Цутгуурын үйлдвэрлэл эхэллээ Онцлох

04 6-р сар 2020 12:00
169 удаа үзсэн

Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хэвний технологи бүрэн шинэчлэгдэж өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэлийг туршилтаар эхлүүллээ. Сэтгүүлч хүний хувьд шинэ бүхнийг соргогоор мэдэрч, дэргэдээс нь үзэхийг “хорхойсдог” болохоор яваад очлоо. Өмнөх дуу чимээ, утаа униар эрс багасжээ. Төмрийн “дархчууд” маань шинэ тоног төхөөрөмж, технологи дээрээ хамгийн түрүүнд Баяжуулах үйлдвэрийн тээрмийн хуяг цутгаад дөнгөж шигшин гаргаж байхтай таарав. Одоо тасдаж ялгаад гадаргууг нь цэвэрлэнэ гэнэ. Өмнө нь үйлдвэрлэж байснаас өөр харагдана уу? гэж асуухад технологич инженер О.Майдаррагчаа “Бүрэн гүйцэт болохоор л харьцуулна даа. Хэвний хувьд нягт, гадаргуу жигд, маш сайн болсон” гэлээ. Цутгуурын цехийн хайлалт хуучнаараа явагдаж байна. Харин хэвний хагас автомат шинэ шугам зогсоо чөлөөгүй ажиллана. Үйлдвэрлэл дөнгөж эхэлж байгаа болохоор элсний температураас эхлээд үйлдвэрлэлийн явцын дунд тоног төхөөрөмжийн зарим нэг тохируулга давхар хийгдэж байв. Шинэ шугам ажилд орсноор орцын материалууд цөөрчээ. Өмнө нь 7-8 мянган тонн элс хэрэглээд хогийн цэг рүү хаядаг байсан бол одоо 2000 тонн элс цех дотроо тасралтгүй эргэлдэх юм. Зардал хэмнэхээс гадна байгаль орчин бохирдуулахгүй давуу талтай. Одоо Оросоос ирсэн кварцын элс хэрэглэж байна. Мөн манайхны ярьдгаар дулаанд тэсвэртэй хар элс ашиглаж харагдана. Түүнээс гадна өмнө нь олон төрлийн барьцалдуулагч бодис, туслах материал үйлдвэрлэлдээ хэрэглэдэг байсан бол одоо хатууруулагч, давирхай гээд хоёр бүтээгдэхүүн ашиглаж байна. Энэ нь шинэ технологи үйлдвэрлэлд хамтран нэвтрүүлж буй “FAT” компанийн тоног төхөөрөмжид зориулсан шингэн бөгөөд Чех улсаас ирдэг гэнэ.  

Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих хагас автомат шугамаас гарах бүтээгдэхүүний чанар, гадаргуугийн цэвэршилт эрс сайжирсныг Хэвний хэсгийн туршлагатай мастер Э.Дүүрэнбаяр онцоллоо. Хэв сайжрах нь үйлдвэрлэлийн дараагийн дамжлагад шууд сайнаар нөлөөлнө. Тухайлбал, металл цэвэрлэх цаг гэхэд 80 хувь буурсан байх жишээтэй. Цутгуурын цехийн ажилчид өмнө нь маш их дуу чимээ, утаа униар дунд голдуу биеийн хүчний ажлыг олуулаа гүйцэтгэдэг байсан бол одоо хянах, товчлуур дарах, оосорлох, элс тэгшлэх, будах гэх мэт энгийн ажлыг тайван хийцгээнэ. Хүний гар ажиллагаа эрс багассан нь харваас илт. Хольц бэлтгэх хэсгийнхний ажил бүр үгүй болж тэнд ажиллаж байсан хүмүүсээ Механик цех рүүгээ шилжүүлжээ. Энэ үеэр зарим ажилчидтай уулзаж, ажлын завсраар нь цөөн хором ярилцлаа.

Хэвчин Ж.НЯМДАВАА:

-Би Эрдэнэт үйлдвэрт 18 жил ажиллаж байна. Өмнө нь гараар, хийн багажаар ажилладаг байсан. Сүүлийн үед гар чилж өвддөг болсон. Технологийн шинэчлэл хийгдсэнээр бүх тоног төхөөрөмж автомат болж, хүний гар ажиллагаа эрс багассан. Ажил хөнгөвчлөгдөж, бүтээмж сайжирсан. Манай Цутгуурын цехийн үйлдвэрлэл бүтэн долоон сар зогссон болохоор шинэ шугам дээр ажил эхлэхийг сэтгэл догдлон, хоног тоолон хүлээсэн. Өргөтгөл шинэчлэлийн энэ том ажлыг манайхан өөрсдийн хүчээр богино хугацаанд хийж, дэлхийн шилдэг технологийг алдаагүй нэвтрүүлж чадсан хамт олноороо үнэхээр бахархаж байна.

Хэвчин Г.ТОГТОХБАЯР:

-Би өмнө нь хольц бэлтгэгчээр ажиллаж байсан. Том холигч дээр өөрөө шавраа зуураад, хүрзэднэ. Механик ажиллагаа ихтэй, биеийн хүч шаардсан ажил байсан. Миний хийж байсан ажлыг одоо автомат машин хийх болсон. Тиймээс би хэвийг  дамжуулах хэсэг дээр ажиллаж байна. Ер нь технологийн шинэчлэл хийгдсэнээр бүтээгдэхүүний чанар сайжирч, нэр төрөл олшрохоос гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрсдэлт хүчин зүйл эрс багассан. Өмнө нь хэвний хэсэг өдөрт дунджаар 30-аад тонн цутгамал бүтээгдэхүүн хийдэг байсан бол тоног төхөөрөмжүүд маань автомат, хурдтай болсон болохоор нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа гэв.

Хүйтнээр хатуурах цутгамлын технологи өндөр нарийвчлалтай. Өөрөөр хэлбэл гологдол бүтээгдэхүүн багасна гэсэн үг. 2001 онд Цутгуурын цехийн гологдол долоон хувь байсан. 2010 онд мөн Германы “FAT” компанийн хүйтнээр хатуурах гар хэвний холигч 30 тонны жижиг машин ашиглаж эхэлснээр өнгөрсөн онд гэхэд гологдол 3,9 хувь болж буурсан. Одоо шинэ технологи нэвтрүүлснээр 2,3 хувь болно. Энэ нь 160-аад тонн цутгамал бүтээгдэхүүн буюу өнөөдрийн үнэ ханшаар бодоход нэг тэрбум орчим төгрөгийн хэмнэлттэй ажиллах нөхцөл бүрдсэн гэж заводын Ерөнхий инженер А.Арвис ярьсан. Учир нь бүтээгдэхүүний чанар ажилтан бүрийн ур чадвараас шууд хамаардаг байсан бол одоо тоног төхөөрөмжийн алдаагүй ажиллагаа илүү нөлөөтэй болжээ. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй “FAT” компанийн төлөөлөгч Монгол инженерүүдийн ур чадвар, туршлагыг өндөр үнэлж, хамтран ажиллахдаа тун таатай байгаагаа аяга цай уух зуураа илэрхийлдэг гэнэ. Цутгуурын цехийн шинэчлэл коронавирусын халдварын төлөвлөөгүй нөхцөл байдалтай тулгарсан ч манай мэргэжилтнүүд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллаж ард нь гарч чадсаны тод илэрхийлэл нь шинэ шугамаас гарсан бүтээгдэхүүний хийц, чанар байв. Яг л шинэ хүүхэд мэндлэхэд догдлон тойрч суугаад харж шинждэг шиг баяр бахдал дүүрэн байцгаасан. Дэлхийн жишигт нийцсэн, Монголын бахархал болсон Цутгуурын үйлдвэрлэл ийнхүү амжилттай эхэллээ.

 

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

 

 

Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 04 6-р сар 2020 10:24
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог