Бидний тухай

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд “Уурхайчин” соёлын ордон, Монголын бүжгийн спортын холбоо хамтран сар гаруй хугацаанд компанийн цех, нэгжүүдийн дунд зохион явуулсан “Уурхайчидтай бүжиглэе” тэмцээний шилдгүүд өчигдөр буюу 11-р сарын 18-ны өдөр тодорлоо. Засвар механикийн заводын ажилчин С.Батзориг, Тээвэр ложистикийн албаны ажилчин О.Сувд-Эрдэнэ, Баяжуулах үйлдвэрийн ажилчин Б.Эрдэнэбаяр, Цахилгаан цехийн ажилчин Б.Отгонбаяр, Авто тээврийн байгууллагын ажилчин Б.Содгэрэл, Эрчим хүчний цехийн ажилчин Б.Ариунболд нар тэмцээний төгсгөлийн шатанд шалгарч, мэргэжлийн клубын бүжигчидтэй хамт Стандарт, Латин гэсэн хоёр төрлөөр үзүүлбэрээ амжилттай үзүүлсэн. Тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг, МУБИС-ийн Урлагийн тэнхмийн эрхлэгч, “Стар” хамтлагийн дасгалжуулагч багш Д.Батсайхан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн тэргүүлэх менежер, Орхон аймгийн үсчин, гоо сайханчдын холбооны тэргүүн П.Алтантүлхүүр нар шүүлээ. Уурхайчид мэргэжлийн бүжигчидтэй техник, ур чадвараар эн зэрэгцэн, хамтран бүжиглэж байгаа нь энэхүү тэмцээний онцлог байсан бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй соёл, урлагийн ажлын үр дүн өндөр түвшинд, тайзнаа амилж байгааг шүүгчид сайшаасан. “Уурхайчидтай бүжиглэе” тэмцээний шилдгийн шилдэг бүжигчнээр Цахилгаан цехийн ажилчин Б.Отгонбаяр шалгарч, Баяжуулах үйлдвэрийн Б.Эрдэнэбаяр, Эрчим хүчний цехийн Б.Ариунболд нар удааллаа.


У.Цэрэнбат
 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс үйлдвэрийн бүсэд “Эко-орчин 2018” уралдааныг 5-р сарын 01-нээс 11-р сарын 01-ний хооронд зохион байгууллаа. Тус уралдааныг 2 жилд 1 удаа зохион байгуулдаг бөгөөд 3 дах удаагийн “Эко орчин 2018” уралдаан нь Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог болов.
     Үйлдвэрийн  хамт олны дунд байгаль орчноо хайрлан хамгаалах, үйлдвэрийн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, хог хаягдлын менежментийг сайжруулах,  бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлдэг тус  уралдаан жил ирэх тусам хамрах хүрээгээ тэлж, ажилчдын идэвхи оролцоог нэмэгдүүлжээ.  Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийнхэн  “Ногоон төгөл” төслийн талбайд нийт 25 төрлийн 12000 гаруй мод тарьж ургуулан, цех нэгж бүр өөрийн  хариуцсан талбайд мод тарьж,  арчилгаа тордлогоог үргэлжлүүлж байна. “Эко-орчин-2018” уралдааныг “Ногоон төгөл”-д   шинээр санаачлан хийсэн ажлууд, моддын арчилгаа, усалгаа, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг бууруулахаар авсан арга хэмжээ, Эрдэнэт-Хангал голын цэвэрлэгээнд оролцсон байдал, цехүүдийн гадна талбайн тохижилт, шинээр ногоон байгууламж нэмэгдүүлсэн байдал, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр гаргасан шинэ санаа, шийдэл  зэрэг үзүүлэлтээр дүгнэв.
     Дээрх шалгаруултаар цех хэлтсүүдийг 3 бүлэгт хуваасан байна. Нэгдүгээр  бүлгээс тэргүүн байранд Авто тээврийн байгууллага шалгарч,  1 000 000  төгрөгөөр, дэд байрт   Баяжуулах үйлдвэр удаалж, 800000 төгрөгийн шагнал тус тус хүртэв. Тусгай байранд  Ил уурхайн хамт олон шалгарч,  зургаан зуун мянган төгрөгөөр шагнуулжээ. Уралдааны хоёрдугаар бүлгээс тэргүүн байранд  Тээвэр ложистикийн алба, дэд байрт  Цахилгаан цех, тусгай байранд  Засвар монтажийн цех шалгарсан бол гуравдугаар бүлгийн эхний байруудыг  Үйлчилгээ аж ахуйн алба, Сэлэнгэ амралтын баазын хамт олон эзэллээ. Мөн “Эко-орчин-2018” уралдааны хүрээнд “Хог бол баялаг” сэдэвт шилдэг эссе бичлэг,  үйлдвэрийн бүсийн ногоон байгууламжийн дүр зургийг харуулсан шилдэг гэрэл  зургийн бүтээлийг шалгаруулан  шилдгүүдийг тодруулав.

 


 


     Уул уурхайн металлурги, эрдэс боловсруулалтын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Финлянд улсын “Outotec” компанийн удирдлага болон мэргэжилтнүүд  Эрдэнэт үйлдвэрт ажлын айлчлал хийв. Эрдэнэт үйлдвэр тус компанитай 1992 оноос хамтран ажиллаж эхэлжээ. 
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг  хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд  хөрөнгө оруулалтын боломжууд, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэлэлцэх зорилгоор өнгөрсөн онд тус үйлдвэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг Орхон аймагт зохион байгуулсан юм. Форумд  ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Европын 14 орны уул уурхайн тэргүүлэгч компаниудын төлөөлөгчдөөс бүрдсэн гадаад, дотоодын 200 орчим зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд тэр үеэр уул уурхайн салбарын тэргүүлэх үйлдвэрлэгч Финлянд улсын  Оutotec компанитай  уулзалт зохион байгуулахаар   шийдэлд хүрчээ.  Тэгвэл уг хамтын шийдвэр бодит биелэлээ олж, “Эрдэс боловсруулалт, металлургийн  дэвшилтэт технологиуд” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт  үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хариуцдаг  инженер техникийн ажилтан, судлаачид оролцож,  шинэ технологийн талаар номын дуу сонссон байна.
     “Outotec”компани нь дэлхийн 50 гаруй  оронд өөрийн салбар байгууллагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалтанд  Финлянд, Герман, Чили зэрэг 5 улсын салбарын төлөөлөл хүрэлцэн иржээ. Тэд  “Нунтаглалтын технологийн орчин үеийн шийдлүүд”, “Флотацийн  технологийн сүүлийн үеийн  хөгжүүлэлт болон  баяжуулах үйлдвэрийн оновчлол, боломжууд”, “Усгүйжүүлэлтийн дэвшилтэт технологиуд”, “ Өтгөрүүлэгчийн шинэчлэлт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, шинэ мэдээлэл хүргэв. Тус компани нь 100 жилийн түүх, ажлын арвин туршлагатай   байгууллага бөгөөд дэлхийн 80 гаруй улсад  тус компанийн тоног төхөөрөмжүүд  суурилагдсан  байдаг аж. 2013 онд манай улсад “Outotec Mongolia” компанийн салбар нээгдсэн нь Эрдэнэт үйлдвэртэй  хамтын үйл ажиллагааг өргөжүүлэхэд илүү өргөн боломж бүрдүүлж буйг энэ үеэр мэргэжилтнүүд онцлов. 

 

 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Зургийн цомог