Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 10-р сар 2019
   Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Энэрэл төвийн хүүхдүүд зуны улиралд "Энэрэл" хөдөлмөр зусландаа гарч цэвэр агаарт аятай тухтай амрахаас гадна төрөл бүрийн хүнсний ногоо тарьж өөрсдийнхөө дотоод хэрэгцээнд хэрэглэдэг билээ. Энэ жил хүүхдүүд 700кг төмс, 100кг манжин, лууван, 130 гаруй кг огурцы, 30 гаруй кг помидор тарьжээ. 
   Тус төвд өнөөдрийн байдлаар хоёроос 17 насны 51 хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж байна. Сурагчдын эхний улирлын амралт 10- р сарын 28-ны өдрөөс эхэлнэ. Амралтын өдрүүдээр тус төвийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлтгэл ажил нь хангагджээ. 
   "Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд манай төвийн үйл ажиллагаанд ихэд анхаарал тавьж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүний нэг нь спорт заал бариулж байгаа энэ үйл ажиллагаа юм. Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн энэ ажил 11-р сарын 15 -нд ашиглалтад орох юм" гэж Энэрэл төвийн эрхлэгч Б.Майцэцэг мэдээлсэн юм. 
   Ингэснээр Энэрэл төвийн хүүхдүүд чийрэгжүүлэх танхим бүхий спорт заалтай болж, чөлөөт цагаа спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарал тавьж, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх боломжтой болж байгаа юм.
   Дашрамд дуулгахад Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтэн өнчин 400 гаруй хүүхдийг Энэрэл төвөөр дамжуулан өсгөн хүмүүжүүлж, ерөнхий боловсролын болон их дээд сургуульд амжилттай суралцуулж амьдралын гэгээн замд хөтөлсөөр байна.
 
А.Бямбамаа

 
   Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа бүтээлч санал санаачлагыг идэвхжүүлж, дэмжлэг урам өгөх зорилгоор Сайн саналын системийг нэвтрүүлэн ажилладаг. Ажилтнуудын санал санаачлагыг нэг бүрчлэн үнэлж дүгнэн, урамшуулан, үйл ажиллагаандаа  хэрэгжүүлж буйтай зууны манлай үйлдвэрийн  амжилт ололт салшгүй холбоотой. Хариуцсан ажил үүргээ чанартай, сайн гүйцэтгэхийн зэрэгцээ илүү сайжруулж, хөгжүүлэхийн төлөө цаг ямагт эрэлхийлж явдаг олон шилдэг ажилтны нэг Үйлчилгээ, аж ахуйн цехийн тусгай цэвэрлэгээ, угаалгын хэсгийн оператор Д.Гантогостой ярилцлаа.
 

   - Та Эрдэнэт үйлдвэртээ сэтгэл зүтгэлээ зориулан он удаан жил ажиллаж яваа бүтээлч олон ажилтны нэг. Энд хөдөлмөрлөж буй хүн  бүрийн бахархлыг төрүүлдэг Эрдэнэт үйлдвэртэйгээ ажил амьдралын хувь заяа холбосон тухайгаа хуваалцана уу?
   - Би үйлдвэртээ 28 дахь жилдээ ажиллаж байна. Захиргаа, аж ахуйн цех нэртэй байх үеэс нь л энэ цехдээ ажилд орж, өнөөг хүртэл энэ хамт олонтойгоо төр зэрэгцэн яваадаа баяртай байна. Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоос өмнө Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан. Миний мэргэжил бол хүнсний чиглэлийнх л дээ. Гэр бүлийн маань хүн Засвар механикийн заводод ажилдаг байсан нь намайг энэ сайхан үйлдвэрт ажиллах эхлэлийг тавьсан гэж боддог. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон ч, бас өөрийнхөө хүсэл эрмэлзлийг дагаад Эрдэнэт үйлдвэр ажиллая гэж шийдэж, тэр цагаас хувь заяа минь холбогдсон доо.

   - Ажил үүргийн хувьд өөрчлөгдөв үү? Туршлага, мэргэжлийн олон чадвар энэ хугацаанд арвин их хуримтлагдсан нь мэдээж?
   - Анх үйлчлэгчээр ажиллаж байлаа. Дараа нь жижүүрээр 10 гаруй жил ажиллаад, одоо тусгай цэвэрлэгээ, угаалгын хэсэгт угаагч операторчин хийж байгаа. Ажи хүнийг голно уу гэхээс, ажлыг хүн голохгүй гэсэн үг байдаг. Миний хувьд ажилдаа тэгж ханддаг. Хийе бүтээе гэсэн сэтгэл байхад ямар ч ажил хүнд хэцүү санагддаггүй гэж боддог. Энд ажилласан бүхий л цаг үед өөрийнхөө ажил үүргийг нэг ч удаа хэцүү байна, яах вэ гэж харж байгаагүй. Улам сайн хийчих юмсан, ойр тойрноо илүү цэвэр цэмцгэр байгаасай гэсэн хандлагаар ажилладаг. Ажилдаа дур сонирхолтой байх тусам бүтээмж өндөр байж, харин хүнийрхүү хандах тусам бэрхшээл их тулгарах болно. Миний хувьд ажлын найман цаг яах ийхийн зуургүй хурдан өнгөрчих шиг болдог. Тиймээс цаг минут бүрийг ашиглаж, уралдаж, өөрийн санаачилгаар шинээр хийчих юмсан гэсэн зүйлээ амжуулахын төлөө зорьдог. Өглөө ирээд төлөвлөсөн ажлуудаа хийгээд гарахад сэтгэл санаа ч сайхан болдог. Энэ л миний ажлын зарчим, өөртөө бий болгосон туршлага юм уу даа.
 

   - Үйлчилгээ цэвэрлэгээний ажил өөрийн онцлогтой. Хувь ажилтны эмх цэгцтэй чамбай байдал илүү тод харагдаад байх шиг. Тэгэхээр санал санаачилга нь ч шууд тод харагддаг. Таны хамгийн их анхаардаг зүйл юу вэ?
   - Тиймээ. Бидний ажил онцлогтой. Ажлын байрны ая тух, хүмүүсийн тохитой цэвэр цэмцгэр орчинд ажлаа хийх нөхцөл бидний ажлын чанараас хамаарч байдаг. Миний хувьд үүнийг илүү анхаардаг. Одоо би ажилчдын ажлын хувцсыг угааж, цэвэрлэдэг. Хир толбо ихтэй байсан ч аль  болохоор сайн угааж, ажилчин хүний сэтгэл санаанд бүрэн нийцүүлэхийг хичээж ажилладаг даа. Манай үйлдвэрийн захиргаанаас сайн саналыг дэмжиж, үнэлж байгаа нь тухайн ажилтны ажиллах урам зориг, эрч хүчийг сэргээсэн маш том хөшүүрэг гэж би ойлгодог. Миний санаачилж, ажилдаа хэрэгжүүлж байгаа саналууд маань ихэвчлэн ажлын байраа цэвэрхэн таатай, эмх цэгцтэй байлгах, энд тэнд булан тохойд цугласан хог хаягдал, урагдсан цоорсон эд материал зэргийг засаж тордож, бүрэн бүтэн байлгахад чиглэсэн. Ажлын онцлогоо ч дагаад ийм санал дэвшүүлдэг. Энэ саналууд ч маань ажлын бүтээмжид сайн нөлөөтэй.  Одоо бид 3-4 угаагч машин дээр ажилллаж байгаа. Машины аюулгүй ажиллагааг хангах үүднээс бохир усаа асгах хоолойд хамгаалалтын сээтэг тор тавьсан. Ингэснээр бохир хувцаснаас гарсан хог хаягдал угаагч машины ус дамжуулах, асгах хоолойнд бөглөрөл үүсгэх нөхцлийг арилгаж өгсөн. Мөн үйлдвэрийн бүс болон бусад ажлын байрны гадаах талбайн тохижилт, цэцэгжүүлэлтийн ажлын чиглэлээр манай багийнхан санаачилгатай ажилласан маань үр дүнтэй болсон. Манай цехийн мастер Д.Амаржаргал ахлаад, бид гадаах талбайн цэцгийн мандал, үрсэлгээ суулгалт хийж, тарьсан. Цэцэг тарина гэдэг бол яг л нярай хүүхэд асрахтай ижилхэн арчилгаа тордолгоо шаардаж байдаг. Хоёр жил бид өөрсдийн тарьсан үрсэлгээгээ тогтмол арчилж, хянаж ажилласнаар манай орчинд сайхан ургаж байна. Хэдийгээр ачаалалтай, зарим тохиолдолд ядарсан байдаг ч тарьж ургуулсан цэцэг, модоо хараад өөрийн эрхгүй сэтгэл сэргэдэг. Энэ бүхэн бол бидний идэвх санаачилгыг дэмжиж, урамшуулж байдаг сайн саналын системийн өгөөж гэж бодож явдаг даа.
 
 
 
   - Цаашид сайжруулах, санал гаргаад хэрэгжүүлэхээр бодож яваа  зүйл байна уу?
   - Ажилчдынхаа ажлын хувцсыг чанартай цэвэрлэж, шороо тоос,толбогүй хувцсаар дамжуулан ая тухтай, сэтгэл өндөр ажиллаж хөдөлмөрлөх орчин нөхцөлийг бүрдүүлэх нь бидний зорилго. Тиймээс цаашид ажилчдын хувцасны илүү тавтай байдлыг дээшлүүлэх үүднээс ямар арга зам, боломж байж болох вэ гэдэгт бид саналаа солилцож байгаа.

   - Хүн бүрийн таатай ажиллах орчны уур амьсгалыг бүрдүүлж өгдөг таны ажил үнэхээр сайхан. Том бахархал тань болов уу, өөр ямар зүйлээр бахархаж явдаг вэ?
   - Тийм шүү. Бахархал дүүрэн энэ ажлаа хийх би дуртай. Бас Монгол улсдаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй Эрдэнэт үйлдвэр, энд ажиллаж байгаа үе үеийн уурхайчдынхаа ажил үйлсээр үргэлж бахархаж явдаг. Бас намайг өдий зэрэгтэй хөдөлмөрлөж, үр хүүхдээ хүмүүжүүлж, сургах бүхий л боломжоор хангаж, дэмжиж байдаг үйлдвэрийн захиргаа, Үйлчилгээ, аж ахуйн цехийн дарга Б.Туяа болон бусад удирдлага, хамт олондоо талархаж, бахархаж явдагаа илэрхийлэхийг хүсч байна. Ер нь хүний сэтгэл, хандлага ямар байна амьдрал яг тэгж төлөвшдөг гэж би боддог. Сайн сайхан зүйлд тэмүүлж, чин сэтгэлээсээ ажилдаа хандаж байвал амьдрал яг тэгж дэгжин дээшилж явдаг гэдгийг үргэлж эрхэмлэж явдаг. Үр хүүхэддээ ч үүнийг захиж сургадаг юм. 
 
М.Балжинням
Фото Б.Баттөгс
 
   Сайн саналын системийн манлайлагчдын нэг Ганбаатарын Батцоож хэмээх даруухан хэрнээ нягт няхуур төрхтэй, чамбай яриатай инженер залуутай ярилцлаа. Тэрээр шугам зургийн багш аав, нягтлан бодогч ээжийнхээ хамтаар 4 настайдаа эрдэнэсийн хотыг зорин иржээ. Тиймээс ч өөрийгөө уурхайн хотынхоо уугуул иргэн гэж тодотгосон. Удамд нь уурхайчны замнал байхгүй ч уурхайчдын алдар суутай  төрөлх хот минь ирээдүйн ажил мэргэжилд хөтөлсөн гэж нэмж хэллээ. Г.Батцоож Баяжуулагч инженер мэргэжилтэй. Мэргэжлээ сонгоход нь дунд сургуульд математик, зурагийн хичээлд сонирхолтой, сайн байсан нь, Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ах эгч нарын зөвлөгөө их нөлөөлжээ. Мэргэжилдээ өдөр ирэх тутам илүү дуртай болж, сурч мэдэх хүсэл тэмүүлэл оргилж явааг нь түүний хэлсэн үг, цаашдын том зорилго нь тодорхойлж байлаа.
 

 
   Уул уурхайн ашигт малтмал баяжуулалтын инженер мэргэжлээ би Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуултдаа суралцаж, эзэмшсэн.  Төгссөнийхөө дараа мэргэжлээрээ шууд ажиллаагүй л дээ.  Улаанбаатар хотод фитнесийн багшаар хүртэл ажилласан. Тэгээд нэг өдөр Эрдэнэт үйлдвэрт миний мэргэжлийн дагуу ажилтан шалгаруулж авна гэж сонсоод, шалгалт өгч тэнцсэнээр үйлдвэрийнхээ Судалгааны төвийн нэгэн “эд эс” нь болсон доо. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий баяжуулагчаар ажиллаж буй Д.Мөнхбаяр даргынхаа удирдлаган дор ажиллаж, мэргэжлийнхээ сайхныг бас үр шимийг нь мэдэрч эхэлсэндээ баяртай явдаг.  Өөрөөр хэлбэл, судалгааны ажил хийх аргачлал, Баяжуулах үйлдвэрийн технологийн үйл явцын талаар гүнзгий судлах боломж тэр үед олдсон. Энэ нь ч сайн саналын болон бүтээмжийн хөдөлгөөнд оролцох урам эрч хүч өгсөн гэж боддог. Тэнд л миний сайн санал, шинэ санаанууд маань төрсөн гэж манлайлагч маань хуучилсан. Г.Батцоож 2015 оноос  Эрдэнэт үйлдвэрийн Лаборатори судалгааны төвд тээрмийн машинчаар ажилд орж байсан бол одоо Инженерийн зураг төслийн төвд инженер, зохион бүтээгчээр ажиллаж байна. Тэр Технологийн зохион бүтээх товчоонд харьяалагдан,  Баяжуулах үйлдвэрийн технологитой холбоотой тоног төхөөрөмж, түүний шинэчлэл суурилуулалтын технологийн зургийг зурж гүйцэтгэх ажилд дадлагажиж, бас хичээл зүтгэлээ шингээж явна.
   Саяхан тэрээр  Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн 3 дугаар өргөтгөлийн 71 дүгээр конвейрийн редуктор, Урвалжийн хэсгийн гуравдугаар тээрмийг сольж, тээрэм ангилагчтай нь суурилуулах зэрэг ажлын зураг төслийг гүйцэтгэжээ. Одоо Өөрөө нунтаглах хэсгийн маслостанцын суурилуулалтын ажил   дээр ажиллаж байгаа юм байна.Г.Батцоож Эрдэнэтийн уурхайн өнөр бүлийн нэгэн гишүүн болсоор  4 дэх намраа угтаж буй. Энэ хугацаанд тэр зөвхөн ажлаа хийгээд явахыг бодсонгүй. Байнга шинэ зүйл сурахыг эрмэлзэж, бүтээмжээ дээшлүүлэхэд санаачилгатай ажиллахыг зорьж байв. Тэгж ажиллаж байхдаа судалгааны ажилтайгаа холбоотой үйлдвэрлэлийн  технологийн чиглэлийн зургаан  санал гаргасан нь маш сайн санал, сайн саналын үнэлгээ авчээ.  Түүний маш сайн саналд үнэлэгдсэн саналууд нь бүтээмжийн төсөл болон үйлдвэрлэлд хэрэгжих боломжтой юм.  Төсөл болгохын тулд нэг жилийн хугацаанд сайн саналуудыг судалж,  үйлдвэрлэлд өгөх үр дүнг нь тооцож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх шат руу шилжүүлдэг үе шаттай. Энэ журмын дагуу Г.Батцоож инженер саналаа боловсруулж, төсөл бичихээр арга заавартай нь танилцаж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч  байгаа гэнэ. Түүнээс маш сайн саналын ангилалд үнэлэгдсэн технологийн саналын талаар тодруулахад үйлдвэрлэлийн горим, мэргэжлийн нарийн зүйлсийг уйгагүй тайлбарласан юм.
   Эрдэнэт үйлдвэр ТIMA гэдэг эрдсийн автомат минерологийн багажийг 2017 оноос судалгааны технологит ашиглаж эхэлжээ. Энэ багаж нь манай улсын хэмжээнд нэг, Хятад улсад хоёр байдаг бол Орос улсад ашиглаж эхлээгүй байгаа аж. Энэхүү автомат минерологийн багаж нь Чех улсын Tescan компанид үйлдвэрлэгдсэн, Эрдсийн дэлгэрэнгүй шинжилгээ, бүрэллэгийн шинжилгээ, сулралын зэрэг, баяжуулалтын бүтээгдэхүүнүүд болон геологийн дээжүүд дээр дэлгэрэнгүй шинжилгээ хийх зориулалттай. Энэ багажийг ажиллуулах заавар эзэмшүүлэхээр манай үйлдвэрээс гурван  мэргэжилтнийг  Чех улсад 1 сарын хугацаатай сургасны нэг нь Г.Батцоож. Ер нь уурхайд энэ багаж төдийлэн байдаггүй, ихэвчлэн их сургуулийн сургалтын лаборатор,  эрдэм шинжилгээний байгууллагуудад ашигладаг аж. Ийм ховор бөгөөд  өртөг өндөр багажийг манай үйлдвэр авсан нь мэргэжилтнүүдийн судалгааны ажилд маш том дэмжлэг болсон гэдгийг Г.Батцоож онцолсон. Тэр энэ багажны тусламжтайгаар хүдрийн хатуулгийг тодорхойлох Бондын ажлын индексийг эрдсийн шинжилгээ, химийн шинжилгээний үр дүнгээр тооцоолж  гаргажээ.  Нэг дээжийн  хатуулаг  тодорхойлоход дунджаар 14 цаг буюу ажлын бүтэн хагас өдөр шаардагддаг байна. Гэтэл үйлдвэрлэлийн явцад хүдэр хатуурах, эрдсүүд сулрахгүй байх, үйлдвэрлэлийн процесс доголдож эхэллээ гэхэд үүнд шуурхай цаг алдалгүй арга хэмжээ авах хэрэг болно. Хатуулгийг тодорхойлдог  олон аргачлал байдаг ч  Бондын индекс нь нэгж хүдрийг нунтаглахад зарцуулах цахилгаан энергийн зарцуулалтаар тодорхойлогддогоороо онцлогтой. Жишээ нь, хүдрийн хатуулгийг Ил уурхайд өрөмдөгдөх хугацаагаар тооцдог практик бий, лаборатори туршилт хийхэд задгай циклд хичнээн минут нунтаглаж байна вэ гэдгээс нь ерөнхий хандлагаар тодорхойлдог. Гэвч энэ нь бондын индекстэйгээ таардаггүй. Учир нь, Баяжуулах үйлдвэрт хүдэр нунтаглаад буцаагаад гидроцеклоны том ангиудаа эргэх ачааллаар тээрэмд дахин ордог. Өөрөөр хэлбэл, нунтаглах процесс эргэх ачаалалтай ажилладаг. Тэгэхээр үүнийг бондын индексээр л тодорхойлж гаргах нь үр дүнтэй. Харин Г.Батцоожийн судалгааны энэхүү ажлаасаа үүдэн гаргасан санал нь бондын индексийг эрдсийн дэлгэрэнгүй шинжилгээний үр дүнгээр регрессийн тэгшитгэл гаргаж авах ажил байв.
   “Энгийнээр тайлбарлавал, Судалгааны төв тэсэлгээний цооног, ашиглалтын цооног, гүйцээх хайгуулын дээж гэх мэтчилэн олон дээжүүд дээр TIMA-ийн эрдсийн дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн байдаг. Тэгвэл манай Бондын индекс маань хэд байгааг гарган авсан тэгшитгэлдээ оруулан дээр бүх дээжүүд дээр тооцоогоор гаргаж байна. Одоогийн байдлаар, Тема багажаар 2000 гаран дээж дээр туршилт хийгээд байна. Ингэснээр ирээдүйд  цаг хугацаа болон тоног төхөөрөмжийн элэгдэл, хүн хүчний хувьд ч маш их хэмнэлт гаргаж, үйлдвэрлэлийн процессийг шуурхай хянах боломжтой аргачлалыг шинээр санаачилсан юм. Энэ үр дүнгээр ил уурхайн хатуулгийн 2d карт гарган хэрэглээнд нэвтрүүлээд жил гаран хугаа өнгөрөөд байна. Энэхүү судалгааны ажлыг түүврээр 30 гаруй дээж дээр туршилт тавьж, бондын индекс болон эрдэс хамаарлыг тооцоолж олон хүчин зүйлийн регрессийн тэгшитгэл гаргасан. Энэ ажил бол бусад уурхайд хараахан хийгдээгүй. Яагаад гэхээр, уурхай бүр ийм өндөр үнэтэй, нарийн шинжилгээний төхөөрөмжөөр шинжилгээ хийх боломжгүй.  Нэг дээж дээр шинжилгээ хийхийн тулд өндөр өртөг зарцуулдаг. Бондын тест ч дангаараа их үнэтэй. Тухайлбал, гадны уурхай тест хийлгэхэд 400-600 мянга орчим төгрөг зарцуулна. Энэ үнэ өртөг ихтэй процессыг хямд зардлаар, шуурхай тооцооны аргаар гаргах ажлыг нэвтрүүлсэн, өгөгдлийн сан болон тэгшитгэлээ хөгжүүлсээр байна. Үүнийг үйлдвэрийн технологит маш чухал гэж үнэлж байгаа. Энэ аргачлаар маш их цаг хугацаа хэмнэнэ. Ашиглалтын цооногт Бондын ажлын индекс тооцоолоход 2 жилийн хугацаа шаарддаг. Энэ ажлыг бид эрдсийн шинжилгээ хийсэн байхад л шууд тооцоолно” гэж Г.Батцоож тайлбарлав. Үүнтэй уялдуулж боловсруулсан түүний бас нэг санал нь  хүдрийн хатуулгийг тодорхойлоход зарцуулагддаг 1.5 өдрийг богиносгож, 3.5 цагт тооцож гаргах тест. Энэ сэдвээрээ Г.Батцоож магистрын дипломын ажлаа хийж, хамгаалжээ.Түүний энэхүү бүтээлч санал нь хэдийнэ мэргэжилтнүүдийн дэмжлэг авч, үйлдвэрлэлд нэвтрээд хэрэгжиж байна. Үүний үр дүнд хүдэр хатуурах, технологийн үйл явц доголдох үед шуурхай хянаж, 3.5 цагийн дотор бондын индекс, хүдрийнхээ хатуурлыг тооцож гаргах боломжтой болж байгаа юм.  Бондын индекс гэдэг нь нэг тонн хүдэр нунтаглахад зарцуулагдах цахилгаан, эрчим хүчний хэмжээгээр тодорхойлогддог. Г.Батцоож инженерийн эдгээр санал нэвтэрснээр үйлдвэрлэл дээр хүдэр хатуурах, зөөлрөх гэсэн асуудал байхгүй болно гэсэн үг. Учир нь тэсэлгээний цооногт долоо хоногийн дараа орох хүдрээ урьдчилаад судалгаанд оруулаад, баяжигдах чанарын судалгаа, металл авалт, чанар гээд бүх мэдээлэл дээр нь бондын индескийг нэмж тодорхойлж өгдөг. Тиймээс хүдэр хатуурах, зөөлрөх эсэхийг Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Судалгааны төвийн технологич мэргэжилтнүүд урьдчилан харж, зэсийн агуулга, чанарыг  хянах боломжууд бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хяналтын үр дүнд Судалгааны төвийн судлаачид агуулга сайтай хүдрийг, сул байгаа хүдэртэй 30x70-ын харьцаатайгаар хольж оруулах талаар Ил уурхайнхантай зөвлөлдөж, ингэснээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлтэд эерэгээр нөлөөлөх нөхцөл бий болох ажээ. Энэхүү Бондын аргачлалыг Түргэвчилсэн Бондын аргачлал хэмээн шинэ стандарт гаргаж, нэвтрүүлж 2018 оны ашиглалтын 150-н дээж дээр индекс тодорхойлж, эрдсийн шинжилгээ хийж тэгшитгэлээ улам хөгжүүлсэн байна.  Үүгээр мөн 2d гаргаж, Геометаллургийн 3d загварт орох анхны өгөгдлийг геологи маркшейдерын албанд өгөөд байгаа юм.
   Эрч хүч, идэвх чармайлтаар өөрийгөө хөглөсөн залуу инженерүүдийн олон шилдэг оновчтой зөв санал, бүтээлч хандлага үйлдвэрийн үйл ажиллагаанд ач тусаа өгч буй нэгэн тод жишээ нь энэ. Бахархмаар бас урам хайрламаар сайхан зүйлсийн нэг гэвэл бас л энэ.
   Санаачилгатай, сэтгэлтэй байж гэмээнэ амжилт өөрөө ирдэг учиртай. Тэрхүү амжилтын босгонд ойрхон яваа Г.Батцоож инженерээс хүсэл мөрөөдлийнх нь талаар сонирхоход, “Инженерийн зураг төслийн төвд ажиллаж эхлээд, зураг зурах стандарт, аргачлалыг суралцаж байна. Цаашид энэ чиглэлээрээ гүнзгий судалж, илүү ихийг сурч мэргэших хүсэл эрмэлзэлтэй. Мөн үндсэн ажил мэргэжлээс гадна илтгэх урлаг, техникийн 3D зураг зурж сурах, анимешн хүүхэлдэйн киноны технологийг ажилтайгаа уялдуулж сурах гээд олон давхар хөрвөх чадварыг эзэмших зорилго өмнөө тавьсан” гэж бас л тун даруухан хариулсан. 
   Хүний амьдралын хамгийн чухал гурван эрхэм зүйлд  эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргал, мэдлэг чадвар гэж тооцдог залуухан инженер маань ур чадвараа дээшлүүлэхийн тулд хамгийн эхлээд өөртөө цаг үргэлж шинэчлэл хийж, суралцахын зэрэгцээ үр хүүхдүүдээ ирээдүйн хөгжил дэвшилд үнэ цэнэтэй байх мэргэжил эзэмшүүлж, зөв хүн болгон хүмүүжүүлэхэд бүх зүйлээ зориулна гэж бодож яваагаа ч өгүүлсэн. Ийм зөв бодол, зүтгэлтэй чанарыг эрхэмлэсэн олон арван залуус Эрдэнэт үйлдвэртээ эгэл даруухан хөдөлмөрлөж байгаад бахархал төрөхгүй байхын аргагүй. 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
 
   Эрдэнэт үйлдвэрт цаг нартай уралдан баялаг бүтээхийн зэрэгцээ ажилдаа тулгарсан саад бэрхшээлийг сайн санал хэрэгжүүлэн даван туулдаг бүтээлч залуус олон. Тэдний нэг нь Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн мастер Дашцэрэнгийн Баярмагнай юм. Түүний удирддаг бүтээмж чанарын дугуйлан хамгийн сүүлд экскаваторын тэжээлийн кабель уртасгах төхөөрөмж хийх төсөл амжилттай хэрэгжүүлсэн нь үйлдвэрт үр өгөөжөө өгсөөр байна. “Бүтээлч санаачилга-2018” сайн саналын системийн 100 манлайлагчийн нэг Д.Баярмагнайтай уулзаж цөөн хором ярилцлаа.
 
 
   - Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн ажил үүрэг, хамрах хүрээ их үү?
   - Манайх уурхайн хөдөлгөөнт болон суурин бүх төрлийн кабель, дэд станц, сэлгэн залгах функтуудын засвар үйлчилгээ, тохируулгыг релей хамгаалалт талаас нь хариуцдаг хэсэг. Гагнуурчин, гурван цахилгаанчинтай. Ажлын ачаалал бол хангалттай. 

   - Та бүтээмж чанарын дугуйлангийн ахлагчийн хувьд багийн гишүүдээ хэрхэн зохион байгуулж, идэвхжүүлдэг вэ?
   - Манай дугуйлан ”Цахилгаан хөдөлгөгч хүч” нэртэй. Ил уурхайн карьерт ажиллаж байгаа бүх цахилгаан хангамжийн сүлжээ ашигладаг шугамын болон релей хамгаалалтын бригадын 13 ажилтан бүтээмж чанарын энэ дугуйланд нэгддэг. Зарим дугуйлангийнхан сардаа нэг хуралдаж хийх ажлаа ярилцаж төлөвлөдөг гэсэн. Манайх бол ажлаа хийх явцдаа асуудлаа яриад, санал санаачилгаа гаргаад, шийдэл гарцаа тодорхойлж хэрэгжүүлээд явдаг. Хийсэн бүтээсэн сайжруулалтаасаа урам, бие биенийхээ дэмжлэгээс идэвх зүтгэл олж ажилладаг даа.   

   - Сайн санал гаргахад юу нөлөөлдөг вэ?
   - Сайн санал ажлын шаардлагаас ургадаг. Мөн ажиллах орчин нөхцөлөөс үүдэлтэй байх нь бий. Ажиллах явцад хүндрэл учрах, цаг алдах, тухгүй байх, эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөх зэрэг асуудал тулгарах үед сайжруулах боломжийн тухай бодоход сайн санал төрдөг. Тэр нь цаг хугацааны хувьд хэзээ ч байж болно. Ажил дээрээ, гэртээ, бүр зүүдэндээ ч сайн санал олж мэднэ. Гэхдээ санал бүхэн зөв байдаггүй. Энэ санал үнэхээр хэрэгтэй юу, хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг дугуйлангийн гишүүдтэйгээ ярилцаж шийддэг. 

   - Та өнгөрсөн онд хэдэн сайн санал гаргасан бэ?
   - Сайн саналын системд бүртгүүлсэн нь 20 дөхсөн байхаа. Программ алдаатай байснаас зарим санал маань бүртгэгдээгүй.   

   - Сайн саналаасаа төсөл болгон хэрэгжүүлсэн үү?
   - Түрүү жилийн хувьд саналаа төсөл хэлбэрээр бичиж хэрэгжүүлсэнгүй. Гэхдээ төслийн түвшинд хийгдсэн ажлууд бий. Өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан шинээр релей суурилуулсан, релейний пааз солих төхөөрөмж хийсэн. Мөн аюулгүй ажиллагаа хангасан нэлээд ажил хийсэн нь үр дүнтэй байна.

    - Энэ жилийн тухайд...?
   - Манайх ажлын шинэ байртай болсон юм. Тэндээ релейнүүдээ ангилж хадгалах тавиуртай шүүгээ хийлээ. Мөн экскаваторын тэжээлийн кабель уртасгах төхөөрөмж шинээр хийлээ. Өмнө нь хийсэн ч тэр нь эвдрэл ихтэй байсан учраас шинэчилсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бодож дотоод хамгаалалтыг маш сайн сайжруулж хийснээрээ онцлог. Экскаватор нүүлгэх үед сэлгэн залгалт буюу цахилгаан хэд дахин холбох байсныг нэг холбоод нүүлгэх хэмжээнд хүргэсэн гэсэн үг. Одоо ашиглаж байгаа.

   - Үйлдвэрлэлд үзүүлэх үр ашгийг нь тооцож үзсэн үү?
   - Жижиг харьцуулалт хийсэн. Дэлхийн бусад уул уурхайд ийм зориулалтаар ашигладаг төхөөрөмж зах зээл дээр 800 орчим мянган долларын үнэтэй байна.  Энэ төхөөрөмжөөр хийдэг нүүлгэлтийг бид 23,8 сая төгрөгөөр хийчихэж байгаа юм. Мэдээж, бүрэн гүйцэхгүй ч үүрэг бол гүйцэтгэж байна.

   - Ийм бүтээлч залуусаа хэрхэн урамшуулж байна даа?
   - Бүтээмжийн ажил өөрөө урамшууллын системтэй. Гаргасан санал бүхэн үнэлэгдээд, тав, арван төгрөг нэмэгддэг. Залуустаа үүнийг л сайн ойлгуулж  ярилцдаг даа. Жилийн хугацаанд тэр маань ийм ийм сайхан саналууд гаргаж, төдөн төгрөгийн урамшуулал хүртлээ. Ажил дээр ийм ахиц, үр дүн гарлаа, баяр хүргэе гээд л мэдээлнэ шүү дээ. Хамт олных нь дунд сайшаах нь бас нэгэн төрлийн урамшуулал юм.

   - Ер нь сайн саналын урамшууллын системийн талаар сэтгэл ханамж хэр байдаг вэ?
   - Миний бодлоор санхүүжилтыг сайжруулах шаардлагатай. Сайн саналын эдийн засгийн үр ашгийг тооцож, тодорхой хувиар урамшуулдаг байх хэрэгтэй. Өмнө нь бид кабелийн төгсгөвчийг нөөц бололцоогоо ашиглан зэс хоолой тасдаж хийсэн. Үйлдвэрт ширхэг нь 2500-аар нийлүүлж байгаа төгсгөвчийг өөрсдөө хийхэд нэг нь 800 төгрөг болох жишээтэй. Үйлдвэр ажиллаж байх бүх цаг үед төгсгөвч ашиглана гээд бодоход тэр санаа, төслийн эдийн засгийн үр ашиг хэр зэрэг өндөр байх нь тодорхой. Иймээс сайн саналд эдийн засгийн үр ашгийг тооцон уялдуулж үнэлгээ тогтоох нь зүйтэй санагддаг. Сайжруулалтын ажлуудад мөн адил. Тэгвэл илүү боломж нээгдэнэ.

   - Өөрөө ямар мэргэжлийн хүн бэ?
   - Би 2007 онд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийг уулын цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, цахилгааны инженер мэргэжлээр дүүргэсэн. Төгсөөд сарын дараа сонгон шалгаруулалтад тэнцээд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байлаа. Манай эрчим зүйч, хэсгийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн биднээс шалгалт авч байсныг тод санадаг. Би Эрдэнэтийн хүүхэд биш болохоор төгсөөд ажил хурдан олох хамгийн чухал байсан.

   - Аль нутгийнх вэ?
   - Төв аймгийн Зуунмод сумынх. Сургуулиа төгсөөд хотод эдийн засгийн сургууль авсан ч тэрийгээ хаяад энд ирж суралцсан даа. Ер нь багаасаа инженерт сонирхолтой байсан. Одоо бурхны оронд морилсон манай нэг ах Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт савлагч хийдэг байсан юм. Ахыгаа түшиж ирсэн маань их зөв сонголт байж гэж одоо бодогддог.
 
   - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын нэгэн бүтэн үе шинэчлэгдсэн. Залуусын эрин ирсэн байна. Үеийн нөхөддөө юуг уриалах вэ?
   - Бид алдах эрхгүй ажилтай хүмүүс. Тэр тусмаа цахилгаан гэдэг үйлдвэрийн мэдрэлийн судал, хөдөлгөгч хүч нь юм. Тиймээс хүн бүр ажил мэргэжилдээ эзэн байж, бусдад түгээж, нөлөөлж, өөрийн ажлын хариуцлагаа өөрөө бүрэн үүрч чаддаг байх ёстой. Залуу хүнд зөв үзэл, хандлага маш чухал. Эндээс л манлайлал эхэлнэ, хамтдаа урагшилъя гэж уриалмаар байна.

   - Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаж чадаж байна уу?
   - Хичээж байгаа. Би 2013 онд Эрхүүд магистр хамгаалсан. Техникийн талын мэдээллийг орос хэл дээр судалж байна. Одоо англи хэл сурчихвал орчин үеийн шаардлагад нийцэж, манлайллыг өөртөө нэг шат ахиулна. 

   - Танд улам их амжилт хүсье. Баярлалаа. 

   Тэр намайг ажлын байрнаасаа үдэхэд юунд ч юм санаагаа чилээн байгааг нь анзаарсан юм. Асуувал, “Сэлгэн залгах функтын хаалганы түгжээний тросс олон дахин татаснаас бүрээс нь хууларчихаж. Тэрийг юугаар орлуулан хийж болох вэ гэж бодоод л...” гэсэн юм. Ийм л бүтээлч залуу бидний дунд ажиллаж байна.
 

М.ОДГЭРЭЛ

 
   Соёл урлагаар дамжуулан Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журам, зааварчилгааг үйлдвэрийн нийт ажилчдад хүргэдэг “SAFETY FIRST-2019” уламжлалт тэмцээн өчигдөр эхэлж нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн удирдлагууд хүрэлцэн ирж баяр хүргэж, нийт багууддаа амжилт хүслээ.
   Ус хангамжийн цех, Эрдэнэт сувиллын цогцолборын тоглолтоор тэмцээн эхэлж, багууд асуулт хариулт, аюул түүний үр дагаврыг тогтоох даалгавруудаас гадна "Аюулгүй ажиллах соёл" сэдвээр урлагийн үзүүлбэр үзүүллээ. Хөгжөөн дэмжигчдийн дунд асуулт хариултын тэмцээнээр үргэлжилж, хөгжөөн дэмжигчдийн оролцоо, ирц багийн оноонд нөлөөлөх тул танхим дүүрэн үзэгчидтэй байлаа.
   Энэхүү тэмцээнд жилд 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцдог бол хөгжөөн дэмжигчээр нэг удаагийн тоглолтыг 450 гаруй ажилтан үзэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал нэн чухал гэсэн ойлголтыг олон нийтэд түгээдэг юм.
   “SAFETY FIRST” тэмцээн 1996 оноос хойш тасралтгүй 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, ажилчдын хүсэн хүлээдэг тэмцээн болтлоо өргөжиж, үйлдвэрийн газрын цех нэгжүүдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
   Тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн газрын 20 цехийн баг оролцож байна. Эхний шатны тэмцээн энэ сарын 17 хүртэл үргэлжилж шилдгүүд дараагийн шатанд оролцох юм. Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Соёл урлагийн цогцолбор тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн нь Соёл урлагийн цогцолборын өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын эхлэл болж байгаагаар онцлог болж байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс
 
 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяртай ярилцлаа.

  - “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгоод тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бүтэц, нэгжийн өөрчлөлт хийх зэрэг нэлээд ажил өрнөсөн байх.  Ямар өөрчлөлтүүд хийгдсэн бэ? 

  - Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03-р сарын 21-ны өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Үүнтэй холбоотой үйлдвэрт мөрдөгдөж байгаа дүрэм журам, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүдийг шинэчлэх томоохон цар хүрээтэй ажлууд хийгдлээ. Бид үйлдвэрийн 6000 гаруй ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт шинэчлэх, мөн үйлдвэрийн газрын ажилтнуудын хүний нөөцийн мэдээллийн сангийн сайжруулалтын  ажлыг холбогдох хэлтсүүдтэй хамтарч богино хугацаанд хийж гүйцэтгэж байна.

   - Бүтэц, орон тоо өөрчлөгдөхтэй зэрэгцэн албан тушаалын томилгоо хийгддэг. Хэр өөрчлөлт орсон бэ?
   - Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  баталсан бүтцийн дагуу  Монгол Улсын Засгийн газрын баримталж буй удирдах ажилтныг шаталсан мерит зарчмаар дэвшүүлэн ажиллуулах чиглэлийг баримтлан  үйлдвэрийн газрын удирдах ажилтнуудыг Ерөнхий захирал томилсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт удирдах ажилтнуудын  90 хувь нь үйлдвэрт  тодорхой албан тушаалд ажиллаж байсан ажилтнууд бол,  41.8 хувь нь 45 хүртэл насны залуу ажилтнууд,  62.7% нь төрөлх үйлдвэртээ 11-ээс дээш жил ажилласан  бүх шатны удирдлагын  түвшинд тогтвортой ажиллаж,  хүний нөөцийн бодлогын хүрээнд олон жил бэлтгэгдсэн, уул уурхайн салбарын туршлагатай ажилтнууд ч ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээл дээрээс мэргэжлийн туршлагатай цөөн мэргэжилтнийг урьж ажиллуулсан.  Манай үйлдвэрт туршлагатай, дадлагатай, мэргэжилтэй удирдах ажилтны хангалттай нөөц бий. Ер нь хүний нөөцийн бодлого гэдэг зөвхөн томилгоо төдий  асуудал биш. Үйлдвэрийн урт хугацааны хөгжлийн  бодлогын нэг чухал хэсэг.

   - Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн статус өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажиллагсадтай хийх гэрээг шинэчлэн байгуулсан гэсэн үг үү?
     - Тийм. Үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой хөдөлмөрийн харилцааны бүхий л баримт бичиг шинэчлэх шаардлага гарсан. Түүнээс ямар нэгэн байдлаар ажилчдыг  хоморголон халсан, өөрчилсөн зүйл байхгүй. Хуулийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан цөөн тооны хүн бий. Хүний нөөцийн бодлогын хүрээнд өндөр мэргэжилтэй инженер техникийн ажилтнуудыг зөв  байршуулан ажиллуулах асуудлыг үйлдвэрийн газрын Ерөнхий захирал, удирдах бүрэлдэхүүн онцгой анхаарч  ажиллаж байна. Энэ онд нийт бүтцийн нэгжийн 153 ажилтныг дэвшүүлэн ажиллуулсан бөгөөд эдгээр ажилтны 24%-ийг ажилчны орон тоон дээр ажиллаж буй дээд боловсролтой залуучууд эзэлж байгаа бол, 38.5% нь инженер техникийн ажилтнаас удирдах албан тушаал дэвшин ажилласан  байна. Мөн 66% нь залуу ажилтан байгаа нь үйлдвэрийн газрын  залуу чадварлаг  ажилтнуудыг дэмжих бодлогын хүрээнд тэдний ур чадварыг бодитой үнэлж байгаагийн тод жишээ гэж харж болно.

   - Үйлдвэрийн газарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн талаар товч танилцуулна уу. Хүний нөөцийн бодлогыг бодит судалгаанд үндэслэх шаардлагатай гэж та бүхэн үзсэн үү?
   - “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/656 тоот тушаалаар бид “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлыг санаачлан зохион байгуулж байна. Энэ хүрээнд мянга гаруй ажилтныг хамарсан Сэтгэлзүйн болон социологийн судалгааны томоохон ажлыг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдтэйгээ хамтран  хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын үр дүнгээр хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөтөлбөр боловсруулах дэд хэсгүүдийг байгууллаа. Шинэ ажилтны дасан зохицох, Залуу ажилтныг дэмжих, Манлайллын буюу түлхүүр ажилтны, Ахмад ажилтанд зориулсан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх дэд ажлын хэсгүүдийг байгууллаа. Тухайлбал шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр гэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн 40 гаруй жилийн түүхэнд хүний нөөцийн нэг үе бүрэн солигдсонтой холбоотой уялдаж байгаа юм. Үйлдвэрийн нийт ажилтны нас насанд нь тохирсон  бодит судалгаа, нотолгоонд үндэслэсэн бодлого боловсруулан ажиллах нөхцөл шаардлага бидэнд зайлшгүй тулгарч байна. Залуу ажилтнуудыг дэмжих, хөгжих боломжоор хангах, түлхүүр ажилтны  манлайллыг урамшуулан  хөгжүүлэх нь  компанийн хүний нөөцийн бодлогыг тогтвортой авч явах, зөв хандлагатай чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх чухал  нөхцөлийг бүрдүүлнэ гэж бид харж байна.

   - Судалгааны үр дүнгээс онцлох ямар асуудал байна вэ?
   - Шинэ ажилчдын сэтгэлзүйн судалгаанаас харахад манай үйлдвэрт ажилд орсон залуу ажилчдын дундаж нас 31 байна. Тэд ажилдаа сэтгэл хангалуун байдал маш өндөр хувьтай байгаа нь судалгаагаас харагдсан. Ажил сайжруулах, шинийг санаачлах, сэтгэлгээ нь хайрцаглагдаагүй, уян хатан, ажлаа төгс хийх эрмэлзэлтэй, бусдын хяналтгүйгээр хариуцлагатай ажиллах хандлагатай байгааг эндээс харж болно. Мөн социологийн судалгаа хийгдсэн.  Шинээр ажилд орсон хүмүүст дасан зохицоход хэдий хугацаа орж байна, эерэг болон сөрөг хүчин зүйл юу байна гэх мэтчилэн маш нарийн судалсан. Ажилтны  тогтвортой ажиллах сэтгэлзүй өндөр байгаад шууд нөлөөлж буй хүчин зүйл нь бичил хамт олон юм гэдэг нь судалгаанаас харагдаж байна.  Шинэ залуу ажилчдыг тогтвортой ажиллуулж, тухайн ажлын байранд чадварлаг хүний нөөц болгон үлдээнэ гэдэг бол маш чухал асуудал. “Эрдэнэт”  үйлдвэр том хамт олон. Зөвхөн уул уурхай гэлтгүй эмнэлэг, нийгмийн харилцаа, аялал жуулчлал, спорт, урлаг зэрэг нийгмийн олон салбарын мэргэжлийн хүмүүс нэгдэж ажилладаг онцлогтой. Тиймээс шинэ хүмүүсийг үйлдвэртэй танилцуулах аялал зохион байгуулж, энэ том гэр бүлийн гишүүн болсныг нь танилцуулах гэх мэт олон ажил хийхээр төлөвлөж байна. Манай Технологийн сургуулийн удирдлага, мэргэжилтнүүд энэ хөтөлбөр дээр хамтран ажиллаж байна. Судалгаанаас харахад, шинээр ажилд орсон хүмүүст мэдээлэл дутмаг байдал зонхилж байгааг олж харсан. Бид үүн дээр анхаарч ажиллана.

   - Үйлдвэрт тэтгэврийн насанд дөхсөн ахмад ажилтнууд цөөнгүй хувийг эзэлдэг. Тэдэнд чиглэсэн ямар бодлого байх  вэ?
   - Манайд салбартаа дээгүүрт үнэлэгдэх арвин туршлагатай ахмад ажилтнууд олон бий. Ахмад ажилтны судалгаанд оролцогчдын 84.2  хувь тэтгэвэрт гарахад сэтгэл зүйн бэлтгэл маш чухал гэж үзсэн бөгөөд ахмад ажилтанд зориулсан бодлого хөтөлбөр чухал гэдэгтэй санал нэгдсэн байна. Судалгааны дүнгээс харахад зарим талаар шинийг санаачлах эрмэлзэл буурсан ч мэдсэн сурснаа бусдадаа зааж өгөх чин хүсэлтэй байдаг. Тэдний эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн халамж, үйлчилгээ болон  тэтгэврээс гадна нэмэлт орлоготой болох боломжийн талаар сургаж, бэлтгэх хэрэгцээтэй байна. Харин залуу ажилтнууд ахмадуудаасаа илүү үлгэр дуурайлал, зөв хандлагыг хүлээж байдаг нь судалгаанаас харагдсан.

   - “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орох хүсэлтэй хүн олон байдаг. Сул ажлын орон тоо байхгүйн зовлон хэзээд л байдаг шүү дээ. Он гарсаар хэдэн ажлын байранд сонгон шалгаруулалт хийсэн бэ?
   - “Эрдэнэт” үйлдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас батлагдсан хязгаар дотор хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ. Тогтвортой ажлын байр, тодорхой хэмжээний өндөр цалин хөлсийг дагаад хүний нөөцийн хөдөлгөөн маш бага байдаг. Тогтворжилтын коэффициент өндөр гэсэн үг. Яагаад гэвэл хүмүүс нэгэнт ажилд орсон бол ажлаас гарах сонирхол, магадлал маш бага. Манай ажлын байрны гол хөдөлгөөн  ажилтан хүн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд гардаг. Гэхдээ хамтын гэрээний 2.4 заалтаар “Эрдэнэт” үйлдвэрт 20-иос дээш жил ажилласан хүн тэтгэвэрт гарахдаа өөрийн мэргэжлээр суралцаж төгссөн нэг хүүхдийг үе уламжлан ажиллуулах эрхтэй байдаг. Сул ажлын байрыг нээлттэй зарлаж сонгон шалгаруулалтаар иргэдийг ажилд авах зарчим баримтлан ажиллаж байна. Хагас жилийн байдлаар 53 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг холбогдох мэргэжлийн хэлтэс, бүтцийн нэгжүүд зохион байгуулсан.

   - Хамтын  гэрээний дээрх заалтыг зарим хүн “Үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг алдагдуулж байна” гэж шүүмжилдэг. Эцэг эхийнхээ оронд ажилд орсон залуус ажлын шаардлага хангаж чаддаг уу?
     - Хоёр талтай. Хамтын гэрээний энэ заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас буруу, эсвэл зөв гэх нь оновчгүй. Энэ заалт нь нэг талаас тухайн хүнийг тогтвортой сайн ажиллах хөшүүрэг болдог. Ажилтныхаа нийгмийн асуудлыг ч шийдвэрлэдэг сайн талтай. Нөгөө талаас тухайн ажлын байранд үнэхээр чадварлаг, авьяастай хүнийг шударгаар сонгон шалгаруулах зарчим алдагдаж байна уу гэвэл бас бодох л асуудал. Гэхдээ үе залгамжлан ажиллах гэж байгаа хүүхдүүдийг нь мэргэжлийн хувьд тэнцэж байна гээд ажилд шууд оруулчихдаггүй. Туршилтын хугацаанд тавигдсан шаардлага хангасан тохиолдолд үндсэн ажилтан болгодог.

   - Манай үйлдвэр өөрийн гэсэн дотоод соёлтой, хариуцлагатай, улс нийгэмдээ ч өндөр ач тустай хамт олон. Гэвч цахим орчинд энэ хамт олны хийж бүтээснийг харлуулах оролдлого мэр сэр гардаг. Энэ талаар таны байр суурийг сонирхож болох уу?
   - “Эрдэнэт” үйлдвэр бол хөгжлийн, түүхийн, үнэт зүйлийн хувьд ч маш их үнэ цэнтэй том байгууллага. Тийм ч учраас манай ахмадууд энэ бор уулын буян хишгээр сайхан амьдарч байна гэж хэлдэг шүү дээ. Үйлдвэр ямар ч статустай байлаа гэсэн энэ уурхайчин хамт олны нуруун дээр, энэ хүмүүсийн зүрх сэтгэл дээр л үйлдвэр тогтож, энэ баялаг бүтээгддэг.  Гэтэл тэр үнэт зүйлсээ харлуулж байгаа нь идэж буй будаа руугаа нулимахтай адил гэж би үзэж байна. Ажилтан ч, удирдлага ч байгууллагынхаа дотоод дүрэм журмыг мөрдөж ажиллах нь зохистой юм.

   - Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг болсон. Энэ өдрийг та бүхэн хэрхэн угтаж байна вэ?
   - Хүний нөөцийн ажилтны өдрийг угтаж үйлдвэрийн газрын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ажил мэргэжлийг үнэлэх, тэдний ажил хөдөлмөрийг сурталчлах, мөн сургах хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлыг төлөвлөн хийж байна. Манай хамт олон Монголын Хүний Нөөцийн институттэй хамтарсан Хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн эрхзүйн чиглэлийн сургалтыг амжилтай зохион явууллаа. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний “НR DAY-2019” чуулганд хамт олны төлөөллийг оролцуулахаар төлөвлөж байна. Ер нь манай “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд маш чадварлаг, ажлын ачаалал даах чадвартай, нэг санаа зорилготой сайхан хамт олон байдаг. Тэднийгээ мэргэжлийн хувьд хөгжүүлж бодлогын түвшинд ажиллах боломжийг нээж өгөх нь бидний гол зорилго юм.  Эцэст нь хэлэхэд “Posche”  компанийн Ерөнхий менежер Петер Шуц-ын хэлсэнчлэн “Хандлагыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүлэх” асуудал ямар ч компанийн хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвшилд чухал байдгийг онцольё доо. 
 
   - Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
 
Б.УЧРАЛ
   Эрдэнэт үйлдвэр зэс, молибдены баяжмал үйлдвэрлэн гаргах үндсэн үйл ажиллагаатай. Үйлдвэрлэлийн процессыг тасралтгүй, найдвартай  явуулахад  хамгийн чухал хүчин зүйл нь эрчим хүч. Цахилгаан, дулаан, уур, усгүйгээр Эрдэнэт  үйлдвэрийг төсөөлөхөд бэрх. Иймээс бид үйлдвэрийн процесст амин чухал үүрэгтэй цех, хэсгүүдийн үйл ажиллагааг цувралаар сурвалжилж, тэдний гол хөдөлгөгч хүч болсон ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж ярилцах юм. Эхнийх нь “Хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр найдвартай соёлтой хангах” эрхэм зорилготой Цахилгаан цех. Үйлдвэрийн дүүрэгт орших эдний офисс багахан цэцэрлэгт хүрээлэнг санагдуулам. Харин хана, шалыг нэгэн хархүү гялалзтал угааж зогсох нь содон. Тэр багш мэргэжилтэй ч ижийгээ залгамжлан ажлын байрыг цэмцийлгэж  буй нь тэр.
   Цахилгаан цех нь Шугам сүлжээ дэд станц, Реле хамгаалалт автоматик, Теле механик, Цахилгаан техникийн тусгай лаборатори, Шуурхай үйлчилгээ диспетчерийн, Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын, Захиргааны гэх долоон хэсэгтэй. Тэд Эрдэнэт үйлдвэрийн өндөр хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж, эрчим хүч түгээн дамжуулдаг.
 
 
Бид энэ эрхэм үйлсийн эзэд залуусын төлөөлөлтэй уулзаж дараах асуултад хариулт авсан  юм. 
 
Цахилгаан техникийн тусгай лабораторийн хэмжилт тохируулга туршилтын инженер В.Анхбаяр: Онцгой боловсон хүчин байхыг эрмэлздэг
 
 
   - Эрдэнэт үйлдвэртэй хэрхэн холбогдсон бэ?
   - Би  Эрдэнэт үйлдвэрт 10 дахь жилдээ ажиллаж байна. Эхний хоёр жил цахилгаанчнаар, тэгээд л инженер болсон.

   - Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд цахилгаан тоног төхөөрөмжийн хэмжилт туршилт хийдэг. Манай лаборатори төвийн бүсийн бүх аймагт туршилт хийх эрхтэй. Өндөр хүчин чадалтай төхөөрөмжөөр тоноглогдсон. Тухайлбал Авсралийн Баур фирмийн явуулын лабораторийг өнгөрсөн жил авсан. Энэ нь Монголд ганцхан бөгөөд манайд ашиглагдаж байна. Цахилгаан гүйдэл таван мэдрэхүйгээр мэдэгдэхгүй. Иймээс тусгай зориулалтын дурангаар халалт дуранддаг. Нил ягаан туяаны үзлэгээр цахилгаан тоног төхөөрөмжийн гэмтэл илрүүлэх хамгийн сүүлийн үеийн ФлирТ1020 төхөөрөмж саяхан манайд ирсэн.

   - Эрдэнэт үйлдвэрт залуус хөгжих боломж хэр байдаг вэ?
   - Боломжтой. Залуусыг сургах хөгжүүлэх талаар үйлдвэр, цехийн удирдлагаас их анхаардаг. Тухайлбал, саяхан Эрчим зүйн хэлтэс манай цехтэй хамтран орчин үеийн Матлаб-ын сургалт явуулсан. Энэ чиглэлээр Монголдоо “толгой цохих” мэргэжилтэн, профессор Н.Ариунболор багшийг  урьж заалгасан. Энэ программ нь  маш том мэдээллийн сан дээр боловсруулалт хийснээр  хэрэгтэй зүйлээ авах, шинийг хийж  үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бас эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх ч  боломжтой.  Энэ программыг ашиглан ороомгийн групп  тодорхойлох механик ажиллагаатай багажийг автоматжуулан бүрэн автомат багаж зохион бүтээх санаа байна. Одоогоор  янз бүрийн  трансформатор дээр ашиглахад хэр байх, холболтын төрлийг өөрчлөн туршин судалж  байна.  Алсдаа судалгааны ажил хийх сонирхол байгаа.

   - Таны цаашдын зорилго?
   - Би  шинэ юм сурч, мэдэх эрмэлзэлтэй. Орос хэлийг бие даан сурсан. Англи хэлний мэдлэгээ улам ахиулахаар хичээж байгаа. Бидний үеийнхэн интернетээр олон зүйл сурах боломж байна. Цаашдаа мэргэжлээрээ  гадаадад магистрт сурах  хүсэл бий. Цахилгаан тоног төхөөрөмжийн тусгай лаборатори улсад ганц байх онцгой лаборатори. Үүнд  нийцсэн онцгой боловсон хүчин байхын төлөө мэрийдэг. Бүх талын  ялангуяа цахилгаан тоног төхөөрөмжийн өргөн мэдлэгтэй болохын төлөө чармайж явна. 
 
Шугам сүлжээ, дэд станцын хэсгийн туршилт, хэмжилт хамгаалалтын инженер Г.Ган-Эрдэнэ: Залуу хүн чадахгүй гэж хэлэх эрхгүй
 
 
    - Эрдэнэт үйлдвэртэй хэрхэн холбогдсон бэ?
   - Би аавынхаа ажил мэргэжлийг өвлөн цахилгаанчин болсон. Аав  Ш.Гансуурь минь энэ цехэд олон жил ажилласан, ажилч хичээнгүй хүн байсан юм. Би аавынхаа  үйлсийг үргэлжлүүлж яваагаараа бахархаж, нэрийг нь өндөрт өргөж явахсан гэж хичээдэг. Би мэргэжилдээ их дуртай.

   - Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?
   - Эрдэнэт үйлдвэрийн өндөр хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийн засвар, угсралтын үйл ажиллагааг хариуцдаг. Засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийснээр үндсэн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, цаашлаад үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал  нөлөөтэй.  6кВ-ын кабель гэмтлээ гэхэд тухайн тэжээж буй тоног төхөөрөмж хүчдэлгүй болно. Бид аль болох шуурхай ажиллан холболт хийж, тоног төхөөрөмжийг хүчдэлтэй болгох жишээтэй.

   - Эрдэнэт үйлдвэрт залуус хөгжих боломж хэр байдаг вэ?
   - Боломжтой. Энэ жил манай цехийн ажилтнуудад явуулсан  Диг сайлант компанийн Повер Фактор программын сургалт их таалагдсан. Цахилгаан системийг бүхэлд нь программд оруулж бүх төрлийн тооцоо судалгаа хийх боломжтой юм билээ. Би үндсэн ажлынхаа зэрэгцээ, Технологийн сургуульд мэргэжлээрээ багшилдаг. Ер нь мэргэжлээ улам гүнзгийрүүлэн судалж, бас гадаад хэлийг шамдан суралцаж байна.  Мөн цехийнхээ Бүтээмж инновацийн чиглүүлэгчээр ажиллаад жил боллоо. Бүтээмж инновацийн сургалтад олонтаа хамрагдсан. Эндээс сурч мэдсэнээ хамт олондоо түгээж байгаа. Ажиллагчдынхаа хандлагыг өөрчилж, шинийг санаачлах идэвхийг нь өрнүүлэх чиглэлээр  ажиллах урамтай бас сонирхолтой байдаг. Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжихийг хүсдэг.

   - Таны цаашдын зорилго?
   - Мэргэжлийн ном болон уран зохиолын ном унших дуртай. Саяхан Цахилгаан цехийн шинэ ажилтнуудад зориулсан гарын авлага хэвлэн гаргасан. Цаашдаа мэргэжлийнхээ дагуу ном бичих төлөвлөгөө бий. Залуу насандаа хийж бүтээж, сурч боловсорч, өөрийгөө байнга хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд “Залуу хүн чадахгүй гэж хэлэх эрхгүй” гэж боддог. 
 
 
   Үйлдвэр техникийн албаны дарга техникийн шинэчлэл, төлөвлөгөө хэрхэн биелж буй талаар ийн ярилаа
 
Н.Чулуунбаатар: Техникийн шинэчлэл эрчимтэй өрнөж байна

 
   - Техник шинэчлэлийн хүрээнд  хийж буй ажлаасаа ярина уу?
   - Цахилгааны цехэд техник тоног төхөөрөмжийн шинэчлэл эрчимтэй өрнөж байна. Манай цехийн удирдлага, хамт олны санаачилга, үйлдвэрийн удирдлагын дэмжлэгээр энэ ажил тун урагштай яваа. Тухайлбал, Цахилгаан тоног төхөөрөмж засварын хэсэгт ороомог сугалах тусгай технологитой. Монгол улсад анхны төхөөрөмжийг бид хүлээн авлаа. Тус төхөөрөмж нь нэлээн нарийн технологитой учраас үйлдвэрлэгч  компаниас мэргэжилтэн ирж тохируулах юм. 35/110кВ-ын сэлгэн залгалтын аппаратур буюу элегазын таслуурын шинэчлэл мөн үргэлжилж байна. Бид сүүлийн 10 жилийн хугацаанд ихэнх дэд станцуудаа сольж дууслаа. Очистные-Б 35кВ-ын шугамын 2 дэд станц захиалсан, хугацаанаас хойшилж саяхан худалдан авалт хийгдлээ. Дулааны улиралд сольдог дүрмийн дагуу ирэх хавар суурилуулна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахилгаан хангамжийг хянаж удирддаг Телемеханикийн хэсгийн СКАДА системийн программ хангамж үндсэндээ бүрэн шинэчлэгдэж уг ажлыг Шнейдер Электрик Энлайт компани хийж дуусгалаа. Манай Цахилгаан техникийн тусгай лаборатори улсын хэмжээний тусгай зөвшөөрөлтэй лаборатори. Энд орчин үеийн өндөр түвшний нарийн хэмжүүрүүд нийлүүлэгдэж байгаа. Манай үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өргөтгөснөөр орчин үеийн өндөр чадал, өндөр хүчдэлтэй тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Энд хийх туршилт, хэмжилтийн зориулалтаар нилээд олон багаж төхөөрөмж авсан. Тухайлбал 110кВ-ын дэд станцын кабель, агаарын шугам, трансформаторт өндөр хүчдэлийн туршилт хийх зөөврийн төхөөрөмж оруулж ирсэн. Үүгээр ЦРП-10 дэд станцын шинэ трансформатор туршсан. Эхний туршилт амжилттай болсон. 35кВ-ын дэд станцын 10000кВА чадалтай трансформаторын шинэчлэл хийгдэж байна. Хоёр жилийн турш Худалдан авалт, хангамжийн хэлтэстэй хамтран ажиллаж трансформатор хүлээн авсан. Казахстанаас хоёр мэргэжилтэн ирж манай инженерүүдтэй хамтран угсарч, туршилт хийлээ. 

   - Ган бөөрөнцгийн цехийн шинэчлэлтэй холбоотойгоор цахилгаан хангамж шинэчлэгдэх үү?
   - Тийм ээ. Ган бөөрөнцгийн цех  коксожсон нүүрс шатааж, ган бөөрөнцөг үйлдвэрлэдэг технологио өөрчлөн  индукцийн зуух тавьж буйтай холбогдуулан их чадлын тусгай цахилгаан хангамж хэрэгтэй болсон. Үүнтэй холбогдуулан тэжээлийн 6 кВ-ын агаарын шугам татах бэлтгэл ажил хийгдэж байна. 12-р сард Ган бөөрөнцгийн цехийн тоног төхөөрөмж шинэчлэгдэн ашиглалтад ороход цахилгаан хангамжийн асуудлыг бид бүрэн шийдэх ёстой. Одоогоор кабель суурилуулах болон агаарын шугамуудын тулгуурын  суурийг бэлтгэж байна. 

   - Мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах чиглэлээр сүүлийн үед ямар ажил хийж байна?
   - Шинэ тоног төхөөрөмж суурилуулж буйтай холбогдуулан мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх ажил давхар явж байна. Реле хамгаалалт автоматикийн хэсгийн даргыг саяхан бид “Шанхайн экспо” үзэсгэлэнд оролцуулсан. ABB компанийн хөдөлгүүрийн туршилт засварын чиглэлээр Хөдөлгүүр засварын мастерыг мөн БНХАУ-ын Шанхай хотод сургалтад явуулах гэж байна. Хүний нөөцийн бодлогоор дөрвөн инженерийг ОХУ-ын Их сургуульд магистрын сургалтад явуулах гэж байна.

   - Төлөвлөгөөт ажил хэр биелж байна?
   - Манай цех тусгай тоног төхөөрөмж ашиглан Эрдэнэт үйлдвэрт жилд ойролцоогоор 906 сая.кВт/цаг цахилгаан эрчим хүч түгээж, дамжуулдаг. Энэ ажлаа тасралтгүй, найдвартай явуулахын тулд тоног төхөөрөмжүүдээ зогсолтгүй, баталгаатай ажиллуулах ёстой. Үүний тулд төлөвлөгөөний дагуу жилийн турш урсгал болон их засварын ажил хийдэг. Одоогоор доторх тоног төхөөрөмжийг засварлах ажил хийж байна. Өнөөдрийг хүртэл тайлант хугацаанд төлөвлөсөн ажлууд 100 хувийн биелэлттэй явна. Энэ оны 12 дугаар сарын 20 гэхэд жилийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх зорилготой ажиллаж байна.
 
Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс
   Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай жишиг уурхайн хувьд олон нийтэд чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм. Энэ удаа  агаарын бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй, утаагүй, шахмал түлш хийх үйл ажиллагааг туршилтаар эхлүүллээ.
   Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсэг дээр жижиг хэмжээний технологи суурилуулан ОХУ-ын PMI sysmems компанийн гурван инженерийг авч ирж туршилтаар шахмал түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.
   Химийн барьцалдуулагч ямар нэгэн бодис ороогүй харин ч модны навч, үртэс, хамгийн хямд түүхий нүүрсийг баяжуулан  шахмал түлш хийн туршиж байна. Бүр төрлийн зууханд хэрэглэж болох тал дээр анхааран хүний бие, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх тал дээр туршилт хийгдэж байна. 
   Туршилт эхлээд гурав хонож байна. 11-р сарын нэгэн гэхэд туршилтын хугацаа дуусаж лабораторын шинжилгээ хийлгэн хүлээн зөвшөөрөгдвөл аймгийн айл өрхүүдэд, төрөл бүрийн зуухтай айлуудад туршиж, нэвтрүүлэх юм. 
   Дашрамд дуулгахад энэ шахмал түлшийг Оросын холбооны улсын анчид, хүчний байгууллагынхан битүү газарт, майханд хэрэглэдэг юм байна. Орхон аймгийн хэмжээнд 13190 орчим айл гал түлдэг гэсэн судалгаа байна. Энэ туршилт амжилттай болсон тохиолдолд хямд үнээр, утаагүй, байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй  энэхүү шахмал түлшийг нэвтрүүлэн энэ технологийг нутагшуулахаар ажиллаж байна.
 
                                                                                        А.Бямбамаа
   
 
   
 
 
 
 

   Нартай үед нарнаас эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг , илүүдэл эрчим хүчийг сүлжээ рүү шилжүүлдэг, наргүй үед автоматаар сүлжээнээс эрчим хүчээ авдаг On-grid системийг нэвтрүүлснээр гурван сарын хугацаанд 300 гаруй мянган төгрөгийн эрчим хүч үйлдвэрлэжээ. Энэ төслийг Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Эрчим хүч мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор Б.Хээрийнбаатар санаачилжээ. Тус төслийн хүрээнд хийгдсэн  Нарны судалгааны лабораторийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
   Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дээд боловсролыг дэмжих төрийн бодлого хэрэгжиж байгаа таатай нөхцөл бүрдсэн энэ үед Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Оюутны байрны цахилгаан хэрэглээний эх үүсвэрийг Сэргээгдэх эрчим хүчний нарны фото үүсгүүр  бүхий эрчим хүчээр хангах төслийг хэрэгжүүлээд байгаа нь энэ юм.
   Төслийн багийнхан өнгөрөгч 6-р сарын 28-нд 5 квт цагийн эрчим хүч үйлдвэрлэдэг нарныхаа станцын 50 хувийг залгасан байна. Өнөөдрийн байдлаар 300 гаруй мянган төгрөгийн эрчим хүч үйлдвэрлэж сургуулийнхаа хэрэгцээнд нийлүүлжээ. Ухаалаг инвертерийн тусламжтайгаар гар утсандаа бүх мэдээллийг авч, оюутнууд судалгааны ажил хийхэд бүрэн боломжтой болжээ.
   ШУТИС-ын хэмжээнд анх удаагаа Нарны судалгааны лабораторитой болсноор эрчим хүч хэмнэж, Технологийн сургуулийнхаа эрчим хүчний 30 гаруй хувийг нараар шийдэж байна.
   “Цаашид Эрдэнэт үйлдвэрийн алслагдсан байршилтай газруудад гэрэлтүүлгийг энэ системээр хангахаар төлөвлөсөн ажлууд олон бий” гэж төслийг санаачлагч ярьж байна. Ингэснээр уламжлалт эрчим хүчнээс илүү Сэргээгдэх эрчим хүч рүү дэлхий нийтээр түрэн орж ирж байгаа энэ үед оновчтой, ухаалаг шийдэл бүхий энэхүү төсөл өргөжих боломжтой юм.

А.Бямбамаа

 
Мягмар, 15 10-р сар 2019 00:00

Хөтлөгч хүч


 
   1973 он. Анхдагчдын өлгий нутагт залуу хос анхны хүүгээ өлгийдөн авч, зургаан сар хүрэхтэй нь зэрэгцэн их нүүдлийн ажилд бэлтгэн, илгээлт өвөртөлсөөр Эрдэнэтийг зорин иржээ. Барилга байгууламж, шинэ хотыг бүтээн босгох ажил ид ундарч байлаа. Энэ бүхэн тээврийн жолооч Халтар гуайд тийм ч шинэ содон байсангүй. Учир нь тэр шинэ цагийн давалгаа болсон Багануур, Бор-Өндөр, Дархан, Хөвсгөл, Хөтөл гээд бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцож явсаар юм үзэж нүд тайлсан нэгэн байлаа. Энэ удаагийн илгээлтийн суурин нь Эрдэнэт байсан агаад ажил, амьдралынх нь дурсамж дурдатгалын алтан хуудас Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дунд өнгөрнө чинээ санаагүй биз. Халтар гуай хуучнаар АТКА буюу Эрдэнэт үйлдвэрийн Автотээврийн байгууллагад жолоочоор ажиллаж, эхнэр Дуламжав нь энэ цехийн халуун ам бүлд багтан, мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөөр хоёул гавьяаны амралтандаа гарсан. 
   Уурхайчдын дунд хал үзэж, хат суусан аав нь ууган хүүгээ удам дамжсан уурхайчин болгохоор шийдвэрлэжээ. Багаасаа автомашин сонирхдог, техник сэтгэлгээтэй хүүгээ 10 дугаар анги төгссөн жил нь Автотээврийн цехийн хүний нөөцийн ажилтантай уулзуулснаар өнөө цагийн манлайлагч залуусын нэг Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаар холбогджээ. Энэ бол Халтарын Болдбаатар. Тэрээр хэн бүхэнтэй нийцтэй харьцаж, хамт олноо үлгэрлэн манлайлж, бүтээлч санал санаачилгаар үйлдвэр даяар аавынхаа нэрийг өндөрт өргөсөн. Хажуудаа байгаагаа хайрлан хамгаалж, харсан бүхнээсээ шинийг сэтгэж, үйлдвэрлэлд нэвтрүүлж болох бүхнийг эрэлхийлж явдаг сониуч зан түүнд багаас нь суусан дадал гэлтэй. 
 

 
   Ирж буцахын хорвоод учрахын ерөөл байдагт, уулзсан бүхэн энгийн нэг учрал биш, Эрдэнэт үйлдвэр хэмээх их айлд ажиллах болсон нь хувь тавилан гэдэгт тэрээр итгэдэг. Хүний сайныг ханилан байж мэднэ гэдэг дээ. Болдбаатарын найз нөхөд, хамт олон түүний хэн болохыг ил тодоор хэлээд л өгнө. Хүн бүрт өөрийн гэсэн баримталдаг үнэт зүйлс гэж байх. Болбаатар найз нөхөд олонтой. Гэвч тэр “Жаргаж явахдаа хүн тэнхээтэй явдаг, зовсон цагт нь нөхөртөө түшиг болж, туслахыг хичээдэг” гэх. Үнэндээ эр хүний ноён нуруу ийм л үед хань бараа, түшиг тулгуур болдогийг тэр өөрийн амьдралаар харуулж яваа.  
   Зургаахан сартай Эрдэнэт хотод хөл тавьсан бяцхан хүү амьдралынхаа гэрэл гэгээтэй он жилийг энэ л хотдоо үдэж, хүмүүн заяаныхаа жаргалыг эдэлж, амталж яваа нь энэ. Аавыгаа дагаж тээвэрт явсаар жолоочийн мэргэжилд “дурласан” тэрээр одоо ч эзэмшсэн мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандана. Хүн ажлыг голохоос, ажил хүнийг голох биш дээ гээд сурсан зүйлээ чадмаг хийчих ур ухаан, мэдлэг чадвар, авьяас, сэтгэл зүтгэл түүнд бий. Ийм л “алт шиг” үнэ цэнтэй ажиллагсад Эрдэнэт үйлдвэрийнхээ хэт ирээдүйд чадлынхаа хэрээр оролцож явааг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөнсөн. Басхүү, ийм залуус олон байгаасай, тэд илүү ихийг хийгээсэй, олон олон залуусыг өөрийн алхсан замаар зөв тийш чиглүүлээсэй гэж хүсмээр санагдана. 
   Болдбаатар амьдралд тохиох аз завшааныг Эрдэнэт үйлдвэрийн ажилтан гэдгээр тодорхойлдог. Дэлхийд данстай энэ том үйлдвэрийнг “ТОП 10” компанийн тэргүүнд байж яагаад болохгүй гэж, бид чадна гэж зоримог хэлнэ. Өдөр бүр шинэ санаагаа ургуулж, хамт олноо бод, сэтгэ, хий гэсээр угтах амжилтын өгсүүр өөд уриалан дуудна. Удирдан чиглүүлэх, урам өгөх арга ухааныг тэр Орос ах нар, ахмад үеийнхнээсээ өвлөжээ. Түүний тодорхойлсноор, үйлдвэр бол тасралтгүй хөгжиж, суралцах ажлын талбар. Тиймдээ ч Сайн саналын системийг сайшаан магтаж, 3 дахь жилдээ шилдэг 10-ийн эгнээнд жагсаж чадсан. 2018 онд түүний дэвшүүлсэн 38 саналаас 32 нь үйлдвэрлэлд нэвтэрч, өнөөдөр ч үр дүнтэй ашигласаар байна. Санал санаачилга гэдэг зүйл урт хугацааны туршид амжилттай ажиллаж, эдийн засагт үр өгөөжөө өгдөг. Түүний “Маш сайн” саналаар нэрлэгдсэн нэгэн төсөл импорт орлох бүтээгдэхүүн байсан бөгөөд өөрийн өртөг нь зардлынхаа 50 гаруй хувийг хэмнэжээ. Төсөл маань инновацийн бүтээлд мөнгөн дүнгээрээ хараахан хүрч чадаагүй гэж ярьсаар энэ жил өөр хэд хэдэн саналыг хэрэгжүүлж явна. 
   Сайн саналын систем буюу бүтээлч санаачилгыг дэмжих, урамшуулал олгох хэлбэрээр явагддаг энэ ажил үйлдвэрийн хэмжээнд нэвтрээд 5 дахь жилийнхээ нүүрийг үзжээ. Ажлын орчныг аюулгүй байлгах, тоног төхөөрөмжийн ажиллах хугацааг уртасгах, эдийн засгийн үр ашигтай байлгах нь Сайн саналын системийн үндсэн чиглэл. 10 жижиг саналыг хамт олноороо зөвшилцөн, нэг том санал гаргах боломжийг Сайн саналын систем олгодгоороо давуу талтай. Уурхайчин хүн ажилдаа инээж ирээд, орой гэр бүлдээ халуун дулаанаар инээгээд очих зүрх сэтгэлийн дархлааг Эрдэнэт үйлдвэр Сайн саналын системээр дамжуулан олгосоор байна. 
   Хүн суралцаж, тасралтгүй хөгждөг ч хөгжиж байгаагаа төдийлөн анзаардаггүй. Харин хөрөг нийтлэлийн баатар маань тоног төхөөрөмжийг задлаад угсрах нь хөгжиж байгаа нэг хэлбэр гэж үздэг. Өөрийгөө хөгжүүлж, хурцалж, залуу насаараа гоёж яваа энэ залуу МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль /2005/, АТБ-ын Хөдөлмөрийн аварга /2012/, Тэргүүний уурхайчин цол, тэмдэг /2017/, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар үнэлэгдсэн. Хөлсөө урсган байж хөдөлмөрлөсөн цаг хугацааг нь үнэлсэн эдгээр шагналаас Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-таа тэр хамгаас их хайртай. Учир нь омогшил, бахархал болсон энэ шагнал хүссэн хүн бүхэнд ирдэггүйг тэр сайн мэднэ. Тиймээс ч үйлдвэрийнхээ төлөө илүү ихийг хийж бүтээгээрэй гэсэн үүрэг даалгаврыг нэр төртэйгээр биелүүлж яваа. 
   Эрдэнэт үйлдвэрийн мянга мянган залуусын төлөөлөл болсон Автотээврийн цехийн Механикийн албаны тоног төхөөрөмжийн засварын механикч Халтарын Болдбаатарыг бид онцоллоо. Хийж бүтээхийн төлөө анд нөхдөдөө үлгэрлэн, хөтлөгч хүч нь болсон түүний амжилт, алдрын зам дардан байг.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог