Эрдэнэтийн маргааш - Эрдмийн уурхай Онцлох

11 12-р сар 2018 12:00
448 удаа үзсэн

     Монголчуудын хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт  Эрдэнэтийн замнал  бол энд ажиллаж буй мянга мянган эгэл жирийн ажилчид, үе үеийн уурхайчдын ажил хөдөлмөрийн бахархам түүх юм. Тэртээх 1964 онд төв Азийн цээжинд орших уудам дэлгэр Монгол орны хоймор талаас олдсон Эрдэнэтийн овооны зэсийн орд газрыг түшиглэн  уулын баяжуулах үйлдвэр байгуулахдаа ажиллах хүчин, тэдний нийгмийн асуудлыг тухайн үеийн төр засгийн удирдлагууд  цогцоор нь шийдэж байв. Хуучин нэрээр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу арван таван мянган хүн ам суурьшин амьдрах бүхэл бүтэн хотыг төлөвлөж, дэд бүтэц, эмнэлэг, сургууль цэцэрлэг, хөнгөн хүнсний үйлдвэрүүд гээд хүний хэрэгцээт бүхий л байгууламжийг   ердөө таван жилийн хугацаанд  бий болгосон юм. Энэ бол Монгол орны хөгжил дэвшлийн түүхэнд тодоор бичигдэх удирдагч хүний холч ухаан, мэргэн шийдвэр дээр тулгуурласан  асар хурдацтай,  гайхамшигт бүтээн байгуулалт болсон гэдгийг Эрдэнэттэй хувь заяагаа холбосон ахмад үеийнхэн бахархан ярьдаг билээ.  Тэрхүү ул суурьтай, ирээдүйгээ харсан олон цогц шийдвэрийн дотор хамгийн том орон зай эзэлж буй асуудал нь Эрдэнэтийг  барьж байгуулахаар  сэтгэлдээ эрмүүн  дуудлагатай, өвөртөө  эвлэлийн илгээлттэй  залуусыг сургаж дадлагажуулах бодлого байлаа.  Ингэснээр өнөөгийн манлай үйлдвэрийн  мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөцийн эмх цэгцтэй бодлогын эх үндэс тавигдсан юм.
     “Эрдэнэт ашиглалтад орсон үеэсээ ажиллагсдаа уул уурхайн нарийн болон хос мэргэжлээр сургах зорилт дэвшүүлэн дэргэдээ мэргэжлийн сургалтын төвийг байгуулан, ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр үе шаттай сургаж байсан нь мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх хамгийн зөв бөгөөд том ажил байлаа” гэж тухайн үед Түлш эрчим хүч, хүнд үйлдвэрийн яамны сайдын хувьд Эрдэнэтэд ажиллах хүчний асуудлыг хариуцаж байсан, Монгол улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбат дурдатгалдаа өгүүлсэн нь бий. Ингэж мэргэжилтэй ажиллах хүчнийг  “Сургалтын төв”-өөр дамжуулан бэлтгэж эхэлсний үр дүнд хүний нөөцийн бодлого ухаалаг шийдвэрлэгдэж, Эрдэнэт үйлдвэрийг Монгол улсын эдийн засгийн гол тулгуур, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд шууд нэвтрүүлдэг, сургалт судалгааны талбар төдийгүй үйлдвэрлэл,  эдийн засгийн үр ашиг  хосолсон аж ахуйн нэгж болгон хөгжүүлж чадсан юм.  Харин анх “Сургалтын төв” нэртэй байгуулагдаж байсан уг сургалтын алба өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болон хүрээгээ тэлж, уул уурхайн салбарын бүх шатны боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэдэг эрдмийн уурхай болжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн овооны дэргэд эрдмийн овоо сүндэрлэсэн нь энэ буюу.

     Улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, улсын болон орон нутгийн төсөвт  оруулж буй хувь нэмэр зэрэг үзүүлэлтээрээ сүүлийн 16 жил дараалан Монгол улсын “Топ100” аж ахуйн нэгжийг тэргүүлсэн тус үйлдвэрийн бүхий л амжилт, ололт үе үеийн олон мянган ажилтан ажилчдын итгэл зүтгэл, хүч хөдөлмөртэй салшгүй холбоотой. Тиймээс ч тус үйлдвэр ажиллагсдаа хамгийн үнэ цэнэтэй баялаг хэмээн дээдэлж, хүний хөгжил хамгааллын цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүнээ хөгжүүлэх бодлогод ажилтан ажилчдаа сургаж, тогтмол мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтууд, үүнд  үзүүлэх хөнгөлөлт, тусламж гол байр эзэлж байна. Нийт зардлынхаа 5-8 хувийг ажилчдынхаа нийгмийн хөгжлийн бодлогод зарцуулдаг.
     Түүхэн хөгжлийнхөө явцад тус үйлдвэр Сургалтын төвөө,  Мэргэжлийн сургалтын алба улмаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгон өргөжүүлж, энд мэргэжил эзэмшсэн олон зуун ажилчид зууны манлай үйлдвэрийнхээ суу алдрын нэрийн хуудас болж явна. Дөчин жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэрээс Монгол улсын хөдөлмөрийн баатар зургаа төрсний анхных нь Ил уурхайн өрмийн машинист Д.Жаргалсайхан 31 насандаа алтан соёмбын эзэн болж байжээ. Баяжуулах үйлдвэрийн бутлуурчин Д.Бямбаа, белазын жолооч Д.Жигмэдцэрэн, бульдозерын машинист Т.Нямжав, отгон баатар өрмийн машинист Б.Батбаяр гээд тэд Мэргэжлийн сургалтын төвд баатрын замд хөтлөх мэргэжлээ эзэмшсэн юм. Белазын жолооч, Хөдөлмөрийн баатар Д.Жигмэдцэрэн мэргэжилтэй ажилчин бэлтгэх “Сургалтын төв”-ийн анхны төгсөгчдийн нэг гэдгээрээ ямагт бахархаж явдагаа нэгэнтээ өгүүлсэн. 1976-2017 он хүртэлх хугацаанд мэргэжлийн анхан шатны сургалт, үйлдвэр техникийн сургалт болон бусад чиглэлээр 112156 ажилтан, ажилчид тус төвд суралцан төгсчээ. Тэдний дундаас хөдөлмөрийн баатар, гавьяат, ажил мэргэжилдээ эзэн болсон чадварлаг ажилчид төрсний зэрэгцээ удам залгасан уурхайчид олноор бэлтгэгдсэнийг тэмдэглүүштэй. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн, нарийн болон хос мэргэжилтэй ажилчдынхаа залгамж чанарыг бэхжүүлэх, дараагийн үеийн ажиллах хүчнийг бэлтгэх асуудалд Эрдэнэт үйлдвэр цаг ямагт санаачилгатай, алсын хараатай хандаж иржээ. Үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-той жил бүр шинэчлэн байгуулдаг Хамтын гэрээнд “20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтны нэг хүүхдийг аав, ээжийнхээ мэргэжлийг залгамжлан ажиллах” тухай заалтыг олон жилийн турш бодитой хэрэгжүүлж байна. Энэ нь нэг талаас нийгмийн хариуцлага болон ахмад ажилтны нийгмийн асуудлыг шийдэх оновчтой алхам, нөгөө талаас хойч үеийн залгамж халааг бэлтгэж буй бодлого юм. Эрдэнэт үйлдвэр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх,  хүний нөөцийн бодлогоо тодорхой төлөвлөх нь хөгжлийн шинэ шатанд хүрэх гүүр, өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсролыг чанартай, үр дүнтэй олгох нь үйлдвэр төдийгүй улс орны урагшлан дэвжихэд гол үүрэгтэй гэдгийг өөрсдийн түүх, тогтвортой найдвартай үйл ажиллагаагаараа тод харуулж буй.

     Мэргэжлийн боловсролын тогтолцоо нь хөдөлмөрийн зах зээлтэй шууд холбоотой, эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбар гэдгийг мэргэжилтнүүд, ахмад уурхайчид судалгаа шинжилгээ, туршлага дээр үндэслэн тодорхойлж байна. Үндэсний мэргэжилтэй ажиллах хүчнийг тасралтгүй бэлтгэхийн тулд мэргэжлийн боловсролын өнөөгийн тогтолцоог өөрчлөх, улам боловсронгуй болгох шаардлага урган гарч буйг ч тэд онцолдог. Ажил олгогчийн зүгээс мэргэжлийн боловсролын сургалтанд ихээхэн анхаарал тавьж, сургах арга зүй, сургалтын хэлбэр, материаллаг баазыг орчин үеийн технологид нийцүүлэн бэхжүүлэх, сургагч багш нараа давтан сургах нь “чадамж”-тай мэргэжилтэй ажилтан бэлтгэх таатай нөхцлийг бүрдүүлэх боломжтой юм. Хамгийн гол нь мэргэжлийн боловсрол олгох үйл явц, үр дүн нь хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны эрэлт хэрэгцээнээс хамаарч байдгийн хувьд аливаа байгууллагын хүний нөөцийн алба, хэлтэс мэргэжлийн сургалтын төвтэй нягт хамтран ажиллах нь юу юунаас чухал юм. Ингэж гэмээнэ хүний нөөцийн бодлого зөв байж, ажилтнуудын ур чадвар, урам зориг дээшлэх учиртай. Эрхэлсэн ажилдаа дуртай ажилчны бүтээмж өндөр байж, өндөр бүтээмжтэй байгууллагын өсөн дэвжих боломж илүү өргөн дардан байх нь мэдээж юм.
     Мэргэжилтэй ажиллах хүчнээ бэлтгэж эхэлсэн цаг хугацааны түрүүнд Монголчууд нэг Эрдэнэтийг бүтээн байгуулсан бол мэргэжлийн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлснээр дараагийн зуунд улс орны хөгжлийн зүтгүүр хүч болох хэд хэдэн Эрдэнэт шиг үйлдвэрийг иж бүрнээр бий болгох нь гарцаагүй.  Эрдэнэтийн маргаашийн дуусашгүй баялаг эрдмийн уурхайн эх ундарга билээ.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон Нийттэй Харилцах Албаны сэтгүүлч М.Балжинням

Сүүлд өөрчлөгдсөн Мягмар, 11 12-р сар 2018 02:24
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог