Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 2-р сар 2020

Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар хуралдаан, аймгийн Онцгой комиссын тус өдрийн 06 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн Орхон аймгийн Засаг дарга захирамж гаргалаа.

Орхон аймгийн хэмжээнд Covid-19 шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс болон хот хоорондын тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг ирэх сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Мөн БНСУ-аас Орхон аймагт 02 дугаар сарын 19-нөөс хойш ирсэн 62 иргэний ар гэрийнхнийг тусгаарлаж, ажлын газарт нь мэдэгдэх ажлыг Эрүүл мэндийн газар хариуцан ажиллаж байна. Хот доторх нийтийн тээврийн үйлчилгээг өглөөний 07.00-09.00 цаг, орой 17.00-19.00 цаг байхаар тогтоож, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулан, зөвхөн амны хаалттай иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр боллоо.

Захирамжид заасны дагуу аймгийн хэмжээнд баар, караоке, түргэн хоолны цэг, кофе шоп, хүргэлтийн хоол эрхлэгч аж ахуйн нэгжүүд, спорт заал, фитнесс, сауны үйл ажиллагааг 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зогсоохоор шийдвэрлэж, олон нийтэд мэдээллээ.  

И.Чинтогтох

      Covid-19 коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйлдвэрийн дүүрэг, захиргааны I, II байранд гадны байгууллагын төлөөлөл, иргэдийг хувийн ажлаар нэвтрэх асуудлыг бүрэн хориглосон. Мөн үйлдвэрийн ажилчдыг амны хаалт хэрэглэх, амны хаалтгүй ирсэн тохиолдолд объект руу нэвтрүүлэхгүй болохыг Гэрээт цагдаагийн хэлтсээс анхааруулан ажиллаж байна.

И.Чинтогтох

    Эрдэнэт үйлдвэр 2020 оны эхний 2 сарын байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ оны 2 дугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлээр 1861 тонн хүдэр олборлож, 1791 тонн хүдэр боловсрууллаа. Зэсийн металл авалтыг 87.78 мянган тонн, молибдены металл авалтыг 51.96 мянган тоннд хүргэснээр 100.7-107.1 хувиар металл авалтын төлөвлөгөөгөө биелүүлээд байна. Мөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг дагасан эдийн засгийн үзүүлэлтийг авч үзэхэд, 2020 оны 1-р сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зардал буурч, нийт зардал 0.3 хувиар хэмнэгдэн, нийт орлогын хэмжээ 14 хувиар өслөө.

    Гэвч БНХАУ-д гарсан коронавирусын халдварын улмаас дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5700 ам.доллар орчим болж, төлөвлөснөөс 260 орчим ам.доллар буюу 4.4 орчим хувиар буурсан дүнтэй байна. Цаашид ч үнэ тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байх магадлал өндөр тул үйлдвэрийн удирдлагуудын зүгээс өртөг зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан, хэмнэлтийн горимд ажиллаж эхэллээ. 

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

      Орхон аймгийн Засаг даргын 2019 оны А/430 тоот захирамжийн дагуу цагаан тоосны бүс дэх 488 иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулж, нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 90 орчим сая төгрөгөөр санхүүжүүлсэн энэхүү үзлэг, шинжилгээг өнгөрсөн оны 9 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулсан юм. Орхон аймаг, БОАЖГ, Баян-Өндөр сумын багууд, Эрүүл мэндийн газар, “Медипас” эмнэлэг, үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Эрдэнэт сувиллын цогцолборын хамтарсан ажлын хэсэг цагаан тоосны дэгдэлтийн бүсээс 326, бусад бүсээс түүврээр 163 иргэнийг сонгон үзлэгт хамруулсан.

      Эрүүл мэндийн үзлэг нь тухай иргэний өвчлөлд цагаан тоос нөлөөлсөн, эсвэл нөлөөлөөгүй гэдэг дүгнэлт гаргах бус нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн өвчлөл нь голомтын болон голомтын бус бүсээр ялгаатай байгаа эсэхэд тандалт хийсэн тухай НЭМТ-ийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн М.Болормаа тайлбарлалаа. Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 70 хувь нь таргалалттай, түүнээс үүдсэн зүрх судасны өвчлөлийн хамаарал байгаа нь тогтоогджээ. Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр зүрх судасны өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, тамхи татдаг иргэдэд уушигны өвчлөл давамгайлж байгааг илрүүлсэн байна. Улмаар нэгдсэн дүгнэлтэд голомтын бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн ерөнхий байдал нь голомтын бус бүсэд амьдарч байгаа иргэдээс ялгарах онцгой зүйлгүй байгааг тусгажээ. Иргэдийн эрүүл мэндэд цагаан тоос нөлөөлж байгаа эсэхийг тогтоохоор 2020 онд ЭМЯ-наас эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийхээр болсон байна.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс