Үйлдвэрлэл

   Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглосноос цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэлээ. Найм давж түрүүлсэн цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ "Аймгийн арслан" цол хүртэв. Үзүүрлэсэн аймгийн арслан Б.Уртбаяр "Үнэн хүчит" чимэг нэмлээ. Их шөвөгт аймгийн заан Д.Золбаяр, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарав. Энэ жилийн баяр наадамд Монгол Улсын харцага Н.Саранцогтоор сумын начин С.Эрдэнэтогтох, Монгол Улсын начин Т.Энхтуяагаар сумын заан М.Мөрөнчулуун, аймгийн арслан Б.Гантөмөрөөр сумын заан Б.Хишигчулуун нар тус бүр тав давж, аймгийн начин цолны болзол хангалаа. Өсвөрийн 32 бөх барилдсанаас жү-до бөхийн тамирчин Э.Буянцагаан түрүүлж, О.Болд-Эрдэнэ үзүүрлэв. Tүрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд бай шагналыг нь гардуулж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр Орхон аймгийн баяр наадам өндөрлөлөө.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

   Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн засварчин Цэгмидийн Ганхуяг 32 оноогоор түрүүллээ. Түүний дараа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул, Авто засвар үйлчилгээний “Отгонтэнгэр” ХХК-ийн ажилтан Тоочингийн Эрдэнэ-Очир 31 оноогоор дэд байрт, Баянхонгор аймгийн уугуул, “Мөнгөн богц” ХХК-ийн харваач Батнасангийн Баасанжав 30 оноогоор гутгаар байрт шалгарч шагнал гардав. Харин Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 439-р ангийн харваач Баянмөнхийн Ганбат дөрөвдүгээр байрт, Завхан аймгийн Баянтэс сумын уугуул, "Жанжин Эрдэнэ" ХХК-ийн захирал Сосорбурамын Баттулга тавдугаар байрт шалгарлаа.
   Эмэгтэйчүүдээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, Их засаг их сургуулийн оюутан Азжаргалын Нандин-Эрдэнэ 29 оноогоор түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хангарьд” спорт хорооны харваач Лхагвадоржийн Мөнгөнзаяа, Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Түдэвийн Лхамсүрэн, Дорнод аймгийн Баян-Уул сумын сумын уугуул, Эрдэнэт үйлдвэрийн Спорт ордны ажилтан Долгорын Дэлгэрмаа, Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Даваагийн Бямбасүрэн нар удаалав. Харин өсвөр насны эрэгтэйчүүдээс Орхон аймгийн 4-р сургуулийн 9б ангийн сурагч Батсайханы Арьяабал түрүүлсэн юм. Түүний дараа 4-р сургуулийн 4ж ангийн сурагч Дамбадаржаагийн Билэгжаргал дэд байрт, 14-р сургуулийн 11г ангийн сурагч Ханддоржийн Нямдорж гуравдугаар байрт шалгарсан байна. Харин өсвөр насны охидоос 4-р сургуулийн 11а ангийн сурагч Баттулгын Гунгаанямбуу түрүүлж, мөн сургуулийн 11в ангийн сурагч Баясгалангийн Энхзул хоёрдугаар байрт, 6а ангийн сурагч Ариунбаярын Ариунболор гуравдугаар байрын шагнал хүртлээ.
   Шагнал гардуулах ёслолын үеэр Орхон аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд амжилттай оролцож Аймгийн мэргэн цолны болзол хангасан Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, “Хангарьд” спорт хорооны харваач Цэгмидийн Ганхуяг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Азжаргалын Нандин-Эрдэнэ нарт цол тэмдгийг нь аймгийн удирдлагууд гардуулсан юм.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

 

   Орхон аймгийн баяр наадамд шагайн 14 багийн 126 харваач оролцож цэц мэргэнээ сорилоо. Багийн харвааны төрөлд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн гоц мэргэн Л.Анхбат ахлагчтай “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн нэгдүгээр баг түрүүллээ. Хоёрдугаар байрт Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул, Монгол Улсын гарамгай мэргэн А.Эрдэнэ-Отгон ахлагчтай “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хоёрдугаар баг, гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Пүрэвсүрэн ахлагчтай “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн баг шалгарав.
   Цуваа харваанд Эрдэнэт үйлдвэрийн харваач, аймгийн гоц мэргэн Г.Нэмэхбаатар 20 сумнаас 19 онож түрүүлэв. Харин дэд байрт хоёрдугаар сургуулийн сурагч, өсвөрийн харваач Н.Уугантөмөр, гутгаар байрт “Эрдэнэтийн ДЦС”-ын харваач, Булган аймгийн уугуул, аймгийн гоц мэргэн Т.Аюуш шалгарч шагналаа гардлаа. Энэ жилийн шагайн тэмцээний хамгийн ахмад харваач нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн гоц мэргэн, 65 настай Н.Өлзийбаяр байсан бол хамгийн залуу харваач нь найман настай Н.Эрхсоёмбо байв.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

   Соёолон насны морьдын уралдаанд 36 хурдан буян уралдаж, Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Данжаадын Гантөмөрийн хээр түрүүлж, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Зэсэндэмидийн Тэмүүжиний хул, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюунбатын Бадамжаргалын халтар, айргийн дөрөвт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Тарзадын Доржхандын буурал хурдалсан бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Мөнхдэлгэрийн Батбаярын Монгол хээр айргийн тавд хурдаллаа. Ийнхүү Орхон аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаан хоёр өдөр болж амжилттай өндөрлөж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баярлууллаа.

А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс

   Орхон аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаан дааганы уралдаанаар үргэлжилж байна. Уралдаанд 50 орчим даага хурдалж наадамчин олноо баясгалаа. Булган аймгийн Бугат сумын харьяат аймгийн алдарт уяач Жадамбаагийн Бат-Өлзийн зээрд даага түрүүлж, аман хүзүүнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул Батсайханы Тэгшбаярын шарга даага, айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Тарзадын Доржхандын сартай хээр, айргийн дөрөвт Орхон аймгийн уяач Мөнхдэлгэрийн Батбаярын халтар, айргийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хурц арслан Наранцэцэгийн хүү Отгонбаатарын хүрэн даага хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулж наадамчин олноо баясгалаа.

А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог