Эрдэнэтчүүд “Аз жаргалтай гэр бүл”-ийн төлөө нэгдлээ Онцлох

17 5-р сар 2019 12:00
383 удаа үзсэн

     Тавдугаар сарын 14. Энэ өдрийг Эрдэнэтчүүд “Аз жаргалтай гэр бүл”-д зориулж, гэр бүлийн сайн сайхны төлөө нэг зүгт харж чадлаа. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийт 25 дахь жилдээ тэмдэглэж буй “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Орхон аймгийн зөвлөл санаачилан “1000 гэр бүлийн” баярыг Эрдэнэт хотноо зохион байгуулав. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох үндэс нь гэр бүл байдаг. Гэр бүл бүхэн аз жаргалтай байж гэмээнэ тэнд ирээдүйн зөв хүн бойжиж төлөвшдөг. Тиймээс гэр бүлийн сайн сайхан ирээдүй улс орны хамгийн чухал үнэт зүйл юм. Чухамхүү ийм учир агуулга дор Эрдэнэтчүүд "Аз жаргалтай гэр бүл"-ийн төлөө чуулж,  тайван жагсаж нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө. Энэ бол  хүн бүхэнд гэр бүлээ илүү их хүндэтгэн эрхэмлэх, хайрлах санаа сэдлийг “өдөөж”, урам өгсөн үйл явдал болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Гэр бүлийн сайн сайхны төлөө тайван жагсав

     Эрдэнэт хотын гудамж талбайд үзэмж нэмж, гартаа сүлд туг, зураг чимэглэл бүхий уриа барьж алхсан иргэд энэ өдрийн хамгийн тод “өнгө” байлаа. Орхон аймгийн бүх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болон гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдсэн урт цуваа хотын төв талбайд жагсаж, аз жаргал гэр бүлээс эхэлдэг болохыг тунхагласан. Сургуулийн бяцхан сурагчаас эхлэн  гавьяаны амралтдаа суусан эгэл жирийн буурай хүртэл “Миний гэр бүл-Миний аз жаргал”, “Аз жаргалыг хайх биш бүтээх хэрэгтэй”, “Хүүхэддээ бахархан дууриах эцэг эх нь бай”, “Гэр бүлд ээлтэй Эрдэнэт” гэсэн уриа барьж, гэр бүл хэмээх эрхэм зүйлийн төлөө санаа бодлоо нэгтгэлээ.

  

  

Арван гэр бүлд шинэ гэр бэлэглэлээ

     Арван айл гэр энэ өдөр аз жаргалаар бялхлаа. Учир нь “Гэр бүлийн өдөр”-ийг зохион байгуулагчдын зүгээс Орхон аймгийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой  арван өрхөд гал голомтоо бадраах өргөө цагаан гэр бэлэглэсэн юм. Энэхүү үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид болон бусад ТББ, аймгийн иргэд оролцож, батламж гардуулав.

 

  

Сар бүр гэр бүлийн өдрийг тэмдэглэнэ

     “Аз жаргалтай гэр бүл” үйл ажиллагааны хүрээнд гэр бүлийг дэмжих олон таатай шийдвэр гарч, ажил хэрэг болох эхлэл тавигдлаа. Сар бүрийн эхний 7 хоногийн бямба гаригийг Орхон аймаг, Эрдэнэт хот “Гэр бүлийн өдөр” болгох тухай Засаг даргын захирамж гарсан байна. Тус захирамжид зааснаар гэр бүлийн сайн сайханд чиглэсэн олон арга хэмжээ Орхон аймагт хэрэгжинэ. Тухайлбал энэ өдөр согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнууддаа гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цагийг олгож, илүү цагаар ажиллуулахгүй  байх тухай ч тусгаж өгчээ.   

“Аз жаргалтай гэр бүл” чуулганыг анх удаа зохион байгуулав

     Аз жаргал гэдэг бол алсаас хайх зүйл бус хамгийн ойрхон гэр бүлээс эхэлдэг. Тиймээс дэргэд буй гэр бүлээ хайрлаж хүндлэх нь аз жаргал юм гэдгийг сануулж өгснөөрөө чуулганы ач холбогдол оршиж байна. Нэг дор 1000 гэр бүл, эмэгтэйчүүдийн төлөөллийг цуглуулсан "Аз жаргалтай гэр бүл" чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны орон нутаг хариуцсан тэргүүлэгч, МЭХ-ны Орхон аймаг дахь салбарын тэргүүн, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нээв. Тэрээр "Гэр бүлийн сайн сайхны төлөөх үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, нөлөөлөл юу юунаас илүү гол үүрэгтэй"-г онцолж, уг арга хэмжээг дэмжиж, хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст талархлаа. Мөн хэлсэн үгэндээ: “Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа шинэчлэн үргэлжлүүлж байна. Бид Орхон аймгийнхаа эмэгтэйчүүдэд нээлттэй, тэдний хүсэл зорилго, дуу хоолой, санал санаачилгыг дэмжиж, соён гэгээрүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох цаашлаад хөгжлийн гүүр гарц болохыг зорьж ажиллаж байна. Гэр бүл гэдэг бидний амьдрал төдийгүй төр улсын үндэс суурь юм. Сүүлийн жилүүдэд гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр төр засгаас бодлогын түвшинд анхаарахын зэрэгцээ төрийн бус байгууллагууд үүсэж, олон арван үйл ажиллагааг хүн амын дунд өрнүүлэн сургалт сурталчилгааг зохион байгуулсаар ирсэн. Энэ бүх өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд нийгмийн эх үндэс болсон Монгол сайхан айл өрхүүдийг төлөвшүүлэх зайлшгүй шаардлага амьдралаас урган гарч байна. Нийгмийн харилцааны олон талт асуудлаас шалтгаалан  Монголчууд бидний амьдралд эрээн бараантай зүйл байгаа нь нууц биш юм. Гэхдээ бие биенээ зоосны нүхээр харах биш сэтгэлийн гэрлээр харж хамтдаа урагшилдаг, хамтдаа хөгждөг сайхан гэр бүлүүд олон байгаа гэдэгт бүсгүйчүүд бид итгэлтэй байна. Иймээс амьдралд хариуцлагатай хандаж, үүргээ биелүүлдэг үнэ цэнэтэй сайхан гэр бүлүүдийг бий болгохын төлөө МЭХ, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл төр, нийгмийн хамтын ажиллагаанд түшиглэн ирээдүй болсон хүүхэд багачууд, эмэгтэйчүүд, гэр бүлд чиглэсэн олон үйл ажиллагааг цаашид зохион байгуулна гэдгийг илэрхийлье. Монголын маань өрх бүрт инээд хөөр цалгиж, аав ээжийн итгэл хайран дунд элэг бүтэн эрүүл хүүхэд өсөн торних болтугай. Монгол гэр бүлийн заяа түвшин байг.” хэмээн онцолсон.
     Чуулганд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, "Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Хүндэт Ерөнхийлөгч Д.Мөнхөө, "Энх Эрдэнэтийн Хөгжил" ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энх нарын хүндэт зочид болон аймгийн засаг захиргаа, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид оролцлоо.“Аз жаргалтай гэр бүл” чуулганы үеэр ахмад, дунд, залуу гурван үеийн төлөөлөл үлгэр жишээ гэр бүлүүдийг хайр, аз жаргал түгээгч “Шилдэг гэр бүл”-ээр өргөмжлөн, батламж гардуулав.  Түүнчлэн "Гал Голомт Үндэсний Хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө "Гэр бүл, хүнээр хүн хийх дэвшилтэт уламжлал буюу орчин үе" сэдвээр лекц уншсан нь гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах цаг үеээ олсон чухал сэдвийн нэг байлаа.

  

  

“Аав ээждээ хүргэх миний үг” эцэг эхчүүдэд хүрлээ

     Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл ЕБС-ийн сурагчдын дунд  “Аав аа, ээж ээ намайг сонсооч” захидлын аян өрнүүлжээ. Аянд Эрдэнэтийн бяцхан үрсийн  эцэг эхдээ хандаж бичсэн 2517 захидал ирснээс 270 гаруйг нь түүвэрлэн “Аав ээждээ хүргэх миний үг” ном болгон эмхэтгэж, энэ өдөр эцэг эхчүүдийн гарт хүргэлээ.  Аав ээждээ  хэлж амжаагүй бас зүрхлээгүй үг бүхэн энэ захидалд шингэжээ.  “Хүүхдүүд маань биднээс үнэтэй чамин зүйлс хүсдэггүй,  биднээс зөвхөн хайр, анхаарал халамж, өөрт нь цаг гаргахыг  хүсэж байна. Гэр бүлийн өдөр нэг өдөр биш өдөр болгон байгаасай гэж тэд хүсдэг. Тиймээс аав ээжүүд та бүхэн хүүхдүүдийнхээ захидлаар дайсан чин сэтгэлийн үгсийг нь заавал уншаарай” гэж аяныг зохион байгуулагчид чухалчлан захиж хэлсэн. Мөн тэд хүүхдүүдийн хүсэл мөрөөдлөөс үндэслэн  сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригийг Эрдэнэт хотын “Гэр бүлийн өдөр” болгох хүсэлт гаргаснаа, тэрхүү саналыг хүлээн авч шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутад талархаж буйгаа энэ дашрамд онцолж байв. Эрдэнэтийн “Гэр бүлийн өдөр” олон олон  хүнд хайртай гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа баяр хөөртэй, үр бүтээлтэй өнгөрөөх гайхамшигтай өдрүүдийн үргэлжлэл байх нь ээ.

Эрдэнэтийн бүсгүйчүүд төрд үгээ дайлаа

     Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд болсон энэхүү үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс  өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан "Эрдэнэтийн хөгжилд Эмэгтэйчүүдийн оролцоо" чуулганы 440 төлөөлөгчдийн санал бүхий "Төрд өргөх таван санал"-ыг аймгийн Засаг даргад гардуулсан явдал байв. Эрдэнэтийн бүсгүйчүүд дуу хоолой, хүсэл зорилгоороо нэгдэн, төр засагт санал бодлоо илгээснийг Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа.
     Тэд “Төрд өргөх таван санал”-даа Нэгдүгээрт, нийгмийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, өрх толгойлсон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ажлын цагийг багасгах, залуу гэр бүл, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, хүүхдээ харж буй иргэдэд ажил хийх боломж олгох зорилгоор сар бүрийн нэг өдрийг “Гэр бүлийн өдөр”болгох, Хоёрдугаарт, хүнд хортой нөхцөлд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг багасгах, олон хүүхэдтэй эхийн тэтгэвэрт гарах насыг богиносгох, 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд өгч байгаа тэтгэмжийг амжиргааны баталгаажих түвшинд хүргэх, ихэр хүүхэдтэй иргэнд  олгох тодорхой хэмжээний тусламж олгох мөнгийг иргэн бүрт хүртээх зорилгоор зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, Гуравдугаарт, төр шударга, тогтвортой байх, төрийн бодлогыг иргэдэд нээлттэй, шуурхай бодитой хүргэж, иргэдийнхээ үгийг сонсдог байх, Дөрөвдүгээрт, төрийн албанд мэдлэг боловсролтой, харилцааны соёлтой, ажлын дадлага туршлагатай боловсон хүчнийг шударгаар сонгож тавьдаг байх, залуучуудыг ур чадвараар нь шалгаруулж ажилд авдаг байх, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн тэгш үнэлэмжийг дээшлүүлэх, боловсролын салбарын шинэчлэлд анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тавдугаарт, цэцэрлэг сургуулийн хүрэлцээ хангамжийг сайжруулах хүүхэд гэртэй ойрхон сурч боловсрох боломжийг бүрдүүлж, олон талт ажлыг зохион байгуулан залуусын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулах гэсэн хүсэлтийг тусгаж, цэвэр цэмцгэр Эрдэнэт хотынхоо мянга мянган эмэгтэйчүүдээ төлөөлөн санал бодлоо илгээж байна. Мөн энэ үеэр нийгэмд хандсан 9 уриалгыг чуулганы төлөөлөгчдөд танилцуулж, ирээдүй үеийнхээ сайн сайхны төлөө хариуцлагатай, тууштай хамтдаа урагшлахыг уриаллаа.  

  

  

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 17 5-р сар 2019 02:51
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог