Үйлдвэрлэл

    Эрдэнэт хот болон Анхдагч, илгээлтийн эздийн өдрийн баярын хурал “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Баярын хуралд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар болон Эрдэнэт хот, Орхон аймгийн үе үеийн удирдлагууд, Эрдэнэт хотын хүндэт иргэд, Хөдөлмөрийн баатар, гавъяатууд оролцлоо. Баярын хурлыг нээж Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар үг хэлж, Засгийн газрын болон, аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар зарим иргэдийг шагнаж урамшуулав. Мөн гадаад, дотоодын жуулчид, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, бэлэг дурсгалын зүйлийн нэр төрлийг олшруулах, Шинэ бүтээл оновчтой санал боловсруулсан, шинэлэг технологи хөгжүүлж, орон нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, ажлын байр шинээр бий болгосон ААН, бизнес эрхлэгчдийг шагнаж урамшуулав. Түүнчлэн 1977 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн Эрдэнэт хотын анхдагч, илгээлтийн эздийн нэг Ч.Чүлтэмсүрэн, Монголын Ардчилсан холбооны анхдагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын өндөр настан Д.Батлүндэн  нарт орон сууц олгохоор шийдвэрлэж “Батламж”-ийг гардуулав.

    Өнөөдөр XX дугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын болон Анхдагч, илгээлтийн эздийн өдрийг “Эрдэнэт хот-Эрдэнэтчүүдийн бахархал” уриатайгаар тэмдэглэж байна. Өглөө 9 цагаас Анхдагч, илгээлтийн эздэд зориулсан баярын хурал, урлагийн тоглолт “Хангарь” цогцолборт боллоо. Энэ үеэр зарим анхдагч, илгээлтийн эздийг аймгийн ИТХ болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд урлагийн тоглолт зохион байгуулагдлаа. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн өмнөх талбайд байх “Анхдагч илгээлтийн эздийн хөшөө” болон Найрамдал өндөрлөгт аймаг сумын удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид, төрийн албан хаагчид, ахмадууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. 

 

Лхагва, 11 12-р сар 2019 00:00

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ!

   

    Эрдэнэт хотын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг 2015 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 10 дугаар сард хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэж байхаар шинэчлэн баталгаажуулсан юм. Мөн Илгээлтийн эзэд, анхдагчдын саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2019 оны 7-р сарын 25-ны өдрийн 76-р тогтоолоор Анхдагч илгээлтийн эздийн өдрийг 12-р сарын 11-нд Эрдэнэт хотын өдөртэй хамтатган тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Эрдэнэт хотын болон Анхдагчид илгээлтийн эздийн өдөр бол Орхончууд, Эрдэнэтчүүд бид 40 гаруй жилийн түүхийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэх, ахмадуудаа алдаршуулах, ирээдүйд хийх ажлаа төлөвлөх, хүүхэд, залуучууддаа болон олон нийтэд Эрдэнэт хотынхоо үүх түүх, үнэт зүйлээ сурталчилах, Эрдэнэт хотоороо бахархах  баярын өдөр юм. Хэдхэн хоногийн өмнө болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаанаар 2019 оны ажлын дүнгээ хэлэлцүүлэн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт “Хангалттай” гэсэн  үнэлгээ авлаа. 2019 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 90.8 хувьтай, аймгийн Засаг даргын 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 95.3 хувьтай гарч байна. Саяхан УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж баталснаар Эрдэнэтчүүд та бидний 1994 оноос хойш 25 жилийн турш ярьж саналаа гаргаж байсан Эрдэнэт хотын статусын асуудал нааштайгаар шийдвэрлэгдэх эрхзүйн үндэс бүрдэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

Баялаг он цагийн түүчээнд бахархах түүхээ бүтээж ирсэн зууны манлай бүтээн байгуулалтын эзэд анхдагчид, барилгачид, уурхайчид, ахмадууд, нийт иргэдээ Эрдэнэт хотын өдрийн баярын мэнд дэвшүүлье!

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Дамбын БАТЛУТ

2019-12-11

    “Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Д.Батлут Баянцагаан багийн 18 дугаар сургуулийн 11а ангид “Эрдэнэт хотын түүх” сэдвээр хичээл заалаа. Ардын Их Хурлын  Тэргүүлэгчдийн зарлигаар 1975 оны 12 дугаар сарын 11-нд  Эрдэнэт хот байгуулах шийдвэр гарч улмаар аймгийн ИТХ-ын 2017 оны тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 11-ийг “Эрдэнэт хотын өдөр”, 2019 оны 76 дугаар тогтоолоор “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн баярын өдрийг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.  Үүний дагуу өнөөдөр Эрдэнэтчүүд “Эрдэнэт хот байгуулагдсан түүхэн өдөр”-өө тэмдэглэж байна. Юуны өмнө ахлах ангийн сурагчдад аймгийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид хотын үүсэл, түүхийн талаар хичээл заалаа. Мөн “Анхдагч, илгээлтийн эзэд” –д зориулсан баярын хурал, Эрдэнэт хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болно.

 
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэрэмжит ШУТИС-ийн “Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим”-ийн нээлт өнөөдөр болж, Монголын шинжлэх ухааны салбар дахь түүхэн үйл явдлыг нэгээр нэмлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтын ажиллагааныхаа хүрээнд бүрэн тохижуулсан тус хурлын танхим нь олон улсын хурлын танхимын стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн аудио, видео тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан төдийгүй олон улсын А зэрэглэлийн хуралдаануудыг зохион байгуулах боломжтой гэдгээрээ онцлогтой болжээ. Мөн тус танхимтай зэрэгцэн үзэсгэлэнгийн нэмэлт талбайг гаргаж өгсөн нь олон улсын стандартад нийцсэн болохыг нь батлах мэт. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС нь анх 1993 онд хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 100 гаруй томоохон төсөл хөтөлбөр, гэрээт ажлуудыг гүйцэтгээд буй.
  
 
 
 
Монгол улсын хөгжил дэвшил цаашид үйлдвэрлэлд суурилагдах ёстой
 
 
    Нээлтийн арга хэмжээний үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн “ Эрдэнэт үйлдвэр нь ШУТИС-тай олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд өнөөдөр "Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхим"-ыг нээлээ. Монгол Улсын хөгжил дэвшил цаашид үйлдвэрлэлд суурилагдах ёстой хэмээн бид ойлгож, үүний төлөө ажиллаж байна. Мөн үйлдвэрлэлийг инженерүүд л авч явна. ШУТИС бол инженерүүдийг бэлтгэдэг сургууль бөгөөд 60 жилийн түүхэнд олон мундаг инженерүүд энэ сургуулиар бэлтгэгдэн гарч, улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг хараад бахархдаг юм. Энэхүү танхим нь цаашид үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ техник технологийг гаргах инновацид суурилсан бүтээлийг туурвих, олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж үр дүнтэй шийдвэр гаргасан газар байна гэдэгт итгэлтэй байна. Тиймдээ ч бид уг ажлыг дэмжсэн” хэмээв.
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1000 гаруй ажилчид ШУТИС-ийн төгсөгчид байдаг
 
    ШУТИС-ийн захирал Б.Очирбат “2019 он бол ШУТИС үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой жил. Энэхүү түүхт ойгоор манай хамт олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудын ард гарсан. 
Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард сургалт, судалгааны зориулалттай “Эрдэм шинжилгээ, инновацын төв” хичээлийн 8 дугаар байрны нээлтээ хийсэн явдал юм. Харин өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хамтын ажиллагааны гэрээний үр дүнд "Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхим"-аа нээж байгаад сэтгэл өндөр байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1000 гаруй ажилчид ШУТИС-ийн төгсөгчид байдаг. Энэ нь бидний олон жилийн хамтын ажиллагааны том үр дүн хэмээн боддог” гэв.
    ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээ, инновацын төв” нь 40 лаборатори, лекцийн 9 танхим, хурлын нэг танхимтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оюутнуудыг ая тухтай орчинд суралцах, тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар цогцолбор юм.  
    Танхимын нээлтэд зориулсан тууз хайчлах ёслолын дараагаар болсон бас нэгэн онцлох үйл явдал нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинжпэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны гэрээг сунгах ёслолын ажиллагаа байв.
Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин зуунд хоёр байгууллага үр дүнтэй хамтран ажиллаж, салбарын мэргэжилтнүүдийг өндөр түвшинд бэлтгэх, уулын үйлдвэрт тулгамдаж буй техник технологийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг ирэх гурван жил дэх хамтын ажиллагаа их байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн онцолсон. 
Үүгээр зогсохгүй түүхэн үйл явдал тохиосон энэ өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгээр хэвлүүлсэн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, багш нарын хамтын бүтээл болох “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” цуврал 7 боть номын нээлт болсныг дуулгахад таатай байна.
   Уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, ордын тухай, уурхайн ашиглалтын технологи, нээлтийн тухай, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, дэд бүтэц, ложистик, бизнес, эдийн засаг, менежментийн тухай сургаал, ашигт малтмалын баяжуулалтын тухай болон экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай онол, практик, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, мэргэжлийн боловсролын харилцан уялдаа шүтэлцээний зангилаа асуудлуудыг тусгахын зэрэгцээ уул уурхайн салбарын болон түүнд суурилсан аж үйлдвэржилтийн тогтвортой хөгжлийн чиг баримтлал, алсын харааны асуудлуудыг эдгээр бүтээлүүдээс шүүн тунгаах боломжтой байна.
    Өнөөдрийн арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Техникийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, үйлдвэрийн удирдлагууд, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, их сургуулийн удирдлагууд, профессор багш нар болон Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай оролцлоо.
 
 
 
 
 
  
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог