Үйлдвэрлэл

Дэлхийн олон улсад тархаад буй коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Энэ удаа “Эрдэнэт” сувиллын цогцолборын Уушиг, дархлаа судлаач эмч Т.Соёлмаагийн зөвлөгөөг хүргэе.

Коронавирусын халдварт өртөхгүй байж, дархлаа сэргээх, өөрийгөө хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Тиймээс өдөр тутамдаа баримталж, хэвшүүлэх ахуйн ариун цэвэр сахих мэдлэг, санамжийг хүн бүр эзэмших ёстойг мэргэжлийн эмч онцоллоо.

Коронавирус нь амьсгалын замаар халдварладаг бусад өвчний адил ойрхон зайнаас ярилцах, найтаах зэрэгт агаар дуслын замаар тархаж, хүнээс хүнд дамждаг өвчин.  Тиймээс ч дэлхийн олон оронд тархаж, халдвартай хүний тоо нэмэгдэж байна. Манай улсад нэг тохиолдол бүртгэгдээд байгаа боловч тархалт, халдварыг зогсоож, урьдчилан сэргийлэхийн тулд нэн түрүүнд олон нийтийн газраар онц шаардлагагүй бол очихгүй байхыг зөвлөе. Хэрэв гадагшаа гарах тохиолдолд амны хаалтыг байнга зөв зүүнэ. Гараа тогтмол савандаж угаах шаардлагатай. Дархлаа сайн байх нь уг өвчний халдварыг эсэргүүцдэг тул илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, сайн амарч байх нь чухал юм. Бага насны хүүхдүүдийн тоглоом болон хичээлийн хэрэглэл зэргийг байнга угааж, цэвэрлэх, гэрийн хаалганы бариул болон бусад металл гадаргуут эд зүйлсэд чийгтэй цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх, өрөөний салхивчыг ойр ойрхон нээн цэвэр агаар оруулж байх шаардлагатай. Гадаа талбайд явж буй үедээ хаалга хана болон металл гадаргууд хүрэлцэх, гараа хүргэх зэргээс зайлсхийж, нэг удаагийн бээлий ашиглахыг сануулж байна. Санитол болон бусад гар ариутгах бодисыг биедээ авч явж, хэрэглэх нь вирусээс хамгаалах сайн арга болно. Агаар салхинд гарах, цэвэр агаар амьсгалах, ууланд алхах, дасгал хөдөлгөөн хийх нь юу юунаас илүү чухал. Хавар цаг ирж буй тул дархлаа дэмжих амин дэм, витамин, жимсний шүүс зэргийг түлхүү хэрэглэх, 15 минут тутамд бүлээн ус тогтмол ууж хэвшихийг анхааруулж байна. Эдгээр зөвлөгөөг өдөр тутам хэрэгжүүлж, мөрдөх нь коронавирусээс өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

Хувийн хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэх шинэ төрлийн зах зээлд сүүлийн нэг жил орчим амжилттай ажиллаж буй “БЭККО” ХХК-ийн захирал Б.Бэхбаярыг ээлжит дугаарын зочноор урьж ярилцлаа. Тэрээр дэлхий нийтэд тархсан “COVID-19” коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд 100 ширхэг комбинзон бэлэглэсэн тухай чихэнд чимэгтэй мэдээгээр биднийг угтсан юм. Нүдний шил, чихэвч, амны хаалт, каск зэрэг хувийн хамгаалах хэрэгслээр хүрээгээ тэлэх чин хүсэлтэй залуу бизнесмений яриаг та бүхэнтэй хуваалцъя.

-УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАСАН ТАНАЙ ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА?

-ДЭМБ-аас Монгол Улсад тусламж өгсөн мэдээг сонссон л доо. Түүнд хувийн хамгаалах хэрэгсэл комбинзон маш цөөхөн ирснийг дуулсан. Мөн ЭМЯ-нд хангамж дутагдалтай байгаа гэсэн мэдээлэл аваад 100 ширхэг комбинзон хандивлая гэж шийдсэн. Сэжигтэй тохиолдол бүр дээр очиж байгаа төрийн албан хаагчид ийм хамгаалах хэрэгслийг нэг удаа өмсөх зориулалттай байдаг учраас нэг талаас их үрэлгэн хувцас гэж хэлж болно. Нөгөөтээгүүр хамгаалалт нь ус чийг нэвтрэхгүй сайн талтай.

-МОНГОЛД ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ЗАХ ЗЭЭЛ БАЙГААГ ХЭДИЙД ОЛЖ ХАРАВ?

-Энэ бизнест хөл тавьсан түүх их сонирхолтой. Компаниа 2018 онд байгуулж байлаа. Оюутолгой компани дотоодын үйлдвэрлэгчдээс ханган нийлүүлэх хөтөлбөрийнхөө шугамаар 2018 оны 11 дүгээр сард комбинзон худалдан авах тендер зарласан юм. Бид төвийн бүсээс оролцохоор технологио судалж, үйлдвэрлэлд нэвтрүүлж, анхны загваруудаа гаргаж уг тендерт оролцсон ч харамсалтай нь орон нутгийн давуу эрхтэйгээр говийн хоёр компани шалгарсан. Энэ тендерийн ажиллагаа том туршлага үлдээсэн гэж болно.

Хувийн хамгаалах хэрэгслийн нэг болох комбинзоныг уурхай, хуурай болон шингэн химийн бодистой ажиллах, малын гоц халдварт өвчний үед, хөдөө аж ахуйн, тог нэвтрүүлдэггүй материалтай тул тухайн зориулалтаар өмсөх боломжтой. Эдгээр хэрэгцээг нь харгалзан Эрдэнэт үйлдвэр болон бусад уул уурхайн компанид, мал эмнэлгийн чиглэлээр ашиглах зах зээл Монголд байгааг олж харсан.  

-ЭНЭ ТӨРӨЛД ӨРСӨЛДӨГЧ ХЭР ОЛОН БЭ?

-Одоогоор говийн бүсэд 2, хангайн бүсэд манайх үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани хараахан байхгүй.

-БОЛОВСОН ХҮЧНЭЭ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭЖ ЭХНИЙ АЛХМАА ХИЙСЭН БОЛ?

-Бизнест хөл тавих нь миний амьдралдаа гаргасан маш зоригтой бөгөөд том шийдвэр байсан. Би ШУТИС-ийг төгсөөд Энэтхэг улсад 2 жил магистрт суралцсан. Эргэж Монголдоо ирээд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад автоматжуулалтын инженерээр 5 жил ажилласан. Гэтэл нэг л өдөр амьдралдаа алхам хийх хэрэгтэйг ухаарч, ажлаасаа гарахаар шийдсэн. Энэ шийдвэр олон хүнд гайхаш төрүүлж байсан ч энэ зоригтой үйлдлийнхээ дараа гадаад худалдааны чиглэлээр ажилладаг хувийн компанид нэг жил ажиллахдаа хэрхэн гадаад худалдаа хийдэг, бизнес гэж юу болох талаар тодорхой ойлголт авсан. Улмаар хувийн компани байгуулахаар шийдэж, дахин нэг алхам урагшилсан. Тухайн үед Оюутолгойн тендерт ялж чадаагүй ч зах зээлээ мэдэрч хөдөлсөн гэж боддог.

Анх зочны өрөөндөө байрлуулсан 2 хуучин оёдлын машинаас эхлүүлсэн бизнесээ өнөөгийн зэрэгт хүрсэнд баярладаг. 2019 оны 6 дугаар сард эхнэрээ ажлаас нь гаргаад хоёулаа оёдол хийж эхэлсэн бол сарын дараа нэг оёдолчин авч гурвуулаа болж байлаа. Алхам алхмаар л урагшилсан. Өөрийн гэсэн ажлын байртай, 13 оёдолчин, 2 эсгүүрчин, нэг савлагчтай болж өргөжин тэллээ, хамт олноо бүрдүүллээ. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн ашиглаж, 20 ажлын байртай ажиллана гэхэд 7 оёдолчин нэмж авах хэрэгцээ шаардлага бий. Манайх бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 300 ширхэг комбинзон үйлдвэрлэх боломжтой ч одоогоор 150 ширхгийг гаргаж байна.

-КОМБИНЗОНЫ НЭР ТӨРЛИЙН ТУХАЙД?

-Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас өвчний голомтот цэг дээр ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүст цэнхэр оруулгатай комбинзон өмсүүлж байна. Үндсэн түүхий эд материал нь тодорхой стандарттай, материалын нимгэн зузаанаас хамаарч хэд хэдэн төрөл бий. Бид ойрын үед дээрх цэнхэр канттай комбинзоныг үйлдвэрлэх технологийг судалж байна. Түүхий эдээ татаж аваад оёход 10 оёдлын машин, нэг наадаг машин шинээр авч, 12 ажлын байр гаргана. Одоогоор манай компани 5-6 төрлийн комбинзон үйлдвэрлэж байна. Коронавирустэй холбоотойгоор түүхий эдийн татан авалт хумигдаж, Хятадууд материалын үнийг нь 4-5 дахин нэмчихсэн. Сул зогсолт хийхээр гэрээтэй байгууллагадаа нийлүүлэлт хийх шаардлагатай тул зогсох эрх алга. Нэг татан авалтаар 3-4 сарын хэрэгцээгээ хангахуйц 10 мянган ширхэг хувцасны материал захиалж байна.

-УРД ХӨРШИД ҮЙЛДВЭРЛЭДЭГ КОМБИНЗОНООС ЯЛГААТАЙ ЗҮЙЛ БИЙ ЮУ?

-Загвараа Европ стандартын эсгүүр дээр монгол хүний биеийн онцлогт тохируулан гаргасан. Ингэхдээ хэвлий, чээж өргөн, бэлхүүс том, гар богино, хүзүү бөгтөр, толгой том зэрэг хэв шинжийг харгалзан үзсэн. Монгол хүн өмсөхөд мөрний залгаагүй, биед сууж өгөх талаасаа илүү эвтэйхэн болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нь чухал.

-ХЯТАДААС БУСАД ОРНООС ТҮҮХИЙ ЭД, МАТЕРИАЛ ТАТАН АВАХ ТАЛААР СУДАЛЖ ҮЗСЭН ҮҮ?

-Үзсэн. Дэлхийн томоохон брэндүүд болох “Tyvek”, “Honeywell”, “ZM” нь комбинзон үйлдвэрлэдэг ч, өөрсдийнхөө бүтээгдэхүүнд зориулан материал гаргадаг. Урд хөршид 4-5 үйлдвэр ажиллаж байна.

-ХАРИЛЦАГЧ ТҮНШ БИЙ ЮУ?

-Өнгөрсөн оноос МАК-тай гэрээ байгуулан, жилдээ 30 мянган ширхэг комбинзон нийлүүлэхээр хамтран ажиллаж байна. Цаашид ЗОНЗ-ын Үндэсний төв, Мал эмнэлгийн үндэсний хүрээлэнтэй хамтран ажиллах боломжтой гэж хардаг. Тавантолгойн сайжруулсан нүүрсний уурхай тоосжилт ихтэй тул хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх хэрэгтэй юм шиг санагддаг. Ажлын хувцас тоосжилт ихтэй байснаар эдэлгээ даах чанар нь муудаж, элэгддэг.

-ОРОН НУТАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛЫГ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА?

-Эрдэнэтэд олон төрлийн үйлдвэрлэл байдаг тул ажиллах хүчний олдоц сайтай гэж хэлнэ. Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехээс өндөр насны тэтгэвэртээ гарсан, ажлын чадвартай, туршлагатай оёдолчид олон бий. Мөн уул уурхай түшиглэсэн гэдэг утгаараа борлуулалтын давуу талтай. Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийхэд алс байдаг нь сул тал болоод байна.

-ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖ БАЙСАН. ЭНЭ АЖИЛ ЯМАР ШАТАНДАА ЯВНА ВЭ?

-Хангамжийн хэлтсийн даргатай уулзсан. Коронавирусын онцгой тохиолдолд бэлэн байгаа бүтээгдэхүүнийг шууд худалдан авалтаар хийх санал тавьсан. Тухайн үед манай нөөцөд байсан 400 ширхэг комбинзоныг бүгдийг авсан. Коронавирусын нөхцөл байдлын дараа манай компанитай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

-КОМПАНИА ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХЫН ТУЛД ЮУНД АНХААРАХ ВЭ?

-Энэ төрлийн бүтээгдэхүүн импортоор их хэмжээгээр орж ирдэг тул үнийг уян хатан байлгаж, нэг түвшинд барих хэрэгтэй  гэж үзсэн. Мэдээж ингэхийн тулд зардлаа танаж, илүү зардал гаргахгүйг хичээж байна. Бусад зардлаа багасгасан ч чанарт нөлөөлөхгүй.

-ХЭТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭРХЭН ЗУРАГЛАВ?

-Жил бүр гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Өнгөрсөн онд тогтмол ажлын байр бий болгох, бүтээгдэхүүнээ дотоодын компаниудад таниулах зорилготой ажилласан бол энэ жилийн тухайд бүтээгдэхүүний тоо ширхэг, ажлын байраа нэмэгдүүлж, чанарт анхаарахыг чухалчилж байна. Харин 2021 онд баруун аймгуудад салбараа байгуулна. Мал эмнэлгийн Ерөнхий газар нэг удаагийн хамгаалах хэрэгсэл жилдээ 160 мянган ширхгийг худалдан авна гэж үзвэл салбараар дамжуулан зах зээлээ тэлэх, нөгөө талаас хэрэглэгчид илүү ойр ажиллах боломж бүрдэнэ. Тухайн бүтээгдэхүүнийг удаан хадгалах нь эрсдэлтэй тул богино хугацаанд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх хэрэгцээ зайлшгүй байгаа гэж харж байна. Бид 21 аймагт салбар нээснээр орон нутгийн иргэдийг ажлын байраар хангана.   

-ШИНЭ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОХ ЧИХЭВЧ ХЭЗЭЭНЭЭС ХУДАЛДААНД ГАРАХ ВЭ?

-Чихэвчийг худалдаанд хараахан гаргаагүй. Одоогоор туршилтын загварууд гаргаад сайжруулалт хийж байна. Хоёр химийн бодис хольж гарган авдаг тус бүтээгдэхүүнийг Стандарт хэмжилзүйн газраас лабораторийн шинжилгээ хийж, MNS тохирлын гэрчилгээ олгосон. Шинэ бүтээгдэхүүнээ 5 дугаар сараас худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Дуу чимээтэй орчинд орохоос өмнө чихэвч зүүх нь хувь хүний эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой. Чихэвчийг бусдад дамжуулж болдоггүй тул тухайн ажилтан өөртөө л ашиглана. Оюутолгойд энэ төрлийн хамгаалах хэрэгсэл нэвтэрсэн. Эрдэнэт үйлдвэр ч нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-ҮЕИЙНХЭЭ ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ЮУ ХЭЛЭХ ВЭ?

-Одоогийн залуус их авхаалжтай, сэргэлэн болсон. Нэг жишээ хэлэхэд, ХБНГУ-д шинэ бүтээгдэхүүн гарсныг хараад тухайн компани руу залгахад, “Та Монгол Улсад байгаа манай албан ёсны байгууллагад хандана уу” гэсэн хариу ирсэн. Залуучууд ийм л хурдтай байна. Хааяа, Улаанбаатарын залуучуудаас хоцорчихлоо гэж өөрийгөө голох үе ч байна. Тэгэхээр, мэдээллийн технологийн асар их хурдыг ашиглан залуучууд маань том зорилготой байж, түүндээ хүрэхээр тасралтгүй тэмцэж, өөрийгөө хөгжүүлж, суралцаарай гэж хэлье.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны болон Улсын онцгой комиссын хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрүүд, БСШУС-ын сайдын гуравдугаар сарын хоёрны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг зэргийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирлын “Цахим сургалтыг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах тухай тушаал тус сургуульд хэрэгжиж байна. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын бүх түвшний сургалт, хичээлийн материалыг цахимаар байршуулан, оюутан сурагчдад боломжит бүх хэлбэрээр хүргэх чиглэлийг гуравдугаар сарын 02-оос 30 -ны өдрийг хүртэл баримтлан ажиллаж байна. Бүх түвшний хичээлийн хөтөлбөрийг цахим хэлбэрээр хүргэхэд гарч буй давуу тал болон хүндрэл бэрхшээлийн талаар тус сургуулийн Сургалт хариуцсан орлогч Н.Манчукаас тодруулахад, “Манай багш нар Google Classroom системийг ашиглан гэрээсээ сургалтын материалыг цахимаар байршуулан, оюутан, суралцагчдад хүргэж, хэрхэн судлах талаар заавар, зөвлөгөө тогтмол өгч ажиллаж байна. Цахим хичээлийн хуваарийн дагуу хэдэн цахим хичээл оруулсан, тухайн хичээлд хэдэн оюутан хандалт хийснийг хичээл зохицуулагчид программ дээр хянаж байна. Хичээлийг хөтөлбөрийн зорилго, зорилттой уялдуулан, хичээл чанартай явж байгаа эсэхэд тэнхимийн эрхлэгчид мэргэжлийн зүгээс хяналт тавьж байна. Бид 7 хоног тутам багш, оюутнуудаас цахим хичээлтэй холбоотой ойлгомжгүй зүйл, хүндрэл гарч буй эсэх талаар санал гомдол, хүсэлтийг нь Оюутны холбоо хариуцсан багш, тэнхимийн эрхлэгч нараар дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байна.

Багш нар маань Classroom систем ашиглан лекц, семинарыг файл хэлбэрээр оруулахын зэрэгцээ 15 минутад багтаасан видео хэлбэрээр хичээлээ зааж, 24 цагийн турш оюутнуудтай цахимаар холбогдож, ажиллаж байна.  Ирэх 7 хоногт, Сургалтын албаны ажилтнуудаас гэрээсээ ажиллах боломжтой ажилтнуудыг онлайнаар ажиллуулна. Цахимаар хичээл явуулах нь олон боломж өгч байгааг хэлмээр байна. Хамгийн түрүүнд, багш нар цахим хичээл бэлдэж сурч байна, цахим хичээлийн мэдээллийн сан бүрдүүлэх боломж өгч байна. Бид, багш нарын цахим хичээлийн сан үүсгээд, бүх хичээлийн цахим бүрдүүлэлт хийж эхэлсэн. Мөн хичээлийн чанарт анхаарах, идэвхжүүлэх зорилгоор энэ улирлын турш шилдэг Цахим хичээлийн уралдааныг багш нарын дунд зарлаад байна. Ингэснээр, магистр, бакалавр, мэргэжлийн сургалт, лицей анги гээд бүх чиглэлээр хичээлийн хөтөлбөрөө бэлтгэх, сан бүрдүүлэх, шилдэг багш нараа шалгаруулах гээд олон давуу тал, боломж бий болж байна” гэж онцлов.

Цахим хичээлийн хөтөлбөрт тус сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд суралцаж буй бакалаврын ангийн 477 оюутан, мэргэжлийн сургалтын нэг жилийн ангийн 25 суралцагч, лицейн 76 сурагч  хамрагдаж байгаа аж. Лицей ангид математик, физик, хими, англи хэлний гүнзгийрүүлсэн хичээлүүдээ нэмэлт цахим хэлбэрээр зааж байгаа юм байна.  Хичээл бүрийн ирц болон хичээл авсан бүртгэлийг  багш нар цаг тухайд нь гаргаж буй бол багш нарт хичээл зохицуулагч нар хяналт тавьж ажиллаж байгааг тус сургуулийн албаны хүн хэллээ.

М.Балжинням

Монголд COVID-19 вирусын халдвар бүртгэгдсэн энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр 6600 гаруй ажилчдынхаа төвлөрлийг сааруулах, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тус үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ажилчдын хоолны ширээний зохион байгуулалтыг нэг чигийн урсгалд оруулан өөрчлөх ажлыг эхлүүллээ. Өнөөдрөөс Дулааны цахилгаан станц, Геологи, хайгуулын экспедици, Төрөл бүрийн авто машины гарааж зэрэг 100-150 ажилчид нэг дор хооллодог жижиг газруудын ширээний зохион байгуулалт нэг чигийн урсгалд буюу сурагчдын нэгэн адил шил шилээ харан сууж хооллох болов. Харин Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байр, Засвар механикийн завод, Ил уурхай дахь 800-1200 хүний төвлөрсөн хүчин чадалтай хоолны газруудын ширээнд тусгаарлалт хийж вирусын халдвараас сэргийлэх арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Тусгаарлалтыг арчиж цэвэрлэн ариутгах боломжтой материалаар хийнэ гэж мэргэжлийн хүн ярилаа.

М.Одгэрэл

 

Мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнд зориулан илгээсэн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын чин сэтгэлийн хандив болох 88 сая 888 төгрөгийг үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Веньруйд гардуулан өглөө.

Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ, “COVID-19” шинэ коронавирусын халдварын тархалтын эсрэг тууштай тэмцэж, улс орныхоо төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн эрүүл, аюулгүй байдлыг сахин хамгаалахад авч хэрэгжүүлж байгаа БНХАУ-ын төр засгийн бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлэн, амжилт хүслээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон аюулт өвчний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулан Монгол Улсын Онцгой комисст 150 сая төгрөг, Орхон аймгийн Онцгой комисст 50 сая төгрөгийг цалингаасаа хандивлаад байгаа юм.

И.Чинтогтох

Аж ахуй, үйлчилгээний цехийн Тусгай цэвэрлэгээ, угаалгын хэсгийнхэн хүний эрүүл мэндэд хор нөлөө багатай, цэвэрлэх өндөр үзүүлэлттэй олон төрлийн бодис үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Өмнө нь ажлын хувцасны хими цэвэрлэгээнд “Сольвент” бодис хэрэглэдэг байсан нь хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй “бензол” агуулсан байжээ. Харин 2020 оны захиалгаар бензолгүй, тос, бохир цэвэрлэх чадвар өндөр бодис сонгон хэрэглэж байгаа нь ажилчдын талархлыг хүлээж байна. Тус хэсэг Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчдын тусгай хувцас, хэрэглэл болон “Эрдэнэт” сувиллын цогцолборын цагаан  хэрэглэлийг угааж цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд сардаа дунджаар усан угаалгаар гурван тонн, хими цэвэрлэгээгээр 4,5 тонн  хувцас, хэрэглэл цэвэрлэж индүүдэн, оёж засварладаг. Тэд хими цэвэрлэгээ, усан угаалга, уурын индүүдлэг, оёдол засварын 20 гаруй төрлийн машин техник ашиглаж байна.  

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Чанар хяналтын хэлтсийн Түлшний лаборатори тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр шинжилгээний чанарт ахиц гарлаа. Тус лаборатори нь Дулааны цахилгаан станц, Засвар механикийн заводод нийлүүлэгдэж буй нүүрсний чанарт хяналт тавихаас гадна станцаас гарч буй үнс, тоосны нунтагт шинжилгээ хийдэг. Дулааны цахилгаан станц өргөтгөл хийсэнтэй холбогдуулан Түлшний лабораторийн ачаалал нэмэгдсэн тул нүүрсний илчлэг тодорхойлох багажийг шинэчилжээ. Өмнө ашиглаж байсан багаж нь нэг сорьцоос гурван төрлийн дээж авч, шатаах, хатаах зуухны тусламжтайгаар нүүрсний чанар тодорхойлдог байсан бол бүрэн автомат шинэ багаж нь нэг удаагийн сорьцоос гурван төрлийн хариуг зэрэг гаргадаг давуу талтай. Түүнээс гадна гар ажиллагааг багасгаж, шинжилгээг илүү нарийвчлалтай гаргаж, материалын зардал хэмнэж байна. Өнгөрсөн онд 3200 дээжид 16000 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн нь 2018 онтой харьцуулахад гурав дахин өсчээ. 

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог