Д.ОДОНЧИМЭГ: Торгон дээлээ өмсөж ирээд тоглолт үзэх ахмадын сэтгэл ямар сайхан байх бол Онцлох

27 9-р сар 2019 12:00
493 удаа үзсэн

   Орхон аймгийн соёл урлагийн салбарт өөрийн гэсэн тод томруун мөртэй эрхэм хатагтай бий. Урлагийн ертөнцөд хөл тавьсан залуучуудыг удирдан чиглүүлэгч тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын тайзнаа “амилдаг” бүхий л уран бүтээлийн найруулгыг хийж, шинэ санаа, ур ухаанаа урлагийн төлөө харамгүй зориулж явна. Уран сайхны удирдагч, найруулагч Д.Одончимэгтэй цөөн хором ярилцаж, ирэх улиралд тавихаар бэлтгэж буй уран сайханчдын сонин сайхнаас хуваалцлаа.

   - Морин хуурын хамтлаг тоглолтын бэлтгэл гээд ойрын өдрүүдэд завгүй сууж харагдлаа. Тоглолтоо хэзээ хийхээр бэлтгэж байна вэ?
   - Олон Улсын Ахмадын баярт зориулсан “Сэтгэлийн эгшиг” тоглолтоор Эрдэнэт хотынхоо нийт ахмадыг баярлуулахаар Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид маань ажиллаж байна. Маргааш буюу есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 4 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн. “Дуу бүжгийн Эрдэнэт чуулга” морин хуурын хамтлагтай болоод таван жил болж байна. Энэ удаа морин хуурын тоглолт, монгол ардын харилцаа дуу, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн ари, Сүнжидмаа зэрэг ахмадуудын дуртай дуу хөгжим тайзнаа эгшиглэнэ.
   Өнгөрсөн жилийн Ахмадын баяраар “Учиртай гурван толгой” дуурийг бүрэн эхээр нь тоглоход үзэгчид маань хангалттай байж чадаагүй. Энэ тоглолтонд ахмадыг урилгаар оролцуулах тул залуучууд маань аав, ээжийгээ энэ тоглолтонд заавал хамруулаарай. Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ хэмжээнд 880, Орхон аймагт мөн тооны урилга өгсөн. Торгон дээлээ өмсөж, одон медалиа зүүж ирээд тоглолт үзээд гарах ахмадын сэтгэл ямар сайхан байх бол. Энэ нэг үдшийг ижий аавдаа бэлэглээрэй гэж залуучууддаа захъя.

   - Ирэх сарын төлөвлөгөөт ажлаасаа хуваалцахгүй юу?
   - Морин хуурын хамтлаг байгуулагдсаны ойг тохиолдуулан дан морин хуур хөгжим эгшиглэсэн, анхны бие даасан тоглолтыг 11 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна. Тоглолтонд чуулгын 32 уран бүтээлч оролцож, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав болон сүүлийн үеийн хөгжмийн зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна. Бид урын сандаа 12 томоохон бүтээлтэй болсон. Хөгжим гэдэг зүйл чихээр сонсож, нүдээр үзэхээс гадна хүний сэтгэлийг ямар их сэргээж, эрч хүч, гоо сайхны мэдрэмж төрүүлдэг билээ. Үүнийг л бид олон түмэндээ хүртээмээр байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийнхээ сайн дурын уран сайханчид, мэргэжлийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн хамтарсан бүрэн хэмжээний тоглолтыг 11 дүгээр сард толилуулна. Уурхайчид урлагийнхантай хэрхэн хоршиж дуулдгийг, Эрдэнэт үйлдвэр уурхайчдыг соёл урлагаар хэрхэн хүмүүжүүлсэн бэ гэдгийг бид харуулахыг зорьж байна. 10 дугаар сар гараад энэ ажилдаа шамдан орно. Шинэ жилийн баяраар уламжлалт хөтөлбөрөө шинэчилж, Эрдэнэт үйлдвэрт хүч түрэн орж ирсэн залуучуудынхаа сэтгэлд нийцсэн, уянга эгшигээр хөглөсөн сайхан тоглолтууд хийх болно.

  - Морин хуурын чуулгыг таван жилийн өмнө бүрдүүлж байсан тэр үеийг эргэн санахад тодхон буудаг дурсамжаасаа хуваалцана уу?
   - Тухайн үед хүн бүр “Тэгье тэгье, би суръя” гэж дуун дээр зөвшөөрөөгүй л дээ. Бүжигчид маань нот мэдэхгүй, эсэргүүцсэн хүмүүс ч байсан. Аль болох олон хүн хамруулахын тулд “Морин хуур авч ирэхгүй бол хаалгаар оруулахгүй шүү” гэж шахаж шаардаад л зогсдог байлаа. Тэртээх өдрүүдийн үр дүн тайзан дээр гарсныг харахад сайхан байна. Уран бүтээлчид маань өнөөдөр хөгжмөө тоглож суухдаа баярлаж, өөрөөрөө, хамт олноороо бахархаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүнийг баясгаж, баярлуулна гэдэг нь өөрийгөө хүндэтгэж, баярлуулсан цагт хүнд хүрдэг учиртай.
   Цагаан сарын шинийн нэгэнд гэртээ хөгжмөө хөглөж, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, найр хурим гээд бүхий л баярт бусдын гар харалгүйгээр язгуур хөгжмөө тоглодог болсонд бид ч баяртай байна. Одоо “Хүүхдүүд, ойр дотныхондоо морин хуураа заа” гэж зөвлөдөг болсон. Уран бүтээлчид маань морин хуурч болохоос гадна багш нар болсон. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад 2017, 2018 онд сургалт явуулсан. “Найз нөхөдтэйгээ ирж, соёлын ордны танхимд хөгжим сураач ээ” гээд үйлдвэрийн цехүүдээр тойроод явсан үе ч бидэнд бий. Харамсалтай нь цөөхөн хүн сурсан. Тэр үед олон хүн хамрагдсан бол сайхан л байлаа. Эцэст нь бид хүрч чадаагүй юу, тэд зорьж ирсэнгүй юу гэдэг асуулттай үлдсэн. Энэ асуултандаа хариу олохын төлөө бид хичээх болно. Ямартаа ч уран сайханчдын тоглолтыг үзээд үйлдвэрийн ажилтан ажиллагсад маань хөгжим суръя гэж өөрийн эрхгүй бодох байх.

   - Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсаар 40 оныг үдлээ. Үйлдвэрийн боловсон хүчин залуужиж байгаа өнөө цагт залуучууд руу чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
   - Үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь залуучууд боллоо. Бие биенээсээ суралцах хэрэгцээ бий болж байна. Соён гэгээрүүлэх ажилд өөрсдөө идэвх санаачилгаараа оролцдог байвал өөрт нь л хэрэгтэй. Эхний ээлжинд залуучууддаа зориулсан бүжгийн сургалт явуулна. Сургалтыг үе шаттай хийхээр төлөвлөн, хуучнаар заавал сурах ёстой 10 бүжиг гэж байсныг заавал сурах гурван бүжиг гэж хөтөлбөртөө оруулж өгсөн. Тухайлбал эхний гурван бүжгээ сурсан хүмүүст заавал сурах зургаа, есөн бүжиг гэх мэтээр ахисан түвшинд заана. Ингэхдээ “Заавал” гэдэг үгийг оруулж байж тухайн хүнийг урлагтай ойртуулна гэж шийдсэн. Хүмүүс хэзээ хойно баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлдэг болохоор энэ ажилд олныг татан оролцуулж, зоригтой хийх нь чухал байна. Үйлдвэрийн ажилчдын 80 хувийг бүжгийн сургалтанд хамруулахыг хичээнэ. Гурван бүжиг сурсан хүн урамшиж, зургаан бүжиг сурна гээд явах л байх.
   Бүжиг дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж байгааг та бид харж байна. Энэ нь зөвхөн хөдөлгөөн бус эрүүл, урт наслах зэвсэг болчихлоо. Гоё сайхан, гуалиг болъё гэж хүссэн хүн бүрт үнэ төлбөргүй сургалт явуулна. Хүссэн бүхэнд ийм боломж гарахгүй шүү дээ. Уурхайчдаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй 100 гаруй хүн Соёл, урлагийн цогцолборт ажиллаж байгааг бүү мартаарай. Ирэх жил танго, ча-ча-ча бүжгийг төлбөртэй явуулах маягаар ахисан түвшний сургалтаа явуулаад эхэлнэ.  

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 27 9-р сар 2019 10:27
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог