Үйлдвэрлэл

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 19 дэх жилдээ улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлсан шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулж, алдаршууллаа.  

"ТОП-100” аж, ахуйн нэгжийг тодруулж, өргөмжлөх үйл ажиллагаа энэ жил “Covid-19” халдварын тархалтаас үүссэн нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр өнөөдөр зохион байгуулагдлаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа манлайлж, 2019 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ. 

Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн 2019 он амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Эрдэнэтийн уурхайчид 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.    

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнтэй уялдаж санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө амжилттай сайн биелсэн. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн байлаа.

2019 онд 961.7 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн амжилт болж байна. Энэ нь 2016 оноос 5.2 дахин өндөр үзүүлэлт бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 2017 онд 96 сая, 2018 онд 108 сая, 2019 онд 146 сая төгрөгийн үндэсний баялаг бүтээж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан гэсэн үг юм.

Сүүлийн 3 жилд буюу 2017-2019 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 45 хувь нэмсэн. Үүнээс төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн.Эрдэнэт үйлдвэр нь анх байгуулагдсан цагаасаа өөрийн ажилтан, ажилчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг онцгой анхааран, уурхайчдын Эрдэнэт хотыг бүтээн босгосон. Энэ ч үүднээс нийгмийн хариуцлагатай байгууллагын жишгийг Монгол улсад тогтоон, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг явуулж байна.

 

Фото: Б.Баттөгс

 
Дулааны цахилгаан станцын инженер, Бүтээмжийн чиглүүлэгч, Г.Гантуяатай бүтээмжийн чиглэлээр хийж буй ажлынх нь  талаар ярилцлаа.
-Та бүтээмжийн чиглүүлэгчээр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-2018 оны 6-р сараас ажиллаж байна. 
-2019 онд танайхан бүтээмжийн чиглэлд  хэр амжилттай ажиллав?
-Ер нь, манай бүтээмжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан. 2018 онд сайн саналын системд ердөө 36-хан санал гаргаж байсан бол  өнгөрсөн онд 300 санал гаргасан. Өнгөрсөн оны эхний улиралд 59 ажилтан 86 санал гаргасан бол энэ оны эхний улиралд 59 ажилтан 186 санал гаргаж, саналын тоо 100-аар нэмэгдсэн. Манайхан одоо л саналыг нь үнэлж, цалингаас гадна орлого олох эх үүсвэр бий болгож буйг  ойлгож эхэлж байна. Энэ эх үүсвэрээр дараагийнхаа ажлыг  санхүүжүүлэх  боломжтойг мэдэрч байна. Хэсгийн дарга нар ч идэвхжиж  өөрсдийн санг бий болгож,  энэ  ажил урагштай  явна. 
-Өнгөрсөн онд 100 манлайлагчийн жагсаалтад танай цехээс хүн багтсан уу?
-2016-2018 онд энэ жагсаалтад нэг л хүн орсон бол 2019 онд хоёр хүн багтсан. Яг үнэндээ ийм шалгаруулалт болдгийг би ч мэддэггүй байсан. Өнгөрсөн жил үйлдвэрийн Топ 200 манлайлагчид долоо, Топ 100-д хоёр хүн багтсан. Тэгвэл энэ оны эхний улиралд Топ 200 –д  ИТА,  ажилчин тус бүр найм, нийт 16 хүн орсон байна. Турбин хими ус бэлтгэх хэсгийн дарга Ч.Баярмагнай Топ 100-ийн  эхний гуравт жагсжээ. 
-2019 онд танайхнаас гаргасан өндөр ач холбогдолтой сайн саналыг дурдвал?
-Манай Ерөнхий инженер дотоод хэрэгцээний схем өөрчлөх санал гаргасан. Бид эрчим хүчний системд ажиллаж байгаа. Эрчим хүчний систем доголдонгуут манайх дагаад доголддог байсныг схемээ өөрчилснөөр систем зогссон ч станц өөрийгөө авч үлдээд, үйлдвэрээ дулаан цахилгаанаар хангах найдвартай ажиллагаа сайжирсан. Ийм том санал гарган, төсөл хэрэгжүүлж, схемээ залгасан.  Тэгэхлээр манайхан дарга, удирдлага, ажилчин гэлтгүй бүгд идэвхтэй сайн ажиллаж байгаа.
-Энэ  онд ямар  зорилт дэвшүүлэв, хэрэгжилт ямаршуу явна?
-Өнгөрсөн жил сайн саналын систем дээр голчлон анхаарсан. Энэ жил бүтээмж чанарын дугуйлангаа идэвхжүүлэн, ажилчдадаа заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Хэдийгээр олноороо бөөгнөрөхгүй ч гэсэн энэ ажил маань үргэлжилж байна. Манай программч инженер гар утасны аппликейшн хийсэн. Үүгээр заавар зөвлөгөө, цахим хичээл оруулж байгаа.
Одоо  нийт ажиллагчдын 50 хувь нь санал гаргаж, бүтээмжийн ажилд идэвхтэй  оролцож байгаа. Энэ хувийг өсгөнө. Саналын хэрэгжилт 10 хувь байгааг 20 хувь руу дөхүүлнэ гэсэн зорилготой. 
-Танайхны бүтээмжийн ажил эрс сайжирсан юм байна. Та ажлынхаа арга туршлагаас хуваалцаач?
-Санал санаачилга гаргахын ач холбогдлыг тайлбарлан таниулж, сайн саналын системд  нээлттэй оролцох боломжоор ханган чиглүүлээд,  заавар зөвлөгөө өгдөг.  Эндээс хүмүүс үр шимийг нь хүртэж байна. Би бүх хүний саналыг  хэвлээд диспетчер, ээлжийн дарга нарт өгдөг. Энэхүү нээлттэй  саналаас  мэргэжил ур чадварын хувьд хэрэгжүүлэх боломжтой хэн нэг нь  авч, ажил хэрэг болгосноор  санал хэрэгжүүлэлтийн урамшуулал авна. Хэсэг бүр дээр төлөвлөгөө гарган, энэ чиглэлд хийсэн ажлыг нээлттэй харуулахаар, тааруухан нэг нь манайх станцаа доош нь татаад байна гээд идэвхжих жишээтэй. 
-Та өөрөө санаачилга гаргадаг уу?
-Үгүй. Ёс зүйн хувьд би өөрийн нэр дээр санал гаргах нь тохиромжтой биш. Харин хүмүүст заавар, зөвлөгөө өгч, идэвх санаачилгыг нь өрнүүлж  явах ёстой гэж үзсэн. 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
 
Бүлэг Ярилцлага
Лхагва, 20 5-р сар 2020 00:00

Өнөөдөр 05 дугаар сарын 20

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 141 дахь өдөр. Он дуусахад 224 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +15 градус, шөнөдөө +6 градус дулаан, бороотой, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 20. Ангараг гараг. Билгийн тооллын 28. Харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Энэ өдөр туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эрхшээх үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, үхэгсдийн үйлд муу болой. Өдрийн сайн цаг нь гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол замд явах хүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирэх тул муу.  

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5314 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2798, евро 3025, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

Асуулт: -Үйлдвэрийн туслах аж ахуйг хэрхэн зохион байгуулж эрхлэн хөгжүүлж, хэр өгөөжтэй ажиллаж байна вэ?

Хариулт:-Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсныхоо дараа жилээс эхлэн туслах аж ахуйг хөгжүүлж, түүний материаллаг баазыг бэхжүүлэх талаар ихээхэн арга хэмжээ авлаа. Одоо туслах аж ахуйд Ингэт толгойн сангийн аж ахуйн төрийн шагналтнуудын бий болгосон мах сүүний чиглэлийн үхэр, нутгийн шилмэл омгийн их ашиг шимт Говь-Алтай, Баян-Өлгийн хонь үржүүлэн өсгөж байна. Малын тоо толгой, түүнээс  авч ашигласан бүтээгдэхүүний хэмжээг анхны жилийнхтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн. Жилд 60 шахам мянган литр сүү, айраг, 30 гаруй тонн мах бэлтгэж, төмс хүнсний ногооны ихээхэн ургац авч байна. Бүх малыг өвөл, хаврын тохилог хашаа, өвс, усаар бүрэн хангаж, малчдад эмнэлэг, худалдаа, урлаг, ахуйн үйлчилгээгээр сарын графикийн дагуу үйлчилдэг. Мөн малчдынхаа хүүхдүүдийг үйлдвэрээс байр, хүмүүжүүлэгч гарган ажиллуулж, сургуульд сургаж байна. Мал аж ахуйн бүх сууриуд үйлдвэрийн цехүүдтэй шефийн холбоо тогтоосон. Шефүүд малчдынхаа өвөлжилт, хаваржилт, төл хүлээн авах зэрэг цаг үеийн ажлуудыг хийхэд бүх талаар тусалж байна. Туслах аж ахуй одоогоор 30 гаруй га-д төмс хүнсний ногоо тариалж, авсан ургацаа бүгдийг зооринд хадгалах боломжтой болсон.

Жимсний мод, нарийн ногоо тарих ажил эхэлж байна. Газар тариалан эрхэлж, үр ашгийг нь ашиглах асуудлыг ажиллагсдынхаа чөлөөт цагийг зөв зохион байгуулж, тэдэнд туслах замаар өөрсдөөр нь тариулж, арчлуулж, ургацыг нь хураалгуулж, өөрсдийнх нь амины хэрэгцээг хангуулахад чиглэж байна. Энэ зорилгоор үндсэн цехүүд өөрсдийн ажиллагсдад зориулсан зоорьтой боллоо. Хэдхэн жилийн дараа олон арван тонн гахайн мах, хиам, лаазалсан мах үйлдвэрлэх цогцолбор ажиллагаатай гахайн фермтэй болно. Барилга байгуулалтын ажлыг барилга засварын цех барьж эхлээд байна. Туслах аж ахуйн үйлдвэрлэлийг цаашид эрчимжүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль энэ жил 45 дахь удаагийн  элсэлтээ авна. 1975 оноос сургалтын үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж буй тус сургууль 2020-2021 оны хичээлийн жилд 9 төрлийн мэргэжлээр хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. 

Элсэгчдэдээ боловсролын чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор инженерийн боловсролын CDIO санаачилгад нэгдэн, үр дүнд суурилсан сургалтын уул уурхайн ашиглалт, цахилгаан, механик, авто, ашигт малтмалын баяжуулалтын технологи, барилга, хүрээлэн буй орчны инженер бэлтгэх болон ОХУ-ын Уралын их сургуультай хамтран Металлурги, металл технологи 2+2 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Тус сургуулийн элсэгчид элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт эдлэх бол, 650-699 оноо авсан элсэгч 50 хувь, 600-649 оноо авсан элсэгч 30 хувийн хөнгөлөлттэйгөөр тус тус суралцах аж. Мөн 2020 онд элсэлтийн ерөнхий шалгалтаа математикийн хичээлээр өгч 450-аас дээш оноо авсан болон улс аймгийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн төгсөгчдийг урилгаар элсүүлэх ажээ. Түүнчлэн үнэлгээний голч дүнг харгалзан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол-21” сан, Технологийн сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг болон төрийн, төрийн бус, бизнесийн байгууллагуудын дэмжлэг, хөнгөлөлт эдлэх боломжтой гэж тус сургуулийн сургалтын албанаас онцоллоо.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь байгуулагдсан цаг үеэс өнөөг хүртэлх 45 жилийн хугацаанд мэргэжилтэй 7161 ажилтан, 462 техникч, дипломын болон бакалаврын зэрэгтэй 2090 инженер, уул уурхайн нарийн мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэжээ. Одоо тус сургуулийн бакалаврын түвшний сургалтад уул уурхай ашиглалтын технологи, ашигт малтмалын баяжуулалтын технологи зэрэг 6 мэргэжлээр 500 гаруй оюутан суралцаж байна. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль суралцагчдадаа олон боломж, давуу тал өгч байгаагийн нэг нь сурлагын голч дүн 3.2-оос дээш төгссөн оюутанд Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж гардуулдаг уламжлал юм. Энэ журмын дагуу сүүлийн 7 жилд 32 төгсөгч оюутны ширээнээс Эрдэнэт үйлдвэрийн ажилтан болжээ.   

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог