Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Эрдэнэт үйлдвэрийн тулах цэг, урагшлах хүч болсон уурхайчид, хамт олон, ахмадууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.

Эргэх улирлын хувьд амьтай бүхэн сэргэж буй хавар цагийн эгэл жирийн өдрүүд үргэлжилж байгаа хэдий ч дэлхий даяар аюулт коронавирусын эсрэг нэгдэн тэмцэж, хорио цээрийн амаргүй өдрүүдийг эрсдэл багатай давахыг дор бүрнээ хичээж буй хүндхэн цаг хугацааг Та бид хамтдаа туулж байна.

Миний хувьд, уурхайчид, хамт олонтойгоо нүүр тулж уулзах, илэн далангүй ярилцахыг чухалчилдаг. Энэ ч зорилгын үүднээс өнгөрсөн жилүүдэд цөөнгүй уулзалтыг ажлын байран дээр, Уурхайчин соёлын ордондоо зохион байгуулсан. Энэ ажлаа уламжлал болгон хэвшүүлсэн ч цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед нүүр нүүрээ харж, илэн далангүй уулзаж ярилцах боломж хязгаарлагдмал байна.  Иймд та бүхэндээ хандан захидал бичих нь зүйтэй гэж үзлээ.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн 2019 он амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Уурхайчид, хамт олон маань 2019 ондоо үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнтэй уялдаж санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө амжилттай сайн биелсэн. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн байлаа.

Үйлдвэр маань үйл ажиллагаагаа эхлээд 42 дахь жилдээ ажиллаж байна. Үйлдвэрийн насжилттай уялдан “Эрдэнэтийн-Овоо” ордын маань нөөц баялаг багасаж байна. Он жилүүд өнгөрөх тутам уул-геологийн нөхцөл хүндэрч, уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэр дэх металлын агуулга буурч, чулуулгийн хатуулаг өсөж, хүдэр тээвэрлэлтийн зай нэмэгдэж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан, өнгөрсөн жилүүдэд гүйцэтгэсэн уулын ажил, ордын геологийн болон ашиглалтын нөөцөд иж бүрэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдээс нэмэгдүүлэн 2017-2019 онд 20.4 сая ам.долларын геологи хайгуулын ажлыг гүйцэтгэснээс 2019 онд 8.9 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийлээ. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 20 орчим жилээр нэмэгдэж, цаашид 60 гаруй жил ажиллах боломж бүрдлээ.   

Нөгөө талдаа олон жил ашигласан техник, тоног төхөөрөмж элэгдэн хуучирч, дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж л үр дүнд хүрэх болоод байна. Техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, технологийг боловсронгуй болгоход  2017-2019 онд 625 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийлээ. Үүнээс 2019 онд 410 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж, 251.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн хийж дуусгалаа. Үүний үр дүнд  цех, нэгжүүдийнхээ тоног төхөөрөмжийн 10-20 хувийг шинэчиллээ. Ингэснээр ажлын байрны тав тух сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, цалин хөлсний өсөлтийг хангах нөхцөл бүрдэж байна.

Энэ цаг үед бид үр ашгаа өсгөхийн тулд үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй менежментийн үр дүнд, оюун ухааны хүчээр нэмэлт орлого олж, зардлыг хэмнэн  ажиллаж байна.

Өнгөрсөн 2019 онд худалдан авалтын үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор явуулж,  худалдан авалтыг цахим тендерээр зохион байгуулснаар бараа таваарын шахааг арилгаж 65.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж чадлаа.

Мөн экспортын гэрээний нөхцөлийг сайжруулж, холбогдох зардлыг бууруулж чадсанаар 2017-2019 онд 18.5 сая ам.долларын нэмэлт орлого олсон. Үүнээс 2019 онд 14 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оллоо.

Сүүлийн 23 жилийн хугацаанд анх удаа, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшлийн асуудлыг тусгайлан авч үзэж, 2019 оны 06 дугаар сарын 05-нд 224 дүгээр тогтоолыг гаргасан.

Үйлдвэрийн газрын хамт олны өөрсдийн хүчээр шинэчлэн боловсруулсан, төрөлх Эрдэнэт үйлдвэрээ 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газрын дээрх тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 262 дугаар тогтоолоор баталсан.

Энэхүү үндсэн чиглэл, тогтвортой хөгжлийн цогц бодлогын хүрээнд бид санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж үр дүнд хүрч байна. Улс орны хэмжээнд төрийн мөнгөний бодлого байдаг бол Эрдэнэт үйлдвэрийн их айл, өнөр гэр бүлд мөнгөний бодлого зайлшгүй хэрэгтэй. Энэхүү санхүү, мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн орлогоор анх удаа 2019 онд 19.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон.

Эрдэнэт үйлдвэр Казакстаны Балхашмыс компаниас авах 20 сая ам.долларын өр олон жилийн туршид яригдаж байсныг Та бүхэн маань санаж буй биз ээ. Энэ авлагыг авах боломжгүй болж, 2009 онд тухайн үеийн Зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн тайлан балансаас хассан юм билээ. Энэ авлагатай холбоотой яриа, хөөрөөг дахин сэргээж, багагүй хугацаанд хөөцөлдсөний үр дүнд 2019 онд бүрэн барагдуулсан.

Ингэснээр 2019 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гадна 150 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого, хэмнэлтийг бид менежментийн ур чадвар, оюуны хүчээр бүтээж чадлаа.

Төрийн өмчийн статустай болж, онцгой дэглэмтэй ажилласан 2019 онд, сүүлийн 10 жилд анх удаа гадаад болон дотоодын зээлийн өр төлбөргүй боллоо.Олон улсын Арбитрын шийдвэрийг үндэслэн Стандарт банкны нэхэмжилсэн 120 сая ам.долларын өр, төлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэмжлэгтэйгээр хэлэлцээ хийж, 40 сая ам.доллар болгон бууруулж шийдвэрлэсэн.Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүү мөнгөнд нүүрлэсэн аюул, улс орны хэмжээнд үүссэн эрсдэлтэй нөхцөл байдлыг зайлуулж чадсан юм.

2020 он гарсаар дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж байна. Бид  2020 оны бизнес төлөвлөгөөндөө зэсийн үнийг улсын төсөвт тусгагдсан үнээр буюу 5991 ам.доллар байхаар төлөвлөсөн хэдий ч 4600 ам.долларт хүрч унасан цаг үе тохиолоо. Зэсийн үнийн огцом уналтын үед өртөг, зардлыг бууруулах, үр ашгийн түвшинг хадгалахыг зорьж, арвилан хэмнэлтийн горимоор ажилласны үр дүнд 2020 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ бүрэн биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод  227 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.

Коронавирусын цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хямрал, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, олон бизнес, үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдаж, сул зогсолт бий болж, цалин хөлсөө хязгаарлаж байна. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага уурхайчид, хамт олонтойгоо хамтын хүчээр давахыг зорьж байна.

2019 оны үйл ажиллагааны үр дүн амжилттай байсан нь энэхүү, дэлхийг нөмөрсөн коронавирусын цар тахал, түүнээс улбаалсан эдийн засгийн хямрал, хүндрэл нүүрлэсэн нөхцөл байдалтай нүүр тулахад бэлэн байх бэлтгэл суурь болж чадлаа. Үүний үр дүнд Та бид энэ хүндрэлтэй цаг үед бэлэн мөнгөний эрсдэл гачигдалгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Цар тахлаас уурхайчдаа, уурхайчин гэр бүлээ хамгаалах, хорио цээрийн дэглэмийг сахин ажиллахын зэрэгцээ эдийн засгийн хямралыг эрсдэл, хохирол багатай даван туулахад Эрдэнэт хотдоо, улс орондоо тус дэм болж ажиллахын тулд үйлдвэрийн хэмжээнд шуурхай үйл ажиллагааг хангах Төв штаб, чиглэл бүрээр ажлыг эрчимжүүлж, үр дүнд хүргэх чиг үүрэг бүхий штабуудыг байгуулан ажиллаж байна. Төв штабын үйл ажиллагааны хүрээнд хямралтай нөхцөл байдлыг даван туулах хөтөлбөр, төлөвлөгөө, зэсийн үнийн уналтыг үнийн зургаан түвшинд тооцсон хувилбарт эдийн засгийн тооцоо, хөдөлмөр зохион байгуулалтын хуваарийг батлан гаргаж, мөрдөн ажиллаж байна.  

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд цар тахлын улмаас нийгмийн чиглэлийн зарим цехийн үйл ажиллагаа хязгаарлагдсан хэдий ч нэг ч ажилтныг сул зогсолтод оруулалгүй, ажил үүргийн зохицуулалтыг хийж, цалин хөлсийг бүрэн олгож байна.  

Сүүлийн гурван жилд буюу 2017-2019 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 45 хувь нэмсэн. Үүнээс, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн.Анхан шатны удирдах ажилтны үүрэг оролцоог өсгөх, тэдний манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор “Манлайлагч мастерын нэмэгдэл цалин”-г шинээр бий болгож, 40 мастерт сар бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин, мөн өндөр ур чадвар шаардсан ажлыг гүйцэтгэдэг, нарийн мэргэжлийн өндөр зэрэгтэй 21 ажилчинд “Тэргүүлэх зэрэгтэй ажилчны нэмэгдэл” 300 мянган төгрөгийг сар бүр олгож байна. Цаашид цалин хөлсний бодлогыг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдуулж боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийгдэх болно.

Эрдэнэт үйлдвэр нь анх байгуулагдсан цагаасаа өөрийн ажилтан, ажилчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг онцгой анхааран, уурхайчдын Эрдэнэт хотыг бүтээн босгосон. Энэ ч үүднээс нийгмийн хариуцлагатай байгууллагын жишгийг Монгол улсад тогтоон, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг явуулж байна.

Амаржаад хүүхдээ асарч буй Эрдэнэт үйлдвэрийн ажилтан эхчүүдэд сар бүр олгодог тэтгэмжийг 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ахмадууддаа сар бүр олгодог нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 2018 оны 07 дугаар сарын 01-нээс50 хүртэл хувиар ялгавартайгаар өсгөж, 124.8-210 мянган төгрөгт хүргэсэн. Ингэснээр, тэтгэврийн зөрүүг багасгах төр, засгийн бодлоготой нийцсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй ахмадуудынхаа өрхийн орлогод бодит хувь нэмэр үзүүлж байна. Мөн ахмадын баяр, цагаан сарыг тохиолдуулан олгодог тэтгэмжийг 2019 оны 9 дүгээр сараас100 мянган төгрөг болгож, 2 дахин нэмэгдүүлсэн. 2017-2019 онд ажилтан, ажилчдад нийт 11 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

Ажилтан, ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2016-2019 онд нийт 153 ажилтныг фондын орон сууцаар ханган, 2019 онд  8 ажилтанд, 2020 он гарсаар 2 ажилтанд амины орон сууц олголоо.

Эрдэнэт үйлдвэрт 2016 оноос “Москва-300”, “ЭКО-400”, “Залуус-600” гэсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр яригдаж байсан. “Залуус-600” орон сууцны төслийг хэрэгжүүлэх газар, дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, “ЭКО-400” хорооллыг барихаар авсан газар нь дэд бүтцийг шийдэх боломжгүй, “Москва-300” төслийн ажлын зураг батлагдаагүй зэрэг олон тулгамдсан асуудал байсан юм. Эдгээр асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, байршлын хувьд нэгтгэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Уурхайчин-1, 2, 3” орон сууцны төсөл болгон хэрэгжүүлэн ажиллаж байна. Фондын орон сууцыг цаашид уурхайчид, хамт олондоо хувьчлах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.

Улс орны хэмжээнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед  улсын төсвийн ачааны багагүй хэсгийг үүрэлцдэг Та бидний хувьд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага улам бүр нэмэгдэж байна.

Уурхайчид Та бидний хамтдаа бүтээсэн баялаг Монгол орны минь эдийн засгийн томоохон хөдөлгөх хүч болж байдагт Ерөнхий захирлын хувьд үргэлж өндрөөр үнэлж, бахархаж байдгаа цохон тэмдэглэе.

Хоногт 1600 орчим тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 6.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 3.3 тэрбум төгрөгийн төсвийн болон түүнтэй адилтгах орлогыг төвлөрүүлдэг, 24 цагийн тасралтгүй,байнгын ажиллагаатай үйлдвэрийн хувьд бид өндөр зохион байгуулалтыг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, эмх цэгц, ёс зүйг өндөр түвшинд байлган, ам ажлын нэгдлийг ханган, алсын хараа, эрхэм зорилго, дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн төлөө хүн бүр хичээж ажиллах нь юу юунаас чухал болж байна. Нөгөө талаар, УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед улс төрөөс ангид байж, хамт олныг талцуулсан, улс төрийн өнгө аястай аливаа ухуулга, сурталчилгаанд автахгүй байх нь чухал юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс төрийн албан хаагчид, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд өгсөн “... улс төрөөс ангид, ил тод нээлттэй байж, хууль дээдлэн чанд мөрдөх, шударга ёс, сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллах ...” үүргийг бид шат шатандаа хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй.

Хамт олноо манлайлан үлгэрлэж, хамт олны эв нэгдлийг ханган, сахилга дэг журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахиулан, уурхайчин хүн бүрийн төлөө, хамт олныхоо төлөө, Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулж ажиллахыг бүх шатны удирдах ажилтнуудад ҮҮРЭГ болгож байна.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар онцгой дэглэмийн үед онц сайн ажилласан уурхайчид, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ямар ч цаг үед үйлдвэрийнхээ төлөө байж, уурхайчид, хамт олондоо урам, дэм өгч байдаг ахмадууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2020 он бол Та бидний хувьд маш хариуцлагатай жил байх болно. “Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан төслүүдээ хэрэгжүүлж эхлэх, 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр ханган биелүүлэхийн төлөө 2020 онд “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 2020 онд 830.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний 80 гаруй хувийг үйлдвэрлэлийн хүрээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэл хийхэд зориулах болно.

Амар тайван цаг үед бид улс, эх орныхоо хөгжлийг түүчээлдэг хариуцлагатай хамт олон, баялаг бүтээгчид билээ. Коронавирусын цар тахал, эдийн засгийн хямрал нүүрлэсэн амаргүй энэ цаг үед уужуу тайван байж, улам хичээж, хүндрэл, бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туулахыг нийт уурхайчид, хамт олон та бүгдээсээ хичээнгүйлэн хүсэж, УРИАЛЖ байна.

 

ХҮНДЭТГЭСЭН, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, 

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН,

ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D)          

 Х.БАДАМСҮРЭН

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн эрдэм шинжилгээний багийнхан ХБНГУ болон БНХАУ-ын Засгийн газартай хамтран Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй дахь  үйлдвэрлэлийн хаягдлыг дахин ашиглах боломжийг судалж эхэлжээ. Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явцаас гарч буй хаягдал материалыг дахин ашиглах, боловсруулах технологи нэвтрүүлэх зорилт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын 1.6 сая юанийн санхүүжилтээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг галд тэсвэртэй керамик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эдээр ашиглах боломжийн судалгаа” төсөл хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл, цагаан шороо буюу хаягдлын аж ахуйд хуримтлагдсан элсийг ашиглан барилгын материал үйлдвэрлэж болох эсэхийг тодорхойлно. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг дахин ашиглах, агаараас тандан судлах” зорилготой төслийг Герман улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын 1.8 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа уг төсөл өнөөдрийн байдлаар 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. 

Дээрх төслүүд гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Коронавирусын тархалтын улмаас зарим ажлууд тодорхой хугацаагаар хойшилсон ч судалгааны ажлын гол тайлан, дүгнэлтээ ирэх онд багтаахаар зорьж буйг  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогч Ц.Төгсбуян, төслийн багийнхан онцоллоо. Судалгааны ажилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн судалгааны багийнхнаас гадна үйлдвэрийн Геологи маркшейдерийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн инженер, мэргэжилтнүүд хамтарч байгаа аж.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн  төв “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Өдөрлөгийн үйл ажиллагаанд үйлдвэрийн удирдлагууд болон цех, нэгжийн дарга нар оролцож, агуулахад буй нөөцийн бараа материалыг  үзэж, цаашдын арга замын талаар ярилцахын зэрэгцээ Тээвэр ложистикийн төвд хийгдсэн техник технологийн шинэчлэл, засвар өргөтгөлийн ажилтай танилцав. Тус төвд замын арчилгаа, засварын ажилд шаардлагатай төмөр бетон дэр зөөвөрлөх зориулалт бүхий Б95 маркийн олон үйлдэлт, орчин үеийн загварын шинэ техник авчээ. Мөн ажилчдынхаа цайны газрыг өргөтгөн, тохижуулснаар цехийн 200 орчим ажилчнаа халуун хоолоор хангах боломж бүрджээ.

Үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж жилээс жилд шинэчлэгдэж, технологи сайжрахын хэрээр агуулахад байх зохистой нөөцийн материал хоцрогдох тал үүсдэг. Үүнтэй холбоотойгоор агуулахын үлдэгдлийг багасгах, нөөцөд буй бараа материалыг ашиглаж, эргэлтэд оруулах  зорилгоор агуулахын материал сэлбэг хэрэгслийг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. “Өнөөдрийн байдлаар, агуулахад нийт 3678 нэр төрлийн бараа материал, эргэлтийн эд хөрөнгө хадгалагдаж байна. Нөөцийн материалыг эргэлтэд оруулж, ялангуяа гурваас дээш жил хадгалагдсан бараа материалыг танилцуулж, дөрвөн цехэд шууд олголт хийлээ. Бараа материалын нэр хаягийг цаасан дээрээс харах нэг өөр, биечлэн үзэж танилцах нь илүү давуу талтай. Өмнөх жилүүдэд бид цехүүдийн  хэрэгтэй, авна гэсэн бараа материалыг  дараа нь олгохоор үлдээдэг байсан бол одоо шууд газар дээр нь олгож, бичилт хийж байгаагаар энэ удаагийн нээлттэй өдөрлөг онцлогтой” гэж Тээвэр ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар ярилаа.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 127 дахь өдөр. Он дуусахад 238 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +9 градус, шөнөдөө +6 градус дулаан, бхага зэргийн бороотой салхины хурд 6-8 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 06.Сугар гараг. Билгийн тооллын 14.Шарагчин тахиа өдөр.Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20цаг 12минутад жаргана. Энэ өдөр үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Мал худалдах, хот балгадын үйл, замд явах, эрхшээх үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, эм найруулах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, ном номлох, сонсох, үр тарихад муу болой.Өдрийн сайн цагнь туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40)болой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5111 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2789, евро 3050, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 37, Японы иен 26, БНСУ-ын вон 2,2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1976 оны дугаар сар

  • Гэр хороололд телефон утас тавих, радиожуулах шугамын трассыг тогтоожээ. Эрдэнэ хотод байгаль орчныг хамгаалах сарын аян явагдав.
  • БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хооронд Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийн барилга, объектыг барьж дуусгахад зориулан 210 сая рублийн урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох тухай хэлэлцээр байгуулагдав.

1977 оны 5 дугаар сар

  • “Зөвлөлтийн барилгын байгууллагад Монгол ажилчдыг ажиллуулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 137 дугаар тогтоол гарчээ.
  • ЗХУКН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч О.А.Чуканов тэргүүтэй ЗХУКН-ын төлөөлөгчид Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
 

Цахилгаан цехэд техник, технологийн шинэчлэлийн ажлууд үе шаттай үргэлжилж байна. Тус цехийн засварчид Ил хуваарилах байгууламжийн өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийн иж бүрэн засварын ажлын хүрээнд Хаягдлын аж ахуйн ЦРП-7, 10 зэрэг 35 кВ-ын дэд станцын хуурай салгуурыг сольж, суурилуулна. ОХУ-ын ЗЭТО компанид үйлдвэрлэсэн элегазын орчин үеийн технологи бүхий өндөр хүчдэлийн таслуур болон хуурай салгуурууд нь ажиллах горимыг илүү боловсронгуй болгосноороо давуу талтай юм. Шинээр суурилуулах хуурай салгуурын угсралтын ажил ирэх Баасан гаригт дуусаж, эхний залгалт хийнэ гэж цехийн үйлдвэрлэлийн инженер Г.Энхбаяр ярив.  

Цахилгаан  цехийнхэн хоёр дахь трансформаторын их засварыг эхлүүлжээ. Тус цех 2019 онд Казахстан улсад үйлдвэрлэгдсэн шинэ трансформатор хүлээж авснаар 30 гаруй жилийн насжилттай, үйл ажиллагаа нь доголдож аваарын байдалтай байсан хоёр трансформаторыг сольж, ээлжээр засварлах боломж бүрдсэн юм. Үүний үр дүнд тус цехийн ажилчид өөрсдийн хүчээр Хаягдлын аж ахуйн дэд станцын Ил хуваарилах байгууламжид байрлаж буй 10000 мВт хүчин чадалтай, 35кВ-ын трансформаторыг сольж дууссан байна. Ингэснээр, Хаягдлын аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй найдвартай байдлыг хангах чухал ажил болжээ. Өнөөдрийн байдлаар, хоёр дахь трансформаторын механик угсралт хийгдэж буй бөгөөд засварчид богино хугацаанд, чанартай, найдвартай хийж дуусгах зорилттой ажиллаж байна.      

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 126 дахь өдөр. Он дуусахад 240 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +25 градус, шөнөдөө +10 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 7-9 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 05.Ангараг гараг. Билгийн тооллын 13.Шар бич өдөр.Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20цаг 10минутад жаргана. Энэ өдөр хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, тахиа, бич жилтнээ сөрөг муутул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, балгас эвдэх, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдан авахад муу болой.Өдрийн сайн цагнь нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40)болой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч бар, бич, тахиа, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5058 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2788, евро 3057, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 37, Японы иен 26, БНСУ-ын вон 2,2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

1972 оны 05 дугаар сар

  • Эрдэнэтийн Овооны зэс молибдены орд газрыг ашиглах болон хамтарсан үйлдвэр байгуулах асуудлаар хоёр улсын салбарын яамдын түвшинд анхны яриа хэлэлцээ явагдав.

1973 оны 05 дугаар сар

  • Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцохоор Зөвлөлтийн барилгачдын эхний хэсэг 18 хүн ирэв.

1974 оны 05 дугаар сар

  • Сэлэнгэ-Эрдэнэтийн ус дамжуулах хоолойн барилгын ажил эхлэв.

1975 оны 05 дугаар сар

  • БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар ЗХУ-ын Зураг төслийн “Гипроцветмет” хүрээлэнгийн хамт олныг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
  • Эрдэнэт хотын Найрамдал паркийн шав тавих ёслол болж, дурсгалын мод тарив.
  • “Найрамдал-Дружба” интернационалч анхны экипаж Эрдэнэт хотод байгуулагдав.
 

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цех, хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үйлдвэрлэлийн хэлтсээс баялаг бүтээгч уурхайчдын ажлын гол үзүүлэлтийг дүгнэхэд, оны эхнээс 199 мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 101-121 хувиар давуулан биелүүлснийг танилцуулсан. Мөн оны эхний 4 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2 сая ам.долларын нэмэлт орлоготой ажиллажээ. Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлаас үүдэн дэлхийн зах зээл дээрх бүтээгдэхүүний үнэ савлагаатай байгаа энэ үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ амжилттай биелүүлсэн уурхайчдадаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баяр хүргэж, урмын үгсээ илгээлээ. Тэрээр энэ онд нийгмийн чиглэлийн төслүүдийг дуусгахад анхаарч ажиллах хэрэгтэйг холбогдох бүтцийн нэгжид үүрэг болгосон юм.

Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй ажилласан тухай ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ. Мөн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Автотээврийн цех, Засвар механикийн заводын удирдлагууд ажлаа танилцуулсан. Автотээврийн цех ажилчдын автобусанд өдөр тутмын ариутгал цэвэрлэгээ хийж, Баяжуулах үйлдвэр өртөг зардал бууруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ. Үйлдвэрийн хэмжээнд ирэх 7 дугаар сарын их зогсолтын бэлтгэл ажлыг хангахад анхаарч байна. Хаврын салхитай холбогдуулан цахилгааны агаарын шугамд богино тасралт үүсэж болзошгүй байгаа тул найдвартай ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг Эрчим хүчний хэлтсээс санууллаа. Ус хангамжийн цех, Цахилгаан цехийн хамтарсан Ослоос урьдчилан сэргийлэх ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.

И.Чинтогтох

Уурхайчин бүсгүйчүүд өөрсдийн гараар урласан Цагаан дарь эх бурханыг өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд гардуулан өглөө. Цагаан дарь эх бурханыг зээгт наамлын аргаар урлан бүтээсэн энэхүү нандин бүтээл нь уурхайчдын сайн сайхан амьдралыг билэгшээжээ. Монгол Улсын уран хатгамалч, Баяжуулах үйлдвэрийн ажилтан С.Саранцэцэгбурханы дүрийг 3 шавийнхаа хамтаар хоёр сар гаруйн хугацаанд урлан бүтээсэн юм. Тэрээр “Бид үйлдвэрийнхээ төлөө юу хийж чадах вэ гэсэн асуултаас энэхүү бүтээлийг хийх санаагаа олсон” хэмээн тайлбарлаад хамт олондоо ажлын амжилт хүслээ.  "Цагаан дарь эх" бурхан нь энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булагтөдийгүй зогсохгүй амь нас уртасгах, элдэв гэнэтийн аюул ослоос сэрэмжлэхийн шид бүтээлийг эрхшээгч ажээ. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг аврал нигүүлсэлдээ эрхшээхийг сүслэн залбирч, урухаанаа шингээн шагласан Чанар хяналтын хэлтсийнажилтан О.Жаргал, Цахилгаан цехийнажилтан Ч.Сарантуяа, Аж ахуй үйлчилгээний цехийн ажилтан Ё.Энхмаа, Баяжуулах үйлдвэрийн ажилтан С.Саранцэцэг нарт үйлдвэрийн удирдлагууд гүн талархал илэрхийлж, хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

И.Чинтогтох

Эрдэнэт үйлдвэрийн гадна дотно орчны талбай, ажлын байрны тохижилт, эмх цэгц, өнгө төрх, тав тухыг хариуцан ажилладаг Аж ахуй, үйлчилгээний цехийн 45 жилийн ой энэ онд тохионо. Тус цех нь 1975 онд Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаа буюу анхны аж ахуйн хэлтэс нэртэй байгуулагдаж байжээ. Ойн өдрөө цехийн хамт олон ажил бүтээлийн өндөр амжилттай угтах зорилтын дор 45 бүтээлч ажил төлөвлөн, ажиллаж байна. Төлөвлөгөөндөө ажилчин бүрийн саналыг тусган, шинээр хийж бүтээх үйлсээ эхлүүлээд байна.

Үйлдвэрийн бүс болон захиргааны байрны гаднах 7.3 га талбайн тохижилт үйлчилгээгАж ахуй, үйлчилгээний цехийнхэн хийдэг. Хаврын тохижилт, мод бут суулгах, цэцэг ургамлаа арчилж тордох гээд урин дулаан цагийн урьдал болгон амжуулдаг их ажил ундарч байгааг цехийн дарга Б.Туяа онцлов.

Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон энэ жил хийгдэх бүтээлч ажлуудын зэрэгцээ ой угтсан ажлын хүрээнд “Бахархан дуурсагдах 45 жил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ажиллагсдын дунд “Хэнд хамгийн их талархдаг вэ” талархлын захидлын уралдаан, “Мөрөөдөл биелдэг юм” зорилтот тусламжийн аян, “ Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нэгөдөр” сэдэвт нэг жилийн аян, цехийн түүхэн замналыг харуулсан “Гэрэл зураг түүх өгүүлнэ” зургийн үзэсгэлэн, “Эелдэг харилцаа, стрессгүй орчин” зэрэг олон төрлийн шинэлэг  хөтөлбөр хэрэгжинэ. Мөн ХАБЭА-н зөрчилгүй хамт олон болж, бүх шатанд “Аюулгүй ажиллагч” ажилтнуудыг тодруулах, 5 сайн үйлсийн хүрээнд цехийн үлгэр жишээ шилдэг ажлын байрыг шалгаруулах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж буй аж.

М.Балжинням

Фото П.Батцэцэг 

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 125 дахь өдөр. Он дуусахад 241 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +22 градус, шөнөдөө +4 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 04. Сумъяа гараг. Билгийн тооллын 12. Улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20цаг 09 минутад жаргана. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу болой. Өдрийн сайн цагнь бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Хол газар явагсад урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5061ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2788, евро 3035, БНХАУ-ын юань 395, ОХУ-ын рубль 38.3, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард...

Асуулт: -Эрдэнэт үйлдвэр гадаадын ямар улсуудад бүтээгдэхүүнээ гаргаж байна вэ? Түүний дотор ЗХУ-ын хичнээн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн нийлүүлж байна вэ?

Хариулт: -БНМАУ-ын болон социалист орнуудын хооронд энэ таван жилд байгуулсан худалдааны хэлэлцээрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэр ЗХУ, БНСЧСУ, БНАГУ, БНБАУ, БНУАУ-д зэс, молибдены баяжмал нийлүүлэх юм. Үүнээс: Молибдены баяжмалыг зөвхөн ЗХУ худалдаж авна. Зэсийн баяжмалыг ЗХУ-ын таван үйлдвэр, молибдены баяжмалыг 2 үйлдвэрт нийлүүлдэг.

Асуулт: -Эрдэнэт үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнээ социалист орнуудад ямар үнээр борлуулдаг вэ?

Хариулт: -Энэ орнуудад дэлхийн зах зээлийн түвшинг харгалзсан гадаад худалдааны үнээр борлуулдаг.

Асуулт: -Дэлхийн зах зээл дээр тонн зэсийн баяжмал ямар үнэтэй байна вэ?

Хариулт: -Дэлхийн зах зээлд зэс, молибдены үнэ нь энэхүү таваарын эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж байнга хэлбэлзэлд орж байдаг. 1988 оны 12 дугаар сарын байдлаар Лондонгийн биржид нэг тонн зэсийн баяжмал 750 ам.доллараар үнэлэгдэж байна.

(Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог