Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 10-р сар 2019
 
   Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор  жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтаж  Эрдэнэт үйлдвэрт ямар ажлууд зохион байгуулах гэж байгаа талаар ЗХНБГ-ын Хүний нөөцийн албаны дарга  Б.Одгарьдаас тодруулга авлаа. 
 
 
   - Хүний нөөцийн ажилтны баярын өдөр удахгүй тохионо. Энэ өдрийг угтаж ямар ажлууд төлөвлөсөн  бэ?
   - Бид ажил мэргэжлийн баярын өдрөө үр дүнтэй тэмдэглэх зорилгоор Удирдлагын академитай хамтран Хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн эрхзүйн чиглэлийн сургалт явуулахаар төлөвлөж байна. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний “HR DAY-2019” чуулганд хамт олны төлөөллийг оролцуулах гэж байна. Баярын үеэр мэргэжлийн ур чадварын уралдаанд хүний нөөцийн менежерүүдээ бүрэн хамруулахаар зорьж байна.
 
   -  Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбоотой баримт бичгийн шинэчлэл хийгдэж их ажил ундарсан байх?
   - Тийм. Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбоотой бид бүтэц нэгжийн өөрчлөлт хийх, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэх, мэдээллийн санг баяжуулах, Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж байгаа дүрэм журам, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүд, ажлын байрны тодорхойлолт, бүтэц орон тооны хуваарь зэргийг шинэчлэх ажлыг маш богино хугацаанд хийж гүйцэтгээд байна. Эдгээрийг хийж гүйцэтгэхэд манай хүний нөөцийн менежерүүд санал санаачилгатай ажиллалаа.
 
Б.Учрал
Фото: Б.Баттөгс
 
 

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төр болон хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, аймаг орон нутагтай хамтран ажиллах, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай боломж нөхцөлөөр хангах, сургаж хөгжүүлэх ажлын хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг нийгмийн цехүүд нь үүний нэг тод жишээ юм. Мөн  Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалаар Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн шууд удирдлагад ажиллах Нийгмийн харилцааны хэлтсийг байгуулан ажиллаж байна. 
   Нийгмийн харилцааны хэлтэс нь үйлдвэрийн газрын ажилчдын нийгмийн асуудлаас гадна төр болон хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, аймаг орон нутагтай хамтран ажиллах бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, үйлдвэрийн газрын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Тус зорилгын хүрээнд Нийгмийн харилцааны хэлтэс нь аймаг, орон нутагтай “Хамтын ажиллагааны гэрээ”, аж ахуй нэгж байгууллагуудтай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулан ажиллахаас гадна ижил төстэй үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, тэдгээрийн ололт, амжилтаас суралцах, харилцан туршлага солилцох, ажилчдынхаа хөгжих боломж бололцоог эрэлхийлэн ажиллаж байна. 
   Нийгмийн харилцааны хэлтэс байгуулагдсан цагаасаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрийн газрын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд маш олон ажил хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан “Хамтын ажиллагааны санамж бичиг” билээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулагдсан юм. Уг санамж бичиг нь 3 бүлэг 29 зүйлтэй, хоёр байгуулагын хамтран ажиллах чиглэлийг нарийвчлан тусгасан баримт бичиг болж байна. Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд харилцан мэдлэг мэдээллээ солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах болон холбогдох бүх чиглэлд хамтран ажиллахад энэхүү санамж бичгийн зорилго оршино. 
   Хамтран ажиллах санамж бичиг байгуулагдсанаас хойш ажилчдаа харилцан туршлага судлуулах, шинэлэг санал санаачилгыг өөрийн нэгжид нэвтрүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөө гаргасан. Одоогоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас ирүүлсэн төлөвлөгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 15 удаагийн томилолтоор 194 ажилтан ирж ажиллахаас 33 ажилтан ирж, 161 ажилтан бэлтгэлээ хангаж байна. 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний 7 дугаар бүлгийн 7.8 дахь заалт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №ЭТТ-2019/536 дугаартай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, удирдлага, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д очиж туршлага судлах ажилчдын материалыг холбогдох цех, нэгжүүдээс авах ажил явагдаж байна. 
   Урьдчилсан байдлаар Автотээврийн цех, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолбор, Геологи хайгуулын анги, Нийгмийн харилцааны хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас ажилчдаа илгээж туршлага судлуулах хүсэлт гаргаад байна. 
 
 
Бэлтгэсэн: Референт-нарийн бичиг Б.Нандинчулуун
 
 
 

   Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргаанд ажиллаж, өндөр насны тэтгэвэртээ гарсан 100 гаруй ахмад настан Сэлэнгэ амралтын баазад хоёр өдрийн турш амарч, хуучны дурсамжаа ярилцан, хамтдаа цагийг өнгөрүүлж байна. Жил бүр уламжлал болгон зохиож ирсэн ахмадын уулзалт сүүлийн дөрвөн жил тасраад байсныг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяагийн дэмжлэгтэйгээр ийнхүү сэргээжээ. Дотоод хяналтын хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, Нийгмийн харилцааны хэлтсээс хамтран зохион байгуулсан ахмадын уулзалтыг ирэх жилээс илүү өргөн цар хүрээтэй зохиохоор төлөвлөж байна. 
   Эрдэнэт үйлдвэр өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудтайгаа эргэх холбоотой хамтран ажиллаж, ажил мэргэжлийн туршлагыг нь залуучуудад өвлүүлэхээр 2020 онд төслүүд хэрэгжүүлнэ гэдгээ Нийгмийн харилцааны хэлтсийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэл энэ үеэр ярьсан юм. Ахмадууд ширээний теннис, биллъярд зэрэг спорт тоглоомын төрөлд шилдгүүдээ шалгаруулна. Эрдэнэт үйлдвэр төдийгүй эх орон, Монголын ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, гал цогтой залуу насаа бүтээн байгуулалтын он жилүүдэд үдсэн ахмад үеийнхэн эдүгээ хийсэн бүтээснээрээ бахархаж сууна. Ололт амжилтын түүчээ болсон тэднээс суралцах зүйл их бий. Уулзалтын үеэр зарим төлөөлөлтэй уулзан, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
 

 
 
Санхүүгийн хэлтсийн дарга асан Г.ГАЛБААТАР: Ажилдаа бүтээлчээр хандвал хүн юунд ч хүрч болно
 

 
   - Ахмадын үг алт гэдэг. Залуучууддаа хандаж Та юу хэлэх вэ?
   - Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр ахмадуудаа хүлээн авч байгаад баярласнаа илэрхийлье. Үйлдвэр сайн сайхан ажиллаж байгаад ахмадууд бид баяртай байна. Хамт ажиллаж байсан нэг үеийнхэнтэйгээ уулзан, дурсамжаа хуваалцаж, сэтгэгдэл их өндөр байна. Хүн амьдралынхаа туршид өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн орчилд амьдарч, ажилладаг. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан миний үеийнхэн солигдож, залуу үеийнхнээр шинэчлэгдлээ. Залуучууд маань юун түрүүнд үйлдвэрийнхээ нэр төрийг хамгаалж, үнэнч шударгаар ажиллаж, ажилдаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр бол дэлхийд данстай томоохон үйлдвэр. Тиймээс үүх түүхийг нь сайн судалж, газрын хөрсөн дээр хэрхэн босож, ахмад үеийнхэн яаж ажиллаж байсныг залуучууд маань мэддэг байгаасай.

   - Та Эрдэнэт үйлдвэрийн Санхүүгийн хэлтсийн даргаар дэвшин ажиллах хүртлээ ажилдаа ямар зарчим баримталж байв?
   - Би 1979 онд Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар ирж, тасралтгүй 36 жил ажилласан. Энэ он жилүүд маань Эрдэнэт үйлдвэрийн Эдийн засаг, Санхүүгийн албанд өнгөрсөн байдаг юм. Тухайн үеийн хамтарсан үйлдвэрийн Төлөвлөгөөний хэлтэст эдийн засагчаар ажлын гараагаа эхэлж, дараа нь Хүдрийн ил уурхайд ахлах эдийн засагч, Эдийн засгийн хэлтсийн товчоон дарга, Санхүүгийн хэлтсийн даргаар тус тус ажилласан. Өндөр боловсролтой Оросын мэргэжилтнүүд маань халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөний дагуу өндөр шаардлага тавьж, бид ч бие дааж, бүтээлчээр ажиллахад сайн суралцсан. Бүтээлч байна гэдэг маш чухал. Залуучууд маань ажилдаа бүтээлчээр хандвал юунд ч хүрч болдгийг ойлгоосой. Бидний сурсан мэдсэнийг үйлдвэр ашиглана гэвэл манай ахмадууд дуртайяа туслана. Ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ ямар ажлын туршлага хуримтлуулж байсан тухайгаа залуу үеийнхэнд зааж сургах боломжтой. 
 
 
Импортын хэлтсийн дарга, Москвагийн төлөөлөгчийн газрын дарга асан Н.ЦЭРЭНЧИМЭД: Эрдэнэт үйлдвэрийн нэр төрийг гадаад оронд өндөрт өргөх үүрэг даалгавар авч байлаа
 
 
   - Импортын хэлтсийн даргаар ажиллаж байх үед тань цаг үеийн нөхцөл байдал ямар байсан бэ?
   - Миний амьдрал Эрдэнэт үйлдвэртэй ихээхэн холбоотой. Би 1979 онд ЗХУ-д сургууль төгсөж ирээд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны комплекс импорт нэгдэлд ажилласан. Эрдэнэт үйлдвэрийг байгуулах гээд Орос, Монголын хооронд олон гэрээ байгуулж байсан үе л дээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр гэрээний үр дүнг хянаж шалгахаар Эрдэнэтэд ирж ажилладаг нэгдэл гэж байлаа. Төр засгаас үйлдвэрийн үйл ажиллагааг цэгцлэх даалгавар өгч, миний бие 2000 онд Эрдэнэт үйлдвэрийн Импортын хэлтэс, одоогийн Хангамжийн хэлтсийн даргаар ажилд орсон. Эрдэнэт үйлдвэр тухайн үед импортоор 60 сая ам.долларын бүтээгдэхүүн авдаг байлаа. Даалгаврыг хэрэгжүүлэх үүднээс хэрэггүй бүтээгдэхүүнийг хязгаарлах, хэрэгтэйг нь худалдан авах, чанартай бүтээгдэхүүн, түүхий эдийг хямд үнээр авах ажлуудыг манай хэлтэс хариуцаж байсан. 2004 оноос Москвагийн төлөөлөгчийн газарт 6 жил ажиллаж, ингэхдээ Эрдэнэт үйлдвэрийн нэр төрийг гадаад оронд өндөрт өргөх үүрэг даалгавар авсан. Энэ үүргээ ч биелүүлсэн гэж боддог. Ахмад настны эгнээнд нэгдээд 7 жил болж байна.

   - Үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагааны талаар ямар бодолтой явдаг вэ?
   - Зууны манлай үйлдвэр шүү дээ. 100 хувь төрийн мэдлийн үйлдвэр болсон тул сайн ажиллана гэдэгт итгэж байна. Одоогийн удирдлагуудыг магтан сайшаамаар байна. Ахмадад хүрч байгаа тусламж дэмжлэг хангалттай. Өнөөгийн залуучууд үйлдвэрээ өөд нь авч явахын тулд судалгаа их хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Сэтгэлээрээ эх оронч байх хэрэгтэй. Гадныг тэтгэх бодлого барихгүй л байвал Эрдэнэт үйлдвэр Монголыг тэтгэсэн хэвээрээ байх болно. Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр өглөө бүр ажилдаа гарахдаа нэгд, ард түмэн, хоёрт, Монгол улс, гуравт өөрийн үр хүүхдийн төлөө ажиллаж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. 
 
 
Ахмад настан Л.УРАНЧИМЭГ: Сайхан хамт олон дунд ажиллаж байсандаа баярладаг
 
 
   - Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан үеэ эргэн дурсана уу?
   - Ахмадын баяраа тэмдэглээд сайхан байна. Ерөнхий захиргааны өнөөгийн хамт олон биднийг хүлээн авч, удирдлагууд нь хүрэлцэн ирсэнд талархаж байна. 1994 онд Захиргаа аж ахуйн цехийн үйлчлэгчээр ажилд орж, 1999 оны 10 дугаар сараас Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст тоо бүртгэгч, нягтлан бодогчоор ажилласан. Үйлдвэрт 19 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ахмадынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын зөвлөлийн байранд сар бүр зохион байгуулдаг цехүүдийн хуваарьт уулзалтандаа оролцож, жаргал зовлонгоо хуваалцан, мэдээллээ цаг тухайд нь авч байна.

   - Үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийг хараад ямар бодол төрдөг вэ?
   - Үйлдвэрийн анхдагч, ахмадууд бүгд л ЗХУ-д мэргэжил эзэмшиж ирсэн боловсрол өндөртэй хүмүүс байсан. Тэр сайхан хамт олон дунд ажиллаж байсандаа их баярладаг. Өнөөдөр мэдлэг боловсролтой сайхан залуучууд ажилладаг болжээ. Үйлдвэрийн техник технологи орчин үеийн хөгжлийг даган шинэчлэгдэж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Энэ бүхэн ирээдүй нь гэрэлтэй байгаагийн илрэл гэж бодож байна. 
 
 
Москвагийн төлөөлөгчийн газрын дарга асан Г.ДАШ: Удирдлага нь зөв шийдвэр гаргаж, ажилтнууд нь ажилдаа хариуцлагатай байгаасай
 
 
   - Хамт олонтойгоо уулзаад сэтгэгдэл хэр өндөр байна вэ?
   - Биднийг уулзуулж, баяр тэмдэглэж байгаа нь сайхан байна. Би Улаанбаатар хотод амьдарч байгаа. Ажиллаж байсан үйлдвэртээ ирлээ. Эрдэнэт үйлдвэр ахмадууддаа тал бүрийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, эмнэлэг сувиллын асуудалд онцгой анхаардагт сэтгэл хангалуун байна. Нэмэлт тэтгэмж ч өгч байна. Бид эрүүл байхын төлөө өдөр бүр хичээх болно.

   - Таны хувьд Эрдэнэт үйлдвэрийг гадаадад төлөөлөн олон жил ажиллажээ. Өнөөгийн гадаад харилцааны бодлогыг хэрхэн харж байна вэ?
   - Намайг ажиллаж байх үед гадаад харилцаа бие даасан, өөрийн гэсэн төлөөлөгчийн газар, хангамжийн системтэй, нарийн чамбай ажиллаж байсан. Үйлдвэрлэлд шаардлагатай техник хэрэгслийг үйлдвэрлэгчээс нь шууд нийлүүлж, татан авдаг байлаа. Тэр үетэй харьцуулахад цаг өөр болжээ. Одоо дамжлага ихтэй, нүсэр болсон юмуу даа гэж харагддаг. Уул уурхайн салбарт гадаад харилцаа гэдэг маш чухал ойлголт юм. Илүү өргөжүүлэн хөгжүүлж, бодлогоо зөв авч явна гэдэгт итгэж байна. Үйл ажиллагаа нь жигд, удирдлага нь зөв шийдвэр гаргаж, ажилтнууд нь ажилдаа хариуцлагатай байгаасай гэж бодож байна. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
   Энэ намар Баян-Өндөр уулын энгэр бэл дэх ойн төгөлд 800 мод шинээр нэмэгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин,ногоон хөгжлийн хэлтсээс зохион байгуулдаг мод тариалалтын энэ намрын ажил өнөөдөр эхэллээ. Намрын мод тариалалтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд хуваарийн дагуу хуваагдаж, энэ сарын 4,10-ны өдрүүдэд мод тарих ажилд оролцоно. Өнөөдрийн мод тариалалтад Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Ус хангамжийн цех зэрэг 8 нэгж цехийн 40 орчим ажилтнууд 300 ширхэг мод тарив.
   Баян-өндөр уулын эргэн тойрныг ойжуулах, дүйцүүлэн нөхөн сэргээх  бодлогын хүрээнд мод тарьж буй энэ газарт огтолсон мод, хожуул ихтэй байсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ил уурхайн ажилтнууд өөрсдөө цэвэрлэж, бэлтгэсэн байна. Арчилгаа тордлого, усалгааны ажлыг цехүүд өдөр өдрөөр хариуцан, цаашид үргэлжлүүлэх юм. Орхон аймгийн Аялал зуучлалын газрын дарга болон  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн баталсан хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баян-Өндөр ууланд дүйцүүлэн нөхөн сэргээх ажил хийгдэж байгаа бөгөөд 1 га газарт хожуул суулгах, 1 га газарт мод тарихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 3 га газрын хожуулыг цэвэрлээд байгаа юм. Анх удаа хийгдсэн уг ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хариуцаж, иргэдийн түлшний хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор Аялал жуулчлалын газрын харьяа аж ахуйн нэгжид хүлээлгэн өгснийг тус хэлтсийн Ногоон хөгжил, нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэлдээ дурьдав.
 
 
 
 
 
 
 
 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
 
   Эрдэнэт үйлдвэр, Медипас эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд уурхайчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Нийт ажиллагсдыг хамруулах уг шаталсан сургалт, хөтөлбөр сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээр хамгийн их илэрч буй эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн үрэвсэл, эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчлөлийн сэдвээр эхэлж, Улаанбаатар хотоос ирсэн нарийн мэргэжлийн эмч нар хичээл заасан байна. Дээрх өвчлөл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан статистик судалгаанд ч өндөр үзүүлэлтэй гарч байгаа дунд насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тулгамдсан асуудал гэдгийг сургагч багш Ч.Оюунтогос онцлов. 
   Уурхайчдын эрүүл мэндийн мэдлэгт том хөрөнгө оруулалт болох эл хөтөлбөр 2019 оны 4 дүгээр улирал дуустал тогтмол үргэлжлэх бөгөөд сургалт бүрийн сэдэв, агуулга судалгааны дүнгээс хамаарч өөрчлөгдөх ажээ. Эхний сургалтыг үйлдвэрийн Ус хангамжийн цех,  Оёдлын цехийн ажилтнуудын дунд хийсэн байна. Тус цехийн ажилтнууд үндсэн сэдвээс гадна  эрүүл чанартай амьдралын тухай, зөв дадал хэвшил, архи тамхины хор хөнөөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, аливаа өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд  ямар арга хэмжээ авах зэрэг олон талын өргөн мэдлэг өгснөөрөө сургалт өгөөжтэй боллоо гэж ярьсан юм. 
 

 



М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
   Эрдэнэт үйлдвэрийн Орос 19 дүгээр сургуулийн багш нарын хувьд энэ өдөр онцгой. Дэлхийн багш нарын баяр, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан орос сургуулийн сурагчид сурсан мэдсэнээ тайлагнаж, багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Ерөнхий захиргааны гадаад мэргэжилтний асуудал хариуцсан туслах Холоденко Ю.Г тэргүүтэй бусад албаныхан оролцож, багш нарт баяр хүргэсэн юм. Хүүхдүүдийн нижигнэсэн алга ташилт дунд шагналаа авч, нүүр дүүрэн мишээх багш нарын царай цаанаа л нэг жаргалтай. ОХУ-д суралцах хүсэл эрмэлзэлтэй олон мянган хүүхдийн итгэлийн оч болсон энэ сургуулийг Эрдэнэт үйлдвэр орос ах нарын үед байгуулсан. Орос хэл дээр үндсэн хичээл нь явагддаг тус сургуулийн 1-11 дүгээр ангид энэ хичээлийн жилд 498 хүүхэд суралцаж, 37 багш ажиллаж байна. Хүүхдэд эх оронч үзэл төлөвшүүлэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэлд сургах, нөхөрсөг, нийтэч, нээлттэй харилцааг эрхэмлэх гээд сургалтын олон хөтөлбөр тус сургуульд бий. Дуу хуур, бүжиг наадмаар чимсэн энэ өдрийн үйл ажиллагаа багш нарын сэтгэлд нийцсэн бололтой, хүүхдүүдээ өхөөрдөж харагдсан.
 
   
 
   
 
   
 
   
 
   Англи, герман хэлний багш Серова Валентина Алексеевна Орос сургуульд 23 дахь жилдээ багшилж байна. Тэрээр ОХУ-ын их, дээд сургуульд урилгаар суралцах эрх авсан шавь нараа өнгөрсөн хавар төгсгөжээ. Баярын энэ өдөр түүнтэй ярилцаж суухад Эрдэнэт хотын төлөө хийсэн бүхэнд нь баярлаж, бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. “Орос, Монгол ялгаагүй л миний хүүхэд. Тэд зөв хүн болж төлөвших ёстой” хэмээн инээмсэглэл тодруулах багшийн яриаг сийрүүлэн хүргэе. 
 
Англи-герман хэлний багш СЕРОВА ВАЛЕНТИНА АЛЕКСЕЕВНА: Би өдөр бүр ажилдаа аз жаргалтайгаар алхдаг
 
 
   - Юуны өмнө танд Дэлхийн Багш нарын өдрийн мэндийг хүргэе. Ах дүүгийн найрамдалт хотод багшлахаар ирж байсан үеэ эргэн дурсахгүй юу?
   - Миний хань Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар болж, 1996 оны 8 дугаар сарын 6-нд гэр бүлээрээ ирж байлаа. Манайх хоёр хүүтэй. Нэг нь 2 дугаар анги, нөгөө нь 6 дугаар ангид орох жилээ Эрдэнэтэд ирсэн байдаг юм. Тухайн үед манай сургууль 1000 гаруй суралцагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг байсан. Ирсэн жилдээ 5В ангийн анги даасан багшаар ажиллаж, 2003 онд төгсгөсөн. Дараа нь 5Б ангийг 2011 онд, өнгөрсөн хавар 11А ангийг тус тус төгсгөлөө. Өнгөрсөн хавөр төгссөн 16 суралцагчаас 14 нь ОХУ-ын анагаах, уул уурхайн шилдэг сургууль болох Москва, Санктпетербургийн их сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхийн батламж авч, нэг шавь маань Шанхайд суралцаж байна. Анхны шавь нарын маань нэг уул уурхайн сургууль төгсөж ирээд Эрдэнэт үйлдвэртээ ажиллаж байгааг харахад сайхан санагддаг. Бид ч ОХУ-ын шилдэг сургуулиудад хүүхдүүдээ сургаж, төгсөж ирээд Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэж хүсдэг. Манай хүүхдүүд ОХУ-аас олгож байгаа мэдлэг боловсролыг хамгийн шилдэг нь гэж үздэг учраас сургуулиа сайн төгсөх, их дээд сургуульд урилгаар суралцах, хамгийн сайн мэргэжлүүдийг сонгож эзэмших зорилго, хүсэл тэмүүлэлтэй. 

    - Хичээлээс гадуур ямар ажлууд зохион байгуулдаг вэ?
   - 11А ангийнхантайгаа экологийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал хийж, гялгар уутнаас татгалзах, ус, цахилгаанаа хэмнэх хүрээнд чамгүй олон ажил өрнүүлсэн. Мөн монгол гэр бол хамгийн эко орчинтой сууц гэдгийг хүүхдүүдэд таниулах ажлыг зохион байгуулж, жил бүр мод тарьж, байгаль дэлхийдээ хөрөнгө оруулалт хийлээ. Шинэ суралцагчиддаа эв найрамдал, хүн чанарын тухай сургаж, Монгол Улсын зөв иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилгоо өмнөө тавьж, сурган хүмүүжүүлэх болно. Энэ жилдээ амарч байна. Төгссөн ангийнхандаа төрүүлсэн хүүхэд шигээ их дасчээ. Одоо ч тэд маань дэргэд байх шиг санагддаг.

    - Боловсролын системийн талаар та юу хэлэх вэ?
  - Миний бодлоор том ялгаа байхгүй. Багш бүхэн хүүхдийг сургах нэг л зорилготой. Тиймээс өглөө бүр суралцах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх гурван зорилго өмнөө тавьж, ангийнхаа босгоор алхдаг байгаасай.

    - 20 гаруй жил амьдарсан Эрдэнэт хотоо зүрх сэтгэлдээ хэрхэн багтаадаг вэ? Төрөлх нутгаа санаж байна уу? 
   - Монгол бол миний хоёр дахь гэр. Эрдэнэт бол миний хот. Энэ хотод хүүхдүүд маань өсөж торнин, сургуулиа төгссөн. 1996 онд ОХУ-д байдал хүнд байлаа. Тухайн үед Монгол-Оросын хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэр байгуулагдан, Эрдэнэт хот сүндэрлэн боссон юм. Биднийг найрсаг, халуун дотноор угтан авсан тэр өдрөөс хойш Эрдэнэтдээ тайван амгалан ажиллаж, амьдарч явна. Миний дотны найзууд, хэлний багш нар энэ хотод олон бий. Би өдөр бүр ажилдаа аз жаргалтайгаар алхдаг. Энэ хотдоо их дасчээ. Эрдэнэт хотын бүх хүмүүст, тэр дундаа миний ангид хүүхдээ оруулсан эцэг эхчүүддээ баярлаж байна. Хэцүү ч бай, жаргалтай ч бай дэргэд минь хамт байж, тусалж дэмжсэн та нарыгаа хэзээ ч мартахгүй.

   - Орос сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх талаар Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр маань хамтран судалж байна. Олон жил ажилласан багшийн хувьд юу хийхийг хүсэж мөрөөдөж байна вэ?
    - Үнэхээр сайхан мэдээ байна. Олон хүүхэд манай сургуульд суралцахыг хүсдэг ч боломж нь гарахгүй л байна. Сургууль, цэцэрлэг нэмэгдэх нь боловсролын салбарт маш том дэмжлэг байх болно.  Орос, Монгол хоёр орон түүхээрээ ч их холбоотой. Найрамдалт харилцаа маань тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

   - Баярын энэ өдөр хамт олондоо чин сэтгэлийн үгээ илгээнэ үү?
   - Хамт олондоо төдийгүй Эрдэнэт хотынхоо бүх багш нарт баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Багш нарын ажил сайнаар үнэлэгдэж, өндөр цалин авдаг байгаасай. Хүүхдүүддээ хандаж хэлэхэд, сайн сурч, багшийгаа баярлуулаарай гэж захья. 
   
   - Баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье. 

 
 
 
 
 
 
Сурвалжилсан И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 

   Өглөөний 08:00 минут... “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиргааны 2-р байр буюу бидний хэлж заншсанаар Гендирекцид цагаан халаадтай эмч мэргэжилтнүүд бужигнасан хөл хөдөлгөөнтэй өглөө Пүрэв гаригийн ажлын өдрийн эхлэл байлаа.  Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийн нэг  “Зүрх судасны өвчлөлтэй тэмцэх” өдрийг угтан Эрдэнэт сувиллын цогцолбороос 5 өртөө бүхий эрүүл мэндийн сурталчилгааны  цогц өдөрлөгийг ажлын байранд зохион байгуулав. Тэд энэ өдөр эрүүл мэндийн асуумж бүхий хуудас, ОМЕГА-3, Дуовит зэрэг амин дэм эрдсүүдийг ажилтнуудад тараан, эмчийн зөвлөгөө, эрүүл өглөөний цайтай угтсан юм. Тус сувиллын цогцолборынхон Эрдэнэт үйлдвэрийн 6586 ажилтан  ажиллагсад, ахмадууд болон МШӨ-ийн хувь тогтоолгосон ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй. Тиймээс энэ удаа ээлжит үйл ажиллагаагаа “Зүрх судасны өвчлөлөөс  урьдчилан сэргийлье” өдөрлөгөөр үргэлжлүүлж буй нь энэ юм.   
 
   Өдөрлөгийн зорилго чиглэл, ач холбогдлын тухайд  Эрдэнэт сувиллын цогцолборын ерөнхий эмч Ж.Ганчимэг ярихдаа:
 
 
   “Зүрх судасны өвчлөлийн эрсдлээс сэргийлэх дэлхий нийтийн өдрийг угтан манай сувиллаас  үйлдвэрийн нийт ажилтнууддаа зориулан томоохон хоёр  үйл ажиллагааг  захиргааны 1,2-р байранд зохион байгуулж байна. Өнөөдөр бид ажилтнуудын дунд өртөөчилсөн зөвлөгөө,  сурталчилгааны ажлыг өрнүүлж, биеийн жинг хэмжих, индекс тодорхойлох, даралт үзэх, эмчийн зөвлөгөө гэсэн 5 өртөөгөөр үйлчлэхийн зэрэгцээ дасгал хөдөлгөөн заах юм. Ажилтнууд 5 өртөөгөөр дамжин  зүрх судасны өвчлөлийн эрсдэлээ тооцуулахын зэрэгцээ, хоол хүнсний зөвлөгөө авч, эмийн бус аргаар хэрхэн эрүүл мэнддээ анхаарах талаар зөвлөгөө авах боломжтой. Бид зүрх судасны өвчлөлийн үеэр идвэл зохистой хоол хүнсний талаар мэдээлэл өгч, мэргэжлийн хоол зүйчийн заавраар өглөөний цайгаар дайлж,  жор зөвлөж байгаа. Үйлдвэрийн ажилчдын өвчлөлийн дийлэнхи хувийг хоол боловсруулах замын өвчлөлүүд эзэлдэг. Зүрх судасны өвчлөл ч бас түгээмэл байна.  Тийм учраас эрүүл мэндийн хамгийн зөв дадлыг сурталчлах нь манай өдөрлөгийн үндсэн зорилго юм. Зүрх судасны өвчлөлийг үүсгэж буй эрсдэлт хүчин зүйлсэд буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стресс, архи тамхины хэрэглээ, илүүдэл жин багтдаг. Тиймээс зүрх судасны өвчлөлд өртөх эрсдлийг тодорхойлж, цогц зөвлөгөөг өгч байгаа юм.  Маргааш буюу 10-р сарын 4-нд Ерөнхий захиргааны 1-р байр буюу үйлдвэрлэлийн бүсэд зохион байгуулж, цаашдаа цехүүдээр дамжуулан нийт уурхайчдад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөөг өгч ажиллахаар зорьж байгаагаа онцоллоо.
 
 
   Зүрх судасны өвчлөл нь  Монгол улсад төдийгүй  олон улсад тархалт ихтэй  өвчлөлийн нэг болж буйг судалгааны дүн харуулдаг. Энэ ч утгаараа үйлдвэрийн ажилчдын зүрх судасны өвчлөлийг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа тухай Эрдэнэт сувиллын цогцолборын зүрх судасны эмч Д.Оюундэлгэр ярьсан юм.
 
 
   Түүнээс сувиллын эмч мэргэжилтнүүдийн хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар тодруулахад, “9-р сарын сүүлийн 7 хоногийн бямба гаригийг дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Зүрхээ хамгаалах өдөр” болгон зарласантай холбогдуулан Эрдэнэт сувиллын цогцолборын хамт олон нийт тасаг нэгжүүддээ зүрх судасны өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах, ямар дэглэм барих шаардлагатай тухай мэдээлэл хүргэж, цех хариуцсан эмч нар сургалт өдөрлөг зохион байгуулсан. Зүрх судасны өвчлөлийг бууруулахад хоол зүй, даралт бууруулах цэгэн бариа, хоол хүнсний хэрэглээ, эмч нарын зөвлөгөөг хүргэж байна. Цуврал үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ гэж хариулсан юм. 
 
   Өдөрлөгийн үеэр ажилчид жингээ үзүүлж, эмчийн зөвлөгөө авахын зэрэгцээ эрүүл мэндэд тустай өглөөний цай ууж, хэрхэн бэлтгэх талаар мэдээлэл авч байлаа. Түүнчлэн зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөнийг нийтээр сурч, хэвшил болгох шаардлагатайг ажилтнуудад зөвлөсөн. Эрдэнэт сувиллын цогцолборынхны өглөөний цайтай өдөрлөгт оролцсон ажилтнууд сэтгэгдлээ ийн хуваалцав. 
 
   Маркетингийн  хэлтсийн менежер Д.Түвшинтөр:

 
   “Суудлын ажилтай хүмүүст өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх шаардлага тулгардаг. Энэ нөхцөл байдлыг бүрдүүлж, эмч нар зөвлөж буйд талархаж байна. Энэ өдөрлөгөөр биеийн жингийн индексээ үзүүлж, бага зэргийн жингийн илүүдэлтэй гэдгээ мэдлээ. Урьд нь мэддэггүй байсан. Эрүүл мэнддээ анхаарах нь чухал гэдгийг илүү ойлгож авлаа. Ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн сайхан арга хэмжээ болж байна”. 
 
   Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч Л.Дэлгэрмаа:
 
 
   “Өнөөдрийн үйл  ажиллагаа маш үр дүнтэй, сэтгэлд хүрсэн ажил болж байна. Тэр бүр ажлын цаг заваас шалтгаалж эмнэлэг орж, эмчийн зөвлөгөө авч чаддаггүй байсан бол иж бүрэн үйлчилгээг ажлын байранд хүргэж байгаад баяртай байна. Даралтаа  үзүүллээ. Эрүүл мэнддээ анхаарч, физик эмчилгээ хийлгэж байх хэрэгтэй  гэдгийг эмч зөвлөсөн. Сэтгэлд нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулсан Эрдэнэт сувиллын цогцолборын хамт олонд баярлалаа”.
 
   Ерөнхий механикийн хэлтсийн оношилгооны инженер Ш.Эрдэнэтуяа:
 
 
   ”Даралт үзэж, эмч нар зөвлөгөө өгч байгаа нь их таалагдлаа. Биеийн жин үзэж, индекс тодорхойлж байгаа нь хүмүүст хэрэгтэй мэдээлэл болж байна. Миний хувьд хэвийн жинтэй байна гэсэн. Эрүүл зөв хооллолт болон амин дэмийн талаар зөвлөгөө өгсөн нь их таалагдлаа. Та бүхэнд баярлалаа.
 
   Ийнхүү ажлын байрандаа эрүүл, шим тэжээлтэй өглөөний цай ууж, дэргэдээсээ мэргэжлийн эмчийн зөвлөгөө сонссон өглөө ажилтнуудад урам зориг, эрч хүч бэлэглэв.  Тэд бас эмгүй эмчилгээ, нэмэлт амин дэмийн ач холбогдлын талаар мэдээлэл авч, хямдралтай худалдаагаар үйлчлүүлсэн. Эрдэнэт сувиллын цогцолборын 30 гаруй эмч мэргэжилтнүүдийн сэтгэл зүтгэлээ шингээсэн “эрүүл, өглөөний цай” бүхий өдөрлөг, хөтөлбөр цаашид үйлдвэрлэлийн цехүүдэд ч үргэлжлэх ажээ. 
 
 
 
 
 
 
 
Э.Мөнх-Уянга
Фото: Ш.Лхамсүрэн
   Монгол Улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн зарим ажилтныг Засгийн газар, салбарын яамдын шагналаар шагнав. Тус цехэд он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, ажлын байрны тохь тух, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад идэвх санаачилга гаргасан Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилтан Ц.Эрдэнэболд, Б.Болднасан, Д.Энхмаа нарыг Уул уурхайн яамны “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр, ажилтан Н.Нарантуяаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ажилтан А.Ариунбаярыг Засгийн газрын “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнасныг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа нар гардуулж, баяр хүргэлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн бүс болон бүхий л ажлын байрны гадаад дотоод тохижилт, үйлчилгээг хариуцдаг Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олонд ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.
   Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээний соёл, чанарыг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлэн ажиллаж буй тус хамт олон амжилт ололт дүүрэн ойн баяраа тэмдэглэлээ.  Засгийн газрын ордны Төр захиргааны үйлчилгээ эрхлэх газрын Сургалтын төвтэй хамтран ажиллаж, “Мастеруудын уулзалт”, “Цэвэрлэгч солилцоо” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний стандартыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойг угтан үйлчлэгчдийн дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж, 9 цехийн 22 ажилчин  онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн зэрэг олгох шалгалт гэсэн үзүүлэлтээр өрсөлджээ. Эхний үзүүлэлт буюу албан тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээний ангилалд ажилтан О.Энхзул, бие засах газар, угаалгын өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээний ангилалд ажилтан Ч.Буянхишиг нар манлайлж, мэргэжлийн зэргийн 2,3 дугаар болзлыг тус тус хангасан байна. 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
 
 
 
 
 
 
 
   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөгөөний дагуух ажлууд явагдаж байна. 11-р сарын нэгний өдрөөс зургаан сарын хугацаанд өргөтгөл, шинэчлэлт хийх учир үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд нөөц бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил ойрын өдрүүдэд эрчимтэй хийгдэж байна.
   Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүдэд хэрэгцээтэй, төрөл бүрийн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Цутгуурын цехийн хамт олон зургаан сарын нөөц 5290 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 95 хувийг нь Баяжуулах үйлдвэр захиалдаг юм.
   Өргөтгөл шинэчлэл хийх хугацаанд тус цехийн ажилчдыг ажлын байраар хангах асуудал шийдэгдэж 44 ажилтныг бусад цех нэгжүүдэд тараан ажиллуулах бол үлдсэн ажилчдыг Засвар механикийн завод өөрсдийн  цех нэгжүүдэд ажлын байраар хангахаар болжээ.
 
А.Бямбамаа
 
 

   “Нэн түрүүнд ХАБ - 2019” Бага хурал Улаанбаатар хотноо Corporate концертын их танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
   Энэ жилийн Бага хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Оюу толгой" ХХК, Монголын мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
   ХАБЭА-н салбар хорооны манлайлал, Гамшгийн тухай хуулийн хэрэгжилт, бодлого, Аюулгүй байдалд манлайлах талаар илтгэлүүд хэлэлцэж, санал бодлоо хуваалцаж байна. Түүнчлэн “Яараад яах вэ” аяны үр дүнгээс Бага хурлын төлөөлөгчдөд танилцууллаа.
   “Аюулгүй байдал манлайлах нь” уриатай “Нэн түрүүнд ХАБ - 2019” Бага хуралд нийт 350 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаагаас “Ослыг тэглэх” эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрээс бага хурлын төлөөлөгчөөр 18 уурхайчид оролцож байна.

 
А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог