Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 2-р сар 2019

     БОАЖЯ-ны хэлтсийн дарга А.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил байдалтай танилцаж, урьдчилсан дүгнэлтээ танилцуулахын зэрэгцээ зөвлөмж хүргүүллээ. Хамтарсан ажлын хэсэгт орон нутгаас аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, аймгийн МХГ-ын холбогдох мэргэжилтнүүд болон НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа нар орж ажилласан юм.        
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс өнгөрсөн хугацаанд байгаль орчны нөхөн сэргээлтийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар туршилт хийсэн үе шаттай ажлуудаа тайлагналаа. Ажлын хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэр дээр ажиллахын зэрэгцээ Орхон аймгийн Говил, Жаргалант багийн иргэдийн санал, хүсэлтийг сонсож, биечлэн уулзалт зохион байгуулсан юм. Энэ удаагийн хамтарсан ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтийг холбогдох албаныхан танилцуулахдаа “Эрдэнэт үйлдвэр нөхөн сэргээлтийн ажлаа эрчимжүүлэх, ингэхдээ байгаль орчны баг бүрэлдэхүүнээ мэргэжлийн хүмүүсээр тэлэх, усны нөөц ашиглалтыг зөв зохистой хэрэглэх, цагаан тоосны нарийвчилсан хэмжилт хийх харуулын цэгийн тоог нэмэгдүүлэх, нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах тоог 1000-д хүргэх, иргэдийг мэдээ мэдээллээр хангах хэрэгтэй” гэж зөвлөлөө.
     Мөн ажлын хэсгийнхэн “Одоогоор цагаан тоосны хор уршиг юу болох, ямар өвчлөл үүсгээд байгааг тогтоосон баримт нотолгоо байхгүй байна. Тиймээс нөлөөллийн судалгаа хийх нь цаашид хийж хэрэгжүүлэх ажилд дөхөм болно” гэдгийг хэллээ. Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд цагаан тоосны асуудлаар тухай бүртээ ажил зохион байгуулж ирсэн ч үр дүн хангалтгүй байгаад санал нэгдэж, хамтарч ажиллах талаар ярилцаж эхэлсэн.
     2000 оноос хойш яригдаж эхэлсэн цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар Эрдэнэт үйлдвэр олон туршилт хийсэн бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 13,3 га талбайд хэрэгжүүлсэн хаягдал булангид фолкулянт хольсон хучилт илүү үр дүнтэй байсныг холбогдох албаныхан хэлж байна. Эрдэнэт үйлдвэр тогтвортой хөгжлийн цогц бодлогодоо байгаль орчны асуудлыг тусгасан. Энэ хүрээнд ажлын хэсгийнхний санал зөвлөмжийг авч, цаашид хэрэгжүүлэх ажилдаа тусгана гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэллээ.

И.ТОГТОХ

    Орхон аймгийн удирдлагууд “Гарааны үйлдвэрлэл 2019” төслийг санхүүжүүлэх 140 сая төгрөгийг Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Паркийн үйл ажиллагааны ашгаас гаргана гэдгээ мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан төслийн ерөнхий ойлголт өгөх сургалт зохион байгуулж, 73 төслөөс 19-ийг нь шалгаруулаад байна. Ингэхдээ төслийг боловсруулсан байдал, шинэлэг тал, эргэн төлөгдөх нөхцөл зэргийг харгалзан, онооны системээр дүгнэжээ.
     Дээрх төслүүдэд хийх санхүүжилтийг хүүгүй, барьцаагүй, 18 сарын хугацаатай олгоно гэдгээ албаныхан мэдэгдсэн. Гэвч энэ сарын 22-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр “барьцаагүй зээл” гэсэн ойлголтыг өөрчлөх саналтай байгаагаа хурлын дарга П.Пүрэвлхагва хэлж, “Санхүүжилт авах иргэдийн хашааны газрыг барьцаалж болно. Газар нь ч үнэлэгдэнэ. Өнөөдөр ямар ч банк хашааны газрыг барьцаанд авдаггүй” гэв. Хурлын төлөөлөгчид уг саналыг дэмжсэнээр “Барьцаатай зээл” хэмээн журамд тусгахаар боллоо. Төслийн сүүлийн шатны дүнг нийтэд нээлттэй, ил тод явуулахаар төлөвлөжээ. Дашрамд дуулгахад, Эрдэнэт ШУТП-ийн үйлдвэрлэсэн гагнуурын электродыг Эрдэнэт үйлдвэр худалдан авч, үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж байгаа юм.


И.ЧИНТОГТОХ

     Байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Эрдэнэт үйлдвэр нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, өнгөрсөн оны нэгдсэн дүнгээр үйлдвэрийн хэмжээнд 127 мянган мод тарьж ургуулжээ. “Эко Монгол” дээд сургуультай хамтран ажилласны үр дүнд оюутнуудыг дадлагажуулахын зэрэгцээ ажиллагсдынхаа мэдлэг мэдээллийг тэлж, мэргэшүүлсэн байна. Үйлдвэрийн нэн тэргүүний ач холбогдол өгч байгаа байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд Олон улсын ISO-14001:2004 стандартыг дагаж мөрдөж байна.


И.ТОГТОХ

     Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахад томоохон үүрэг гүйцэтгэдэг Баяжуулах фабрикийн Эргэлтийн усан хангамжийн хэсгийн хамт олон ус дамжуулах шугаманд гарсан гэмтлийг түргэн шуурхай илрүүлж, засварлалаа. Энэ сард хоёр дахь удаагаа гэмтэл гарсан нь энэ бөгөөд чадварлаг засварчдын хүчээр фабрикийн үйл ажиллагаа доголдсонгүй.
     Хавар, намар тохиодог цаг уурын өөрчлөлтийн улмаас газар доорх шугам хоолойд гэмтэл гарах магадлал их байдгийг тус хэсгийн дарга Б.Амарсайхан хэллээ.

И.ЧИНТОГТОХ

Мягмар, 26 2-р сар 2019 00:00

Цэвэр усны хэмнэлт гаргана

     БОАЖЯ-наас 2018 оны 12-р сарын 26-нд гаргасан тушаалаар цэвэр усны ашиглалтын төлбөр тооцоог шинэчилжээ. Ингэхдээ цэвэр усны хэрэглээнд хатуу шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд торгууль тавих юм. Үүнтэй холбогдуулан цехүүд цэвэр усныхаа хэрэглээнд хатуу хяналт тавьж ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн Эрчимзүйн хэлтсээс анхаарууллаа.


И.ЧИН

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн Эрүүл ахуйн алба ажиллагсдын хувцсанд нэвтрэх тоосны түвшинг тодорхойлох, тоосны хүртэлтийг бууруулах зорилгоор 2017 онд батлагдсан дөрвөн төрлийн стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн онд эрүүл ахуйн лабораторийн багаж хэрэгсэл шинэчлэгджээ. Ингэснээр тоосны хэмжилт хийх боломжтой болсон бөгөөд шинээр нэвтрүүлж байгаа багаж хэрэгслийг зөв зохистой ашиглах, холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч ажиллахыг сануулж байна.
     Эрдэнэт үйлдвэр технологийн хувьд ажлын 8 цаг болон ээлжийн 8, 12 цагаар ажилладаг. Энэ хугацаанд хэмжилт хийж, хувь хүний сорьц цуглуулснаар тоосонд өртөж байгаа өртөлтийг нарийвчлан гаргах юм. Өртөлтийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авна гэдгээ Эрүүл ахуйн албаны дарга мэдэгдлээ.


И.ЧИН

     Эрдэнэт үйлдвэр ХХК үнэт капитал болсон ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийг эрхэмлэх зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлж буй нэг томоохон ажил нь ажилчдын эрүүл мэндийн үзлэг шинжилгээ юм. 2018 онд цех, хэсгийн ажилтнууд товлосон хугацаандаа үзлэгт хамрагдсан бөгөөд одоогоор явц 90 хувьтай байгаа талаар Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяр мэдээлэл хийлээ. Үзлэг шинжилгээнд нийт 8538 ажилчин хамрагдах ёстойгоос 7672 нь хамрагджээ. Холбогдох албаныхан хоёр долоо хоногийн дараа үйлдвэрийн 2018 оны урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг дуусгахаар ажиллаж байна.


И.ТОГТОХ

     Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, 2019-2022 онд хэрэгжих “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэлэлцэв. Хөтөлбөрт цагаан тоосны тархалт болоод экологи эрүүл мэндийн нөлөөлөлд үнэлгээ судалгаа хийх, дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, экологийн сөрөг нөлөөллийг буруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ зохион байгуулах, иргэдэд үнэн бодит мэдээлэл түгээх гэсэн зорилтыг тусгажээ. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цагаан тоосны дэгдэлтийг бууруулахад аль аль талдаа ажил зохиож, багагүй мөнгө зарцуулж байгааг тэргүүлэгчид онцлоод, хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэгт санал нэгдэв.


И.ТОГТОХ

     “Хан хуур” төслийн хүрээнд бүх нийтээрээ морин хуур хөгжим тоглож сурсан дуу бүжгийн  “Эрдэнэт” чуулгын “Морин хуур” хамтлаг бие даасан уран бүтээлийн тоглолтоо ирэх гуравдугаар сарын 29-нд хийнэ. Энэ ажлын хүрээнд тус чуулгын багш Б.Цэрэндондов морин хуур хөгжид зориулан тусгай зохиол бичиж эхэлжээ. Тоглолтонд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Н.Жанцанноров, Ж.Чулууны хөгжим эгшиглэх юм байна.  


И.ЧИН

     Орхон аймгийн Цэргийн штабын захиалгаар анх удаа тайзнаа тоглосон “Эх орны хүү” тоглолтыг соёлын ордны уран бүтээлчид дахин тайзнаа “амилуулахаар” болжээ. Эх орны хүү, Монгол цэрэг, Монгол эрчүүд эх орныхоо төлөө юу хийснийг эргэн нэг дурсаж, ахмад үеэ магтан дуулсан өгүүлэмжтэй тус тоглолтыг сар шинийн өмнө манай аймагт айлчилсан Монгол Улсын 21 аймгийн Цэргийн штабын удирдлагууд, БХЯ-ны төлөөлөгчид үзэж сонирхсон байна.
     Эрдэнэтийн залуучуудын зүрх сэтгэлийг хөглөж, өөрөөрөө бахархсан, сэтгэлийн тэнхээ, хүч зориг оруулсан чанартай, чансаатай тоглолт хийхээр уран бүтээлчид хэдийнэ ажилдаа оржээ. Энэ удаад найруулгаа баяжуулж, Эрдэнэт үйлдвэрийн залуу ажилчдаа хамруулах болсноо Уурхайчин соёлын ордны уран сайхны удирдагч, найруулагч Д.Одончимэг хэлсэн.


И.ТОГТОХ

Мэдээний төрөл

Календарь

« 2-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Зургийн цомог