Цагаан тоос цаашилсаар... Онцлох

08 4-р сар 2020 12:00
195 удаа үзсэн

Цагаан тоосны дэгдэлтийн талбайгаас сурвалжиллаа. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд үйлдвэрлэлийн хаягдал булингаас үүсдэг хуурай элс, салхинд дэгдсэнээс “цагаан тоос”-ны асуудал эхлэлтэй. Энд 2000 гаруй га талбайг Хаягдлын аж ахуй эзэлдэг. Үүний 1400 гаруй га нь хуурай талбай бол 900 орчим га талбайг цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэдэг.

Хамаг сайхны эхлэл хавар цагтай зэрэгцэн айлчилдаг хавсарга салхины улирал “цагаан тоос”-ны жинхэнэ ташуур болох нь бий. Чухам энэ л цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхэн ч цагаан тоос дарах ажлаа эрчимжүүлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цех, Ган бөөрөнцгийн цехийн хамтарсан багийнхан ажлын цагаа уртасгаж, амралтын өдрүүдээ хугаслан ажилладаг юм. Өнөө жил ч цаг агаарын онцлогт уялдуулан цагаан тоос дарах ажлаа үргэлжлүүлж байна.

Энэ удаа биднийг газарчилсан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт, мониторинг хариуцсан инженер Н.Наранчимэг ярихдаа “Өнөөдрийн байдлаар, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах байнгын ажлын алба, Ган бөөрөнцгийн цехийн нийт 11 хүний бүрэлдэхүүн цагаан тоосны талбайд хүч нэмэгдүүлэн, өдөр бүр 20 цаг хүртэл ажиллаж байна. Цагаан тоос дарахдаа бид олон технологийн аргыг хослуулан ашигладаг. Хөрсөөр хучих, кальци хлоридын уусмалыг устай хольж зориулалтын техникээр шүрших, нөхөн сэргээлтийн ажилд ашиглаж байсан хуучин тороор хуурай талбайг хучих гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр дарж байна. Хаягдлын аж ахуйд Авто тээврийн цехийн 40 тонны даацтай гурван БелАЗ байнга ажилладаг. Эдгээр техникээр өдөрт 50 орчим удаа ус зөөвөрлөж, шүршигч төхөөрөмжөө цэнэглэн талбайг норгож байна. Бид өнгөрсөн хавраас поликулиант буюу холигч бодис ашиглан барьцалдуулах технологийн арга туршиж эхэлсэн нь үр дүнтэй болж, нийт талбайнхаа 80 хувийг нь дараад байгаа. Одоо үлдсэн 20 хувийг дарна. Энэ хэсэг нь талбайн булан тохой учраас хүнд даацын техникүүд элсэнд шигдэх, техникийн боломж хүрэлцэхгүй, технологийн онцлог зэргээс шалтгаалан  хүндрэлтэй байдал үүсгэдэг. Тиймээс энэ хэсгийн талбайд хүрч дарах ажлыг зохион байгуулж байна. Өмнө нь салхины хурд 4 метр секунд хүрэх төдийд л тоос дэгдэж эхэлдэг байсан бол одоо 12 метр секунд хүртэл хурдтай салхинд зөвхөн үлдсэн 20 хувийн талбайгаас цагаан тоос босож байгаа” гэсэн юм.   

Цагаан тоос дарах ажилд Эрдэнэт үйлдвэр жил бүр 1 тэрбум орчим төгрөг төлөвлөж зарцуулдаг. Үүний ихэнх хэсэг нь техник, тоног төхөөрөмжийн зардал аж. Цагаан тоос дарахад зардал, мөнгөнөөс гадна байнгын ажиллагаа шаардлагатай. Учир шалтгаан нь үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа, хүдэр боловсруулалтын хэмжээ өссөнөөр булинга элсний хуримтлалын талбай тэлж байгаатай холбоотой. Тиймээс ч үйлдвэрийн удирдлага Хаягдлын аж ахуйн ирээдүй, онцолбол шинэ аж ахуй байгуулах тухайд ч санал бодлоо хэлэлцэж буй. 

Нөгөөтээгүүр, цагаан тоосыг бүрэн дарж дуусгахад үйлдвэрлэлийн хаягдлын технологийг өөрчлөх учиртайг үйлдвэрийн мэргэжилтнүүд ярьдаг. Өөрөөр хэлбэл, хаягдал булингын шинж чанарт нөлөөлөх технологи буюу өтгөрүүлэх аргын судалгаа болон техник эдийн засгийн үндэслэлийг Хөгжлийн хэлтсийнхэн Канад улстай хамтран хийж байна. Оюутолгойн үйлдвэрлэлийн хаягдал булинга нь 70 хувийн хатуулагтай байдаг бол манай үйлдвэрийнх 20 хувь байдаг байна. Тиймээс дээрх судалгааг хийж нэвтрүүлснээр шингэн булингыг өтгөрүүлэх,  нарийн ширхэгтэй тоос болж дэгдэх эрсдэлийг багасгах боломжтой болох юм. Ингэж зөвхөн өнөөдрөөр бус маргаашийг хэрхэн төлөвлөх талаар инженерүүд  урьдчилан олон талаас нь судалж байгааг дурдах нь зүйтэй.

Цагаан тоосны талбайд ажиллаж буй ажилчид тоос дарах аргын үр дүнг газар дээр нь харж буйгаа хэллээ. “Кальци хлоридын уусмал буюу давстай усаар шүрших арга үр дүнтэй. Барьцалдамтгай чанартай учир наранд удаан хатдаг юм байна. Шүрших зориулалттай машин 8 тонны даацтай, нэг удаа 200 метр орчим талбайг шүршиж хүрэлцдэг” гэж Ган бөөрөнцгийн цехийн Цувих шугамын оператор Л.Өлзий ярив. Харин хөрсөөр хучих аргаар дарж буй хаялтын цэгээс Цагаан тоос дарах ажлын албаны Байгаль орчны инженер Б.Моломжамц мэдээлэхдээ “Өдөрт хоёр белАЗ 45-50 удаагийн эргэлтээр шороо зөөж байна. Хөрсөөр хучсан талбайд дахин хаягдал булинга нэмэгдэхгүй тохиолдолд цагаан тоос дахин дэгдэхгүй. Тиймээс хөрсөөр хучих нь найдвартай аргын нэг” гэсэн юм.   

Цагаан тоос хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэх яриа мэр сэр гардаг. Мэдээж, үүнд тодорхой бөгөөд үнэн хариулт хэрэгтэй. Тиймээс Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хүн болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах,  урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд 2006 оноос эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээг үе шаттай зохион байгуулж ирсэн юм. Эрүүл мэндийн үзлэгт цагаан тоосны бүс гэж нэрлэдэг Орхон аймгийн Баянцагаан, Говил баг болон Жаргалант сумын зарим нутагт амьдардаг ард иргэдийг хамруулдаг. Уг үзлэгийг жил бүр Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нарын баг болон бусад хөндлөнгийн хяналтын байгууллагуудыг оролцуулж байна.

Өнгөрсөн онд л гэхэд цагаан тоосны бүс нутагт оршин суудаг 488 иргэнийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөмж зөвлөгөө өгсөн. Шинжилгээг аймгийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд хийж, цагаан тоос хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг тогтоожээ. Иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар олон төрлийн судалгаа байдаг ч нарийн мэргэжлийн багийнхны үнэлгээ хийлгэхээр Эрүүл мэндийн яаманд хандаад буй. “Ковид-19” халдвараас шалтгаалан энэ ажил түр хугацаагаар хойшлоод байгааг Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа ярилаа.    

Эрдэнэт үйлдвэр цагаан тоосноос салах ажлыг эрчимжүүлж, уурхайчид онцгой анхаарч, ажлын албаныхан, байгаль орчныхон хүч, сэтгэлээ нэгтгэн  ажилласнаар цагаан тоос цаашилж байна. Гэхдээ нэг удаа дараад зогсох бус, уйгагүй тасралтгүй ажиллагаа, бас цаг хугацаа л “цагаан тоос”-нд хэрэгтэй. 

М.Балжинням

Фото Б.Баттөгс 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 08 4-р сар 2020 09:43
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог