Г.ЛХАГВАЖАВ: Ажлын үнэмлэхээр нэвтрэх журмыг ойрын хугацаанд шинэчилнэ Онцлох

04 9-р сар 2019 12:00
1004 удаа үзсэн

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Улсын онцгой объект болохын хувьд хэн дуртай нь орж, гарах боломжгүй. Тиймдээ ч үйлдвэрийн бүсэд нэвтэрч байгаа хүн бүр зөвшөөрөл авч, техник хэрэгсэлд үзлэг шалгалт хийдэг тогтсон дэг журамтай. Энэ удаад Хуулийн хэлтсийн хуульч Г.Лхагважаваас ажлын цахим үнэмлэхийн зохистой хэрэглээний талаар тодрууллаа.

-Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ажлын цахим үнэмлэхээ хэрэглэж хэвших тал дээр хэр хангалттай байна вэ?

     -Цахим үнэмлэхийн төхөөрөмжийг жил гаруйн өмнөөс үйлдвэрийн бүс, объектод хүчин төгөлдөр ашиглаж эхэлсэн. Энэ нь 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын баталсан “Цахим үнэмлэх олгох, ашиглах журам”, “Үйлдвэрийн бүсэд хүн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-аар зохицуулагдаж байна.   

-Үнэмлэх ашиглахтай холбоотой зөрчил, дутагдал гарч байна уу?

     -Үйлдвэрийн газрын ажилчид өөрийн цахим үнэмлэхийг бусдад шилжүүлэх, үнэмлэхээрээ өөр хүн нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн зөрчил гарсан. Эдгээр нь Хөдөлмөрийн дотоод журам болон дээр дурдсан хоёр журмыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Одоогоор зөрчил гаргасан 10 хүнд сануулах, сахилгын шийтгэл аваад байна. Энэ төрлийн зөрчил нэмэгдэж болзошгүй гэдэг үүднээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох ажлуудыг Хуулийн хэлтсээс зохион байгуулж, ажилчдын хуулийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай гэж үзсэн.

-Аль төрлийн зөрчлийг илүүтэй гаргаж  байна вэ?

     -Ажлын үнэмлэхийг бусдад дамжуулснаар өөр хүн нэвтрэх, үнэмлэхээ мартаж ирээд бусдын үнэмлэхээр давхардаж орох зөрчил түгээмэл гарсан. Одоогоор Захиргааны 1, 2 дугаар байр, авто шалган нэвтрүүлэх 1, 2 дугаар пост дээр Гэрээт цагдаагийн алба хаагчид болон Аж ахуй, үйлчилгээний цехийн ээлжийн ажилчид хяналт тавьж байна. Компьютерээр хэн орж, гарч байгааг хянах боломжтой байдаг тул зөрчил нь илүүтэй мэдэгдээд байгаа юм. Өөрийн үнэмлэхэд эзэн болж, үйлдвэрийн мөрдөх журмуудыг дагахгүй байснаар сахилгын шийтгэл авах нь тухайн хүнд ихээхэн хор хохиролтой.

-Тухайн ажилчинд ямар хохирол гардаг талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? Ажилчид энэ талын мэдээллийг авах нь зөв байх?

     -Сахилгын шийтгэл нь нэг жилийн хугацаанд үргэлжилж, шагнал урамшуулал авах, албан тушаал ахих боломж нь хязгаарлагддаг. Алсдаа гарах сөрөг үр дагавар, нөлөөг нь бодолцож, ажилдаа орох, гарах үедээ өөрийн үнэмлэхийг уншуулж байх нь чухлыг ойлгож аваасай.

-Зөрчил нь илэрсэн 10 хүний тухайд ямар шийтгэл авсан бэ?

     -Одоогоор сануулах сахилгын шийтгэл авсан. Үйлдлээ давтан гаргавал цалин бууруулах, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Хууль журмыг мөрдөх гэж гаргадгаас биш зөрчих гэж гаргадаггүй. Үйлдвэрийн газрын үнэмлэх нь тухайн хүнийг “Энэ байгууллагад ажилладаг”-ийг гэрчлэх үндсэн баримт бичиг учраас үйлдэлдээ анхаарч, бусдад шилжүүлэхээс өмнө үр дагаврыг нь санаж байх нь чухал.   

-Нэг үнэмлэхээр хоёр хүн нэвтэрсэн тохиолдолд хэнд нь хариуцлага тооцох вэ?

     -Үнэмлэхийг өгсөн хүнд нь бусдад ашиглуулсан, ашигласан хүнд нь өөрийн эд зүйлийг ашиглаагүй гэдэг үндэслэлээр хэн хэнд нь хариуцлага тооцно.

-Үнэмлэхээ барьцаанд тавьсан бол яах вэ?

     -Холбогдох журмуудаар хориглосон заалт бий. Цахим үнэмлэх ашиглах, хяналт тавих тухай журмын 3.6-д “Үнэмлэхийг бусдад өгч ашиглуулах, шилжүүлэх, барьцаанд өгөхийг хориглоно” гэж заасан. Хэрэв барьцаанд өгсөн үйлдэл нь нотлогдвол мөн сахилгын шийтгэл онооно.

-Журмыг шинэчилснээр илүү хатуу чанга болгож байгаа гэж ойлгож болох уу?

     -Үйлдвэрийн газрын ажилчдыг чангалах бус чанаржуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлж, гаргуулахгүй байх тал дээр журмыг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Ойрын хугацаанд шинэчлэгдсэн журмыг дуусгаж, танилцуулга мэдээллийг цех, нэгжийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог