Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 24 3-р сар 2020

Эрдэнэт үйлдвэрийн  техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехэд шинэ насоснууд суурилуулах ажил явагдаж байна. Энэ нь 1978 оноос ашиглаж буй Эргэлтийн ус хангамжийн хэсгийн ЦН3000-197 насосыг Япон улсын EBARA фирмийн  600*400CJNM маркийн насосоор үе шаттайгаар солих ажил юм.  Эхний  насос суурилуулах ажил  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан графикийн дагуу явж байна. Уг ажлын зураг төсвийг Зураг төслийн  хүрээлэн гаргасан бол БЗЦ-ийн Б. Бямбадорж мастертай бригад эхний насосны суурийн ажлыг гүйцэтгэв. Эргэлтийн ус хангамжийн хэсгийн засварын бригад Цахилгаан удирдлагын болон шугам хоолойн угсралтын ажлыг хийх бөгөөд 4-р сарын 20-нд ашиглалтад оруулна. Одоогоор цахилгааны удирдлагын шкаф хүчний болон хяналтын  кабелийн угсралт холболт, шугам хоолойн  ажлыг тус цехийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж байна. Уг насосыг сольсноор эргэлтийн ус хангамжийн найдвартай жигд ажиллагаа сайжирч, цахилгаан эрчим хүч болон засвар үйлчилгээний зардлыг хэмнэх юм.

                                                                                                          Т.Батчулуун

Фото: Ш.Лхамсүрэн

 

Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчид дэлхий нийтийг хамарсан цар тахал Covid-19 вирусын халдварын үед хүнд нөхцөлд ард иргэдийн эрүүл энхийн манаанд тэргүүн эгнээнд ажиллаж буй “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг хэрэглээний 1000 ширхэг амны хаалт хандивлахаар шийдвэрлэснээ өнөөдөр гардуулав. Тус холбооны гишүүд вирусын халдвараас ажилчдаа сэргийлэх үүднээс дархлаажуулалтын болон витаминжуулалтын аяныг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Дулааны цахилгаан станц, Засвар угсралтын цех, Зураг төслийн хүрээлэн, Захиргаа, аж ахуйн цехэд өрнүүлсэн бол энэ удаа “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн хүсэлтээр амны хаалт хандивлалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хандив тусламж, сайн үйлсийн аян үргэлжилнэ гэж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр ярьсан юм.

Одоогийн байдлаар “Эрдэнэт” сувиллын цогцолборт 75 хүн тусгаарлагдаад байна. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирэн тусгаарлагдсан Монгол иргэдийн олонх нь оюутнууд байна. Тэдний дөрөв нь өрхийн эмнэлгийн хяналтад өчигдөр гарсан бол маргааш ОХУ-ын нэг иргэн тусгаарлалтаас гэрийн хяналтад шилжинэ. Халуун цэг дээр хоёр эмч, хоёр сувилагч, хоол зөөгч гурван ажилтан, цэвэрлэгээний гурван үйлчлэгч хамт тусгаарлагдан ажил үүргээ гүйцэтгэж байна.   

М.Одгэрэл

Б.Баттөгс

Өнгөрсөн оны сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төв төмөр замын засвар үйлчилгээний зориулалттай ПРМ-5У маркийн машинтай болжээ. ОХУ-д үйлдвэрлэсэн уг техник нь бетон дэр солих, хотойсон зам тэгшлэх зэрэг олон үйлдэл гүйцэтгэх бөгөөд цагт 35 бетон дэр солих хүчин чадалтай. Өмнө тус төвийн Зам засварын хэсгийнхэн 280 кг жинтэй төмөр бетон дэр солих зэрэг засварын үйлчилгээний ажлыг гараар хийдэг байжээ.

Жил бүрийн өдийд Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн Замзасварын хэсгийнхэн төмөр замын дэр модыг төмөр бетоноор солих ажилд гардаг. Энэ жилийн хувьд 1500 төмөр бетон дэр захиалсан ч одоогоор нийлүүлэгдээгүй ажил сунжрах төлөвтэй байна. Тус хэсгийн хамт олон “Эрдэнэт” өртөөнөөс Тээвэр ложистикийн төв хүртэлх 3,5, тэндээс төв корпус хүртэл нэг, Өөрөө нунтаглах хэсэг хүрэх 0,9 км гээд нийт 36 салбар, дэлгэмэл уртаараа 25 км төмөр замын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг. Төмөр замын дэр модыг төмөр бетоноор солих ажил 2016 оноос эхэлсэн бөгөөд одоогоор 6000 гаруйг шинэчлээд байна. Төмөр бетон дэр нь 30 жилийн баталгаатай, ашиглалтын зардал хямд гэдгээрээ давуу талтай юм.

Ирэх сараас бетон дэр нийлүүлэгдэх үед тусгай зориулалтын техник ажилд гарснаар хөдөлмөр  хөнгөвчлөгдөж, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах юм.    

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог