Волейболчдын шинэ үе өнгөтэй байна Онцлох

11 11-р сар 2019 12:00
883 удаа үзсэн

   Ер гаруй жилийн замналтай  Монгол волейболчдын шинэ цагийн түүхийг  1990-ээд оны сүүл үеийнхэн бичиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, өсвөр насны охид хөвгүүд эдүгээ цагийн волейболын спортыг өнгөлж байна.
   Монголын Волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лиг энэ жилээс эргэн ирж, ирэхдээ шижигнэсэн хурд хүч, сэтгэлгээний өндөр чадвартай залуу үеийнхнээр бүл нэмжээ. Бүл нэмсэн гэхийн учир энэ жилийн Үндэсний дээд лигт эрэгтэй долоо, эмэгтэй зургаан баг тоглож буй нь урьд өмнөх жилүүдэд байгаагүй өргөн бүрэлдэхүүн юм. Волейболын түүхийн хуудсанд “акулууд” гэж тэмдэглэхээр амжилт, туршлагын зузаан намтартай Уурхайчин, Эрчим, Алтайн барс, Энагурэ, Хасу Мегастарсынхан залуу үеийнхнээр “ цус сэлбэж”, бас Хобби айс, Булган, Дархан сеть зэрэг шинэхэн дүү нарыг араасаа дагуулан иржээ.  Багуудын дундаж нас 18-25 байгаа нь өсвөр үеийнхэн волейболын спортод ихээр дурлаж, Монголын Волейболын гуравдахь үе нэгэнт эхэлсэн нь  Эрдэнэт хотод болсон Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтоос харагдаж байв. Илүү хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, хурц ухаан бол волейбол. Энэ утгаараа өв тэгш иргэнийг төлөвшүүлэхэд багийн спорт тэр дундаа волейболын төрөл онцгой үүрэгтэй юм байна гэдгийг ч Үндэсний дээд лигийн “гал гарсан” өрсөлдөөнтэй тоглолтууд хэлж өгөв. Волейболчдын чадвар чансаа, энэ спортын хөгжлийн түвшин хаана явааг нь  тодорхойлдог Үндэсний дээд лигийн ерөнхий зохион байгуулагчаар зууны манлай үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллаж байна. Тэгэхдээ тус үйлдвэрийнхэн “зүгээр нэг” зохион байгуулагч хийсэнгүй, Монголын волейболчдын ахмад, дунд, залуу үеийнхнийг нэг дор эрдэнэсийн хотдоо цуглуулж, түүхийг, түүчээ үйл явдалтай нь тэмдэглэн үлдээж байна. Телевизээр л хардаг тамирчдаа хүндэтгэх ёсыг өөрсдөд нь үзүүлсэн манлай үйлдвэрийнхэнд талархаад баршгүй буйгаа залуу волейболчид олон дахин илэрхийлснийг ч энэ дашрамд дайя.   

      
Энагурэ багийн эзэн Chang Jin Hong:  Эрдэнэт волейболын төлөө хот юм байна

   Энагурэ гэж Монголоор Ундран оргилох гэсэн утгатай. Багийн маань хүч чадал үргэлж ундран оргилж байхыг бэлэгдэж ийм нэр өгсөн юм. Манайх эмэгтэй баг. Яагаад эмэгтэй баг байгуулах болсон бэ гэхээр эмэгтэйчүүд илүү сэтгэлийн тэнхээтэй, бие бялдар, чадварын хувьд цаашид илүү хурдан хөгжих боломжтой учраас эмэгтэй багийг үүсгэж, авч яваа. Миний хувьд, волейболоор хичээллэж байгаагүй ч энэ спортод үнэхээр дуртай. Манай Энагурэ баг 2009 онд Серб улсад болсон Оюутны аварга шалгаруулах олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2010 онд Азийн аварга шалгаруулах тэмцээн, Тайвань улсад Оюутны аваргаас хүрэл медаль тус тус хүртсэн.  Бид Монголынхоо Үндэсний дээд лигт 2009 оноос эхлэн оролцож, улсын чанартай тэмцээнүүдээс арав гаруй алтан медаль авсан. Манай багийн тамирчдын 3 дахь үе энэ удаагийн лигт тоглож байгаа. Хамгийн том нь 20 настай бол бага нь 16 настай. Багийн ахлагч, Спортын мастер Тамир болон тамирчин Анужин нар маань өндөр амжилттай яваа. Бид багийнхаа гуравдахь үеийг ийнхүү өсвөрийн насныхнаар бүрдүүлж буйгийн гол зорилго нь олон улсын нас заасан тэмцээнүүдэд амжилттай оролцоход одооноос бэлдэж байгаа юм. Мөн бид одоо сайн тоглохоос илүү цаашид улам сайжрах хүүхдүүдийг бэлтгэнэ гэж бодож багаа бүрдүүлсэн. Эрдэнэтэд ирэхэд биднийг халуун дотно угтсан. Дуу хуур, урлаг соёлын сайхан хөтөлбөртэй хүлээн авч, унаагаар үйлчилж очих газарт хүргэж өгдөг ийм тэмцээнд анх удаа оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Хамгийн түрүүнд надад  Эрдэнэт бол волейболын төлөө хот юм байна гэсэн бодол төрсөн.

  
“Алтайн барс” эрэгтэй багийн Ахлах дасгалжуулагч, ОУХМ  Б.Мөнгөндөл: Залуу үеийн тамирчид маш сайн бэлтгэлтэй байна

   Үндэсний лигийн тэмцээн Эрдэнэт хотод маш сайхан зохион байгуулалттай болж байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэж, дэмжиж, Эрдэнэтчүүд өөрсдөө олноороо хүрэлцэн ирж үзсэн нь тэмцээнийг өргөн цар хүрээтэй болголоо. Манай “Алтайн барс” баг Ховд аймгийн нэр дээр оролцдог, Хилчин спорт хороонд харьяалагддаг. 2011 онд байгуулагдсан. Багийн бүрэлдэхүүний дундаж нас 25, биеийн өндөр 1.95 см-ийн дундаж хэмжээтэй, залуу тамирчид байгаа. Мөн манай багт Японы 2 легионер тамирчин тоглож байна. Эхний тоглолтоо Хос бар багтай хийж, 3:0-ын харьцаагаар хожоод байна. Залуу тамирчид маш сайн бэлтгэлтэй, багууд өрсөлдөөн ихтэй байгаа нь тэмцээнээс харагдлаа.


Алтайн барс багийн ахлагч, ОУХМ  А.Мөнхбаяр: Чөлөөт хамгаалагч легионер тоглож буйгаараа онцлогтой

   Би Волейболын спортоор 12 жил хичээллэж байна. Харин манай баг 9 дэх жилдээ тогтмол уралдаан тэмцээнд оролцож байна. Бид 2012 оны Монголын бүх ард түмний спартикиадын аварга, 2013 оны Хаврын тэргүүн клубуудын аварга, 2013,2014 оны Намрын тэргүүн клубуудын аваргын мөнгө, 2013, 2014, 2015 оны Залуучуудын улсын аварга, 2019 оны Хасу клубуудын аварга, Хөгжлийн лигийн аварга, Тэнүүн огоо клубуудын аваргын мөнгө, Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө медаль зэрэг амжилт үзүүлсэн баг. Урьд өмнө манай эрэгтэй багт гадаадын легионер тамирчид тоглож байгаагүй. Харин энэ удаа Япон улсын 2 легионер тоглож байгаагаараа онцлог. Бусад багууд голчлон довтлогч легионер авч ирдэг бол манайх анх удаа чөлөөт хамгаалагч тоглуулж байгаа нь Монголын волейболын лигийн түүхэнд шинэ зүйл болж байна. Энэ жилээс дахин сэргэж байгаа Үндэсний дээд лигт багууд, багийн эзэд, дасгалжуулагчид гээд бүгд өндөр ач холбогдол өгч оролцож байгаа нь харагдаж байна. Тамирчдын сэтгэл зүйн хувьд ч өөр түвшинд хүрсэн байна. Лигийн тэмцээний хувьд багууд  олон тойргийн турш жигд тоглолтоо хадгалж явах шаардлагатай тул олон сар жилийн бэлтгэл хангасан нь харагдлаа. Мөн тамирчдын ур чадвар дээшилсэн, өрсөлдөөнтэй болж байна. Хасу мегастар багт 2 метр өндөр,  АНУ-ын нэг легионер, Эрчим багт ОХУ-ын легионер, Тэнүүн Огоо багт Япон улсын легионер тамирчид тус тус  тоглож байна. Эдгээр  багууд  маш хүчтэй байна. 


Алтайн барс багийн хамгийн залуу тоглогч, Э.Хосбаяр: Клубын ах нарынхаа тоглолтоос үлгэр дууриалал авдаг

   Би 21 настай. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд волейболын секцний хүүхдүүдийн тоглолтыг үзээд, энэ спортоор хичээллэх бодол төрсөн. Тэгээд Баатархүү багшийнхаа удирдлаган дор анх тоглож, 2013 онд Алтайн барс клубтээ голын хаагч буюу нам хагасын хамгаалагчийн үүрэгтэй тамирчнаар орсон. Одоо ч энэ нам хагасын байрлалд тоглож байгаа. Клубын ах нарынхаа тоглолтыг шимтэн үздэг, зарим үед “ийм аймаар байдаг юмуу” гэж сонирхож, тэднээс суралцаж, үлгэр дууриал авдаг. Волейболоор хичээллэж ирсэн 6 жилийнхээ турш багийн ах нарын тоглолтоос эрч хүч, хүсэл эрмэлзэлтэй болдог. Үндэсний дээд лигт анх удаа оролцож байна. Үнэхээр гоё тэмцээн болдог юм байна. Эрдэнэт хотод болж байгаа 2 дугаар тойргийн тэмцээн бүр илүү өндөр зохион байгуулалттай, маш сайхан болж байна. Телевизээр хардаг шиг л өөрсдөө автобусанд суугаад явж байгаа зэрэг нь гоё сэтгэгдэл төрүүлж байна.


Уурхайчин багийн ахлагч Б. Нинжболор: Манай баг хамгийн залуу тоглогчидтой

   Багаар ажиллах чадварыг сайжруулахын зэрэгцээ хувь хүний бие галбир болон хүмүүжил талаас нь тэгш зөв болгож төлөвшүүлдэг гээд  волейболд олон давуу тал байдаг. 15 настай байхдаа манай Эрдэнэтэд болсон аймгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Алтайн барс, Уурхайчин багуудын тоглолтыг үзээд, анх удаа энэ эгч нар шиг волейбол сайн тоглож сурая гэж бодсон. Тэгээд ОУХМ Г.Баярсайхан багш дээрээ очиж, гараагаа заалгаж эхэлсэн. Манай “Уурхайчин” баг энэ удаагийн лигийн хамгийн залуу тамирчидтай баг нь байх. Манай охидууд голдуу 15-16 настай, Улаанбаатар хотын 21 дүгээр сургуулийн сурагчид.  Хоёр жилийн өмнөөс одоогийн энэ багийн бүрэлдэхүүнд орж, хичээллэж байна. Өсвөр үеийн тамирчид гэж тодотгож болно. Бидэнтэй бас өмнө нь олон жил тоглосон хоёр эгч байгаа. Арай ахмад тамирчид маань тэд. 2017 онд манай “Уурхайчин” клуб хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил Хүүхдийн спортын их наадмаас алт медаль авсан. Одоо энэ лигийн тэмцээний дараа  Насанд хүрэгчдийн улсын аварга, “Тэнүүн Огоо”,  “Хасу” клубуудын аваргын тэмцээн, Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн гээд олон уралдаан тэмцээн хүлээж байгаа. Тэр бүхэнд жигд амжилттай тоглохын тулд хичээж, бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй.


Уурхайчин багийн тоглогч, ОУХМ Д.Алтансувд: Волейболд эгч маань “уруу татсан”

   Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Волейболын спортод уруу татсан хүн бол эгч маань. Тэр өөрөө Эрчим клубт тоглодог. Бас Монголын шигшээ багт тоглож, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Эгчийнхээ тоглолтуудыг үзээд, волейболоор хичээллэхээр шийдэж, 3 дугаар ангиасаа тоглож эхэлсэн. Дараа нь 7 дугаар ангид байхдаа Г.Баярсайхан багш дээрээ очиж,  2003 онд Уурхайчин клубын тамирчин болсон доо. Тэр үеэс эхлээд Залуучуудын улсын аварга, Үндэсний дээд лигт оролцож, үндсэн багийн тамирчнаар тоглон хүрэл медаль хүртсэн. 2004 оны Үндэсний дээд лигийн аварга баг болж, шилдэг холбогчоор шалгарсан. Одоо 16 дахь жилдээ Уурхайчин багтаа тоглож, 7 дахь лигтээ оролцож  байна. Үндэсний дээд лиг энэ жилээс сэргэж, зохион байгуулагдаж эхэлсэнд баяртай байгаа. Волейболын спорт бол тамирчнаас хурд хүчээс гадна оюуны өндөр чадвар шаарддаг. Хэн сайн тархиа ажиллуулж, хурдан сэтгэж, овсгоотой байж чадна тэднийд хожил ирнэ. Энэ талаараа хүнийг өв тэгш хөгжүүлж чаддаг спорт гэж боддог.


Хобби айс багийн ахлагч Л. Хосбаяр: Үндэсний дээд лиг эргэн ирсэнд баяртай байна

   Волейболын спорттой холбогдоод  12 жил болж байна. Анх волейболоор хичээллэх хүслээ аавдаа хэлснээр волейболын секцэнд явж эхэлсэн. Би одоо багийнхаа гишүүд дотроо хамгийн том нь. Манай охидууд 2000-аад оны хүүхдүүд. Тиймээс манай баг бас залуу гишүүдтэй. Намайг оюутан байхад волейболын спортын хөгжил жаахан уналтанд орсон санагддаг. Үндэсний лиг ч зогссон, эмэгтэй баг ховор болчихсон. Харин  сүүлийн 2 жил идэвхжиж, төрөл бүрийн тэмцээн уралдааны тоо ч нэмэгдэж байна.  Хасу, Тэнүүн огоо гээд клубуудын аварга шалгаруулах тэмцээн,Үндэсний лиг, мөн манай клубээс эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Энэ хирээрээ багуудын бэлтгэл сургуулилалт жигдэрч, тамирчдын чадвар чансаа улам сайжрах боломжийг өгч байна гэж боддог. Тэмцээнүүд олшрох тусам үзэгчдийн тоо ч нэмэгдэж, хүүхэд залуус волейболын спортын сайхныг харж мэдрэх, хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болж байгаад баяртай байгаа. 


М.Балжинням
Фото Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 11 11-р сар 2019 07:30
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог