Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 22 3-р сар 2019

    Монгол Улсын Засгийн Газраас  энэ сарын 6-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-д онц дэглэм тогтоосонтой холбогдуулан Ерөнхий захирлын “Онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/145 тоот тушаал батлагдсан. Уг тушаалаар онцгой  дэглэмийн үед сахилга хариуцлагыг өндөржүүлж, үйлдвэрийн хэвийн тогтвортой байдлыг хангаж ажиллах чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Энэ дагуу үйлдвэрийн хэмжээнд онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх ажлууд хийгдсэнээр үйлдвэрлэл, эдийн засаг болон бусад үйл ажиллагаа хэвийн тогтвортой үргэлжилж байна.
    Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 3 дугаар сарын эхний 20 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулсан байна. Энэ хугацаанд 1400.26 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 106.7 хувиар биелэв. Хүдэр боловсруулалт 1742.99 мянган тонн буюу 101.7 хувиар давсан байна. Зэсийн металл авалтыг 88.3 хувиар төлөвлөснөөс сарын эхний 20 хоногт 88.4 хувьд хүргэж, төлөвлөгөөг 100.1 хувиар, молибдений металл авалтыг 48.5 хувиар төлөвлөж 49.1 хувийн гүйцэтгэлтэйгээр 101.2 хувиар тус тус биелүүлсэн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, төлөвлөгөөнөөс таван вагон зэсийн баяжмал илүү ачжээ.
   Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүч үйлдвэрлэгч болсноор 3 дугаар сарын эхний 20 хоногийн байдлаар 13.83 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 11.05 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлсэн байна.

    Эрдэнэт үйлдвэрийн Худалдан авалтын бодлого, тендер шалгаруулалт, бараа материал нийлүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу үргэлжилж буйг  Хангамжийн хэлтсээс онцлов. Энэ сарын 6-ны өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд тус хэлтэс 15 аж ахуйн нэгжтэй “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу хамтран ажилласан байна. Ган бөмбөлөг, техник тоног төхөөрөмжийн тос масло, сэлбэг эд анги зэрэг бараа материал худалдан авахад  нийт 16 тэрбум 553 сая төгрөг  зарцуулжээ.
   Эрдэнэт үйлдвэр ХХК-иас ажилтнуудынхаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэл чадамжид суурилсан урамшууллын хөшүүрэг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр зорилт дэвшүүлсэн байгаа. Үүнтэй уялдуулан Эдийн засгийн хэлтсээс 2019 онд нийт ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой тооцоо, судалгаа гаргажээ.  Мөн 2018 оны Монгол Улсын дундаж цалинтай компанийн дундаж цалин хөлсний харьцуулсан судалгаа хийсэн байна. Ингэснээр ажилтнуудын цалин урамшууллыг үе шаттай нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.  
    Ийнхүү онцгой дэглэмийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий захирлын тушаалыг Эрдэнэт үйлдвэрийн цех нэгж бүр мөрдөж, үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөт зорилтуудаа цаг хугацаанд нь хэрэгжүүлж, ажлын зохион байгуулалт, эмх цэгц, уялдаа холбоог сайжруулан ажиллаж байна.  

М.Балжинням

     “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехээс санаачлан, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн 14 компанийн төлөөллийг оролцуулсан усны хэрэглээ, ашиглалтын талаарх хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн зочдыг тус цехийн Ус хангамжийн хэсгийн дөрөвдүгээр өргөх станц болон цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцуулсан нь ихээхэн үр өгөөжтэй ажил болсон юм.
     НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэж ирсэн усны өдрийг 2015 онд “Ус ба тогтвортой хөгжил”, 2016 онд “Ус ба ажлын байр”, 2017 онд “Хаягдал ус”, 2018 онд “Байгальд ээлтэй усны шийдэл”, энэ онд “Хэнийг ч үл орхих” уриан дор зарлаж байна. Энэ нь усны гачигдалд орсон улс орны иргэн бүрт усыг тэгш хүртээх бодлого юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хүн амын өсөлт, хотжилт болон бусад олон хүчин зүйл усны бохирдолд нөлөөлж байгаад олон улсын эрдэмтэд санал нэгдэж, гарцыг эрэлхийлсэн яриа, хэлэлцүүлэг, уулзалт, чуулган зохиодог нь энэ өдөр илүүтэй мэдэгддэг. Харин БОАЖЯ “Цэнгэг ус-тэгш хүртээмж” уриаг орон даяар зарласан байна.
     Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Усан хангамжийн хэсэг нь Эрдэнэт хот, үйлдвэрийн хэрэглээний цэвэр усыг хариуцаж, Орхон аймгаас 65 км зайд орших Сэлэнгэ мөрний усыг дөрвөн станцаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг. Тус цех нь хоногт 60800 гаруй м.куб ус олборлож, 220 мянга гаруй м.куб усыг Баяжуулах үйлдвэрт, 9000 гаруй м.куб усыг Эрдэнэт хотын хэрэглэгчдэд нийлүүлдэг бөгөөд жилдээ 20-21 сая м.куб цэвэр ус олзворлож, 8-9 сая м.куб ус хүлээн авч, түүнийгээ 96-98 хувьтай цэвэршүүлэн, мэргэжлийн өндөр ур чадвартай баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.


И.ЧИНТОГТОХ
 

     Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав.  Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа.

                                                                                                                      Эх сурвалж: Zasag.mn

     Уурхайчин бүсгүйчүүдийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорьсон “Цэцэн бэр” тэмцээн 11 дэх жилдээ амжилттай зохиогдож, 23 баг тэргүүн байрын төлөө ухааны цэцээр  өрсөлдлөө. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбоо, “Уурхайчин” соёлын ордон хамтран зохиодог тус тэмцээнд үндэсний дээл хувцасаараа жигдэрсэн багууд өнгө нэмсэн.
    Багууд Эмэгтэйчүүдийн холбооны түүх, эмэгтэйчүүдийн баяр, шинжлэх ухааны холбогдолтой гээд тал бүрийн асуултаар мэдлэгээ сорьсон. Энэ жилийн тэмцээнд Баяжуулах үйлдвэрийн бүсгүйчүүд “Цэцэн бэр” тэмцээний аваргаар тодорч, Ил уурхай, Ган бөмбөлгийн цехүүд удаалсан бол Ахмадын зөвлөл, Дулааны цахилгаан станц, Сэлэнгэ амралтын бааз, Технологийн сургуулийн багууд тэнцүү оноогоор тусгай байранд шалгарлаа.

И.ЧИНТОГТОХ

 

   Өнөөдөр дэлхийн Усны өдөр. Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг дэлхийн Усны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Цэвэр усны гачигдалд буй улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар уриалдаг энэ өдрийг дэлхий нийт тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн юм. “Усны өдөр”-ийг тэмдэглэж буйтай холбогдуулан Сэлэнгэ мөрний ай сав газрын захиргааны Ахлах мэргэжилтэн, Байгаль орчны Улсын байцаагч Б.Бат-Эрдэнэтэй усны салбарын талаар ярилцлаа.

   -Сэлэнгэ мөрний ай сав газрын захиргааны үйл ажиллагаа, чиг үүргийн тухай ярилцлагаа эхлэх үү?
   -Сэлэнгэ мөрний ай сав газрын захиргаа 2013 оны наймдугаар сард байгуулагдсан. Усны салбарын үүсэл хөгжлийн суурь манай улсад 1930-аад онд тавигдсан ч бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөөр байв. Монгол орон 1990 онд зах зээлийн тогтолцоонд шилжиж, үйлдвэрлэл эрчимтэй хөгжих болсноор усны салбар, түүний хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага гарч ирсэн. Ус гэдэг бол байгаль ертөнц дээр оршдог амьд амьтныг тэтгэж, тэжээдэг шинжлэх ухаанд бүрэн дүүрэн тайлагдаагүй цор ганц бодис. Ийм учраас УИХ, ЗГ-аас усыг ашиглах, хамгаалах чиглэлээр маш зөв, зохистой  менежментээр эрх зүйн зохицуулалт хийхгүй бол цаашид бид байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах, нөхөж баршгүй хор хохирол учруулах нөхцөл байдалд хүргэж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ үндсэн дээр усны салбарт Төрөөс баримтлах бодлогыг өөрчлөн боловсруулж, усны талаар олон цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр дэвшил гарч байна. Төрөөс баримтлах усны бодлогыг хэрэгжүүлэгч нэг байгууллага нь Сэлэнгэ мөрний ай сав газрын захиргаа юм. Манай байгууллагын гол үүрэг нь өөрийн сав газарт байгаа гол мөрөн, газрын доорх усны  ашиглалт, нөөцийн хэмжээ, түүнд тулгуурласан нийгэм, эдийн засгийн харилцааг төрийн өмнөөс зохицуулахад чиглэдэг. Тухайлбал, усан орчныг ашиглаж буй үйлдвэрлэл, хүн ам, хөдөө аж ахуй, эрчим хүч, үйлдвэрлэлийн усан хангамжийг хэрхэн зохицуулах вэ, тогтоосон усны нөөцийн хэдий хэмжээг нь ашиглахад байгаль экологийн тэнцвэртэй байдлаа хадгалж үлдэх вэ гэдгийг тооцоолох, бохирдлоос хамгаалах, нөхөн сэргээх зэрэг олон асуудлыг хариуцдаг. Түүнчлэн орон нутгийн удирдлага, байгууллагуудыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах, салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах  үүрэг бүхий нэлээд өргөн хүрээг хамардаг байгууллага гэж хэлж болно. Манай байгууллага 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

   -“Усны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Энэ өдрийг манай улс хэдэн оноос тэмдэглэж эхэлсэн бэ?
  -Монгол оронд 1994 оноос дэлхийн “Усны өдөр”-ийг Ерөнхийлөгчийн санаачлагаар тэмдэглэж ирсэн. Хэдийгээр дэлхийн газар нутаг дээр ил харагдах ус их байдаг ч цэвэр цэнгэг ундны ус дөнгөж 2,5 хувийг нь эзэлдэг. Бусад нь хүн ам өдөр тутам хэрэглэж болохгүй холимог бүтэцтэй, шорвог ус байдаг. Тиймээс өчүүхэн хувийг нь эзэлж буй цэвэр усаа ариг гамтай хэрэглэж занших шаардлага хүн төрөлхтөний өмнө тавигдаж байна. Өнөөдөр дэлхийн усны нөөцийн хэмжээ  нийт 1386 сая километр куб байгаа. Үүнээс манай орны газар нутаг дээрх усны нөөц 0,004 хувийг нь эзэлдэг. Эдгээрийн 500,0 километр куб нь нуурын ус, 62,9 километр куб нь мөнх цас, мөсөн гол, 10,8 километр куб нь газрын доорх ус, 34,6 километр куб нь гол мөрний ус байдаг. Энэ бүхнээс хамгийн чухал нь газрын доорх цэнгэг ус буюу бидний ундандаа хэрэглэдэг цэвэр ус маш бага хувьтай байгаа. Тиймээс цэвэр усаа хэрхэн ашиглаж, хэрэглэж байгааг төрөөс чиглүүлэх чухал асуудлуудын нэг болгосон. Газрын доорх усаа хайрлаж, гадаргуу дээр байгаа усыг түлхүү ашиглавал зуун хувь усны төлбөрөөс чөлөөлөх заалтыг хуульчилж өгсөн. Ингэснээр урсаж буй гол мөрний усны ашиглалтыг нэмэгдүүлж, газрын гүний цэнгэг усаа хэмнэх, хамгаалах ач холбогдолтой юм. Гэтэл өнөөдрийн бодит байдал дээр бид нийт усны хэрэглээнийхээ 80-90 хувийг газрын гүний, үлдсэн 10 гаруйхан хувийг гадаргуу дээрх уснаас хангаж байна. Энэ харьцааг өөрчилж, гадаргын усыг илүү ашиглах, усны нөөцийг бий болгох чиглэлээр дорвитой ажиллах ёстой юм. Хэрэв бид усны нөөцөө нэмэгдүүлж чадвал тухайн орчин, газар нутагт байгалийн таатай нөхцөл үүсгэх боломжтой. Ингэж бид усаа, байгаль орчноо хамгаалж байж үр өгөөжийг нь хүртэх учиртай. Амьд ертөнцийг авч үлдэхийн тулд ус өөрөө хийн, шингэн, хатуу гэсэн гурван төлөвт шилжиж, тэнцвэртэй байдлыг хадгалж байдаг зүй тогтолтой.  Тэгэхээр хамгийн чухал зүйл бол усны нөөцийг бий болгох, зөв зохистой ашиглах явдал. Энэ асуудалд олон талын оролцоо, тэгш хэрэглээ байж гэмээнэ усны ашиглалт хамгаалалтын ажилд ахиц гарна. Тиймээс энэ жилийн дэлхийн “Усны өдөр”-ийг “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэж байна.

   -Байгаль орчин тодруулбал, усаа хамгаалах, зөв ашиглах харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин манай улсад хэр зөв тогтолцоотой байдаг вэ?
   -Манай улсын хувьд байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах талаар хууль эрх зүйн орчин боломжийн түвшинд бүрдсэн гэж хэлж болно. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Хот суурины усан хангамжийн ариутгалын тухай хууль, “Ус” үндэсний хөтөлбөр гээд маш олон хууль тогтоомж хэрэгжиж байна. Энэ бүх хууль, баримт бичигт заасны дагуу усны салбарын асуудлыг зохицуулахыг зорьж ажилладаг. Усны тухай хуульд энэ салбарын асуудлыг нэлээд өргөн хүрээнд тусгаж өгсөн. Тухайлбал, салбарын яам ямар зохицуулалт хийх вэ, сав газрын захиргаа ямар чиг үүрэгтэй байх вэ, нийслэл, аймаг, сум, баг, дүүргийн  засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал ямар оролцоотой байх вэ, хуулийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ гэх зэрэг бүхий л чиглэлийг тодорхой заасан байгаа.  Бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх талд учир дутагдалтай талууд байгааг хэлэх нь зүйтэй. Цаашид илүү боловсронгуй болгохын тулд олон нийтийн санал бодлыг нь сонсох, гарц боломжийг хамтдаа эрж хайх нь зөв шийдэл гэж харж байна. Түүнчлэн хуулинд заасан зүйлийг шат шатандаа хэрэгжүүлж, хэвшвэл бид хойч үеийнхэндээ байгаль эх дэлхийгээ сайн сайхан авч явах боломжийг нээж чадна. Тэгэхээр манайд усны салбарыг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн таатай орчин бий болсон гэж боддог.

   -Цэвэр цэнгэг усаа хайрлаж, хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Харин энэ үүргээ биелүүлэх, зөв хэрэглээтэй болгох талаар сургалт сурталчилгааны ажлууд хэрхэн зохион байгуулагдаж байна вэ?
   -Аливаа асуудалд саад бэрхшээл, алдаа дутагдал байхгүй байна гэж үгүй. Их бага хэмжээгээр хүндрэл бий. Харин тэр асуудалдаа  зөв дүн шинжилгээ, мониторинг хийж гарц гаргалгааг төр засаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтайгаа хамтран тодорхойлж ажиллах нь зүйтэй. Өнөөдөр шууд л ус тойрсон хүндрэл бэрхшээлтэй асуудлыг засаж залруулчихна гэвэл боломжгүй зүйл. Хамгийн гол нь асуудлаа эрэмбэлж, юунаас эхлэх дарааллаа зөв тогтоох нь чухал. Дараагийн хамгийн гол асуудал бол ард иргэдээ соён гэгээрүүлэх ажил болно. Манай ард түмэн эрт дээр үеэс эх  дэлхийтэйгээ ойр байж, сурган хүмүүжүүлэх ухаанд байгалиа хайрлаж хамгаалах ном сургаалийг түгээж ирсэн уламжлалтай. Биднийг сурагч байхад ерөнхий боловсролын сургуульд Түмэн бодис гэж хичээл ордог, байгаль орчны талаар өргөн мэдээлэл өгдөг байлаа. Тиймээс энэ уламжлалаа сэргээн, байгалиа хайрлах, усаа арвилан хэмнэх үзлийг хүүхэд байхаас тархи оюунд нь шингээж суулгаж өгөх шаардлага тулгарч байна. Энэ ажлыг бодит болгохын тулд төр засаг, байгууллага, иргэн бүр үүрэг хүлээж, хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Түүнчлэн ашиг хонжоо олох сэдлээр байгаль эх дэлхий, гол мөрнийг бохирдуулж буй иргэдийн буруу сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх, зааж сургах ажлуудыг үр дүнтэй хийх хэрэгтэй.

   -Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг усаар хангаж буй Сэлэнгэ мөрнөө хамгаалах талаар таны бодол?
   -Эрдэнэт хотын орон сууцны хорооллын усан хангамжийг Сэлэнгэ мөрнөөс, гэр хорооллын усан хангамжийг МОН-2301 төслийн шугамаар буюу Бүрэнбүстийн эх үүсвэрээс хангаж байна. Цаашид бид усан хангамжийн эрүүл ахуй, хязгаарлалтын бүсүүдийг маш сайн тавьж өгөхгүй бол хүн амын ундны эх үүсвэр бохирдсоноос өвчин эмгэг тархахаас эхлээд хүнд байдал үүсч болзошгүй. Тиймээс бид Булган аймаг, Орхон аймгийн Газрын харилцааны албанд хүсэлт гаргаж, албан бичгээр хандсан. Бүрэнбүстийн усан хангамжийн эх үүсвэр маань гэр хорооллын хориглолтын бүс рүү орчих гээд, газар олголт хийгдчих гээд байна. Зөрчил, тулгамдсан асуудал олон байна. Төр энэ талаар зөв ойлгож, тухайн орон нутгийн засаг захиргаа, өөрөө удирдах нэгжүүд усны боловсрол, усны харилцааг зөв зохицуулж явахад нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй.

   -Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
  -Эрдэнэтийн бүх усан хангамж, цэвэрлэх байгууламж, Эрдэнэт үйлдвэрийн өмч дээр суурилсан байгаа тул тус үйлдвэрийн хүчинд л явж байна. Эрчим хүчний цехийн үндсэн үйл ажиллагаа ч энд чиглэдэг. Цэвэрлэх байгууламжийн хувьд 90-ээс дээш хувьтай усаа цэвэршүүлж, стандартаа хангаж байгаа. Усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хувьд манай аймаг Монголдоо тэргүүлнэ. Үүнийг хэлэх нь зөв байх. Иргэдийг ч баталгаатай усаар хангаж байна. Сэлэнгэ мөрний хөвөөнөөс 24 худгаар гүний ус татаж авч байгаа нь хамгийн том усны нөөц гэж үзэж болно. Харуул хамгаалалт ч сайн. Тиймээс Эрдэнэт усны нөөцөөр айх аюулгүй. Эрдэнэт үйлдвэр жилдээ 100 орчим сая метр куб ус ашигладаг. Үүний хориод хувийг Сэлэнгэ мөрний ай саваас, үлдсэнийг өөрийн Хаягдлын аж ахуйгаас хэрэглэж байна. Ус ашиглалтын гэрээгээ манай байгууллагатай хийдэг тул бид ирэх оны нэгдүгээр сард ажлаа дүгнэнэ. Энэ жилээс эхлэн төлөвлөснөөс илүү ус ашигласан тохиолдолд төлбөр нэмж төлөх тухай заалт хуулинд орсон.


М.Балжинням 

Мэдээний төрөл

Календарь

« 3-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог