Удмын уурхайчин Онцлох

27 5-р сар 2019 12:00
876 удаа үзсэн

   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Ил уурхайн экскаваторын машинч Эрдэнэбаатарын Ган-Эрдэнэтэй уулзахаар утас руу нь залгалаа. Тэр дороо утсаа авсан ч “Одоо ажилдаа гарах гэж байна, амжихгүй ээ” гэх товч, тодорхой ганц өгүүлбэр хариулт хэлээд харилцуураа таслах нь нэн түрүүнд ажил шүү дээ гэх утгыг давхар агуулна. Хэдэнтээ учирлан байж уулзлаа. Үг дуу цөөнтэй, шавилхан биетэй шар залуу болзсон цагтаа ирэв. Энгийн үед саравчтай малгай, тамирын хувцсаар гоёсон түүнийг ямар ажил хийдгийг мэдэхгүй хүн бол чөлөөт бөхийн хөнгөн жингийн тамирчин л гэж харахаар. Уулыг нурааж буй аварга техникийн залуурчийг сахалтай, том биетэй нөхөр байхаар төсөөлсөн минь эндүүрэл байв.

   Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдахад түүний аав Ховд аймгаас, ээж нь Хөвсгөлөөс илгээлт өвөрлөн ирж, уурхайчдын хотхонд учран ханилж Э.Ган-Эрдэнийг 1983 онд төрүүлжээ. Түүний аав Ил уурхайд экскаваторын туслах машинч, Материал техникийн хангамжийн баазад цахилгаанчин байв. Харин ээж нь Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын конвейрын машинч Ц.Нямдалай гэхэд үеийнхэн нь андахгүй. Аав, ээжийнх нь ажилч хичээнгүй, зарчимч, аливааг цаг хугацаанд нь цэгцтэй, чанартай хийдэг зан чанар түүнд нэвт шингэсэн. Хүүхэд байхаасаа л үйлдвэрийн тасралтгүй найдвартай үйл ажиллагаа, цаг нартай уралдсан ундарсан их ажлын талаар ойлгож мэдэрсэн төрмөл гэмээр хариуцлага нь түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байж ч болох. Удам дагасан уурхайчин гэх брэнд үгний гол утга учир, амин сүнс нь угтаа энэ. Уурхайчны амьдралын жаргал хийгээд “зовлон”-г дэргэдээс нь харж, биеэр мэдэрч өсөхдөө бүхий л сэтгэлээ зориулахаар бахархал, омогшил хамт төлөвшдөг гэлтэй.
    Хичээл тарсны дараа ангийн хөвгүүдтэйгээ чихээ хөлдтөл хөл бөмбөг тоглочхоод маргааш нь пэмбийж хавдсан чихнээс ус дуслахыг харан бие биеэ шоолон инээж байсан багачууд өнөөдөр эрийн цээнд хүрчээ. Тэр үед нэгнээ дэлхийд данстай уул уурхайн үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болохын чинээ санаагүй биз. Э.Ган-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийнхээ дэргэдэх Технологийн сургуульд экскаваторын оператор мэргэжлээр сурч төгсөн 2002 онд эрдэнэс ил олборлох уурхайд ажилд оржээ. Уулын инженер Н.Лхагважамцын удирдаж байсан ээлжинд Черинов гэх орос машинчийн дохио зангаан дор есөн сар ажилласан байна. Улмаар Тэргүүний уурхайчин М.Болдбаатар машинчийн гарын шавь болон дөрвөн жил гаруй хугацаанд ажиллахдаа цаашдын дүн нуруу цэх байх чанарыг олж авсан гэдэг. Өнөөдөр боломжгүй зүйл маргааш боломжтой болдог гэж хэлэх дуртай Э.Ган-Эрдэнэ аварга одоо шөнийн ээлжинд ажиллаж байна. Илүү анхаарал болгоомжтой, илүү ур чадвартай ажиллах шаардлагатайг тэр сайн мэднэ. Шөнийн нам гүмийг эвдэн хүчит техникүүд гэрлээ гялбуулан сүлжилдэж, уурхайн гүнд их ажил буцалж байгааг экскаваторынхаа бүхээгээс тэр харахдаа Зууны манлай үйлдвэрээрээ үргэлж бахархана. 
   Би Э.Ган-Эрдэнээс “Таны Эрдэнэт үйлдвэрт оруулсан хувь нэмэр юу вэ?” гэж асуухад тэрээр “Хариуцсан техникээ ариг гамтай ашиглах, засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийлгэх, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлэх, уурхайн дүрэм журмыг чандлан сахиж үр бүтээлтэй, аюулгүй хөдөлмөрлөх, ажлын цагийг ягштал баримталж сэтгэл зүтгэлээ ажилдаа бүрэн зориулах нь миний үйлдвэртээ оруулж буй хувь нэмэр юм даа” хэмээн даруухан агаад үнэн хариулсан юм. Их ажлын ард эгэл боргил оршдог мянга мянган уурхайчдын ажлын чиг шугам, зарчим энэ. Гэхдээ үүнийг ажил, амьдралынхаа мөрдлөг, хэмнэл болгож чадна гэдэг аваргын чансаа.

   Э.Ган-Эрдэнэ Ил уурхайд 16 жилийн хөдөлмөрөө зориулахдаа ЭКГ-10 ¹14, ЭКГ-10 ¹21 экскаваторын машинчаар амжилт бүтээл дүүрэн ажиллаж, уулын цул ачилтын сар, жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа чанарын өндөр түвшинд тогтмол давуулан биелүүлж ирсэн туршлагатай уурхайчин. Өнгөрсөн онд түүний бригадын хамт олон 2459 мянган м3 уулын цул ачиж, төлөвлөгөөт даалгавраа 104 хувь биелүүлсэн юм. Мөн цаг ашиглалтын коэффициентыг 0,79 хувь, цагийн хөдөлмөрийн бүтээмжийг 355м3, техникийн бэлэн байдлын коэффициентыг 0,91 хувьд хүргэсэн нь үнэмлэхүй амжилт байлаа. Тэр дундаа хамгийн их уулын цул гаргасан, зогсолт багатай, сэлбэг материалын хэмнэлттэй ажилласан Э.Ган-Эрдэнэ юм. Тэрээр бригад хамт олноо үргэлж манлайлан ажиллаж, өнгөрсөн онд гэхэд экскаваторын шанаганы 10 шүд, 778,5 кг ган татлага хэмнэж, үйлдвэрт 50 орчим сая төгрөгийн хэмнэлт  гаргажээ. Э.Ган-Эрдэнэ нь ЭКГ-10 маркийн экскаватораар сүүлийн таван жилд дунджаар 2182 мянган м3 уулын цул ачиж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг 102,5 хувь биелүүлсэн байна. Түүний бригадын хамт олон энэ хугацаанд нийт 319 сая төгрөгийн өртөг бүхий уулын цул илүү ачсан юм. Үүнд түүний хувь илүү жин дарах нь тодорхой. Шинэхэн хөдөлмөрийн аварга маань өөрийн ажлын арга барил, мэргэжлийн ур чадвараа залуу ажилчдад зааж сурган дадлагажуулж байна. Түүний шавь Ж.Ган-Эрдэнэ, Л.Алтан-Эрдэнэ нар экскаваторын туслах машинчаар үр бүтээлтэй ажиллаж байгааг журмын нөхөд нь хараад багшийн өв зүтгэл хэмээн бахархдаг.
   Эрдэнэсийн хот гүн нойронд умбана. Харин Эрдэнэт үйлдвэрийн шөнийн ээлжийнхэн баялаг ундраан амсхийх чөлөөгүй ажиллана. Тэр дунд, эхлэл цэгт экскаваторын машинчийн сэтгэл зүрх хамт цохилж байдгийг санаарай.

М.ОДГЭРЭЛ

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 27 5-р сар 2019 10:20
Үнэлэх
(1 Санал)

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог