Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 25 10-р сар 2019

 

     Жил бүрийн 10 дугаар сарын гуравдахь долоо хоногт Монголын хайгуулчдын мэргэжлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдөр манай улсад Геологийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж байна.  Мэргэжлийн салбарынхаа түүхэн ойг оны эхний 9 сар буюу гуравдугаар улирлын төлөвлөгөөт үзүүлэлтээ 102 хувиар биелүүлэн угтаж буй “ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Геологи хайгуулын ангийн дарга М.Дамдинсүрэнтэй уулзаж, тус хамт олны ажлын амжилт, ололтын талаар ярилцлаа.

     -Юуны өмнө танай хамт олонд Монгол улсад Геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ямар амжилт бүтээлээр баярын өдрөө угтаж байна вэ?

     -Энэ жил бид Эрдэнэт үйлдвэрийн тусгай зөвшөөрөл бүхий талбай Шандын орд газарт хайгуулын ажил хийж байна. Энэ ажил гурав дахь жилдээ үргэлжилж байгаа. Өнгөрсөн онд уг газарт хэт гүний цооногуудад өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн. Хамгийн гүн нь 1617 метр байсан бол гурван цооног нь 1300 метрийн гүнд хийгдсэн.  Харин энэ жилийн хувьд зургаан цооногт  өрөмдлөг хийлээ. Ингэснээр Шандын хүдрийн ордыг илрүүлж, шинэ ордтой  салбарынхаа ойг угтаж байна. Шандын  орд газарт хайгуулаар  зэс молибден болон алт, мөнгөний агуулга илэрсэн. Мөнгөний агуулга нь зэсийн профирийн ордуудтай харьцуулахад өндөр гарсан. Ийм шинэ ордыг бид хайгуулын эрчимжүүлсэн ажлын үр дүнд нээснийг хэлэхэд таатай байна.

    -Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг багаар бодоход 60 жил гэж тогтоогоод байгаа нь геологи хайгуулынхны  сүүлийн жилүүдийн эрчимтэй ажлын үр дүн гэж хэлж болно.  Мэргэжлийн хүний хувьд энэ хүрээнд хийгдсэн онцлог зүйлүүдийг тодорхойлбол?

     -Сүүлийн гурван жилд бид гүйцээх хайгуулын ажил хийсэн. Энэ нь ямар учиртай вэ гэвэл, Эрдэнэтийн овооны орд газрын баруун хойд хэсэг буюу одоо ашиглаж буй карьер, түүний үргэлжлэл болох төв хэсэг гэсэн хоёр хүдрийн биет дээр тэлсэн зах хязгаар, гүн рүү өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэлээ. Өрөмдлөг одоо ч бүрэн дуусаагүй, ирэх жилд  үргэлжилнэ. Үүний үр дүнд хүдрийн биетийн томорч өргөсөж, гүнзгийрч буй хэсгүүдэд нь тооцоо хийж хэмжээг нь гаргасан байгаа. Хэмжилт хийсний дараа зэс молибдены агуулгыг нь боддог. Эзлэхүүн тэлсэн учраас агуулга боломжийн түвшинд байна гэж үзсэн. Эдгээр ажлууд бүрэн хийгдсэний дараа хайгуулын нөөцийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулж, ирэх 2020 онд хамгаалах зорилттой байгаа. Хамгаалалтын дараа шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ёстой.

     -Тэгвэл Шандын ордын нөөц болон цаашид хэрхэн ашиглахыг  шинэ техник эдийн засгийн үндэслэл гаргасны дараа тогтооно гэсэн үг үү?

     -Тийм. Ер нь шинэ орд газар нээх бүрт техник эдийн засгийн үндэслэл шинэчлэгдэж байдаг. Тиймээс энэ орд газарт ямар төрлийн уурхай байгуулах, ил эсвэл далд байх, хүдэр болон хөрсний хэмжээ зэргийг тогтоохын тулд техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулна. Энд тодруулж хэлэхэд, нөөцийн тайлан бол зөвхөн хүдрийн биетийн эзлэхүүн дээр тооцоолж хийгддэг бол техник эдийн засгийн үндэслэл нь уурхайн эзлэхүүнийг тооцоолж бодно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн ордыг хэдэн жил ашиглах вэ гэдэг нь техник эдийн засгийн үндэслэлээр тодорхойлогдоно.

    -Ойрын үеийн зорилт, төлөвлөгөөт ажлуудаасаа товчхон дурьдана уу?

    -Эрдэнэт үйлдвэрийн хэтийн төлөв, хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд 2022 он хүртэл манай ажлын тоон үзүүлэлтийн төлөвлөгөө гарсан байгаа. Ирэх онд бид 20 гаруй мянган тууш метр өрөмдлөг хийх зорилттой ажиллана. Үүний 7 мянган тууш метр өрөмдлөгийн ажлыг  Шандын орд газарт үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. Энэ оны 9 сарын байдлаар бид төлөвлөгөөгөө 100-аас дээш хувиар биелүүлэн ажиллаж байна. Эндээс харахад, оны эцэст төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүрэн биелэх боломжтой юм.

М.Балжинням

Фото Б.Баттөгс  

 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оныг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд Засвар механикийн заводын Цутгуурын цехийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түр хугацаандзогсоох шийдвэр гарч, технологийн шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Бэлтгэл ажлын талаар цехийн дарга Ц.Зоригоотой ярилцлаа.

   -Цутгуурын цех үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөгөө хэрхэн хангаж байна вэ?

   -Манай цех 2019 оны төлөвлөгөөнд 5048 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тусгасан. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн тээрмүүдийн худалдан авсан хуяг шаардлага хангаагүйгээс 390 орчим тонн цутгамал бүтээгдэхүүний нэмэлт ажил орж ирсэн. Нийт төлөвлөгөөг 100 хувь гүйцэтгэж байна. Хаягдлын аж ахуйн насосны шахуургын хуяг диск, Ил уурхайн 10 куб.м багтаамжтай 2 шанага хийх л дутуу үлдсэн. 11 дүгээр сарын 01-нээс үйл ажиллагаагаа зогсооход шаардлагатай цутгамал бүтээгдэхүүний нөөцөө бүрэн хийгээд дуусна.

   -Уртасгасан цагаар ажиллаж байгаа юу?

   -Хэд хэдэн удаа хагас сайн өдөр ажилласан. Хэвний машин дээр 15-18 хэв хийх нормыг дээд хэмжээнд нь 18-аар гүйцэтгэж, өдөр бүрийн төлөвлөгөөт ажлаа шахуу хийж байна. Технологийн материалын нийлүүлэлттэй холбоотой асуудлууд байсан нь эхнээсээ шийдэгдэж, маш чухал шаардлагатай фураны давирхайгаа хүлээн авлаа. Бид нөөц боломжоо ашиглан ажлаа тасралтгүй явуулахад анхаарч байна. Үлдсэн өдрүүдэд ажлаа амжуулахын тулд хагас сайн өдөр ажиллахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд холбогдох тушаал, шийдвэрүүдийг үйлдвэрийн газрын удирдлагууд гаргасан байгаа. 11 дүгээр сарын нэгэн баасан гариг таарсан тул 4-нөөс цехийн үйл ажиллагаа үндсэндээ зогсож, дараагийн ажилдаа орно.

   -Шинэчлэл хийснээр ямар өөрчлөлт гарах вэ?

   -Урьдчилсан тооцоогоор, хүчин чадал нэмэгдэнэ. Хамгийн гол нь чанар дээшилнэ. Хуучин технологиуд 1940-өөд оноос сууриа тавьж, 1960-аад онд ид хөгжиж байсан технологийг 1980-аад онд Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулахад тавьсан байдаг. Үйлдвэрт хэрэглэж байгаа техник, тоног төхөөрөмжүүд нь орчин үеийн техникийн шаардлага хангасан цутгамал бүтээгдэхүүн шаардаж байна. Бид орчин үетэй хөл нийлүүлэн алхахын тулд эдгээр тоног төхөөрөмжийг сонгох  зайлшгүй шаардлагатай боллоо. Бүтээгдэхүүний нарийвчлал дээшилж, гадаргуугийн цэвэршилт сайжирна. Цутгалтын дараах цэвэрлэгээ, өнгө үзэмжийг сайжруулах асуудал эрс дээшилнэ. Манайхан гаднын улс орнуудаар явахдаа “Цутгуурын цех ийм зүйлийг хийж чаддаггүй юм болов уу” гэсэн асуудал ярьдаг байсан. Түүнтэй дүйцэх геометрийн хэмжээс нь их нарийн байх хэрэгтэй л дээ. Шинэчлэлийн дараа энэ бүх хүслийг хангаж чадна.

   -Нэн түрүүнд хийх ажлаасаа онцолбол?

   -Бэлтгэл ажлаа бүрэн хангаж, худалдан авалт үндсэндээ цэгцэрсэн. Материалын агуулахын ажил ид дундаа хийгдэж байна. Барилга засвар болон Засвар угсралтын цех тодорхой үүрэг даалгавар авч, төлөвлөгөөний дагуу ажлуудаа хийж байна. Үйл ажиллагаа зогсоход хуучин тоног төхөөрөмжүүдээ буулгах ажлыг эхлүүлнэ. Буулгалтын ажлыг 4 багц болгон хувааж, тендерийн дагуу “Ээлт Өлгий” ХХК гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Бусад ажлыг Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд гүйцэтгэнэ. Инженерийн зураг төслийн төв дээр их ажил бий. Тэд эхний ээлжинд металл хийцийн зургууд гаргаж өгсөн. Одоо шинээр суурилуулах төхөөрөмжийн суурийн ажлын зургуудыг өгөх ёстой. Буулгалтын ажлуудад томоохон эд ангийг зургийн дагуу буулгах хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа гэж бий. Тухайн зургуудыг ирэх сарын 10-ны дотор ирүүлэх байх. Барилгын ажил их тул Барилга засварын цех хүн хүчээ оруулж, манайхаас 146 ажилтнаа ажиллуулахаар төлөвлөн, бригадын зохион байгуулалтад хуваарилаад байгаа.

   -Товлосон хугацаанаас өмнө дуусгах боломжтой юу?

   -2020 оны хавар буюу 5 дугаар сарын нэгэн гэхэд шинэчлэлийн ажлаа бүрэн дуусгана. Буулгалтын ажилд нэг сар, барилгын суурийн ажлыг бэлтгэхэд нэг сар, тоног төхөөрөмжийг угсрахад 3 сар, үйлдвэрлэлээ эхлүүлэхэд нэг сар орчмын хугацаа орох байх. Угсралтын ажил хийсний дараа хугацаанаас өмнө ашиглалтад оруулах боломжтой эсэх дүр зураг нь харагдах байх.

   -Ажилчдын хувьд хүндрэлтэй асуудал гарах уу?

   -Манай цех инженер, техникийн 220-иод ажилтантай. Энэ технологийг оруулснаар Хольц бэлтгэх тасаг татан буугдаж, 14 хүний асуудал яригдаж эхэлсэн. Ажилчдаа өөр мэргэжил эзэмшүүлэх үү, хаа нэг тийш нь шилжүүлэх үү гэдэг дээр ярилцаж, гаргалгаа гаргаж байна. Засвар механикийн заводын Резиний тасаг хүчин чадлаа нэмэгдүүлж байгаатай холбогдуулан 4-5 хүнийг шилжүүлэх, өөрийн цехэд тавигдсан шинэ тоног төхөөрөмж дээр ажиллуулах хэлбэрээр шийдвэрлэнэ.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Бүлэг Онцлох
Баасан, 25 10-р сар 2019 00:00

“Алтан намар” өдөрлөг боллоо

      Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын албаны Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс өнгөрсөн баасан гарагт “Алтан намар” өдөрлөг зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны нэгдүгээр байр “АБК”-д болсон уг  өдөрлөгийн үеэр  хэсгүүдийн ажилтнууд шинэ ургацын хүнсний ногоо, жимс жимсгэнээр өөрсдөө хийсэн амтат зууш, шейк, смүүти, жимсний чанамал зэрэг эрүүл мэндэд тустай, амин дэмээр баялаг бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ.  Тэд уран сэтгэмжит ширээ засан, урлагийн бүтээл мэт идээ ундаагаараа бие биеэ дайлж, хийх аргачлалаа харилцан солилцов. Энэ үеэр Хаан хүнс-Эрдэнэт компанийн мэргэжлийн тогооч баяжуулагчдын “урласан” идээ, ундаан дээр жишээлэн, эрүүл мэндийн ач холбогдлыг тайлбарлан таниуллаа. Эх орныхоо хөрсөнд ургуулсан шинэ ногоо, жимс жимсгэнэ ашиглан  өдөр тутамдаа зөв, тэнцвэртэй хооллох  боломжийг түгээж байгаагаараа энэ өдөрлөг их ач холбогдолтой боллоо гэж баяжуулагчид ярив. Мөн өдөрлөгт Баяжуулах үйлдвэрийн уран зургийн авьяастай ажилтнууд намрын сэдэвт бүтээлээ дэлгэлээ. Өдөрлөгт идэвхтэй оролцсон хамт олон, хувь хүмүүсийг Баяжуулах үйлдвэрийн захиргаанаас урамшуулав.

Я.Энхтуяа

 

     Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн менежерүүд үе шаттай сургалт, идэвхжүүлэлтийн ажилд хамрагдаж байна. Хөгжлийн хэлтсийн Бүтээмж, инновацийн төв, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газартай хамтран үйлдвэрийн бүтцийн нэгжийн бүтээмжийн мэргэжилтэн, чиглүүлэгч нарт  албан баримт бичгийн төрөл, стандарт, найруулга зүй сэдвээр сургалт зохион байгууллаа. Удахгүй, Технологийн сургуультай хамтран ажилчдын сэтгэл ханамжид дүн шинжилгээ хийх SPSS программын талаар сургалт хийнэ. Мөн Монголын бүтээмжийн төвтэй хамтран бүтээмжийн мэргэжилтний анхан шатны сургалтыг Эрдэнэт хотод зохион байгуулахаар болжээ. Эрдэнэт үйлдвэрт бүтээмжийн 24 мэргэжилтэн, чиглүүлэгч ажиллаж байгаа бөгөөд тэд дөрвөн багт хуваагдан, үйл ажиллагаа сайжруулах нөлөөллийн ажлууд хийж байна. Энэ хүрээнд ирэх сарын 04-08-ны өдрүүдэд тэд “Шинэ санаа хэрхэн олох вэ?“ сэдэвт цуврал хэлэлцүүлгийг сайн саналын системийн 100 манлайлагчийн оролцоотой зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн “Бүтээмжийн ажилтны нэг өдөр” туршлага судлах үйл ажиллагаа өрнүүлж, Нийслэлд  “ДЦС-4” дээр чанарын удирдлагын тогтолцоо хэрхэн нэвтрүүлснийг, “АПУ” компанид процессын сайжруулалт хэрхэн явагдаж байгааг, “Мөнхийн үсэг” компанид материалын урсгал тооцоолол хэрхэн хийдэг талаар тэд  туршлага судална. Энэ үеэр менежерүүд “Мэдлэг хуваалцах өдөрлөг”-т оролцож Эрдэнэт үйлдвэрийнхээ туршлагыг түгээх ажээ.

М.ОДГЭРЭЛ  

Баасан, 25 10-р сар 2019 00:00

Баяндалайн БАЯНЖАРГАЛ

 

Овог нэр:

 

Баяндалайн БАЯНЖАРГАЛ

Төгссөн сургууль:

Дархан-Уул аймгийн Технологийн их сургууль

Мэргэжил:

Машин үйлдвэрлэлийн технологи инженер

Ажилласан туршлага:

2000 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Засвар механикийн заводод токарьчнаар ажилд орсон. Эрдэнэт үйлдвэрт токарьчин, мастер, хэсгийн даргаас Механик цехийн орлогч дарга хүртэл 19 дэх жилдээ дэвшин ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2009 онд Монгол Улсын Засгийн Газрын дэргэдэх Удирдлагын академийг Бизнес удирдлагын менежер, 2011 онд Дархан-Уул аймгийн ТИС-ийг Машин үйлдвэрлэлийн магистр, 2012 онд ШУТИС-ийн харьяа Механик тээврийн сургуулийн докторантур, 2018 онд Монгол Улсын Зөвлөх инженер

Чин хүсэл:

Грат-1400 маркийн булингийн шахуурга 3-4 жилийн өмнө 120-160 цаг ажилладаг байсныг ЗМЗ-ын Механик цех болон Цутгуурын цех,  Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажиллагсад 360 цаг болгож нэмэгдүүлсэн. Жилийн ашиг нь тухайн үеийн ханшаар 5.2 тэрбум төгрөгт хүрч, 2016 оны “Инноватор” цом авсан энэ томоохон ажилд Монгол Улсын Оюуны өмчийг хамгаалах газар патентийн эрх олгосон байдаг. Тэр Эрдэнэт үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад өөрийн мэдлэг чадвар, ур ухаанаа дайчлахаар итгэл төгс алхаж яваа чадварлаг инженерүүдийн нэг.

 

1. Танд өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?

   -Өглөө сэрээд хамгийн түрүүнд 1-2 аяга ус уудаг дадалтай болсон. Хүн аливаа шинэ зүйлийг дадал хэвшил болгоход 30 хоногийн хугацаа хэрэгтэй гэж сонсож байсан. Харин орой гэрийнхээ босгоор алхаад л “Сайн уу, аавын хүүхдүүд” гэж мэндлээд, бага хүүгээ заавал үнсдэг. Хэдийгээр ажил дээр тодорхой үүрэг хүлээсэн албан тушаалтай ч хүүхдүүддээ бол аав нь шүү дээ. Тэр утгаараа хайр халамжаа өдөр бүр мэдрүүлэхийг хичээдэг. Өдрөөс өдөрт өсөж байгаа хүүхдүүдэд маань зөв үлгэр дууриал болно гэж боддог.

 

2. Сүүлийн үед хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлс?

   -Спортоор хичээллэж, эрүүл мэндийн дархлаагаа хамгаалж байна. Сүүлийн жилүүдэд нурууны өвчлөлийн талаар их ярих болсон тул аль болох сунгалт, таталтын дасгал хийхийг хичээж байгаа.

 

3. Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

   -Эзэмшсэн мэргэжил, Эрдэнэт үйлдвэрийн чадварлаг ажилчид, түүний дотор Механик цехийн инженер техникийн ажилтнуудаас урам зориг авдаг. Ер нь мундаг шүү, манайхан. Сүүлийн жилүүдэд Монгол орныхоо сайхан байгаль, хээр талаар аялаж, төрсөн нутгийнхаа газар шороо, уул уснаас адис авдаг болсон. Мөн өдрийн сайныг харан байж, Эрдэнэт уулынхаа овоон дээр гарч эрч хүчээ авдаг.

 

4. Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?

   -Эрдэнэт үйлдвэрийн үндсэн дөрвөн цехийн нэг болох Засвар механикийн завод нь 600 гаруй ажилтан ажиллагсадтай. 1980-аад оны үед ахмад үеийнхэн маань ОХУ-ын Нива маркийн автомашинтай адил төрлийн техник үйлдвэрлэсэн байдаг. Фото зураг нь одоо ч архивт бий. Харин бид трактор, чиргүүл угсарч үзсэн. Мэдээж мэргэжил бүр өөр. Миний эзэмшсэн мэргэжил, гүйцэтгэж байгаа албан тушаал хувь хүний техник сэтгэлгээг илүүтэй хөгжүүлдэг.

 

5. Хамт олноороо ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

   -Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн КСД-2200 маркийн конусан бутлуур хуучирч, элэгдэл ихтэй болсноос зарим эд анги нь хагарч нөөцгүй болсон тухай мэдээлэл авсан. Үүний нэг нь “Подпятник” гэдэг эд анги. Импорт орлох энэ бүтээгдэхүүнээс гурван ширхгийг хийх захиалга ирсний дагуу бид ажилдаа ороод байна. Ингэхдээ хамгийн хялбар, богино хугацаанд цехийнхээ техникийн нөхцөлд хэрхэн хийж болох вэ гэдгийг их судаллаа. Улмаар дахин хайлуулах төмөр бэлтгэх тасгаас КМД конусан бутлуурын элэгдсэн эд анги олж, түүнийгээ ажлын зургийн дагуу зорж боловсруулан, Б83 маркийн баббитаар шавах ажил хийж байна. Анх удаа хийж байгаа ажил тул импортын үнэ, өөрийн өртгийг нь хараахан судалж амжаагүй ч удахгүй тооцоолол хийгдэх байх. Ирэх 7 хоногт захиалгын дагуу Баяжуулах үйлдвэрт хүлээлгэн өгнө.

 

5. Залуучуудад өгөх таны зөвлөгөө?

   -Би 1993 онд 8-р ангиа төгсөөд Дарханы ТИС-ийн лицейд 20 хүүхэд авах шалгаруулалтын дагуу Машин үйлдвэрлэлийн технологи инженерийн мэргэжлийг сонгож байлаа. Миний төсөөлсөн мэргэжил мөн байсан. Өнөөдөр яагаад ч юм, өөр ажил хийж чадахгүй юм шиг санагддаг. Өнөөгийн хүүхдүүд “Шинэ цагийн Монгол залуучууд” гэсэн гоё нэр томъёотой болжээ. Үйлдвэрийн нийт ажилтны 60-70 хувь нь үндсэндээ шинэчлэгдлээ. Залуучууддаа хандаж хэлэхэд, “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэгчилэн энэ сайхан үйлдвэрт орсон л бол бүх дүрэм журмыг биелүүлж, дунд, ахмад үеийнхний хэлсэн үгийг дааж, ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэй. Зөв төлөвшсөн бие хүн болох нь маш чухал тул “Өөрчлөлтийг өнөөдөр өөрөөсөө эхлээрэй” гэж хэлэхийг хүсэж байна.  Мэдээж эхлэл нь аливаад хандах хандлага юм шүү.

    

    Засвар механикийн заводын зарим цехийн шинэчлэлтэй холбогдуулан шинээр баригдсан, зориулалт нь өөрчлөгдсөн болон гал түймрийн эсрэг систем өмнө нь суурилагдаагүй объектууд дээр “Талст билэгт”, “Эрин гүрэн” компаниуд галын дохиоллын автомат болон гал унтраах бие даасан систем суурилуулж Эрдэнэт үйлдвэрийн галын автоматикийн нэгдсэн системийн хяналтад оруулсан. Ингэхдээ  нэгдсэн системийн техникийн боломжид тохируулан тусад нь систем болгон суурилуулсан аж. Ашиглалтын явцад Засвар механикийн заводын ээлжийн диспетчеруудад хянаж-удирдахад зэрэгцэж ажиллах, андуурагдах зэрэг хүндрэл  бий болжээ. Үүнийг  шийдэх, системийн ашиглалтын зардлыг бууруулах, найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор ХМТАЦ-ийн Галын автоматикийн хэсгийн “Дөл” БЧД-ийн хамт олон засварчин Э.Мөнхжилийн “Нэг систем-хоёр объект” саналыг хэрэгжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. “Энэхүү хоёр системийг нэгтгэх ажил нь галын автоматикийн системийн бүтцийг өөрчлөх, галын дохиоллын салбар шугамуудын оновчтой зохион байгуулалттай хосолсноор Засвар механикийн заводын галын автоматикийн системийг өөрчлөн сайжруулах ажил болж байгаа юм. Энэ ажлыг хэрэгжүүлснээр тус заводын галын автоматикийн системийн ашиглалт сайжирч, ашиглалтын зардал буурч, системийн эвдрэл гэмтэл, хуурмаг ажиллагааны давтамж багасаж, улмаар найдвартай ажиллагаа сайжирна” гэж   ХМТАЦ-ийн Галын автоматикийн инженер Э.Энхтүвшин ярилаа.

 

Я.Энхтуяа

     "Хар тамхины тахалтай" тэмцэж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гаргажээ. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан уриалгыг дэмжиж нийгмийн хариуцлагатай Эрдэнэт үйлдвэрийн Уурхайчид энэ аянд нэгдлээ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас бусад аж ахуйн нэгж, албан байгууллага, ижил төстэй уул уурхайн компаниудад хандан “Хар тамхины тахалтай” хамтарч тэмцэхийг уриалж байна. Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсөж, шалгагдсан хүний 88 хувийг 13-35 насны залуучууд эзэлж байна гэсэн тоо баримт байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, түүний хор нөлөөллөөс Улс үндэстэн, хайртай дотны хүн бүхнээ хамгаалах нь  иргэн бүрийн үүрэг, оролцоо юм. Иймээс Уурхайчид “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад нэгдлээ.

А.Бямбамаа

     

     Монгол Улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангийн хамт олон ажилчдынхаа дунд мэргэжил тус бүрээр нь ажил мэргэжлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Геологи, геофизикийн хэсгийн ажилчдын дунд  дэлгэж тавьсан 100м урт кабелийг хурдан зөв ороох, өөрийн байгаа байршлыг цэг ашиглан тодорхойлж зурагт буулгах, дээжийн байршлыг шугам, транспортер ашиглан чиглэлийг тодорхойлж дээж авах зэрэг  даалгавруудыг багаараа гүйцэтгэж асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд  Б.Мөнхдөл ахлагчтай “Сэхээтэн “баг  тэргүүлж,  Б.Даваадорж ахлагчтай “Би чадна” баг,  Д.Энхцэцэг ахлагчтай “Алтан алх” багууд удааллаа. Өрөмдөгч нарын дунд зохион байгуулсан тэмцээнд Д.Энхбат  эхний байрт шалгарсан  О.Болор-Эрдэнэ, У.Энхбат нар удаах байруудыг эзэлжээ. Тус хамт олон ойн баяраа үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн амжилтаар угтаж байна. Ойн баярын хүрээнд зохион байгуулсан нэгэн томоохон ажил нь Орхон аймгийн урт цагаанд байрлах дөрөв дахь алдрын баганыг Монгол Улсын Гавьяат геологич Г.Сандуйжавын нэрэмжит болгожээ.

А.Бямбамаа

 

 

 

 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог