Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон өнгөрсөн сард 2044 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 100.7 хувиар, 916.55 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 100 хувиар тус тус биелүүллээ. Ингэснээр оны эхний дөрвөн сард уулын цул гаргалтыг 8351 мянган метр куб, хөрс хуулалтын хэмжээг 3665.9 мянган метр кубт хүргэж, төлөвлөгөөт үзүүлэлт 102.5-103.6 хувиар биелжээ. Өнгөрсөн сарын үзүүлэлтээр хүдэр олборлолт 2875 мянган тонн буюу төлөвлөгөө нь 101.3 хувьтай байгаа бол оны эхний дөрвөн сарын байдлаар 11947 мянган тонн буюу 101.7 хувиар биелсэн байна. Оны эхнээс уурхайчид 170750 тууш метр өрөмдлөг хийжээ.

Хүдэр боловсруулалт  өнгөрсөн сард 2605 мянган тонн буюу төлөвлөгөөт үзүүлэлт 103.1 хувиар, эхний дөрвөн сард 10713 мянган тонн буюу 102 хувиар тус тус биелэв. Өнгөрсөн сард хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 101.7 хувиар, молибдены агуулга 127.7 хувиар, зэсийн металл авалт 100.3 хувиар, молибдены металл авалт 107.2 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Эдгээр үзүүлэлтийг оны эхний дөрвөн сарын байдлаар авч үзвэл 100-109 хувиар биелжээ. Дөрөвдүгээр сард 47494 тонн зэсийн баяжмал, 548 тонн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэж, төлөвлөгөөг 105-138.5 хувьд хүргэлээ.

Оны эхний дөрвөн сард нийт 190687 тонн зэсийн баяжмал, 1977 тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн нь төлөвлөгөөт үзүүлэлтийг 102-117 хувиар биелүүлсэн байна. Баяжмал дахь зэс, молибдены агуулгын төлөвлөгөө  өнгөрсөн сарын байдлаар  105-141 хувиар биелсэн бол оны эхнээс 102-121 хувийн биелэлттэй гарчээ. Өнгөрсөн сард хуурай жингээр 45499 тонн зэсийн баяжмал, 459 тонн молибдены баяжмал тус тус ачуулсан байна. Харин оны эхний дөрвөн сард нийт 185952 тонн зэсийн баяжмал, 1661 тонн молибдены баяжмал ачуулжээ. Ачигдсан баяжмалын чанарын төлөвлөгөөг өнгөрсөн сараар авч үзвэл 101-102 хувь, оны эхнээс 102-103 хувиар биелсэн байна. 

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

ХАБЭА-н хэлтсээс зарласан аюулыг мэдрүүлэх тоног төхөөрөмж хийх уралдаанд Засвар механикийн заводын Механик цехийн хамт олон 6 төрлийн бүтээлээр оролцохоор амлалт авчээ. Тус цехийнхэн ХАБЭА-н хэлтсийн сургалтын лабораторид байрлуулж, ашиглах эдгээр төхөөрөмжийнхөө эхний гурвыг нэгдүгээр улиралд багтааж, сүүлийн хагаст үлдсэн гурвыг хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэд стандартын явган шат, ремень, гинжин дамжуулга зэрэг аюулыг мэдрүүлж, эрсдэл багасгах тоног төхөөрөмжүүдийг үндсэн ажлын зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан хийж байгаа аж.

ХАБЭА-н хэлтсээс зарласан аюулыг мэдрүүлэх төхөөрөмж бүтээх уралдааны зорилго нь  удирдах ажилтнуудын үлгэр дуурайллыг нэмэгдүүлэх, нөгөө талаас аюул эрсдэлийг арилгахад бодитой ажил хийх, үйлдвэрийн удирдах болон инженер техникийн ажилтнуудын санаачилгыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна. Уул уурхайн томоохон компаниудын шилдэг туршлага нь ажлын байрны аюул эрсдэлийг мэдрүүлэх тоног төхөөрөмжийн сургалтын материаллаг баазтай байдаг бөгөөд ажиллагчдын аюулгүй ажиллагааны мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, шинэ ажилтнуудыг сургаж дадлагажуулахад чухал ач холбогдолтой. ХАБЭА-н хэлтсийнхэн оны төгсгөлд аюулыг мэдрүүлэх тоног төхөөрөмжийн уралдааныг дүгнэж, инженер техникийн ажилтнуудын бүтээлүүдийг нэгтгэн сургалт дадлагын лаборатори байгуулах юм байна.

М.Балжинням

Фото Б.Ялалт

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 122 дэх өдөр. Он дуусахад 243 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +19 градус, шөнөдөө +5 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-8 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 01. Сугар гараг. Билгийн тооллын 8. Хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Энэ өдөр хулгана, бич жилтнээаливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу болой. Өдрийн сайн цаг нь бар (03:40-05:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Хол газар явагсад зүүн зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5231 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2788, евро 3035, БНХАУ-ын юань 395, ОХУ-ын рубль 38.3, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн нөөц фонд гэж юу вэ?

Хариулт: -Хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн 8-р зүйлд заасны дагуу үйлдвэрийн нөөц фондыг үйлдвэрийн зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр байгуулна. Нөөц фондын нийт хэмжээ өөрийн эргэлтийн хөрөнгийн нормативын 15 хувь, үндсэн хөрөнгийн анхны өртгийн 0,5 хувиас хэтрэхгүй. Нөөц фондыг үндсэн хөрөнгийн бүрэн сэргээн босголтод зориулсан элэгдэл хорогдлын шимтгэл ба ашгаас байгуулж болно.

Уг фондыг байгуулах ба ашиглах тухай түр журмыг 1978 онд хуралдсан хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн VIII хуралдаанаар байгуулан мөрдөж байна. Нөөц фондын хөрөнгийг зөвхөн хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн шийдвэрээр доорх зориулалтаар ашиглана. Үүнд:  

-Байгалийн гэнэтийн аюул буюу бусад аюулын улмаас үйлдвэрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх,

-Байгалийн гэнэтийн аюулын хор уршгийг арилгахтай холбогдсон барилга, засварын ажлыг санхүүжүүлэх,

-Үйлдвэрлэлийн томоохон ослын уршгийг арилгах ажлыг санхүүжүүлэх, ослын улмаас үйлдвэрийн болон хөдөлмөрчдийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх,

-Ашгийн төлөвлөгөөг биелүүлээгүйн улмаас үйлдвэрийн өөрийн эргэлтийн хөрөнгө дутагдвал дутагдлыг нөхөх,

-Үйлдвэрийн санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр нөхөх боломжгүй үйлдвэрлэлийн зардлыг санхүүжүүлэх,

Нөөц фондын хөрөнгө нь үйлдвэрийн тооцооны харилцах дансанд хадгалагддаг юм. 1989 оны эхний байдлаар Эрдэнэт үйлдвэрийн нөөц фонд 163 орчим сая төгрөг байгаагийн 22 хувийг ашгаас, үлдэх хувийг үндсэн хөрөнгийн бүрэн сэргээн босголтод зориулсан элэгдэл хорогдлын шимтгэлээс тус тус шимтгэн байгуулсан.

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)

 
 

Төгссөн сургууль:

Монгол Улсын ШУТИС-ийн харьяа Механик инженерийн сургууль

Мэргэжил:

Инженер, механик

Ажилласан туршлага:

БелАЗ-ын засварчин, Импортын хэсэг буюу Кат-Тип-топ мастер, 40 тн ТҮ-УЗ болон Тип-топ мастер, Мотор-Агрегатын мастераар ажиллаж байгаад эдүгээ 130 тн ТҮ-УЗ хариуцсан ахлах мастераар Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2013-2015 онд ОХУ-ын Екатеринбург хотод Уралын холбооны уул уурхайн их сургуульд Уул уурхайн тоног төхөөрөмж мэргэжлээр магистр хамгаалсан. 2011 онд Герман улсын Мьюнхен хотноо “Дугуй засварлах технологи” мэргэжил дээшлүүлэх курст суралцаж төгссөн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хүч сүүлийн жилүүдэд дотоодын мэргэжилтэй боловсон хүчнээр солигдож, эдүгээ нийт ажилчдын 97,2 хувийг монгол ажилчид эзэлж байна. Зэсийн баяжмал үйлдвэрлэлээр Азийн тэргүүлэх 10 үйлдвэрийн нэгд зүй ёсоор багтдаг Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг хөдөлгөх хүч нь үндэсний чадварлаг боловсон хүчин байх нь гарцаагүй. Тэрхүү хариуцлагатай үүргийн төлөө ахмад үеийнхнээсээ тасралтгүй суралцаж, цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, хамт олондоо үлгэрлэж яваа олон залуу бий. Мастеруудын эгнээнд мөр зэрэгцэн ажиллаж яваа Т.Ганболд бол тэдгээр залуусын төлөөлөл. Тэр амьдарсан шиг амьдарч, дурсамж дүүрэн ирээдүйг бүтээхээр өглөө бүрийг эхлүүлдэг. Шатлан дэвшүүлэх “мерит” зарчим Эрдэнэт үйлдвэрт бодитоор хэрэгжиж, залуучуудаа ажлын байран дээрээ өсөж хөгжих, дэвшин ажиллах боломж олгодог байхыг тэр чин сэтгэлээсээ хүсдэг.

 

-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Өдөр бүр хэвшил болсон дадал бий юу?

-Миний нэг өдөр өглөөний 06:00 цагт эхэлдэг. Өвөг дээдсийн “Өглөөний хоолыг өөртөө” гэсэн үнэт сургаалыг даган өглөөний цайгаа тогтмол ууж хэвшсэн. Тухайн өдрийнхөө хийхээр төлөвлөсөн ажлыг бодож, гэр бүлийнхэндээ ажлын амжилт хүсээд урам зоригтойгоор ажилдаа явдаг.

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Амьдралд маш их зүйлээс урам зориг авч, эрч хүчээ сэлбэдэг. Хайртай дотнын хүмүүс, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноосоо хамгийн сайхан энергийг хүлээн авдаг. Бас өөрийн чаддаг зүйлсээрээ бусдад тусалж, түүнээсээ сайхан мэдрэмж тээгээд үлддэг. Ер нь өөрт байгаа бүхий л сайхан зүйлсээс сэргээш авдаг.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Эмч нар аливаа өвчнийг оношилж эмчилдэг бол бид аварга том БелАЗ авотмашины эвдрэлийг тодорхойлж засварладаг. Хүний хийж байгаа ажлыг хялбар гэж бүү бод гэдэг дээ. Бидний ажил ч мөн л тийм. Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн Эрдэнэт үйлдвэртээ ажилсаг хамт олныхоо дунд гар, сэтгэл нийлэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явна.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Би өөрийн хийх ажлуудыг бичиж, төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэх эрэмбэ тогтоохыг хичээж ажилладаг. Үйлдвэрт цаг ямагт технологийн томоохон ажлууд явагддаг. Тиймээс ажлын нөхцөл байдлаас хамаарч ажилчдынхаа аюул эрсдэлгүй, тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хичээж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Юун түрүүнд ажил хийж байгаа хүнийг цаг ямагт хариуцлага дагадгийг мартах ёсгүй гэж боддог. Аливаа ажлыг бага гэж гололгүйгээр зарчимч, заавар журмын дагуу чин сэтгэлээсээ, хэн нэгэн хүнд таалагдах гэж биш шаргуу дайчин ажиллахыг хичээдэг. Залуу хүний хувьд цаг үеэсээ хоцрохгүй уншиж судлан, таньж мэдэх зүйлүүд их байдаг учраас өөрийгөө илүү хөгжүүлж, идэвх санаачилгатай, хамт олноо зөв зүйлд манлайлан чиглүүлэх тал дээр өөрийгөө хөгжүүлж байна.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач? Таны хобби сонирхол юу вэ?

-Орчин үед мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр мэдээ мэдээллийг илүү бодит зүйлд тулгуурлан авахын тулд хэлний мэдлэг илүү их шаардагдаж байна. Тиймээс англи хэлийг түлхүү судалж, суралцахын зэрэгцээ манлайлах ур чадвар, удирдлагын арга барил сайжруулах номууд уншиж байна. Би хөгжим сонсож, дугуй унах хоббитой. Манай гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн цуглуулгатай. Миний хувьд орон орны онцлогийг харуулсан бэлэг дурсгалын таваг, мөн аяга цуглуулдаг.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Анх ажилд орохоор Эрдэнэт хот руу ирэхэд аав минь “Хүний нутагт хийморьтой, хулгай хийж, худлаа ярихгүй, эр хүнийхээ ноён нурууг алдалгүй, бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж байгаарай” гэж захиад, үнсэж байсан нь санаанд тодхон үлджээ.

-Залуу үеийнхэнд хандан юу хэлэх вэ?

-Хүн аливаа зүйлийг хүсэж мөрөөдсөн бол түүнийхээ төлөө уйгагүй, ухаалаг, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Амьдрал баян болохоор зовлон жаргал ээлжилнэ. Түүнд бүү шантраарай. Алдаа дутагдал, асуудал тулгарвал эхлээд өөрөөсөө шалтгаалах зүйлүүдийг хийж чадсан уу, гэж асууж сураарай. Дараа нь хэн нэгнээс өө хайх хэрэгтэй. Хүний төлөө болон хийж байгаа зүйлсээ алдаа мадаггүй сайн гүйцэтгэсэн ажил нь амжилт, аз жаргалыг байнга дагуулдаг юм шүү. Залуучууд маань бүх зүйлийг ашиг хонжоо харж, явцуу бодлоор битгий хандаарай. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, дандаа сайхан зүйлсийг бусдад түгээж яваарай.

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 121 дэх өдөр. Он дуусахад 244 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +27 градус, шөнөдөө +10 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-8 м/сек байна.

3. Аргын тооллын 4 дүгээр сарын 30. Бархасвад гараг. Билгийн тооллын шинийн 7. Харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Энэ өдөр гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, бурхан шүтээн босгох, тахих, бурханд залбирах, сүм дуган нээх, равнайлах, номын хурал байгуулах, хувцас эсгэх, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, номын үйл бүхэнд сайн. Хот суурин, байшин, гэр эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, анд нөхөр бололцох, бэрийн үйлд муу болой.Өдрийн сайн цагнь туулай (05:40-07:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), бар (03:40-05:40) болой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5184 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2788, евро 3030, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 37.8, Японы иен 26.2, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэр манай улсын аж үйлдвэрийн жилд үйлдвэрлэж байгаа нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг үйлдвэрлэдэг вэ?

Хариулт: -Эрдэнэт үйлдвэр улсын нийт аж үйлдвэрийн цэвэр бүтээгдэхүүний 16 хувийг үйлдвэрдэг.

Асуулт: -Эрдэнэт үйлдвэр манай улсын экспортын бүтээгдэхүүний хэдэн хувийг гаргадаг вэ?

Хариулт: -1988 оны байдлаар Эрдэнэт үйлдвэр манай улсын нийт экспортын бүтээгдэхүүний 33,3 хувийг дангаараа үйлдвэрлэн гаргаж байна.

Асуулт: Эрдэнэт үйлдвэр жилд хичнээн сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

Хариулт: -Эрдэнэт үйлдвэр 1988 онд 879 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Жилд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний бүтцийг дотор нь авч үзвэл зэс, молибдены баяжмал 92.6 хувийг эзэлж байгаа юм. Мөн гадны байгууллагад түгээсэн дулаан, цэвэр усны хэмжээ 25.2 сая төгрөгт хүрч, нийт бүтээгдэхүүнд 2.9 хувийг эзэлсэн.  

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

 

Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын үйлчилгээний ажилчид сэтгэл, санаачилга гарган оёсон амны хаалтыг тус цогцолборын дарга Б.Баттулга Орхон аймгийн шуурхай штабт өнөөдөр гардуулсан юм. Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын халдварын хүнд цаг үед иргэн, байгууллага бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлст нэгдэх үйл ажиллагааг энэ удаа соёл, урлагийнхан ийнхүү үргэлжлүүллээ. Тэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шуурхай штабт гарын 16 литр ариутгагч шингэн саван, Орхон аймгийн шуурхай штабт 150 амны хаалт хандивлав.

М.Одгэрэл

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Мэргэжлийн сургалтын төвийг түшиглэн “Гагнуур” төсөл хэрэгжиж байна. Төслийг ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагааны яамны Төр, хувийн хэвшлийн түншлэл хөтөлбөрийн хүрээнд тус улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Schachbau Nordhausen компани, Монголын Хасу мегаватт компани хамтран энэ оны нэгдүгээр улиралд эхлүүлжээ. Монгол Улсын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн мэргэжлийн сургалтын төвийн байрыг тохижуулан гагнуурын салбарыг олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сургалт болгон хөгжүүлэхэд төслийн зорилго чиглэж байна. Сургуулийн орчин, сургалтын танхимыг олон улсын стандартад нийцүүлэн бэлтгэх, зориулалтын тоног төхөөрөмж, сургалтын материаллаг баазыг Герман улсаас нийлүүлж, бэхжүүлэх, гагнуурын мэргэжлийн багш нарыг тус улсад мэргэжил дээшлүүлж, сургах зэрэг ажлууд төлөвлөж буйг “Герман улсын Стратегийн түншлэл, Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн мэргэжилтэн Д.Эрдэнэчулуун ярилаа.

Саяхан, төслийн багийнхан “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн мэргэжлийн сургалтын төвд ирж, дадлага сургалтын байртай танилцав. Мөн Германы мэргэжилтнүүд гагнуурын сургалт, дадлагын танхим олон улсын стандартын жишигт нийцэж байгаа эсэхийг үзэж, зөвлөгөө өгчээ. “Гагнуур” төсөл 2021 онд хэрэгжиж дуусах бөгөөд мэргэжлийн гагнуурчдыг олон улсын мэргэжлийн сертификаттай төгсгөх юм.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эрдэнэт үйлдвэр ХАБЭА-н дэлхийн өдөрт онцгой ач холбогдол өгч, бодлогын олон хөтөлбөр төлөвлөн, бодитой ажил хэрэг болгодог юм.  Ажлын байранд ажил хөдөлмөр гүйцэтгэхэд аюулгүй байдлыг хангах асуудал нь хамгийн түрүүнд тавигддаг. Энэ утгаараа “Нэн түрүүнд-ХАБ” уриа Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байна. Ажилтан, ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, ажлын байрны эрсдэлийг арилгах, эрүүл ахуйн чанарыг сайжруулах чиглэлээр баримталж буй дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавих, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас амь насаа алдсан ажиллагсдынхаа дурсгалыг хүндэтгэх, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх зэрэг олон үйл ажиллагаа ХАБЭА-н өдрөөр зохион байгуулж байна.  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Нэн түрүүнд ХАБ” бодлогын хэрэгжилтийг ХАБЭА-н хэлтэс хангах чиг үүрэгтэй. Тус хэлтэс болон бүтцийн нэгжүүдэд нийт 63 ажилтан ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн ХАБ-ын үйл ажиллагаанд ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын манлайллыг дээшлүүлэх зэрэг нь тус хэлтсийн үйл ажиллагааны үндсэн бодлого юм. Түүнчлэн ажилтан бүрийн мэдээллийг шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор 71300 тоот утас ажиллуулж, аюулыг мэдээлэх хуудас болон гар утасны аппликейшн нэвтрүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдлын бодлогыг илүү нээлттэй, хүртээмжтэй болгох чиглэл баримтлан ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн энэ чиглэлийн ажилтнуудын хүлээх үүрэг биш ажилтан, удирдлагуудын хамтын оролцоо, идэвх санаачилга, багаар гүйцэтгэх ажил байдаг. Үүний үр дүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх ажлууд сайжирч, осол авааргүй ажиллаж хөдөлмөрлөх боломж бүрдэнэ гэдгийг ХАБЭА-н мэргэжилтнүүд онцоллоо.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс 

Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын хамт олон “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан “Сархиа” цанын баазын ойр орчимд мод тарилаа. Тус цогцолборынхон 2020 оны бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу цанын баазын эргэн тойрны хашааг дагуулж, 1 га орчим талбайд  2050 ширхэг мод шинээр тарьсан байна. “Өвөл зуны аль ч улиралд хүүхэд багачууд агаар салхинд гарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх гол талбай болдог “Сархиа” цанын баазын ойр орчмыг тохижуулж, ногоон байгууламжтай болгох зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд бид эхний ээлжинд хамт олны хүчээр, дотоод нөөц боломжоо ашиглан мод суулгац тарих ажлыг зохион байгууллаа” гэж “Сархиа” цанын баазын дарга Я.Болд ярьсан юм.  

М.Балжинням

Фото: Б.Ялалт

 

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 119 дэх өдөр. Он дуусахад 246 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +7 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 4 дүгээр сарын 28. Ангараг гараг. Билгийн тооллын шинийн 5. Цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 39 минутад мандан, 20 цагт жаргана. Энэ өдөр могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу  нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40). Хол газар явагсад баруун зүгтмөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сарын цээртэй тул муу.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5165 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2785, евро 2992, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37, Японы иен 25.8 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газрыг Москва хотноо байгуулсан зорилго юу вэ?

Хариулт: -Монгол, Зөвлөлтийн хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, аж ахуйн “Монголросцветмет” нэгдлийн үйл ажиллагааны эдийн засгийн нөхцөлийн дагуу үйлдвэрийн гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа, эрх өргөжиж байгаатай уялдуулан Москва хотноо төлөөлөгчийн газрыг 1989 онд байгуулсан юм. Уг төлөөлөгчийн газар нь дээрх үйлдвэрүүд биеэ даан гадаад худалдаа, наймааг эрхлэх, дээрээс тогтоож өгдөг валютын лимитээр хэрэгцээт материал, машин, тоног төхөөрөмж худалдан авах, зөвлөлтийн барилгын байгууллагуудад барилга угсралт, тохируулгын ажлыг хийж өгөх болон зөвлөлтийн үйлдвэрүүдтэй шууд харилцаа тогтоон хөгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах зорилготой.

Асуулт: -Улаанбаатарт байрладаг “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа юунд чиглэгддэг вэ?

Хариулт:-Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын үндсэн зорилго нь эх орны үйлдвэрийн болон улсын материал техник хангамжийн төвлөрсөн фондоор дамжин хуваарилагддаг импортын бараа, материалын хангамжийн асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хот, ЗХУ-д томилолтоор явж байгаа үйлдвэрийн ажилтнууд, зөвлөлтийн мэргэжилтнүүдийг угтах, зочид буудалд байрлуулах, үдэж гаргах үүрэгтэй ажилладаг. Төлөөлөгчийн газрын харьяа дамжлага бааз нь улсын материал техник хангамжийн төвлөрсөн баазуудад ирсэн барааг хүлээн авч хадгалан, үйлдвэрт вагоноор болон авто машинаар ачуулах зориулалттай. Төлөөлөгчийн газар нь өөрийн тооцооны харилцах дансаар дамжуулан худалдаа, хангамжийн байгууллагуудтай төлбөр тооцоо хийж, бараа материалыг олж бэлтгэхийн зэрэгцээ валютын дансны тооцооны асуудлаар улсын банкны гадаад гүйлгээний газартай харилцаж ажилладаг.  

 (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)

 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог