахмад нэмэгдэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас ахмадуудынхаа нийгмийн хамгаалалд зориулж жил бүр 6-7 төрлийн тусламж, дэмжлэг үзүүлдэг. Тодруулбал, бүх ахмаддаа сар бүр 124800-168000 төгрөгийн нэмэгдэл тэтгэвэр олгож байна. Мөн тэдний эмчилгээ сувилгаанд жил бүр  нэг хүнд 300 мянган төгрөг зориулдаг. Энэ оны эхний 8 сарын байдлаар үйлдвэрийн хэмжээнд ахмадуудын тэтгэмж, дэмжлэгт 3 тэрбум 910 сая төгрөгийг зарцуулаад байна. Тэмдэглэлт ойн баярын үеэр үйлдвэрийн захиргаанаас ахмадуудаа урамшуулах бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлсээр ирсэн. Сүүлийн хоёр жилийн байдлаар, 2017 онд тохиосон Уул уурхайн салбарын 95 жилийн ойгоор бүх ахмадууддаа тус бүр 300 мянган төгрөг, 2018 онд Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт 40 жилийн ойгоор тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал хүртээж байв. Энэ мэтчилэн Эрдэнэт үйлдвэр  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ахмадууддаа чиглэсэн олон дэмжлэг, халамж үзүүлж байгаа. Хамгийн сүүлийн таатай мэдээ нь миний өмнө хэлсэн Монголын цагаан сар, Ахмадын баярын өдрийг тохиолдуулан олгодог мөнгөн дэмжлэгийн хэмжээг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр юм. Цаашид ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ахмадууд, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг бодитой, өгөөжтэй шийдэх бодлого баримтлан ажиллана. Үүний нэг хэсэг нь нийгмийн асуудлыг цогцоор нь хариуцаж ажиллах Нийгмийн харилцааны хэлтсийг шинээр байгуулсан явдал гэж хэлж болно.

   - Баярлалаа. Ажлын амжилт хүсье.
 
М.Балжинням 
 

 

 

   НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Эрдэнэт үйлдвэрийн халуун ам бүлд багтсан 2400 орчим ахмад настан бий. Баярын өдрийг тохиолдуулан Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


    - Танд баярын мэнд хүргэе. Аз жаргалтай, баяр бахдалтай энэ өдрийн тань сэтгэгдлээс хуваалцмаар байна?
  - Үйлдвэрийн ахмадын байгууллага жил ирэх бүр хүрээгээ тэлсээр байна. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулсан, бүтээн байгуулалтын ажилд оролцсон хүмүүс эдүгээ тэтгэвэртээ гарч, гарын шавь нарынх нь “нуруун” дээр үйлдвэр ажиллаж байна.  Ахмадын нэгдсэн зөвлөл  2400 гаруй ахмадтай, Баяжуулах үйлдвэрээсээ ч том хамт олон бүрдлээ. Хүн ер нь хэний ч өмнө бахархах бүтээсэн зүйлтэй, залуучууддаа хэлэх үгтэй, шүүмжлэх эрхтэй байх сайхан. Эрдэнэтийн-Овоотой хувь заяагаа холбосондоо баярлаж, барьж байгуулсан үйлдвэрийнхээ хөгжилд сэтгэл дүүрэн яваа ахмад үеийнхэндээ талархах учиртай. Эрдэнэт үйлдвэрээс ахмадынхаа талаар хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанд бид сэтгэл хангалуун байна. Учир нь, Монгол улсын хаана ч хэрэгжүүлээгүй  “Нэмэгдэл тэтгэвэр”-ийг Эрдэнэт үйлдвэр ахмадууддаа олгодог болсон. Ахмад настны тухай Монгол улсын хуулийн бүх заалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа үйлдвэр гэж хэлж болно. 
  Үйлдвэрийн ахмадын байгууллагын хувьд үйлдвэрээс ахмадын талаар цаашид баримтлах бодлого шийдвэрт тусгуулах, хамтарч хэрэгжүүлэх ажлын санал боловсруулж цаг тухай бүрт нь танилцуулж ажилладаг. Мэдээж ахмадуудынхаа эрүүл, урт наслах арга ухаанд нь чиглэсэн олон талын сургалт, сурталчилгаа, эрүүл мэнд, урлаг, соёл, спортын олон талын ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Бид саяхан үйлдвэрийн захиргаа, ахмадын байгууллагын 2019-2020 оны хамтын ажиллагааны саналын төсөл боловсруулж, Ерөнхий захиралд танилцуулан, урьдчилсан байдлаар зөвшилцсөн. Энэхүү зөвшилцлийн эхний алхам болгож Олон Улсын Ахмадын баяр, ахмадын өдрийг тэмдэглэхэд зориулан үйлдвэрээс ахмад настан бүрт олгодог 45000 төгрөгийг өнөөдрөөс 100 мянган төгрөг болголоо.

    - Өндөр насны тэтгэвэртээ гарсан хүмүүсийн хувьд Ахмадын баяраар хамгийн их хүлээдэг зүйл нь юу байдаг бол?
   - Ахмад настан хүүхэд хоёр адилхан гэдэг. Бага юманд их баярлаж, хүний санаанд оромгүй өчүүхэн зүйлд голдоо ортол гомддог. Ажиллаж байсан цех хэсэг, ажлын байр, хамт олноо их санана. Тиймээс тэдэнд сэтгэл, урам, хандлага, харьцаа, анхаарал халамж хэрэгтэй байдаг юм. Халамжийн бодлогын хувьд манай улс дэлхийд дээгүүр орно. Харин хүн бүр дээр хэрэгжүүлэх сэтгэл дутаад, хандлага хүйтдээд байх шиг. Цех, нэгжийн удирдлагууд  жил бүр ахмадаа хүндэтгэн хүлээж авч, алган дээр нь бэлэг тавих гэж хичээцгээдэг. Мэдээж, настай хүнд хүндлэл сайхан ч анхаарал халамж илүү чухал байдаг юм шүү. Үйлдвэрлэлд төвөг учруулалгүйгээр ганц нэгээр нь хүлээн авч, ажиллаж байсан ажлын байран дээр нь залуучуудтай нь танилцуулах, захиа даалгаврыг нь хэлүүлж, гэрт нь хүргэж өгөх, амьдрал ахуйтай нь танилцах, өвлийн бэлтгэл, галын болон цахилгааны аюулгүй байдлыг нь шалгаж туслах, цайг нь хамтдаа ууж амьдралын асуудлыг нь сонсох хэрэгтэй. Очно гээд бэлдүүлж, зовоож хэрэггүй. Өнгөрсөн жилээс Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид маань хамгийн мөлжүүртэй гэсэн уран бүтээлээ ахмадын баярт зориулан үнэ төлбөргүйгээр үзүүлдэг болсон. Ноднин жил “Учиртай гурван толгой” дуурь үзүүлсэн бол энэ жил ахмадуудын сэтгэлд нийцсэн сайхан концерт бэлтгэж үзүүллээ. Цогцолбор, чуулгынхаа залуучуудад их баярлаж байна. Уран бүтээлийн улам их амжилт хүсье.
 
   - Олон нийтийн байгууллагад нэг хүний санал ч үнэ цэнэтэй гэж бодож байна. Нийт ахмадынхаа дуу хоолойг хэрхэн сонсож байна вэ?
   - Бид “1000 ахмадын чуулга-уулзалт”-ыг 2 жил тутам зохион байгуулдаг. Энэ чуулганаар дараагийн 2 жилд ахмадын талаар баримтлах бодлого, хийх ажлуудаа үйлдвэрийн захиргаатай хамтран төлөвлөдөг давуу талтай. Бид дэвшүүлж буй саналуудаа үр дүнтэй, үндэслэл сайтай байлгахын тулд өмнөх жилийн төгсгөлд ахмад настан бүрт шуудангаар захидал илгээдэг. Алаг дугтуйтай захиандаа ажлын тайлангаас гадна эрүүл урт наслахад та юу хийж байна, хэрэглэгээний давс чихрээ багасгаж байна уу, биеийн жингээ хянаж байна уу, ажил эрхэлмээр байна уу, хүүхэд харж байна уу гэх мэт сэтгэлзүй, социологийн судалгааны хуудас явуулж ирсэн. Энэ нь ч ахмадууд юу хүсэж байгааг гаргаж ирдгээрээ илүү үр дүнтэй байна. Асуулгынхаа үр дүнг багцалж, үйлдвэрийн захиргаанд танилцуулан, “1000 ахмадын чуулга-уулзалт”-аар гаргах шийдвэрийн үндсэн чиглэлээ гаргаж авдаг. Тухайлбал, 2018 оны чуулга-уулзалтаар үйлдвэрээс олгодог нэмэгдэл тэтгэврийг 2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон, бага тэтгэвэртэй ахмадад 50 хувиар, энгийн тэтгэвэртэй ахмадад 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Бидний төлөвлөж байгаа ажил бүхэнд ахмадын санал тусгалаа олж байгаа.

   - Өнөөдөр та бүхэнд тулгамдсан асуудал бий юу? Таны хувьд ахмадын төлөө юу хийхээр зорьж явна вэ?
   - Манай ахмадуудад тулгамдсан асуудал харьцангуй бага. Үйлдвэр маань анхнаасаа нийгмийн өндөр хариуцлагатай байж, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг төгс шийдэж ирсэн нь өнөөдөр харагдаж байна. Эрдэнэт уул, үйлдвэрийн минь буян их. Шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ. Энэ үйлдвэр, хотыг барьж байгуулалцсан, илгээлтийн эзэд, анхдагчид, зохион байгуулалттай болон чөлөөт элсэлтийнхэн гээд хамт зүтгэж, хөгжилдөж явсан олон мянган ахмад настан харьяалах газаргүй, харьяалах газартай ч анхаарал халамж багатай явцгааж л байна. Мэдээж, бид дутуу зүйлээ засч боловсронгуй болгох, хүрсэн түвшингээ инфляцын өсөлтөд унагачихгүй байх ёстой.
   Үйлдвэрийн захиргаа-Ахмадын нэгдсэн зөвлөлийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний төслийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ахмадууд юу хийж болох вэ гэдэгт бид гаргалгаа хайж байна. Төрөлх үйлдвэрийнхээ ажилд өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаа дахин харуулж, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” үзүүлэн, залуучууддаа туслах боломж бололцоо манай ахмадуудад бий. Цех, нэгжийн удирдлага өөрийн ахмадуудын шавхагдаагүй боломжийг ашиглахын тулд ийм санаачилга гаргавал хамтран шийдвэрлэх, залуучууддаа  мэдлэг, туршлага өвлүүлэхэд тэд бэлэн байна. “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ”-г инженер, эрүүл мэнд, боловсрол, төрийн албаны гэх мэтээр ажил, мэргэжлийн чиглэлээр бүх шатанд хэрэгжүүлэх боломжтой.

    - Хийе гэсэн зүйлсээ дэмжүүлэх боломж бололцоо нь өнөөдөр хэр байна вэ?
   - Улс орны хэмжээнд, уул уурхайн салбарын хэмжээнд ахмадуудын хувьд хүндрэлтэй олон асуудал бий. Хаагдсан өдий төдий уурхай байна. Тэнд ажиллаж байсан ахмадууд харьяалах газаргүй, хүлээж аваад цай өгөх хамт олон гэж алга. Тэдэнтэй харьцуулахад бид хамаагүй илүү боломжтой. Ерөнхийдөө Монгол Улсын хэмжээнд ахмадын талаар баримтлах бодлого хуулиар өндөр хамгаалагдсан. Зарим оронтой харьцуулахад бид хангамж, халамжийн үйлчилгээг хамаагүй өндөр түвшинд авах бололцоотой болсон. 
  Манай ахмадын нэгдсэн зөвлөлийн ажлыг удирдаж явуулахын тулд үйлдвэрийн үе үеийн захирлууд, Ерөнхий захирлуудтай учир байдлаа олж, асуудлаа шийдүүлээд л явж байна. Ахмадын асуудлыг жагсаж, хашгирч, мэдэгдэл, гомдол бичиж, ахмадын тайван амгалан байдлыг алдагдуулах бус үйлдвэрт хүнд ачаа болохооргүй, шат дараатайгаар шийдвэрлэхэд анхаарч ирлээ. Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд маань хотын ахмадуудаас хамаагүй өндөр түвшинд хангагдсан.  Манай ахмадууд тэр хэмжээгээрээ аливаа асуудалд зангарагтай, төв, тэвчээртэй, хүнлэг ханддаг гэж би боддог. Зарим хүн “Тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна” гэж ярьдаг. Би үүнийг арай өөр өнцгөөс харж, бусдыг ч тэгж хараасай гэж боддог. Олох ухаанаасаа илүү зарах ухаантай байх хэрэгтэй юм. Хамгийн бага тэтгэвэртэй хэрнээ олон хүүхэдтэй айл алийг тэр гэхэв. Байгаагийн зоргоор үрэн таран хийдэг хүмүүст хэчнээн ч мөнгө байгаад нэмэргүй, мөнгөний хомсдлоос гадна сэтгэлийн хомсдол зулгаасаар байх болно. Тэгээд ч төрийн дампууралтай улс оронд ахмад хүн амар амгалан суух арга алга. Энэ ахмадууд тэтгэврээ өөртөө зарцуулдаг уу гээд судлаад үзэхээр бас л сонин.  Ихэнх нь тэтгэвэрийн зээлтэй, түүнийгээ үр хүүхэд ач зээ нарынхаа тулгамдсан асуудлыг л шийдэхэд зарцуулж байна. Тэдэнд үйлдвэрээс олгож байгаа нэмэгдэл тэтгэвэр л гарт ирдэг мөнгө нь болоод байгаа юм.

   - Таны үеийнхэн залуудаа мөрөөдөж байсан тэр амьдралыг өнөөдөр бүтээж чадсан уу? Магадгүй, тэр төсөөллөөс давсан ч байж болох юм?
   - Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн бүтээн байгуулалтын хувьд бол бид мөрөөдсөндөө хүрч чадсан. Ёстой л уулыг нүүлгэж, усыг эргүүлнэ гэж сэтгэдэг байсан. Тэр үеийн залуучууд их хүсэл мөрөөдөл, цагаан сэтгэл, итгэл үнэмшилтэй байж, улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмрийн төлөө зүтгэдэг байж. Бидний үеийнхэн үйлдвэр, хотоо хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байна. Нэг бодол, нэг тэмүүлэлтэй бүхэл бүтэн нэг үеийнхнийг бий болгосноо одоо л анзаарлаа. Үйлдвэрээ байгуулж, эзэмшиж, шинэчилж, зууны манлай бүтээн байгуулалт, дэлхийн шилдэг аж ахуйн нэгж болгож ажилласан бидний үеийнхний хамт олон, зохион байгуулалт, сэтгэл зүтгэлээр ажиллавал өнөөгийн Монгол улсын өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил дэвшил, ялалт хоромхон хугацааны ажил юм шүү дээ. Улс орноо гэсэн сэтгэл, зохион байгуулах чадвар, бүтээх, арвижуулах чин хүсэл л Эрдэнэтчүүдийн БРЕНД гэж би хэлнэ. Эрдэнэт үйлдвэрийн хамт олны тэр үнэт зүйл, сэтгэл зүтгэл Монгол улсын хөгжлийн шинэ эхлэлийн хөдлөх хүч, түүчээ болох байх гэж бид итгэж, мөрөөдөж явна. Хоосон мөрөөдөхгүйн тулд бид өнөөдрийн төрсөн хүүхдүүдийг боловсролын зөв бодлогоор сургаж, тэдний үеийн ЗӨВ монгол улсад хүрэхэд 30-аад жил байна. Энэ нь уулын уруу алдсан чулууг буцаан өнхөрүүлж авч ирэхтэй агаар нэг юм.

   - Сүүлийн асуултаа танд үлдээе. Баярын өдөрт зориулан ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
   - Зууны манлай бүтээн байгуулалтын эзэн, мөнхөд дуурсагдах их гавьяатан, ахмад та мэлмий тунгалаг, өлмий бат оршиж, хэнээс ч, юунаас ч үл хамааран эрүүл, аз жаргалтай урт наслах болтугай.

   - Танд баярлалаа. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
 
Ярилцсан И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 
 
 
   Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон анхдагч, илгээлтийн эздийг хамруулсан “1000 анхдагч, илгээлтийн эздийн чуулга” өнөөдөр болж байна. “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-аас санаачилсан энэхүү үйл ажиллагааг Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэтийн анхдагч, илгээлтийн эздийн холбоо” ТББ хамтран зохион байгуулж, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Чуулганы үеэр хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж, залуу халуун насаа бүтээн байгуулалтын он жилүүдэд зориулсан ахмад үеийнхнээ шагнаж урамшуулсан юм.
   Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор Ц.Чимэдбалдир, БТС-ын тэргүүний ажилтнаар С.Халтар, “Осолгүй манлай” жолоочоор Д.Баяраа, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Д.Эрдэнэчимэг, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтнаар Ч.Мөнхжаргал, Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар Ш.Энхбат, Эрчим хүчний тэргүүний ажилтнаар Б.Ичинхорлоо, УУХҮЯ-ны жуух бичгээр Л.Норов, Орхон аймгийн 40 жилийн ойн медалиар С.Оюунгэрэл, Орхон аймгийн Хүндэт тэмдгээр Д.Давааням, С.Батнайрамдал, Д.Хандсүрэн, Г.Эсмэдэх, Н.Лхагвасүрэн, С.Нанжид, Т.Гонгор, Засаг даргын жуух бичгээр Д.Гармаа, Ахмадын холбооны хүндэт тэмдгээр С.Эрдэнэсүрэн нарыг тус тус шагналаа.
   Ахмад үеийнхний хөлс хүч, хөдөлмөр бүтээлээр сүндэрлэн боссон Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр цэцэглэн хөгжиж байна. Маргаашийн гэрэлт наран дор тэнхлүүн, өөдрөг алхах тэнхээг хайрласан ахмад үеийнхэндээ бид талархах учиртай. Ахмадын чуулга уулзалт нь энэ цагийн өвөө эмээ, эгэл жирийн ахмадад зориулсан хэдий ч тэд бол өнөөдрийг бүтээсэн алдар гавьяатан, бахархан дуурайх үйлстнүүд билээ.
 
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.БАТМӨНХ: Бид түүхийг цаг хугацааны эрхээр үргэлжлүүлж явна
 

   - Эрдэнэтчүүддээ болон Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг үүсгэн байгуулсан нийт ахмадууддаа Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олны өмнөөс Олон Улсын Ахмадын эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Эрдэнэтийн-Овооны орд газрыг нээсэн ахмадууд маань эдүгээ хийсэн бүтээсэн зүйлтэй, 100 гаруй мянган хүн амтай хотыг бий болгон, өдий зэрэгт хүргэсэн үйлдвэрээ хойч үеийнхэндээ хүлээлгэн өглөө. Бид түүхийг цаг хугацааны эрхээр үргэлжлүүлж явна. Ажиллах нөхцөл бололцоог хангаж өгсөн анхдагч, илгээлтийн эзэддээ талархаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх чиглэлээр үйлдвэрийн үе үеийн удирдлагууд техник, технологийн шинэчлэл хийж, жил ирэх тутам шинэ дээд амжилт тогтоож байгааг дуулгахад таатай байна. Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100 давсан хувиар биелүүлж, уурхайн ашиглалтын хугацааг уртасгаж, өртөг зардлаа бууруулж, урт удаан хугацаанд эдийн засгийн үр ашигтай ажиллахад анхааран олон шинэ төслийг хэрэгжүүлж эхэллээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд геологи хайгуулын зардлаа өсгөж, эрэл хайгуул хийснээр нөөц баялгийг 20 орчим жилээр нэмэгдүүлж чадлаа. Энэ бүхний суурийг тавьж өгсөн ахмадууд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ахмад настан Ц.ДАВААЦЭДЭВ: Төрсөн нутагтаа сайхан л амьдарч явна
 
 
   - Би Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиЛлын албанд 12 жил нярваар ажиллаад тэтгэвэртээ гарсан. Цехийн ахмадын зөвлөл бидэнтэй байнга эргэх холбоотой ажиллаж, амралт зугаалганд хамтдаа явцгааж байна. Үйлдвэрийн газраас ажилчдад зориулсан олон бодлого хэрэгжүүлж байгааг сонсоод баярлаж сууна. Би Булган аймгийн уугуул. Төрсөн нутагтаа сайхан л амьдарч явна. Би 2003 онд тэтгэвэртээ гарсан. Тэр үед одоо үетэй адил 36 сарын цалинтай тэнцэх тэтгэвэр авч байсангүй. Мөнгөний ханш ч бага байж. Миний тэтгэвэр гэхэд 300 мянган төгрөгөөр тогтоогдсон. Дээр үед тэтгэвэрт гарсан ажилчиддаа буцалтгүй тусламж хэлбэрээр нэг удаагийн нэг сая төгрөгийг үйлдвэр маань өгвөл сайхан л байна. 
 
Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны анхны дарга асан Н.ЭНЭБИШ: Залуучуудыг уриалан дуудах бүхий л ажлыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцдаг байлаа
 
 
   - Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад оролцсон анхдагчид болоод илгээлтийн эздийн чуулга уулзалтыг зохиож байгаа нь сайн үйл хэрэг юм. Баяртай байна. Миний бие 1974 оны 10 дугаар сарын 3-нд ирж, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байлаа. Эрдэнэтийг бүтээн байгуулахаар тухайн үед ирж байсан олон мянган залуучуудыг уриалан дуудаж, өрнүүн сайхан ажиллах бүхий л ажлыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцдаг байсан юм. Эдгээр нь өөрийн гэсэн өнгө аястай, одоо ярихад хуучны мэт боловч хөдөлмөрийн идэвх санаачилгыг өрнүүлэх нь тухайн үедээ хамгийн чухал ажил байлаа. Өнөөдөр цаг үе өөр болжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах орчин нөхцөл, ахуй хангамжийг сайжруулах, цалин тэтгэмжийг нэмэгдүүлэх гээд олон талт цогц арга хэмжээг Үйлдвэрчний эвлэлийн холбоо хариуцан ажиллаж байна. Тодорхой нэг жишээ нь ажил олгогчтой байгуулж буй “Хамтын гэрээ” юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн дараа ордог, албан ёсны маш том эрхийн хууль, акт гэж үзэж болно. Нийгмийн бодлого, ахуй хангамжийн бүхий л асуудал үүнд багтсан болохоор зөв замаараа явж байгаа гэж хардаг. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр хэмээх энэ том цогцолборыг барьж байгуулахад гар бие оролцохоор тал бүрээс хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа баярын мэнд хүргэе. 
 
Ахмад настан Б.ИЧИНХОРЛОО: Өнөөдөр маш их баяртай байна
 

 
   - Эрчим хүчний салбарын “Тэргүүний ажилтан” шагнал авлаа. Өнөөдөр маш их баяртай байна. Миний бие 1974 онд МХЗЭ-ийн илгээлтээр Булган аймгаас ирж, Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар ажлын гараагаа эхэлсэн. АИХ-ын депутат Балдандорж, Борхүү гээд олон сайхан хүнтэй хамт ажиллаж байлаа. Хааяа үеийнхэнтэйгээ уулзаж, залуу үеэ дурсан суухад сайхан байна. “Анхдагч илгээлтийн эздийн холбоо”-ноос хийж байгаа ажлуудад сэтгэл хангалуун явдаг. Цаашдаа олон сайхан ажлууд зохион байгуулна гэдэгт итгэж, хүлээж байна. 
 
Ахмад настан Д.САНЖХҮҮ: Бидний үед ийм хөгжлийг мөрөөддөг байлаа
 
 
   - МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэтэд ирж, 1978 онд үйлдвэр ашиглалтад ороход л ажиллаж эхэлсэн залуучуудын нэг. Автотээврийн байгууллагад БелАЗ-ын жолоочоор ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Цаг үе сайхан болжээ. Бидний үед ийм хөгжлийг мөрөөддөг байлаа. Дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрээ хөгжүүлж, улам сайхан ажиллаарай л гэж өнөөгийн залуучууддаа захья. Мөн энэ дашрамд гар нийлэн ажиллаж байсан хамт олондоо урт удаан наслаарай гэж ерөөе.
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог