Цахим хуудас

Цахим хуудас


Notice: Undefined property: JObject::$description in C:\inetpub\wwwroot\erdenettoday\templates\ts_newsline\html\com_k2\templates\default\user.php on line 59
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” уралдаанд Баяжуулах үйлдвэрийн хамт олон хоёр төрлийн төхөөрөмж бүтээж, оролцож буйгаа танилцуулав. Тус цехийн ХАБЭА хариуцсан ажилтнууд, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бичил осол, зөрчлийг бууруулах арга хэмжээний хүрээнд ноцтой эрсдэлийн хяналтын хуудсыг ажилчдад танилцуулж, болзошгүй аюулын сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, 1978 оноос хойш цехийн хэмжээнд тохиолдсон  үйлдвэрлэлийн ослын шалтгааныг судалсан байна. Судалгаагаар ослын  гол шалтгаан нь хүндийн хүчний үйлчлэл болон механик хүчин зүйлийн нөлөөллөөс ажилчин гэмтэж, бэртдэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн эргэлдэх машин механизмын завсар орооцолдож, хавчуулагдах эрсдэлийн тоо цөөнгүй байв.  Иймээс судалгааны үр дүнд үндэслэн, дээрх  нөлөөнөөс үүдэх осол гэмтлийг урьдчилан мэдрүүлж, болзошгүй аюулыг бодитойгоор таниулан сэргийлэхэд  зориулагдсан хоёр төрлийн үзүүлэн, төхөөрөмж бүтээсэн гэж Баяжуулах үйлдвэрийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Д.Бат-Эрдэнэ ярилаа.  

Баяжуулах үйлдвэрийн хувьд туузан дамжуулах буюу эргэлдэх механизм бүхий тоног төхөөрөмж ихэвчлэн ашигладаг онцлогтой. Туузан дамжуулгад орооцолдох, түүний нөлөөллөөр гэмтэж бэртэх тохиолдлын үеэр хүний гар болон хөл илүү өртдөг байна. Тиймээс ийм эрсдэлээс хамгаалахын тулд эргэлдэх машин механизмтай ажиллах үед   хамгийн түрүүнд аюултай энергийн эх үүсвэрийг тусгаарлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, конвейер, тээрэм гэх зэрэг тоног төхөөрөмжийн эргэлдэх хэсгийг хөдөлгөөнд орох боломжгүй болгон тусгаарлах юм. Энэ үйл явцыг тусгаарлалтын журмаар зохицуулж эхэлсэн байна. Ингэснээр эргэлдэх хэсгийн болзошгүй аюулыг таслан зогсоох боломж бүрджээ.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 134 дэх өдөр. Он дуусахад 231 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +21 градус, шөнөдөө +8 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 6-9 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 13. Буд гараг. Билгийн тооллын 21. Улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 21 минутад жаргана. Энэ өдөр хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Замд явах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхотгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, бэрийн үйлд муу болой. Өдрийн сайн цаг нь луу (07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40),  гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Холзамд явах хүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин тусах муу. 

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5234 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2792, евро 3025, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1997 оны 05 дугаар сар

  • Орхон аймгийн Холбооны газарт EWSD тоон автомат телефон станц ашиглалтад орж, хотын доторх кабель шугамын байгууламжийг шинэчлэх ажлыг Францын Алкател компани гүйцэтгэжээ.

2001 оны 05 дугаар сар

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын “Зарубежцветмет” нэгдлийн Ерөнхий захирал А.С.Ладыгог “Алтан гадас” одонгоор, мөн нэгдлийн ажилтан А.А.Кирьяновыг “Найрамдал” медалиар тус тус шагнажээ.

2002 оны 05 дугаар сар

  • Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо Хууль зүйн яаманд бүртгүүлэв.
  •  
  • Эрдэнэт үйлдвэрийн харьяанд Орон сууцны цехийг байгуулж, бүрэлдэхүүнд нь хувьчлагдаагүй үлдсэн орон сууцууд, хүлэмж, “Энэрэл” төвийг нэгтгэв.
 

Нийгмийн хариуцлагын жишиг загвар болсон Эрдэнэт үйлдвэр, ажиллагсдынхаа орон байрны асуудлыг бодитой шийдэх зорилгоор “Уурхайчин-1”, “Уурхайчин-2”, “Уурхайчин-3” нэртэй 1300 айлын орон сууцны хотхон ойрын үед бүтээн байгуулна. Баян-Өндөр уулын энгэрт байрлах уг хотхоны эхний ээлжийн “Уурхайчин-1” орон сууцны хорооллын шавыг өнгөрсөн 5 сард тавьж байсан бол өнөөдөр барилгын ажлын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна. Өөрөөр хэлбэл, эхний дөрвөн блокны таван давхар хүртэл өрөгджээ. Гүйцэтгэгчээр “Неман констракшн”, “Хемон констракшн” компанийн 200 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж, бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Барилгын ажлын явц, байдалд Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж буйг тус хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат хэллээ.

“Уурхайчин-1” хороолол нь зургаан блок бүхий 7-10 давхар 300 айлын орон сууцнаас бүрдэнэ. Орон сууцны дотоод бүтцийг  орчин үеийн дэвшилтэд загвар, шийдлээр оршин суугчдын бүхий л хэрэгцээнд тулгуурлан барихаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, байрны орц, давхрын ашигтай талбайн хэмжээг нэмэгдүүлж, нэг давхарт нь хүүхдийн өдөр өнжүүлэх бүлэг, дэлгүүр, эмийн сан зэрэг үйлчилгээний төв болон гаднын хүн хүлээн авах уулзалтын өрөө зэрэг оршин суугчдын тав тух, хүсэлт хэрэгцээг бүрэн хангасан зохион байгуулалттай байх аж. “Уурхайчин-1” хорооллыг ирэх 12 сард бүрэн дуусгаж,  ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд холбогдох хэлтэс, цехийн удирдлагууд оролцож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой явцын мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс өнгөрсөн долоо хоногт төлөвлөгөөт 55 ажил зохион байгуулж, 71 зорилтот болон ээлжит шалгалт хийжээ. Мөн ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа “Таятан фүүдс” компанитай санамж бичиг байгуулан, “Мэдээллийн хаалгач” аппликейшнд 17 нэгжийн 4977 ажилтныг нэгтгэн, онлайнаар авах хөдөлмөр хамгааллын шалгалтын бэлтгэл ажлыг хангасан байна. Үйлдвэрлэлийн хэлтсийн мэдээлэлд, сарын эхний 10 хоногийн төлөвлөгөөт үзүүлэлтийг танилцуулан, маркшейдерийн хэмжилт хийгдэж байгааг онцоллоо. Тус хэлтсээс хавар, зуны бэлтгэл ажлын хүрээнд 286 ажил төлөвлөжээ. Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводод төлөвлөгөөт ажлууд хэвийн үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Механикийн хэлтэс их зогсолтын бэлтгэл ажлыг 90 хувьтай хангаж, шаардлагатай сэлбэг хэрэгслийн худалдан авалтыг эхнээс нь хийж, тендерийг хугацаанд нь зарлаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Үйлдвэрийн Ерөнхий захирал энэ үеэр аваарын нөөцөө сайтар бүрдүүлж ажиллахыг тус хэлтэст үүрэг болголоо. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр өнгөрсөн долоо хоногт нийгмийн цехүүдийн хүрээнд зохион байгуулсан ажлуудын талаар танилцуулсан. Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид Ялалтын баярт зориулсан концерт бэлтгэн, амралтын өдрүүдэд мэдээллийн сувгаар цацсан бөгөөд үйлдвэрт ажиллаж байгаа орос ажилчдаас талархлын үгс хүлээн авчээ. Мөн Хаягдлын аж ахуйд 700 модны суулгац тарьж, Оёдлын цех ажлын хувцасны шинэ загвараа батлуулжээ. Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа Тээвэр ложистикийн төвийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үр өгөөж болоод бүтцийн нэгжүүдийн хэмжээнд цаашид авах арга хэмжээг танилцуулсан. Тэрээр хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах хэрэгтэйг удирдлагуудад санууллаа. Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийж байгаа төлөвлөгөөт шалгалт Баасан гараг хүртэл үргэлжилнэ.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 133 дэх өдөр. Он дуусахад 232 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +22 градус, шөнөдөө +6 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 1-7 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 12. Ангараг гараг. Билгийн тооллын 20. Хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Энэ өдөр хонь, гахай, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Дайсан дарах, номхотгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин барих, бэрийн үйл, газар хөндөх, хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйлд муу болой. Өдрийн сайн цаг нь  туулай (05:40-07:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), бар (03:40-05:40) болой. Хол замд явах хүмүүс урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлсөж ундаасна. 

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5231 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2791, евро 3026, БНХАУ-ын юань 394, ОХУ-ын рубль 37.8, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

 

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1991 оны 05 дугаар сар

  • Үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Спортын ордон, Соёлын ордон, Сувилал, Амралтын бааз, Сургалтын төвийг нэгтгэсэн “Эрүүл мэнд-соёлын төв” байгуулав.       

1993 оны 05 дугаар сар

  • Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захиргааны бүтцийг боловсронгуй болгох тухай Ерөнхий захирлын тушаал гарав.

 1994 оны 05 дугаар сар

  • Эрдэнэт хотыг одоогийн хилийн цэсээр тодорхойлогдсон нутаг дэвсгэрт багтаан Орхон аймгийг байгуулж, төвийг нь Эрдэнэт хот гэж нэрлэв.
 

Жил бүрийн 5 дугаар сарын 12-нд Олон улсын Сувилагчдын өдрийг тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оныг “Сувилахуй, эх барихуй”-н жил болгож, эл өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагчийн оролцоо” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч энэ оны эхээр дэлхий нийтийг түгшээж, олон оронд цар тахлын хэмжээнд тархаад буй шинэ төрлийн коронавирус буюу “ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах хорио цээрийн дэглэмээс шалтгаалан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хойшлоод байгаа юм. Тэр тусмаа “ковид-19” халдварын эрсдэл бүхий иргэдтэй нүүр тулж,  ажиглалт, тусгаарлалтын халуун цэгт эмч, сувилагч, эмнэлгийн арын албаны ажилтнууд амралт чөлөөт цагаа хойш тавин, амсхийх завгүй ажиллаж байна. Ачааны хүндийг үүрч буй сувилагчдын ажил байдлын талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Сувилахуйн албаны дарга Д.Ариунзултай ярилцлаа.

-“Ковид 19”-тэй тэмцэх онцгой цаг үед та бүхэн ажиллаж байна. Их ачаалал үүрэхийн зэрэгцээ хариуцлага ч нэмэгдэж буй. Хэчнээн сувилагч, ямар горимоор ажиллаж байна вэ?

- “Эрдэнэт” сувиллын цогцолборт 50 гаруй сувилагч харьяалагдаж, зарим нь үйлдвэрийн нийгмийн цехүүдэд байршиж ажилладаг. Оны эхнээс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд зөвлөмж заавар өгөх гээд амралт, чөлөөт цаг багатай ажиллаж байна. Бид Эрдэнэт үйлдвэрийн ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр тутам ажилчдын автобусанд биеийн дулааныг нь үзэж байна. Мөн ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байр болон цех нэгжүүд, үйлдвэрийн бүсэд шалган нэвтрүүлэх байранд биеийн дулаан үзэх, хяналт тавих ажлыг тогтмолжууллаа. Шалган нэвтрүүлэх байранд манай сувилагч нар 24 цагийн ээлжээр ажиллаж байна. Ажилтан бүрд гар угаах, амны хаалт тогтмол зөв зүүх зэрэг урьдчилан сэргийлэх бүх талын заавар зөвлөмж өгч, хэвшүүллээ. Ажиглалтын байранд 109 иргэний тандалт шинжилгээ хийх, тусгаарлалтад манай сувилагч нар дөрвөн ээлжээр ажилласан. Эхний ээлжид Франц иргэнтэй ойрын байж болзошгүй 12 иргэнийг тусгаарлаж, тэнд 5 эмч, 9 сувилагч, 5 үйлчилгээний ажилтан ажилласан бол дараа нь Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 97 иргэнийг ажиглалтын байранд байрлуулж, хамгаалах хувцсаа хэрхэн өмсөх, халдвар хамгааллыг хэрхэн авах болон эмнэл зүй, сэтгэл зүйн зөвлөмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэлээ. Удахгүй дараагийн ээлжийн буюу ОХУ-аас ирэх иргэдийг хүлээж авч, байрлуулах ажиглалтын байрны бэлтгэлээ бүрэн хангаад ажиллаж байна. Үүний зэрэгцээ Сувилахуйн албанаас сувилагч, мэргэжилтнүүд, үйлчилгээний болон хоол үйлдвэрлэлийн ажилтнуудын онцгой нөхцөл байдалд ажиллах чадамжийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Олон төрлийн цахим сургалт зохион байгуулж, мэргэжлийн нарийн зөвлөмж бүхий 9 төрлийн хичээл зааж байна. Тухайлбал, тоног төхөөрөмжөө бүрэн эзэмших, хамгаалах хувцас хэрэглэх, уян зүүг яаж тавих гэх зэрэг цуврал хичээл бэлтгэн мэргэжилтнүүдээ сургаж байна. Ажиглалтын байранд эмч бүр нэвтэрч, хүн бүхэнд биечлэн зөвлөгөө өгөх боломжгүй тул бид бүх заавар зөвлөмж  багтаасан “Дуугүй хөтөч” мэдээллийн цомгийг өөрсдөө хийж, өрөө бүрд байрлуулсан. Эндээс тусгаарлалтад буй иргэд хууль, эрх зүйн болоод өөрсдийн хүлээх үүрэг, эрхтэй танилцахаас гадна ажиглалтын байранд ямар дүрэм заавар дагаж мөрдөх, дархлаа дэмжих эрүүл хэв маягийн талаарх мэдлэг мэдээллийг эзэмших боломжтой.              

   

-Энэ жилийн сувилагчдын өдөр коронавирусын хорио цээрийн улмаас ажил ихтэй өнгөрөх бололтой. Хэрхэн тэмдэглэх төлөвлөгөөтэй байна вэ?  

-Бид жил бүрийн Сувилагчдын өдрийг угтаж, олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөдөг. Энэ жилийн тухайд ч төлөвлөгөө боловсруулсан. “Ковид-19” тархалттай холбоотойгоор төлөвлөгөөнд өөрчлөлт орж, зарим үйл ажиллагаагаа өөр хэлбэрээр зохион байгуулах болсон. Тухайлбал, сувилагчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх зорилготой онол практикийн бага хурлаа цахим хэлбэрээр хийнэ. Онол практикийн бага хурал “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагчийн оролцоо” сэдвээр хоёр үе шаттай явагдана. Энэ сарын сүүлээр шилдэг илтгэлүүдийг тодруулна. Манай сувиллын сувилагч нарын илтгэл сүүлийн таван жил аймаг, улсад төдийгүй олон улсад тасралтгүй шалгарсан. АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган”-д амжилттай оролцож байна. Мөн сувилагчдын ажил үйлсийг сурталчлах, алдаршуулах үйл ажиллагаа цаг хугацааны хувьд хойшилж байгаа ч ондоо багтаан төлөвлөгөөт бүх ажлаа хэрэгжүүлнэ.  

-Саяхан олон улсын Сувилагчдын нийгэмлэгээс хоёр сувилагч шагнагдсан байна. Манай сувилагчдыг мэргэжлийн байгууллагаас нь үнэлсэн үнэлгээ байх?

-Монголын Сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн саяхан манай аймагт TV5 телевизийн “Хүн чанар” нэвтрүүлгийн зураг авалтын багтай ирсэн. Тус нэвтрүүлэгт гурван аймгийн сувилагчдын төлөөллийг оролцуулахаар сонгосны нэг нь манай Орхон аймаг. Энэ үеэр “ковид-19” тархалтаас сэргийлэх, ажиглалт тусгаарлалтын  байранд  идэвх зүтгэлтэй ажилласан 5 сувилагчийн хөдөлмөрийг үнэлэн Олон улсын болон Монголын сувилагчдын нийгэмлэгүүдийн дээд шагнал болох “Цагаан зүрх, “Алтан гарт сувилагч” шагналуудыг гардууллаа. “Эрдэнэт” сувиллын цогцолборын Сэргээн засах эмчилгээний тасгийн бага эмч Я.Цэцэгмаа Олон улсын Сувилагчийн нийгэмлэгийн “Цагаан зүрх” шагнал хүртсэн бол сувилагч Д.Лхагважав  Монголын Сувилагчдын нийгэмлэгийн “Алтан гарт сувилагч” шагналын эзэн боллоо. Энэ сувилагч нар маань ажиглалтын байранд 36 хоногийн турш тусгаарлагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөмж заавар өгч ажилласан. Манай ажилтнуудын ажлыг газар дээр нь үзэж, үнэлсэнд бид баяртай байгаа. Ингээд хүнд хэцүү үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, хариуцсан ажил үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж байгаа нийт сувилагч, мэргэжилтнүүд хамтран зүтгэгчдэдээ Олон улсын Сувилагчдын баярын мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн биднийг дэмжин, нэг баг болон  ажилладаг удирдлага, хамт олондоо талархлаа илэрхийлье.       

М.Балжинням

 

Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн 5 дугаар сарын эхний 10 хоногийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн дүн гарсан байна. Сарын эхний 10 хоногийн байдлаар уурхайчид төлөвлөгөөт үзүүлэлтээ  99.3-110.3 хувиар биелүүлжээ.

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5 сарын эхний 10 хоногт 709 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.6 хувиар, 249.1 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 100 хувиар тус тус биелүүллээ. Энэ хугацаанд 1183.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөт үзүүлэлтээ 103.5 хувьд хүргэж, 930.3 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 100.8 хувиар биелсэн байна.

Хүдэр дэх зэсийн болон молибдены агуулга 99.3–110.3 хувьд хүрчээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены металл авалтын төлөвлөгөө 100.1 хувиар биелсэн бол баяжмал дахь зэсийн металл авалт 100.4 хувь, молибдены металл авалт 111.3 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна. Сарын эхний 10 хоногт баяжмал дахь зэсийн агуулга 102.2 хувь, молибдены агуулга 102.8 хувиар биелжээ.     

Уурхайчид дээрх хугацаанд хуурай жингээр 16593 тонн зэсийн баяжмал, 106.1 тонн молибдены баяжмал ачуулж, зэсийн баяжмалын чанарын төлөвлөгөөг 102.2 хувиар, молибдены баяжмалын чанарын төлөвлөгөөг 102.8 хувьд хүргэсэн байна. Ачигдсан зэсийн баяжмал дахь металл 3730 тонн буюу 101.3 хувь, молибдены баяжмал дахь металл 52.3 тонны гүйцэтгэлтэй гарлаа гэж үйлдвэрлэлийн хэлтэс мэдээллээ.         

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

 

Мэдүүштэй...

1. Өнөөдөр жилийн 132 дахь өдөр. Он дуусахад 233 хоног үлдлээ.

2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16 градус, шөнөдөө +2 градус дулаан, үүлшинэ, салхины хурд 10-14 м/сек байна.

3. Аргын тооллын 5 дугаар сарын 11. Сумъяа гараг. Билгийн тооллын 19. Хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Энэ өдөр морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хишиг даллага авах, сан тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, хот тосгоны суурь тавих, хувцас эсгэх, тооцоо хийх, төлгө тавих, цэрэг хөдөлгөх, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаанд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцасөмсөх, эд юм өгөх, мал худалдахад муу болой. Өдрийн сайн цаг нь нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой. Хол замд явах хүмүүс урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна. 

4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5227 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)

5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2791, евро 3014, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 37.7, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)

Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар...

1979 оны 05 дугаар сар

  • Сайд нарын Зөвлөлийн 113 дугаар тогтоол гарч, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн барилга байгууламжийг барих үед туслан гүйцэтгэгчээр ажилласан Монголын барилгын цэргийн ангийн байрлаж байгаа байр болон Зөвлөлтийн зохион байгуулалттай барилгачдын байр, орон сууц, талхны газар, галын депо зэрэг барилга байгууламжийг тоног төхөөрөмж, эд хогшлын хамт БНМАУ-ын Батлан хамгаалах яаманд шилжүүлэхээр тогтжээ.

1980 оны 05 дугаар сар

  • “Эрдэнэтийн-Овоо” - ны орчим гүний хайгуул хийх асуудлаар Монгол-Зөвлөлтийн холбогдох байгууллагаас хамтарсан протокол гаргав.

1981 оны 05 дугаар сар

  • МАХН-ын XVIII их хуралд оролцсон ЗХУКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ЗХУКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга М.С.Горбачёв тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилж, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
  • МАХН-ын XVIII их хуралд оролцсон 30 шахам орны коммунист ажилчны намуудын төлөөлөгчид Эрдэнэт хотод зочилжээ.  
 
Эргэх дөрвөн цагт завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс бол Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилчид. Тэд өвлийн тэсгэм хүйтэнд харанхуйгаар шахуу ирээд цас шүүрдэнэ. Биднийг өглөөний найман цагтай уралдан ирэхэд хэзээний халтиргаа гулгаагүй болгочихсон, хөлс савсуулсан шигээ маадгар харж зогсоцгоодогсон. Хаврын хайлган цагаар мододтойгоо хамт дэлгэрэх мэт гадаалцгааж, ногоон байгууламжаа засаж тордон чийг усалгаагаар хангана. Зуны дэлгэрт өнгө ялдам гадна орчноороо гайхуулахад хөдөлмөр зүтгэлийг нь хүмүүс шагшина. Намрын уйтай өдрүүдэд ч хатсан навч хөлөөр хөглөрүүлэхгүй цэмцийлгэж сэтгэл өргөнө. Энэ бол Аж ахуй, үйлчилгээний цехийн зөвхөн гадна талбайн хэсгийнхний дүр байдал. Тэд Ерөнхий захиргааны I, II байрны гаднах 7,3 га талбайн цэвэрлэгээ, өнгө үзэмж, зохиомж шийдлийг хариуцдаг. Гэхдээ гадна талбай хариуцдаг эртэч зургаан хүн энэ бүхнийг амжуулах боломжгүй тул бусад үйлчлэгч нар нь хамжилцдаг байна. Биднийг очиход албан өрөөний цэвэрлэгээ хийдэг үйлчлэгч нар маань гадна талбайн замын хашлага будацгааж байв. Эмтэрч хагарсан зарим хэсгийг шинээр сэлбэх ажил давхар хийж харагдана. Тэд энэ хавар ногоон байгууламжийн цэнэг усалгааг эрт хийснээр бидний нэрлэж заншсан “сакура” буюу гүйлс эрт цэцэглэжээ. Үүнд цаг агаарын дулаарал ч нөлөөлсөн гэх. Эрдэнэтийн хавар эндээс эхэлдэг үү, гэлтэй түрүүлж өнгө засахад энэ хамт олны эв нэгдэл, итгэл сэтгэл, хичээл зүтгэл юу юунаас илүү нөлөөлдөг. Тэд цас ханзрах үеэс л моднуудаа хайчлан засаж, хортон шавж устгал хийж, хуучин навч хогийг цэвэрлэн торддог байна. Удахгүй мандалдаа 7000 гаруй цэцгийн үрсэлгээ суулгах гэнэ. Үүний 1000 гаруйг химийн цэвэрлэгээний хүүхнүүд нь ажлын байрандаа тарьж бэлтгэжээ. Гар сэтгэл нийлсэн санаачилгатай хамт олны ажил өрнүүн, урагштай байгааг харах сайхан. Химийн цэвэрлэгээнийхэн энэ жил шинэ туршилт явуулжээ. Өмнө нь топ менежерүүдийн ХАБ-ын хувцсыг материалаас болоод угаалгын технологиос шалтгаалаад ганддаг, өнгө алддаг учир авч цэвэрлэдэггүй байсан бол энэ жил угаалга, цэвэрлэгээнийхээ төлөвлөгөөг давуулан биелүүлэх зорилгоор “АБК”, “Гендирекц”-ийн ажилтнуудын шар хувцсыг долоо хоног тутам хуваарийн дагуу хурааж угаадаг болсон нь инженер техникийн ажилтнуудын талархлыг хүлээж байна. Ингэхдээ угаалгын бодис, цэвэрлэгээний технологио өөрчилж, зарим шаардлагатай тохиолдолд гараар хүртэл угаадаг гэнэ. Мөн тэд цэвэрлэхээс гадна товч хадах, цахилгаан солих, уранхай оёх, цоорхой  нөхөх үйлчилгээ давхар үзүүлдэг онцлогтой. Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа “Хойтон жилээс  ажилчдынхаа гутлыг цэвэрлэх, ингэхдээ засвар үйлчилгээг хамт үзүүлэхийг зорьж судалж байна. Тэгвэл уурхайчдын маань сэтгэл ханамж нэмэгдэх болов уу. Энэ санаагаа Ерөнхий захиралд танилцуулахад олзуурхан дэмжихээ илэрхийлсэн” гэж ярьсан юм.     
 
               
Тус цехийн 45 жилийн ойн баяр ирэх 10-р сард тохиох бөгөөд Эрдэнэт үйлдвэр хэмээх их “айл”-ыг цэмцийлгэгчид түүхэн ойгоо угтаж өөрсдийн хүч хөдөлмөрөөр 45 бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Ерөнхий захиргааны 2-р байрны урд цэцэрлэгт хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн гацуурт төгөл байгуулах ажлаа үргэлжлүүлэх, хадат хүрхрээг засварлаж, аюулгүй байдлыг хангах хашлага хийх, үйлдвэрийн газрын үнэт зүйл, эрхэм зорилго бүхий гэрэлт самбар босгох, “АБК”-ийн гадна сандал ширээтэй сүүдрэвч байрлуулах, соёл, урлаг гэсэн дугуй самбарыг шинэчлэх материалыг нь гаргаад өгчихвөл мэргэжлийн хүмүүсээс дутахааргүй хүч нөөц эднийд бий. Мастеруудтай нь уулзахад “Томоохон ажлын зургийг л мэргэжлийн цехээр гаргуулна уу гэхээс тохижилтын жижиг ажлын төсөөллийг өөрсдөө л гаргана. Манай Б.Туяа дарга үйлдвэрийн газрын эмэгтэй дарга нартай санал солилцоод, тэдний мэдрэмжийг ашиглаад зөвлөгөөг нь тусгаж байгаад л бид хийчихдэг юм” гэж ярьсан. Ажил нь урагштай яваа хамт олныг хүн бүхэн дэмжихийг хүсдэг. Тэд Нийгмийн харилцааны хэлтэс, Хөгжлийн хэлтэстэй хамтраад төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 
 
 
Аж ахуй, үйлчилгээний цехийн гол ажлыг нугалдаг хүмүүс бол үйлчлэгч нар. Нэг үйлчлэгч өдөрт дунджаар 10 гаруй өрөө цэвэрлэнэ. 30 минутын хугацаанд хаанаас нь эхлээд хаана дуусах хүртэл тогтсон дараалалтай, цагийн нарийн менежменттэй ажиллана. Тэдний төлөөлөл болох үйлчлэгч  Х.Оюунбилэгтэй уулзахад, ажилдаа 06.30 цагт ирдэг гэнэ. Хүмүүс ирэхээс урьтаж хоёр давхрын нийтийн эзэмшлийн талбайг эхлээд цэвэрлэж тав тухыг хангана. Дараа нь албан тасалгаануудаа цэмцийлгэнэ. Түүний хариуцдаг хэсэгт Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагийн өрөө багтдаг. Үйлчилгээний ажилтан ёс зүйтэй, харилцааны соёлтой, хүний итгэл даах чадвартай, хариуцлагатай, чин сэтгэлтэй байх ёстой гэж тэр ярьсан. Яг л энэ хэмнэлээр Х.Оюунбилэг Эрдэнэт үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж байна. Шинэ залуу ажилчдыг долоо хоног дагуулж, үйлчилгээний стандарт, цэвэрлэгээний горим дараалал, хүнтэй харилцах соёл, чадварт сургадаг гэнэ. Тэрээр 20 гаруйхан настай байхдаа хувинтай ус, шалны алчуур, модноос өөр хөдөлмөрийн зэвсэггүй ажлын гараагаа эхэлж байснаа дурссан. Харин орчин цагт  цэвэрлэгээ үйлчилгээний материал, хэрэглэгдэхүүн боловсон сайхан болсон. Өөрт ч хөнгөн, хүнд ч түвэг учруулахгүй, харахад авсаархан цэгцтэй болсон. Бид эхлээд халаад өмсдөг байсан бол одоо хөдөлгөөнд саад учруулахгүй биед эвтэй хэр нь үйлдвэрийн газрынхаа нүүр царайг бас тодорхойлдог утгаараа цэвэр үзэмжтэй хувцасладаг гэж ярив. 
 
 
Үйлчлэгч нарт ихэнх ажилтан элгэмсүү дотно, найз шиг ханддаг бол зарим хүмүүс цэвэрлээд явснаас таван минутын дараа дуудаад базсан цаасаа хогийн саванд хийхийг шаарддаг гэнэ. Хүний хөдөлмөрийг хүндэтгэдэг, ойлгодог соёлтой хүмүүс дийлэнх нь байдаг сайхан шүү гэж тэд өөрсдийгөө аргадна билээ.         
 
    
Сүүлийн үед Хамтын гэрээгээр, сонгон шалгаруулалтаар үйлчилгээний ажилд орсон хүмүүс бүгд дээд боловсролтой. Гэсэн ч дээд боловсролтой болгон үйлчилгээний ажлыг төгс хийдэг гэсэн үг биш. Үйлчилгээний ажилд ёс зүй, сэтгэл, хандлага чухал гэж Б.Туяа дарга хэлсэн. Ажилтнуудаа сургалтад хамруулаад харилцаа хандлагыг нь дээшлүүлээд байхад тогтсон байр суурьтай зарим ажилтнууд дагаж соёлжиж өөрчлөгдөхгүй байгаад сэтгэл дундуур явдгаа ч нуусангүй.  
Шинэ бүтцээр Орон сууцны хэсгийг Аж ахуй, үйлчилгээний цехэд нэгтгэснээр эднийх ам бүл өнөр болсон. Эрдэнэт үйлдвэрт “фондын” гэж нэрлэгддэг 370 гаруй орон сууц байгаа нь бүгд эзэнтэй. Мөн эднийх орос мэргэжилтнүүдийн тавилга, цахилгаан гэмтэл зэргийг ч хариуцаж ажилладаг. 
Дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрийн өнгө төрх, имиж бүрдүүлэлт, үйлчилгээний соёл, тав тухыг тодорхойлдог Аж ахуй, үйлчилгээний цехийн ажил урагштай, үйлс өрнүүн байна.   
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
 
Эрдэнэт үйлдвэрт Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар шинээр байгуулагдаад хагас жил орчим ажиллаж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулсан хийгээд цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар тус газрын дарга Б.Бямбадагваас тодрууллаа. 
 
-Эрдэнэт үйлдвэрт Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар байгуулагдах ямар нөхцөл шаардлага үүссэн бэ гэдгээр яриагаа эхэлье? 
-Өмнөх жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа тодорхой хэмжээнд ахиц дэвшилттэй явж ирсэн байдаг. Гэсэн ч холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас Эрдэнэт үйлдвэр худалдан авалтын чиглэлээр “нэг цонхны” бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж зөвлөсөн. Учир нь худалдан авалтын үйл ажиллагааг хоёр газар, дөрвөн хэлтэс тус тусдаа зохион байгуулдаг, гэрээнүүд нь өөр өөр өнгө, хэлбэртэй байсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Сангийн яамнаас ямар нэг гэрээтэй холбоотой тодруулга, лавлагаа авах гэхээр өөр өөр хэлтэс, нэгжийн мэргэжилтнүүд очиж янз бүрийн тайлбар өгдөг. Энэ байдал нь “нэг цонхны” бодлого алдагдсан, худалдан авалтын үйл ажиллагаа хууль, эрх зүйн хүрээнд явж байгаа эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэхэд хүргэж, хүндрэлтэй олон асуудал ургасан учраас Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын санаачилгаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрээр өнгөрсөн оны 12-р сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцэд Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрыг шинээр байгуулж баталсан юм.
-Худалдан авах ажиллагаа явуулдаг хэд хэдэн хэлтсийг бодлогын газарт нэгтгэж зангидсан. Ингэснээр ямар ач холбогдол, давуу тал үүссэн бэ? 
-Манай бодлогын газрын харьяанд Худалдан авах ажиллагааны хэлтэс, Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, мониторингийн хэлтэс, Төлөвлөлт, мониторингийн алба гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна. Хоёр хэлтсийн нэг нь ажил үйлчилгээ, нөгөө нь бараа материал худалдан авах ажиллагаа зохион байгуулдаг. Харин Төлөвлөлт, мониторингийн алба худалдан авалтын болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, харьяа хоёр хэлтсийн үйл ажиллагаанд дотоод мониторинг хийх чиг үүрэгтэй. Бид үйлдвэрийн газрын хөгжлийн үндсэн чиглэл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, техник, технологийн болон байгаль орчны бодлоготой уялдуулан эдийн засгийн үр өгөөжтэй, хэмнэлттэй, ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнийг хангасан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны “нэг цонхны” бодлогыг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. 
-Ажлаа юунаас эхэлсэн бэ. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд амжуулав? 
-Хөрөнгө оруулалт, худалдан авалтын бодлогын хүрээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай ажлууд хүлээгдсэн байсан. Үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалт, худалдан авалт, бизнес төлөвлөгөөг оновчтой хэрэгжүүлэх, худалдан авах үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, хүнээс хамаарал багатай програмчлал ашиглах чиглэлд том зорилт тавин ажиллаж байна. Намайг ажлаа авахад 2020 оны Худалдан авалтын төлөвлөгөө 2019 ондоо батлагдсан байсан. Тиймээс батлагдсан төлөвлөгөөг аль болох алдагдуулахгүй, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чиглэсэн худалдан авалтуудыг шуурхай зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Холбогдох мэргэжилтнүүдээ www.tender.gov.mn -ээс нэгдсэн мэдээллийн статистикийг хэрхэн авах, худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, төлөвлөлтүүдийг хэрхэн өөрчлөх, дотоод цахим системүүдтэй цогцоор ажиллах зэрэг асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвлөмж чиглэл авч хамтарч ажиллалаа. Мөн, бид дотооддоо холбогдох программ хангамжуудыг боловсруулаад дуусаж байна. Төлөвлөлт, мониторингийн албаныхан маань 10-аад асуудалд дотоод мониторинг хийж, Хуулийн хэлтэс болон бусад нэгжүүдтэйгээ хамтраад мониторингийн дүгнэлт гаргаад зохих арга хэмжээ авч, худалдан авах ажиллагааг зөв чиглэлд оруулахаар ажиллаж байна. Гэрээ бүртгэхээс эхлээд дүгнэх хүртэлх үйл явцын журмыг ажлын хэсэг боловсруулж, Ерөнхий захирлын тушаалаар батлуулах түвшинд хүрээд байна. 
-Энэ журамд онцгой ямар заалтууд орсон бэ? 
-Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээ сошиал орчинд тавигддаг. Янз бүрийн хүмүүсийн гар дээр очдог. Энэ асуудлыг эмхэлж цэгцлэхээс гадна гэрээтэй холбоотой үүргийг тодорхой болгож, хэрэв хэрэгжээгүй тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын тогтолцоог нарийвчлан оруулсан. Ер нь энэ журамд нарийвчилсан маш олон зохицуулалтыг шинээр онцгойлон оруулснаараа ач холбогдолтой. Мөн гэрээлэлтэй холбоотой үйл ажиллагааг зөв голдрилд оруулах хяналтын тогтолцоог боловсронгуй болгосон. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтад хууль, эрх зүйн хүрээнд ахиц дэвшил гарна гэдэгт итгэж байна.    
-Энэ жилийн хувьд хэчнээн тендер зохион байгуулах вэ?  
-Худалдан авалтын төлөвлөгөөгөөр 1143 нээлттэй тендер зохион байгуулна. Ерөнхий захирал нээлттэй тендерүүдийг долоодугаар сарын нэгний дотор зохион байгуулж дуусгах үүрэг чиглэл өгсөн. Дараа нь гэрээ байгуулах, гэрээг хэрэгжүүлэх ажлуудаа ондоо багтаан бүрэн дуусгахын тулд шахаж  байгаа юм. Өнөөдрийн байдлаар үнэлгээний 475 хороо байгуулагдсан, ажил урагштай, эрчимтэй явж байна. Одоогоор 190-ээд тендерийн үр дүнг баталгаажуулаад байна.
-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар жилд 300 орчим тендер зохион байгуулахын тулд 30 гаруй хүнтэй ажилладаг юм билээ. Танай газрын хүн хүчний хүрэлцээ, мэргэжилтнүүдийн чадамж хэр байна? 
-Тендерийн тоотой нь харьцуулбал манай мэргэжилтнүүд дэндүү цөөн л дөө. Жилд 1200 орчим тендер зохион байгуулдаг газар Монголд Эрдэнэт үйлдвэрээс өөр байхгүй. Тийм болохоор манай 44 ажилтан орой үдэш гэлтгүй сууж, маш ачаалалтай ажиллаж байгаа. Удахгүй 2021 оны худалдан авалтын төлөвлөлтийн ажил эхэлнэ. Цехүүд захиалгаа хийх, үүнтэй уялдуулаад Маркетингийн хэлтэс зах зээл, үнийн судалгаа явуулах гээд шат дараатай ажил хагас жил хэртэй үргэлжилдэг учраас зургаадугаар сарын нэгнээс ирэх оны төлөвлөлтийн ажилдаа орно.   
-Эрдэнэт үйлдвэр энэ онд 830.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. “Ковид 19” вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөнд өөрчлөлт орох уу? 
-“Ковид 19” вирусын тархалт, эдийн засгийн хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд худалдан авалтын өгөөжийг сайжруулах, зарим худалдан авалтад хязгаарлалт хийх арга хэмжээний талаар Төв штаб болон салбар штабууд дээр яригдаж байгаа. Хөрөнгө оруулалтын тооцооллыг нарийн гаргасны үндсэн дээр зарим хөрөнгө оруулалтыг танах, царцаах асуудал яригдахыг үгүйсгэхгүй.  Гэхдээ батлагдсан төлөвлөгөөг аль болох хэрэгжүүлэхийн төлөө зорьж ажиллана. 
-Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, орон нутгийн аж ахуйн нэгжийг дэмжих, давуу эрх олгох чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? 
-Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэчлэл ерөнхийдөө дуусаж байна. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсөж, нэр төрөл олширно гэдэгт найдаж байгаа. Орхон, Булган аймгийн цаашлаад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд бодож төлөвлөсөн зорилт бий. Орхон аймгийн Засаг даргын тамгын газар бусад байгууллагууд руу албан тоот явуулсан. Цаашид ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн сертификат бүхий иргэдтэй хуулийн хүрээнд шууд гэрээ байгуулах аргаар худалдан авалтыг зохион байгуулж болно. Тодруулбал, нээлттэй тендерүүдийг Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, төлөвлөлтийн хүрээнд худалдан авалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Хүндрэлийг даван туулах үйлдвэрийн газрын санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр батлагдсантай холбоотой хэмнэлтийн горимд шилжиж байгаа хэд хэдэн өөрчлөлт бий. Тухайлбал, нээлттэй тендерээр 80 сая төгрөгийн мод худалдан авах байсан бол 10 сая төгрөгт багтаагаад үрслэгээний суулгац авах гэдэг ч  юм уу... Цогц өөрчлөлтүүдийг шуурхай хийгээд явахгүй бол төрийн худалдан авалт гэдэг нэг л төлөвлөсөн, тендерийн кодоо авчихсан, тоон дүнгээ тавьчихсан бол өөрчлөх боломжгүй болдог. Тэгэхээр бид түргэн хөдөлж, уян хатан байж эдийн засгийн хэмнэлттэй, үйлдвэртээ үр өгөөжтэй байх нөхцөлийг хангах ёстой. 
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог