Үйлдвэрлэл

   Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн ХАБЭА-н 22 ажилтан өчигдөр ирж, манай үйлдвэрээс туршлага судаллаа. Зочдыг  үйлдвэрийн газрын ХАБЭА-н хэлтсийн удирдлага хүлээн авч  үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хэрэгжүүлж буй шинэ төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н бодлого, зардлын бүрдэл, аюултай тохиолдлыг хэрхэн судалж буй зэрэг асуудал тэдний анхаарлыг татаж, заримыг нь компанидаа нэвтрүүлэх боломжтойг хэлсэн. Тэд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрдэнэт сувиллын цогцолбор, Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай энэ оны 6-р сарын 28-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. 
 
Я.Энхтуяа
 

 

   Дэлхийд байгаа зэсийн нөөц 5.6 тэрбум тонн, үүнээс тодорхойлогдсон нөөц нь 2.1 тэрбум тонн, уул уурхайн олборлох хүчин чадал нь 24 сая тонн байгаа бол уул уурхайн байгууллагууд 20.6 сая тонн зэс олборлон гаргаж байна. Энэ судалгааг Засгийн газар хоорондын байгууллага болох Олон улсын Зэс судлалын байгууллагын ээлжит хуралдааны үеэр мэдээлжээ. 
   Олон улсын зэс судлалын байгууллагад зэс үйлдвэрлэдэг болон зэс хэрэглэдэг 26 орон гишүүнчлэлээр элсжээ. Энэ байгууллагад Монгол Улс 2017 онд нэгдэн хамтын ажиллагааг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хариуцан ажилладаг юм. 
   Жилд хоёр удаа хурлаа зохион байгуулдаг уламжлалтай тус байгууллагын ээлжит хуралдаан Португал улсын Лисбон хотноо болж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Экспорт, борлуулалтын хэлтсийн дарга Я.Пүрэвээ нар оролцоод ирлээ.
   Хуралдаанд гишүүн орнуудаас гадна ажиглагчаар арав гаруй орны төлөөлөгчид оролцож зэсийн талаарх техник, технологи, байгаль орчин хамгаалал, эрүүл ахуй, зэсийн худалдаа, зэсийн зах зээлийн цаашдын чиг хандлага ямар байгаа талаар судалгаа хийж гарын авлага, ном бэлтгэн гишүүн байгууллагууддаа өгдөг байна.
   “Энэ байгууллага нь зэс худалдан авалт, зэсийн зах зээлийн тухай дэлхий дахинд цогц мэдээллийг хүргэх зорилготой юм. Хуралдаанаар зэсийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг багцлан гишүүддээ өгдөг. Өмнөх хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн дүгнэлт хийж,  цаашид хэрхэн тухайгаа ярилцаж санал бодлоо солилцлоо” гэж Эрдэнэт үйлдвэрийн Экспорт, борлуулалтын хэлтсийн дарга Я.Пүрэвээ ярилаа. 
   Зэсийн уурхайнуудын агуулга буурч, зэсийн хэрэглээ өсөж байгаа энэ үед дэлхий нийтээр зэсийн хэрэглээг хэрхэн хангах асуудлуудыг ч энэ удаагийн хурлаар онцлон хөндсөн байна. Түүнчлэн байгаль орчны нөхөн сэргээлт, зэсийн баяжмалын хорт элементүүдийн хязгаарыг хэрхэн доошлуулах, бага агуулгатай хүдрийг баяжуулж байгаа туршлагыг нэвтрүүлэх зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж, зэсийн цаашдын хандлагын талаар санал бодлоо солилцжээ. 

 
 
А.Бямбамаа

   Эрдэнэт үйлдвэрийн голт зүрхэн цех болох Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн 11, 17-р конвейерийн редукторыг шинэчлэн солих ажил өчигдөр 16 цагийн турш үргэлжилж, 23 цаг 30 минутад тоног төхөөрөмжийг амжилттай залгалаа. ХБНГУ-ын Sew euro driwe компанийн ХЗК-260 маркийн хоёр редуктор конвейерт суурилуулснаар цагт 3600 хүртэл тонн хүдэр нунтаглалт руу дамжуулах боломж бүрдэж, хүчин чадал нэмэгдлээ. Ингэснээр төв корпусын есөн тээрмийг хүдрээр найдвартай хангахаас гадна засварын ажил багасаж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдав. Тус хэсгийн тоног төхөөрөмжийг түр хугацаанд зогсоож хийсэн техникийн шинэчлэлийн хүнд ачаалалтай энэхүү ажлыг Баяжуулах үйлдвэрийн Засварын болон Бутлан тээвэрлэх хэсгийн ажилчид нарийн тооцоолол, өндөр зохион байгуулалттайгаар хамтран гүйцэтгэсэн байна. Редукторыг хүчин чадал өндөртэй, орчин үеийнхээр шинэчлэх ажил хуучин конвейруудын 60 орчим хувьд нь хийгджээ. Эхнийхийг 2013 онд шинэчилсэн бөгөөд одоогоор эвдрэл доголдол гараагүй хэвийн ажиллаж байна. Мөн техникийн шинэчлэлийн хүрээнд Бутлан тээвэрлэх хэсэгт АНУ-д үйлдвэрлэсэн “Метсо” компанийн бутлуур суурилуулах ажил үргэлжилж байна. Ирэх жил нэг дунд, нэг жижиг бутлуур солих юм. Ингэснээр жилд 22 сая тонн хүдэр хүлээн авч бутлах нөхцөл бүрдэнэ. Харин энэ жилийн хувьд тус хамт олон 17 сая 233 мянган тонн хүдэр хүлээн авч боловсруулахаас 104 мянган тонноор илүү гаргасан амжилттай явна.

М.ОДГЭРЭЛ
Фото: Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог