Улс төрөөс ангид уурхайчдын хөдөлмөр Онцлох

27 5-р сар 2019 12:00
215 удаа үзсэн

   Эрдэнэт үйлдвэр хоёр зууныг дамнан Монголчуудыг тэжээж ирсэн бодит үнэнийг хүн бүхэн мэднэ. Өмнөх зуунд дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг дангаар бүрдүүлж байв. 21-р зуунд 30-40 хувийг бүрдүүлж байх жишээтэй. Энэ нь уурхайчдын хөдөлмөрийн үр дүн гэдэгтэй хэн ч маргашгүй. Энэ утгаараа Эрдэнэтийг “саалийн үнээ” гэх. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирлын явуулж буй бодлого, үйл ажиллагаа, ажлын хэрэгжилт Монголчуудын болоод улс төрчдийн хавчилга шахалт, хардалт сэрдэлт, хараа хяналтын дор байдаг нь ч нууц биш.
   Эдүгээ Эрдэнэтийг хөгжүүлэх 15 жилийн хөтөлбөр батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Эрдэнэтийн овооны нөөцийг  60 жил ашиглах болсныг мэргэжилтнүүд тогтоогоод байна. Тус үйлдвэрийн ажилчдын урамшууллын сангийн хэмжээг 20 хувиар нэмсэн. Компанийн нийт ажилчдын цалинг 15 хувиар нэмсэн зэрэг хийж хэрэгжүүлсэн бодит ажлыг энд тэмдэглэх ёстой.
   Амжилт гарган ажиллаж яваа хүмүүсийн алдаж онохыг алийг тэр гэхэв. Тэгээд ч алдаа гаргахгүй амжилтад хүрсэн хэн нэгнийг хаа нэгтэйгээс хайгаад олохгүй биз. Хувь хүмүүс рүү дайрсан улс төрийн хийрхэл хэрээс хэтэрч, удирдлагын ард байх олон мянган баялаг бүтээгч уурхайчдын үйлс зорилго, амжилт бүтээлийг бүдгэрүүлэх учиргүй. Нийгэмд ам.долларын ханш өдрөөс өдөрт чангарч, төгрөгийн ханш унасаар инфляц өсөж өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадав. Энэ хэрээр иргэдийн амьдрал доройтсоор...
   Тэгэхэд эвэртэн туурайтнууд ард түмний амьдралын зовлонгоос ашиг хонжоо хайн юм бүхнийг улс төржүүлэх болов. Манай нийгмийн ороо бусгаа цагийн аясыг үл тоон өнөө хэдэн уурхайчид л уйгагүй хөдөлмөрлөсөөр. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 31 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж, амжилттай биелүүлсэн. Энэ жил 31 сая 500 мянган тонн хүдэр боловсруулах том зорилт өмнөө тавин, ажиллаж байна.
   Нөгөө жингэр хуцаж л байна. Жин хөвж л явна гэгчээр. Өнгөрөгч онд Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон цаашдын бүтээн байгуулалтынхаа ажлын зорилго, чиглэлийг тодорхойлсон. Улмаар үйлдвэрийнхээ алсын хараа, эрхэм зорилгоо шинэчлэн баталгаажуулав.
   Борлуулалтын орлогоо түүхэндээ анх удаа хоёр их наяд төгрөгт хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 120 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн билээ. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт 655 тэрбум төгрөг төвлөрүүлснийг түүхийн хуудас гэрчлэх болов. Улс төрөөс ангид орших уурхайчдын хөдөлмөр мандтугай.!

Т.БАТЧУЛУУН

 

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 27 5-р сар 2019 10:31
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог