“Уурхайчдын их цэнгүүн” ёслол төгөлдөр боллоо Онцлох

31 12-р сар 2019 12:00
1325 удаа үзсэн
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэрэмжит “Уурхайчдын их цэнгүүн” Спорт цогцолборын “Хангарьд” паласт энэ сарын 30-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. 2019 оны ажлаа дүгнэж, амжилт ололтоо хамт олонтойгоо хуваалцсан энэхүү баярын цэнгүүнд үйлдвэрийн удирдлагууд, бүтцийн нэгжийн шилдэг, тэргүүний ажиллагсад уригдан оролцсон. Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулсан тэргүүн дээд амжилтаар 2019 оныг үдэж, улс, орон нутгийн төсөвт 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилтаа баяр бахдалтайгаар ийнхүү тэмдэглэлээ.
 
    Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт уурхайчдадаа хандан, их цэнгүүнийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү баярт цэнгүүний үеэр уурхайнхаа мөргөцөгт ажиллаж, Баяжуулах үйлдвэрийнхээ технологийн горимыг хянаж, хөвүүлэн баяжуулах процессоо хараад баясан байгаа баяжуулагч нартаа, яг энэ цаг мөчид цех, нэгжийнхээ ээлжинд гарч, төв диспетчерийн байрандаа тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа нийт ажилтнууддаа шинэ оны баярын мэндийг дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 2019 онд бид сайн ажиллаж, энэ өнөр бүлийн гишүүн бүр өөрийн хариуцсан ажилтай, өөрт оногдсон үүрэх ачааг эзний ёсоор сайн хийлээ. Манай хамт олон ингэж ажиллахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг хань ижил, гэр бүлд нь үйлдвэрийн удирдлагын зүгээс гүн талархал илэрхийлье. Түүхэн амжилт, түүхэн бүтээн байгуулалтын жилд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа түүхэн дээд амжилт тогтоож, түүнийг дагасан санхүү эдийн засгийн үзүүлэлт сайн байлаа. Сэтгэл зүтгэлтэй ажилласан нийт хамт олондоо баярт цэнгүүний индэр дээрээс талархал дэвшүүлье, та нартаа халуун баяр хүргэж, цаашдын хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсэн ерөөе” хэмээсэн.
 
    Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут “Уурхайчдын их цэнгүүн”-д урилгаар оролцож, талархал илэрхийллээ. Тэрээр энэ онд орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа онцолж, ирэх онд хамтын ажиллагааны хүрээнд илүү дэвшилттэй ажиллах жил болно гэдэгт итгэж байгаагаа уламжилсан. Эрдэнэт үйлдвэр 2020 оны босгон дээр манлайлагч, тэргүүний баялаг бүтээгчдээ шалгаруулж, энэ үдшийн цэнгүүн дээр шагналыг нь гардуулан өглөө. Мөн энэ үеэр Ил уурхайн ажилтан Э.Отгонбаатар Ерөнхий захирлын нэрэмжит “Уурхайчдын их цэнгүүн”-ий супер азтан болж, хоёр өрөө байрны түлхүүр гардан, баярласан сэтгэгдлээ илэрхийллээ. Цех, хэлтсийн шилдэг ажилтнууд өвлийн өвгөнөөс бэлэг гардаж, хөдөлмөрөө үнэлүүлсэн энэ үдшийн үйл ажиллагаа дуу хуур, бүжиг наадмаар өндөрлөн, уурхайчид айсуй оноо угтсан юм.
 
    2019 он Эрдэнэт үйлдвэрийн хувьд бүтээн байгуулалтын хоёр дахь давалгааг эхлүүлсэн онцлог жил байсан төдийгүй үр ашиг, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлсэн түүхэн цаг хугацаа байсныг тэмдэглье. Монгол Улсын төсвийн 10 орчим хувийг дангаар бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон шинэ оноо өрнүүн их амжилт, хөдөлмөр бүтээлээр утгаж байна.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 31 12-р сар 2019 05:57
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог