Үйлдвэрлэл

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  бүтцийн нэгжүүдийнхээ   ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоёрдугаар улирлын ажлыг  дүгнэлээ.  Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийг  Засвар механикийн заводын хамт олон манлайлсан бол хоёрдугаар хэсгийг   Чанарын хяналтын хэлтэс,  гуравдугаар хэсгийг   Засвар угсралтын цех тэргүүлжээ. Харин нийгмийн цехүүдийг   Спорт ордны хамт олон манлайлав.

     Саяхан шинэчилсэн ХАБЭА-н  журмаар ХАБЭА-н үйл ажиллагаанд амжилттай оролцож,  тэргүүлсэн  хамт олны урамшууллыг нэмэгдүүлсэн байна. Нэгдүгээр хэсэгт тэргүүлсэн хамт олонд таван сая төгрөгийн урамшуулал олгодог байсныг  зургаан сая төгрөг, хоёрдугаар хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг хоёр сая төгрөгөөр нэмж,  таван сая төгрөг, гуравдугаар хэсэгт тэргүүлэгчийн  урамшууллыг  1,5 саяар нэмэгдүүлэн  гурван сая, дөрөвдүгээр хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг нэг сая төгрөгөөр нэмэгдүүлэн 1,5 сая төгрөг болгосон байна.

     Түүнчлэн улирал тутамд  “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад анх удаа бичигдсэн 27 ажилтанг шалгаруулдаг  байсан бол шинэчилсэн журмаар  65 болгон нэмжээ.   Энэ нь үйлдвэрийн захиргаанаас ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ажилчдын оролцоо, манлайллыг дээшлүүлэхэд  ихээхэн  анхаарч буйн илрэл юм.  “Аюулгүй ажиллагч”-аар анх удаа шалгарсан ажилчдад  өнөөдөр бүтцийн нэгжүүдийн удирдлагуудаар дамжуулан бэлэг дурсгал олгов. Мөн энэхүү жагсаалтад хоёр дахь удаагаа  14 ажилтан шалгарав.  ХАБЭА-н хэлтсээс  эдгээр 14 ажилтан  болон  тэргүүлэгч дөрвөн цехийн удирдлагыг  оройн зоогт урьж, халуун дотно яриа өрнүүллээ.

Эрдэнэт үйлдвэр таван жил тутамд ХАБЭА-н журмаа шинэчлэн боловсруулдаг юм.

                                                                                                                   Я.Энхтуяа

Фото: Ш.Лхамсүрэн

     Монгол Улсын Их сургуулийн сэтгүүлчийн ангийн оюутан надад дэлхийн хэмжээнд үнэлэгдэх “Эрдэнэт үйлдвэрт” дадлага хийх ховорхон боломж тохиосон юм. Уурхайчны амьдрал, үйлдвэрийн ажлыг Төмөрлөгийн үйлдвэрээр л төсөөлдөг Дарханы охинд энэ сүрлэг үйлдвэр жигтэй сонихон.  Бүтцийн нэгж бүр үйлдвэрлэлийн амин гол судас мөн ч сэтгүүлч эгчийн зөвлөсний дагуу Эрдэнэт үйлдвэрийн “Оёдлын цехтэй” танилцахаар үзэг дэвтрээ бариад догдолж явна.

     Цг цг цг автомат оёдлын машины нарийн дуу шуугиж үйлдвэрлэл, цех нэгж гэх жинхэнэ утгаараа авцалдах шиг. Цайвар ягаан хормогчтой оёдолчин бүсгүйчүүд дуу нийлүүлэн мэндэлж угтана. Ажилчдын 60 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Идэр залуус ч цөөнгүй үзэгдэнэ. Улсдаа ТОП-д эрэмблэгдэх Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээх үйлсэд гар бие оролцох нь нэр төрийн хэрэг билээ. Цехийн ерөнхий төлөв, аж байдалтай танилцахаар дарга Ц.Батмөнхтэй цөөн хором ярилцав. 1991 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оёдлын цехээр байгуулагдаж, 2006 оноос охин компани болон өөрчлөгдсөн тэд бүтцийн нэгжид багтаад  жилийн нүүр үзэж буй гэнэ. Ажилчдын хувцас, баяжмал зөөвөрлөх уут үйлдвэрлэдэг тэдэнд цех, нэгж болсноор цалин хангамж, техник технологи, үр дүнгийн урамшууллаас эхлээд олон зүйл сайжирч байгаад удирдлага, ажилчдын зүгээс сэтгэл хангалуун байгаа нь илэрхий. Эрдэнэт үйлдвэр 6000 гаруй ажилчинтай. Жилдээ 580 орчим мянган тонн зэсийн баяжмал 5.3 тонн молибденийн баяжмал гаргадаг энэхүү нүсэр үйлдвэрт  оёдлын цехээс сардаа 14 мянга орчим уут нийлүүлдэг ажээ. Мастер Т. Мижиддорж “Эрдэнэт үйлдвэртээ баялаг бүтээж байна гэж бодохоор сайхан. Бид жилдээ 150-170 мянган шуудай нийлүүлдэг. Үйлдвэр боломж олгож хөрөнгө оруулбал жилийн хэрэгцээ болох 250 мянган шуудайг ч үйлдвэрлэх бүрэн боломжтой. Баяжмалыг ачихын тулд уутны гарцыг тасралтгүй ажиллуулах хэрэгтэй. Үүнд л хамт олон маань сэтгэл нэгдэн ажиллаж байна. Цехийн 100 гаруйхан оёдолчдын гараас ажилчдын дөрвөн улирлын зузаан, нимгэн хувцас, брезентэн бээлий, хөшиг, бүтцийн нэгжүүдийн оёмол бүтээгдэхүүний захиалга тогтмол гардаг гэхэд торох юмгүй биелж байгаа нь бахархмаар. Цар тахлын  үед ч их ажлын зэрэгцээ  350 мянган угааж хэрэглэж болох амны хаалт оёж хүлээлгэн өгсөн. Оны эхний улиралд л гэхэд 1.5 тэрбум орчим төгрөгийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Дүнгэнэсэн автомат машины чимээнд чих дөжирч, давчдам санагдавч тэдэнд үл сонсдох мэт баясгалантай хөөрөлдөнө. Энэ л хүмүүсийн гарт Эрдэнэт үйлдвэрийн өнгө төрх даатгагдсан гэхэд итгэж болмоор. н.Цэцэгмаа “Цехдээ 14 жил ажиллаж байна. Оёдлын V зэрэгтэй. Бүтцийн цех нэгж болсноос хойш цалин нэмэгдэхээс эхлээд ахуй хангамж сайжирч байгаад баяртай байна. Хүнийг хувцаслана гэдэг хамгийн сайхан ажил шүү дээ” хэмээн ярилаа.

     Зөөлөн оёдлын хэсгийн эмэгтэйчүүд цайвар ягаан, баяжмалын уутны хэсэг хөх цэнхэр өнгийн хувцастай. Гадаах шар цэцэгс, ногоон чацаргана, мастеруудын саарал хослол ганган зуны гоёлыг улам ч чимнэ. Эрээн даавуу хөвөрсөөр, их ажил өрнөсөөр л. Тэд энэ удаа ХАБЭА-н хэлтэстэй хамтран ажилчдын хувцасны өнгө, загвар шинэчлэх,  жигдлэх ажилд төвлөрч буй. Бүтэц нэгжээс хамааран инженер техникийн болон ажилчдын ажлын хувцасны өнгө өөр өөр байсан бол энэ удаагийн иж бүрэн шинэчлэлээр бүгд ижил болох ажээ.  Цехийн технологич П.Золзаяа “Материал гүйцэт ирээгүй энэ үед байгаа материалаараа шинэ загварын 90 орчим хувцас хийсэн. Үйлдвэрийн халуун нөхцөлд зориулсан агаар нэвтрүүлдэг, хөлс гадагшлуулдаг 100 хувийн нимгэн даавуун цамц оёж байна. Дэлхийн уул уурхайн жишгийг дагуулан бид улбар шар өнгөөр хувцас урласан” хэмээлээ.

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех бахархам алдартай, хүндтэй үүрэгтэй. Оёдлын машины хүрд эргэх тоолон энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулж буй тэдний хувь нэмэр шүү гэж бодоход  өмнөөс нь өөрийн эрхгүй сэтгэл догдолж байна.

М.Марал

Фото: Б.Баттөгс

     Засвар механикийн завод нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зардал бууруулах хөтөлбөрийн хүрээнд эхний хагас жилд амжилттай ажиллажээ. Энэ онд тус хамт олон 10 төрлийн 3 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн  бөгөөд эхний хагас жилд 1,7 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Мөн 930 сая төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргажээ. Заводынхан металл боловсруулалтын хаягдлыг дахин ашиглах онцгой ажил хийж зардал хэмнэх зорилт дэвшүүлсэн байна. Оны эхний хагаст ширмэн бүтээгдэхүүний зоргодсыг дахин ашиглах шийдэлд хүрчээ.  Харин  сүүлийн хагас жилд ган бүтээгдэхүүний зоргодсыг дахин ашиглахаар төлөвлөж, техникийн шийдэл боловсруулж байгаа аж. Үүнийг хэрэгжүүлснээр Засвар механикийн завод хаягдалгүй үйлдвэрлэл бий болгох боломжтой юм. 

Я.Энхтуяа

Фото: Б.Баттөгс

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тэсрэх бодисын шинэ үйлдвэр барих ажил нь Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Ил уурхайн техник технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх гурван том төслийн нэг юм. Тус цехэд  цахилгаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл барьж, мөчлөгт урсгал тээврийн технологи нэвтрүүлэх бол гуравдахь том ажил нь Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр барьж, ашиглалтад оруулах зорилт хэрэгжинэ. Одоогийн ажиллаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр нь 1994 онд баригдсан, барилга байгууламж технологийн хувьд хуучирсан тул шинэ үйлдвэр барих шаардлагатай болжээ.

     Орчин үеийн технологийн дэвшилтэт технологиор баригдах шинэ үйлдвэр нь жилд 15000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хуучин үйлдвэрээс даруй 5-7 мянган тонноор илүү гэсэн үг юм. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажлыг “Монголиан Инвестмент Корпорэйшн” компани гүйцэтгэнэ. Шав тавих ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор болон Ил уурхайн удирдлага, ажилтнууд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов. Шинээр баригдах үйлдвэрийн барилга байгууламжийг чанартай найдвартай гүйцэтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр түвшинд бүтээн байгуулж хүлээлгэн өгнө гэдгээ “Монголиан Инвестмент Корпорэйшн” компанийн ТУЗ-ийн дарга Б.Дөлгөөн нээлтийн үеэр илэрхийллээ.  

 

                                                                                                                  М.Балжинням

Фото: Ш.Лхамсүрэн

Дуу цахилгаантай, аадар бороо ихтэй энэ зуны хувьд Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдал хэрхэн хангагдсан талаар Цахилгааны цехийн Цахилгаан техникийн тусгай лабораторийн эрхлэгч  В.Анхбаяртай уулзаж тодрууллаа.

-Аянга зайлуулагч гэж юу болох талаар эхлээд та тайлбарлах уу?

-Уулын өндөрлөг газар болон дэд станцуудын хажууд байрласан өндөр шонгууд   аянга зайлуулагч гэдгийг хүмүүс мэдэх байх. Мөн давхар агаарын шугам дагуу хамгийн өндөрт байх шугам бол хөндлөн аянга зайлуулагч юм. Өөрөөр хэлбэл аянгын идэвхжлийг хүнээс зайлуулж, өөр дээрээ хүлээж авдаг хүлээн авах, дамжуулах, газардуулах гэсэн бүтэцтэй өндөрт байрлах зүйлийг аянга зайлуулагч гэж нэрлэдэг. Тухайн тоног төхөөрөмж, төмөр хийц нь аянгыг хүлээн авч, газарт тархааж, газардуулдаг.

-Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдалд танайх хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?

-Манай лаборатори Эрдэнэт үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдалд шалгалт хийж, цахилгаанаар ажилладаг бүхий л тоног төхөөрөмжийн газардуулгыг шалгадаг юм. Бид хаврын хуурайшлын үе буюу 3 дугаар сараас 6 дугаар сарын эхэн хүртэл цех нэгжүүдийн газардуулгын хүрээг хэмжиж байна. Ингэхдээ дэд станц, барилга байгууламж, аянга зайлуулагч зэргийг тусад нь хэмждэг юм. Зуны улиралд тоног төхөөрөмжүүдэд нарны халалтын нөлөө их байдаг. Иймээс агаарын шугамын дагуу дэд станцад ил байрлаж байгаа бүх тоног төхөөрөмжүүдэд нил улаан туяаны үзлэг хийдэг. Түүнчлэн Эрчим зүйчдийн санал болгосон нарны дэлгэц зэрэг тоног төхөөрөмжид үзлэг хийж байна. Манай лабораторийн хувьд Төвийн бүсийн барилга байгууламжуудад хэмжилт хийх эрхтэй тул гадны байгууллагууд үйлдвэрийн тогтоосон үнээр хэмжилт туршилт хийлгэх боломжтой.

-Энэ жилийн хэмжилтээр зөрчил илрэв үү?

-Цахилгаан байгууламжийн газардуулга нь өндөр байсан зарим цех нэгжүүдэд сануулга өгч, зөрчил дутагдлаа арилгасны дараа Эрчим зүйн хэлтэст энэ талаар тайлагнасан.

-Түүнийг хэн засах вэ?

-Тухайн цехийн барилга байгууламж хариуцсан эрчим зүйчид өөрсдөө засварлаж, угсардаг. Бид нэмэлт электрод зоож газардуулах уу, эсвэл хөрсний эсэргүүцлээ багасгах уу гэсэн асуудалд мэргэжлийн зүгээс арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Ингэхэд манай үйлдвэрийн аянга зайлуулагчийн найдвартай ажиллагаа ямар түвшинд байдаг вэ?

-Бараг 95 хувь нь найдвартай, дэд станц, тоног төхөөрөмжүүдийн аянга зайлуулагч хэвийн ажиллаж байна.

-Аянга зайлуулагч ямар зайнд аюулгүй байдлыг бий болгодог вэ?

-Хийц бүтээцээсээ хамаарч харилцан ялгаатай байдаг. Өндөр байх тусмаа л хамгаалах тойргийн радиус их байна гэсэн үг. Хос шонт болон нэг шонт аянга зайлуулагч гэж бий.  Нэг шонт аянга зайлуулагчийн газрын хөрснөөс дээрх өндрийн хэмжээ хамгаалалтын эхний цэг болно гэсэн үг. Энэ нь хамгийн өндөр цэгээс хааш хаашаа 45 градусын  эргэн тойрон дахь газрыг аянгаас хамгаалж чаддаг.

-Энэ жил аянга, цахилгаантай бороо их орж байна. Төвөөс алслагдсан газрууд аянга цахилгаанаас хамгаалахын тулд ер нь ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?

-Манай дэд станцуудын зарим нь Эрдэнэт хотоос 60 км-ийн цаана байна. Хүний төвлөрлөөс хол учраас тухайн үеийн газардуулгын эсэргүүцлийн норм өндөр. Стандарт дүрэмд  30 ОМ байхаар  заасан байдаг. Энэ стандартаар  төв суурингаас хол байгаа  аж ахуйн нэгжүүд барилга байгууламждаа  дүрмийн дагуу гар хийцийн аянга зайлуулагч хийж болно. Жишээ нь, газрын хөрсийг 70-80 см ухаж,  2,5 м төмөр зэс, хөнгөн цагаан электродыг хамгийн багадаа 3-4 ширхэг зоож, хооронд нь холбосноор цахилгаан байгууламжийн  газардуулга хийх боломжтой. Түүнийгээ аль болох өндөр цэгт гаргаж тавибал аянга зайлуулагч буюу хүлээн авагч болдог.

-Манай үйлдвэрийн хэмжээнд  аянга цахилгаанд өртсөн тохиолдол байдаг уу?

-Эрдэнэт хотыг усаар хангадаг агуулах буюу усан санд энэ зун аянга буусан.  Сүүлийн 3 жилд болсон анхны тохиолдол. Аянга бууснаар трансформаторын нэг кабель, агаарын шугамын утас тасарсан. Гэхдээ манайхан цаг тухайд нь арга хэмжээ авч, засвар үйлчилгээ хийснээр үйл ажиллагааг нь хэвийн болгосон. 

Я.Энхтуяа

 
 
Бүлэг Ярилцлага
Баасан, 31 7-р сар 2020 00:00

Өнөөдөр 07 дугаар сарын 31

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 212дахь өдөр. Он дуусахад 153 хоног үлдлээ.                

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +23градус, шөнөдөө +13 градус дулаан,бороотой, салхины хурд 4-7м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn)

3. Аргын тооллын 7 дугаар сарын 31.Сугар гараг. Билгийн тооллын 12.Хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5цаг 27 минутад мандан, 20цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайнбамогой, бар, туулайжилтнээ сөрөг муунөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Эл өдөр Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, үхэгсдийн үйл, номын хурим, лам хуврага болох, гөлөг тэжээх, баясгалангийн хурим, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу.Өдрийн сайн цаг нь гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин эмгэг ирэх муу тул цээрлэвэл зохино.

4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2844евро 3344, БНХАУ-ын юань 406, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6433 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

 

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1988 оны 07 дугаар сар

  • Эрдэнэт хотод ЗХУ-ын тусламжаар барих эсгий, эсгий гутлын үйлдвэрийн суурь тавих ёслолын ажиллагаа болов.

1991 оны 07 дугаар сар

  • БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хороо, Эрдэнэт хотын Ардын хурлын Гүйцэтгэх захиргаа, Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хамтарсан шийдвэрээр “Уурхайчин” соёлын ордны дэргэдэх хүүхэлдэйн “Ардын театр”-ыг мэргэжлийн “Хүүхэлдэйн театр” болгон өөрчилжээ.

1996 оны 07 дугаар сар

  • Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр шагнажээ.

     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны газар, хэлтсийн ажилтнууд тус үйлдвэрт хэрэгжиж байгаа ХАБЭА-н үйл ажиллагаатай танилцав. Эдгээр оролцогчид нь ХАБЭА-н хэлтсийн хүсэлтийн дагуу тухайн газар, хэлтсийнхээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцаж ажиллахаар байгууллагаасаа томилогдсон ажилтнууд юм. Тэд өөрийн газар хэлтсийн ажилтнуудад ХАБЭА-н сургалт зааварчилгаа зохион байгуулах, хамруулах зэрэг ажлыг хариуцах тул мэдлэг мэдээллийг нь тэлэх зорилгоор ХАБЭА-н үйл ажиллагаа, ажилтнуудын үүрэг, хариуцлага зэрэг сэдвээр танилцуулга хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлын үндсэн ойлголт өгсөн байна.

     Сургалтын талаар ХАБЭАХ-ийн Албаны дарга Х.Эрдэнэбатаас тодруулахад,”Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажилд хамрагдах ёстой. Мөн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалуулах эрхтэй. Энэ чиглэлийн ажилд  ерөнхий захиргааны ажилтнууд хамрагдахгүй хоцрох тал ажиглагдсан. Энэ дүгнэлттэй уялдуулан өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, газар, хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажилд шалгалт үзлэг хийж, үнэлэлт өгөх, ажилтнуудад танилцуулга, мэдээлэл хийх чиглэл өгсөн юм.  Энэ дагуу энэ сарын 6-наас эхлэн ХАБЭА-н хэлтсээс Ерөнхий захиргааны  газар хэлтсүүдэд зорилтот шалгалт, үзлэг зохион байгуулж эхэлсэн. Шалгалтаар тухайн газар, хэлтэс нь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт зааварчилгаанд оролцож буй эсэх, ХАБЭА-тай холбоотой тушаал шийдвэртэй цаг тухайд нь  танилцсан байдал, хамгаалах хэрэгслээр хангагдах, ажилтнуудын урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл зэрэг олон чиглэлд үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа. Үүний үр дүнд илэрсэн зөрчил дутагдлыг арилгах албан даалгавар боловсруулан тухайн газар хэлтэст хүргүүлж байна. Энэ ажил 9 дүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Мөн шалгалтын явцад ерөнхий захиргааны газар, хэлтсүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан заавал байх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, хэрэгжүүлснээр уг сургалтыг зохион байгуулж байна” гэсэн юм.

М.Балжинням

Фото Ш.Лхамсүрэн

Үйлдвэрлэлийн тасралтгүй горимтой Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, үйлдвэрлэлд ашигладаг нөөцгүй тоног төхөөрөмжийн найдвартай байдлыг хангаж, их засвар үйлчилгээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн "Их зогсолт" буюу их засварын ажлыг 7 дугаар сарын 31-ний 20 цагаас 8 дугаар сарын 2-ны өдрийн 20 цаг хүртэл хийхээр төлөвлөсөн. "Их зогсолт"-ын бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлтийг сүүлийн байдлаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт ажлын хэсэгт багтсан цех нэгжийн удирдлагууд мэдээлэл хийж, хариуцсан чиглэл чиглэлээр бэлтгэл 100 хувь хангагдсаныг танилцуулав. Үүний дараа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга П.Батболор, Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг нар маргааш эхлэх "Их зогсолт"-д үйлдвэр бэлэн болсныг онцлон, цех хэлтсийн удирдлагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр түвшинд чанартай, амжилттай хийж гүйцэтгэхталаар зөвлөмж өглөө. Мөн "Их зогсолт"-ын үеэр засвар үйлчилгээний явц байдлыг өдөрт хоёр удаа мэдээлж, хяналт тавьж ажиллахаар болов.

М.Балжинням

Фото Ш.Лхамсүрэн

Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд тархаад буй корона вирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн 2 дугаар сараас  Шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийн явц, өнөөдрийн байдлын талаар Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболдоос тодрууллаа.  

-Дэлхийн олон оронд тархаж, олон хүний амь насыг авч одсон корона вирусийн аюул одоо ч түгшээсээр байгаа. Манай үйлдвэрийн хэмжээнд корона вирусээс урьдчилан сэргийлэх ажил ямар байна? Шуурхай штаб хэрхэн ажиллаж байна вэ?

 -Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 78 дугаар тушаалын дагуу  өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн Шуурхай штаб байгуулан өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжин ажиллаж байна. Эрдэнэт сувиллын цогцолбор, Соёл урлагийн цогцолбор, Гал унтраах 58 дугаар анги, Гэрээт цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын алба зэрэг байгууллагууд хамтран 24 цагийн жижүүр батлагдсан хуваариар ажилладаг. Корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг гурван чиглэлээр зохион байгуулж байна. Нэгдүгээрт, тандалтын арга хэмжээ хэрэгжүүлж, ажилчдын автобус болон Ерөнхий захиргааны 1,2 дугаар байр, цех нэгж бүхэнд  биеийн халуун дулаан хэмжиж, дотогш нэвтрүүлдэг боллоо. Ажлын өдөрт 5-6 мянга, амралтын өдөр 1000 орчим ээлжийн ажилчдын биеийн халууныг үзэж, халуурах шинж тэмдэг бүхий ажилтныг буцаан эмчийн нарийн үзлэгт шилжүүлж байна. Хоёрдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэг боллоо. Гэрээт компаниудтай хамтран ажилчдын автобус болон бусад хүн тээврийн хэрэгслүүд, үйлдвэрийн бүс дэх томоохон обьектод өдөр  бүр гурван удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийж хэвшүүллээ. Цех нэгж, хоол үйлдвэрлэлийн компаниуд  өөр өөрсдийн ажлын байр талбайд ариутгал хийж, ажилчдад гар угаах ариутгах бодис материалаар тогтмол хангаж, хэрэглээнд хяналт тавин ажиллаж байна. Мөн гаднаас ирж буй бараа материалыг хүлээн авах, буулгах зэрэг бүх үйл явцад халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын Онцгой комисс, Шадар сайдын баталсан түр журмыг хэрэгжүүлж байна.

-Шуурхай штабт нийгмийн цехийн ажилтнууд хүч нэмж ажиллаж байгаа нь өдөр тутмын хяналт гэх мэтчилэн олон ажлыг нугалж байгаа. Харин ажилтнууд өөрийгөө халдвараас хамгаалах тал дээр хэр анхаарч байгаа вэ?

-Шуурхай штабын жижүүрүүд урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавихын зэрэгцээ өөрсдийн чиглэлийн дагуу Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх үүрэг гүйцэтгэдэг. Харин амралт аялалын цаг эхэлсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх ажилд ажиллах хүч дутагдалтай болж байна. Эмнэлгийн ажилтнууд, эмч нар амралт сувиллын газруудад ажиллах шаардлагатай болсон тул энд ажилчдын биеийн халууныг хэмжих ажилд нийгмийн цехүүдийн ажилтнуудыг дайчлан, оролцуулж байгаа. Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажил жигдэрч, ажилтнуудын хандлага өөрчлөгдсөн гэж хэлж болно. Эхэн үедээ зарим ажилчид шаардуулж байж халуунаа үзүүлдэг, гараа ариутгадаг байсан бол одоо хүн бүр өдөр тутам орж гарахдаа хэвшил болгож, өөрсдөө санаачилгаараа урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг боллоо.Ер нь ахуйн ариун цэвэр сахих, ажлын байрандаа цэвэр байх зэрэгт илүү чармайлттай болж байгаа нь харагддаг. Гар ариутгах бодистой харьцах, биеийн халуунаа хэмжүүлэх зэрэг халдвараас өөрийгөө хамгаалах мэдлэг сайтай болсон гэдгийг хэлье.

-Амны хаалтны нөөц байгаа юу?

-Амны хаалтны  хангалт үйлдвэрийн хэмжээнд  дөрвөн удаа өгсөн. Оёдлын цех туслалцаа үзүүлж, хүн бүрт амны хаалт оёж тараалаа. Амны хаалт болон бусад ариутгал халдваргүйтгэлийн бодисны нөөц бэлтгэх талаар Шуурхай штабын санал хүсэлтийг үйлдвэрийн удирдлагууд дэмжиж, цаг тухайд нь шийдвэрлэж байна. Ажилчдаасаа нэг ч хүнийг орхигдуулахгүй хяналтад байлгах, биеийн халууныг хэмжих, шинж тэмдэг гарсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах талаар Эрдэнэт сувиллын цогцолбор дээр хоёр удаагийн сургалт дадлага зохион байгууллаа. Дэлхий нийт энэ цар тахлаас бүр мөсөн ангижраагүй байгаа энэ үед урьдчилан сэргийлэх ажил цаашид үргэлжилнэ.      

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзаж, дэлхий нийтэд тархсан цар тахлаас үүдэн  эдийн засаг хямарч хүндхэн байгаа энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулан ярилцлаа.

-Энэ онд үйлдвэрт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилээс 2 дахин нэмэгдлээ. Иймд Эрдэнэт үйлдвэрт хэрэгжих том төслүүдийн явц ямар байгаа  талаар ярилцлагаа эхлэе?

-2023 он гэхэд манай хүдэр дэх зэсийн агуулга эрс буурч, доод түвшинд хүрнэ.  Иймээс бид хүдэр боловсруулалтын түвшинг жилд гурав орчим хувиар өсгөх зорилготой ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд зургаан сая тонн хүдэр боловсруулах шугамыг  нэмж барьж, ирэх онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлсэн. Өргөтгөлийн корпусын  газар шорооны ажил  үндсэндээ суурийн улны түвшинд хүрлээ. Үндсэн тоног төхөөрөмжийн суурь хийхээр 5 метр гүн газар ухаж  байна. Бетон цутгалтын зарим  ажлууд  эхэлсэн.  Газар шорооны ажлаа хүйтэн  сэрүүн орохоос өмнө дуусгаад, барилгын угсралтын ажлаа эхлүүлнэ. Энэ шугамыг бид 2021 оны наймдугаар сард  залгах зорилттой юм. Ажил  төлөвлөгөөний дагуу сайн явж байна.

Мөн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа. Ажил эхэлсэн. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барьж байгуулах ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Штабууд энэ долоо хоногоос хуралдаж эхэлнэ. Бид энэ үйлдвэрээ  11 дүгээр  сар гэхэд ажилд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Цэвэр усны гуравдугаар шугам барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Одоогийн байдлаар зураг төслийн ажил хийгдэж байна. Зураг төсөл батлагдсаны дараа  гүйцэтгэлийн ажил  эхэлнэ. Энэ мэтчилэн том ажлууд урагштай явж байна.

-Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүдийг жилд нэг удаа зогсоож, дараа жил хүртэл найдвартай ажиллах боломжийг хангах зорилгоор их засвар хийдэг. Энэ том ажлын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Бид уламжлал ёсоор өвлийн бэлтгэл ажлаа хангахад 300 орчим ажил төлөвлөөд хийж байна. Хүндрэлтэй зүйл ер нь байхгүй. Хамгийн гол нь их зогсолтын ажил бидний өмнө байна. Манай үйлдвэрт их зогсолтын хоёр ажил хийгддэг болсон. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг болсон учраас Дулааны цахилгаан станц маань төвийн эрчим хүчтэйгээ холбогдож, тоног төхөөрөмжөө  зогсоож, засварлана. Бэлтгэл нь сайн хангагдсан. Мөн 7 дугаар сарын 31-нээс  8 дугаар сарын 2-ныг хүртэл үйлдвэрийн хэмжээнд их зогсолт болно. Засварт  шаардлагатай бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ бэлтгэсэн.  Энэ жилийн хувьд хүдрийн хоёр агуулахаа хоосолж байгаад течикээ /урсгуур/ засаад авчихвал таван жил агуулахдаа “гар  хүрэхгүй” байх боломж бүрдэнэ. Энэ мэтчилэн  засварын ажлуудаа төлөвлөгөөний дагуу чанартай хийхээр зорьж байна. Их  зогсолтын бэлтгэл, төлөвлөсөн  ажлууд  тасралтгүй явж байна. Хүний нөөцөө ч бэлтгэсэн. Шаардлагатай тохиолдол гарвал гадны байгууллагын хүчийг ашиглана. Гэхдээ ихэнх ажлаа бид өөрсдийн хүчээр хийчихнэ. Ер нь бол бэлтгэл сайн хангагдсан болохоор хүндрэл гарахгүй гэж найдаж байна. Их засвараа чанартай сайн хийж гүйцэтгэснээр дараа жил хүртэл үйлдвэрийн тоног төхөөрөмж найдвартай ажиллах боломж бүрдэнэ.

-Манай үйлдвэрийн цех нэгжүүд энэ онд өртөг зардлаа бууруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ чиглэлээр  оны эхний хагас жилд хэрхэн ажиллаж,  ямар үр дүнд хүрэв?

-Үйлдвэр маань энэ жил нэлээн хүнд, амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан цар тахал коронавирустай холбоотойгоор манайхтай  хамтарч ажилладаг гадны байгууллагууд, үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа зогссон. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш он гарснаас хойш огцом уналаа. Ийм хүндрэл байсан хэдий ч үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлж, дээрээс нь нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, энэхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Үйлдвэрийн хэмжээнд шуурхай штаб байгууллаа. Төв штабыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ахалж, миний бие тасралтгүй ажиллагааг хангах, мөн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх штабыг ахлан ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлснээс гадна нэмэлтээр 270 мянган тонн хүдэр боловсруулж орлого оллоо. Үүнийхээ үр дүнд ажилчдынхаа цалинг 6 дугаар сарын нэгнээс 10 хувиар нэмлээ. Мөн шагнал, урамшуулал ч олгосон. Өртөг зардлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийлээ. Өртөг зардлыг  бууруулан ажилласнаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өөрийн өртөг тодорхой хэмжээнд буурсан. Энэ утгаараа үйлдвэрт үүсэх бэрхшээлийг даван туулж байна даа.

-Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах  сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг  хэр бүрдүүлэв?

-Гадны харилцагч байгууллагууд зогсох үед бид үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд нөөц тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг бэлтгэж  авах ёстой. Үүнийгээ бүрдүүлж чадсан учраас хямралын үед хүндрэлгүй ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд импорт орлох бүтээгдэхүүнийг ЗМЗ-даа  хийж, ашиглаж байна. Дотоодын нийлүүлэгч компаниудад давуу эрх олгож байна. Цаашдаа дэлхий нийтийг хамарсан энэ нөхцөл  байдал хэр удаан  үргэлжлэхийг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй байна шүү дээ. Тийм учраас үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангахын тулд  штаб тасралтгүй ажиллаж, цаг алдахгүйгээр шийдвэр гаргах ёстой. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн маань ирэх оны бизнес төлөвлөгөө хийгдэж байна. Үүнийг дагаад сэлбэг хэрэгсэл, бараа материал худалдан авах ажиллагааны төлөвлөлтөө хийж эхэллээ. Бид  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар төлөвлөгөөгөө  батлуулаад авчихвал дараа жилийнхээ ажилд шууд орох боломжтой болно.

-Ган бөөрөнцгийн цех болон ЗМЗ-ын Цутгуурын цехэд томоохон техник, технологийн шинэчлэлийн ажлууд хийгдлээ. Эдгээр цехийн  үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-ЗМЗ-ын Цутгуурын цехэд цутгамал бүтээгдэхүүний чанарыг сайжруулах технологи нэвтрүүлэн 5 дугаар сарын 1-нд залгасан. Өнөөдрийн байдлаар цутгамал бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Үндсэндээ эхний хагас жил шахуу хугацаанд үйлдвэрлэл зогссон байсан учраас тухайн үед үйлдвэрлэх байсан бүтээгдэхүүнээ нөхөж  үйлдвэрлэхээр шаргуу ажиллаж  байна. Үйлдвэрлэлийн ажиллагаа ч жигд сайн явж байна. Шинэ технологи нэвтрүүлснээр бүтээгдэхүүн  үйлдвэрлэх  хурд, чанар дээшилсэн. Энэ нь цаашид эдийн засгийн үр ашгаа өгнө. Ажлын байрны орчин нөхцөл ч маш сайн болсон. Цаашид ЗМЗ-ыг хэрхэн өргөтгөх талаар  нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах  ажил хийгдэж байна.

Ган бөөрөнцгийн цехэд индукцийн зуух ашиглаж шаар үйлдвэрлэх хос шугам  ашиглалтад орсон. Ингэснээр олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Юуны түрүүнд бүтээгдэхүүний гадна дотор  хатуулгийн зөрүү ойртож, ган бөөрөнцгийн чанар эрс сайжирсан. Энэ нь  хүдэр нунтаглах циклд өөрийн өртгийг бууруулахад багагүй хувь нэмрээ оруулах юм. Нөгөө талаас цехийн ажилчдын ажлын байрны орчин нөхцөл эрс сайжирсан. Тэнд одоо ямар нэгэн хүхэрлэг хий, тоос байхгүй ч дуу чимээ бол бий. Гэхдээ зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа. Ажилчдадаа хамгаалах хэрэгсэл, чихэвч ашиглуулж байна.  Байгаль орчинд нөлөөлдөг сөрөг нөлөөлөл үгүй болсон. Хотын төв замаас 50 м-ийн дотор үйлдвэрлэл явагдаж байна гэдэг үндэслэлээр  Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хуучин цехийг ажиллуулахыг хориглодог байсан ч энэ асуудлаа шийдсэн. Өнөөдрийн байдлаар тус цех 40, 80, 100 мм-ийн голчтой шаар үйлдвэрлэж байна.  Цаашид бид 120, 125 мм-ийн голчтойг үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Энэ ажил хийгдвэл үйлдвэрийнхээ  хэрэгцээний шаарыг 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг болно.Түүнчлэн ижил төстэй үйлдвэрүүдэд шаар  нийлүүлэх боломж бүрдэх юм.

 -Онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдал үйлдвэрийн газарт үргэлжилж буй энэ үед ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

 -Манай үйлдвэрт онцгой дэглэм үйлчилж байгаа. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал ч үргэлжилж байна. Энэ хоёр дэглэмийн үед бидний үйл ажиллагаа урьдын адил хэвийн явж байна. Хүний урсгал, бөөгнөрөл  хамгийн их газар Эрдэнэт үйлдвэр. Иймээс Улс, орон нутгийн Онцгой комиссын шийдвэр, чиглэл бүрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал  халдваргүйжүүлэх, ариутгалын ажлыг тогтмол хийж хэвшсэн. Энэ үйл ажиллагаанд гадны гурван компани гэрээгээр ажиллаж байна. Ариутгалыг хоногт гурван удаа автобус, ажлын байранд хийж байна. Ажилчдынхаа халууныг хэмжиж, сэжигтэй тохиолдолд шуурхай арга хэмжээ авч байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр хилээр орж ирж буй хүмүүсийг тусгаарлах байранд байлгаж, холбогдох арга хэмжээ авч, халдвар тархаахгүй байх,  хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд тодорхой хэмжээний зардал хөрөнгө мөнгө зарцуулж  байна. Мөн ажилчдадаа ухуулан сурталчлах  ажил хийж, хамгаалах хэрэгслээр хангаж, ажлын цаг ашиглалтад хяналт тавьж байна. Нөгөө талаар энэ жил бороо хур, үер ус ихтэй байна. Цөөнгүй ажилчны  ээлжийн амралт таарч байна. Тэдэнд  үер устай, олныг хамарсан халдварт өвчин гарсан газруудад зорчихгүй байх зэрэг анхааруулга, зөвлөмжийг өгч байна. Энэ жил гэнэтийн  дуу цахилгаантай, усархаг бороо орж байгаагаас цахилгааны тоног төхөөрөмжүүд дээр гэнэтийн тасралт зогсолт гарах магадлал байна. Аянга зайлуулагчийн ажиллагаанд хяналт тавьж, бэлэн байдлыг  ханган ажиллаж байна. 

-Ярилцлагын төгсгөлд та үйлдвэрийнхээ ажилчдад хандаж юу хэлэх вэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал эдийн засагт ихээхэн хямрал бий болгож байна. Ийм үед цалингаа нэмсэн үйлдвэрийн газар Монголд манайхаас өөр байхгүй ээ. Бид хүчээ нэгтгэн хүнд үеийг даван туулж байгаагийн  үр дүнд эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-120 хувиар биелүүллээ. Түүнийхээ үр шимийг ажилчнаасаа удирдлагаа хүртэл хүртлээ. Иймд  ажилтан бүр сахилга дэг журамтай байж,  ажилдаа  чин сэтгэлээсээ хандах нь энэ үед  хамгийн чухал. Бид цаашид ч  илүү зохион байгуулалттай, эвтэй байж хамтын хүчээр дэлхий дахинд үүсч буй хүндрэлийг амжилттайгаар даван туулж чадна гэдэгт итгэж  байна. Баялаг бүтээгч хамт олондоо талархахын зэрэгцээ ажлын өндөр амжилт хүсье.

Бүлэг Ярилцлага

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог