Р.ЭНХБОЛД: Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажил жигдэрсэн Онцлох

29 7-р сар 2020 12:00
93 удаа үзсэн

Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд тархаад буй корона вирусийн халдвараас  урьдчилан сэргийлэх зорилгоор улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн 2 дугаар сараас  Шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийн явц, өнөөдрийн байдлын талаар Гамшгаас хамгаалах штабын тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболдоос тодрууллаа.  

-Дэлхийн олон оронд тархаж, олон хүний амь насыг авч одсон корона вирусийн аюул одоо ч түгшээсээр байгаа. Манай үйлдвэрийн хэмжээнд корона вирусээс урьдчилан сэргийлэх ажил ямар байна? Шуурхай штаб хэрхэн ажиллаж байна вэ?

 -Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 78 дугаар тушаалын дагуу  өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн Шуурхай штаб байгуулан өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжин ажиллаж байна. Эрдэнэт сувиллын цогцолбор, Соёл урлагийн цогцолбор, Гал унтраах 58 дугаар анги, Гэрээт цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын алба зэрэг байгууллагууд хамтран 24 цагийн жижүүр батлагдсан хуваариар ажилладаг. Корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг гурван чиглэлээр зохион байгуулж байна. Нэгдүгээрт, тандалтын арга хэмжээ хэрэгжүүлж, ажилчдын автобус болон Ерөнхий захиргааны 1,2 дугаар байр, цех нэгж бүхэнд  биеийн халуун дулаан хэмжиж, дотогш нэвтрүүлдэг боллоо. Ажлын өдөрт 5-6 мянга, амралтын өдөр 1000 орчим ээлжийн ажилчдын биеийн халууныг үзэж, халуурах шинж тэмдэг бүхий ажилтныг буцаан эмчийн нарийн үзлэгт шилжүүлж байна. Хоёрдугаарт, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэг боллоо. Гэрээт компаниудтай хамтран ажилчдын автобус болон бусад хүн тээврийн хэрэгслүүд, үйлдвэрийн бүс дэх томоохон обьектод өдөр  бүр гурван удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийж хэвшүүллээ. Цех нэгж, хоол үйлдвэрлэлийн компаниуд  өөр өөрсдийн ажлын байр талбайд ариутгал хийж, ажилчдад гар угаах ариутгах бодис материалаар тогтмол хангаж, хэрэглээнд хяналт тавин ажиллаж байна. Мөн гаднаас ирж буй бараа материалыг хүлээн авах, буулгах зэрэг бүх үйл явцад халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын Онцгой комисс, Шадар сайдын баталсан түр журмыг хэрэгжүүлж байна.

-Шуурхай штабт нийгмийн цехийн ажилтнууд хүч нэмж ажиллаж байгаа нь өдөр тутмын хяналт гэх мэтчилэн олон ажлыг нугалж байгаа. Харин ажилтнууд өөрийгөө халдвараас хамгаалах тал дээр хэр анхаарч байгаа вэ?

-Шуурхай штабын жижүүрүүд урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавихын зэрэгцээ өөрсдийн чиглэлийн дагуу Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх үүрэг гүйцэтгэдэг. Харин амралт аялалын цаг эхэлсэнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх ажилд ажиллах хүч дутагдалтай болж байна. Эмнэлгийн ажилтнууд, эмч нар амралт сувиллын газруудад ажиллах шаардлагатай болсон тул энд ажилчдын биеийн халууныг хэмжих ажилд нийгмийн цехүүдийн ажилтнуудыг дайчлан, оролцуулж байгаа. Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажил жигдэрч, ажилтнуудын хандлага өөрчлөгдсөн гэж хэлж болно. Эхэн үедээ зарим ажилчид шаардуулж байж халуунаа үзүүлдэг, гараа ариутгадаг байсан бол одоо хүн бүр өдөр тутам орж гарахдаа хэвшил болгож, өөрсдөө санаачилгаараа урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг боллоо.Ер нь ахуйн ариун цэвэр сахих, ажлын байрандаа цэвэр байх зэрэгт илүү чармайлттай болж байгаа нь харагддаг. Гар ариутгах бодистой харьцах, биеийн халуунаа хэмжүүлэх зэрэг халдвараас өөрийгөө хамгаалах мэдлэг сайтай болсон гэдгийг хэлье.

-Амны хаалтны нөөц байгаа юу?

-Амны хаалтны  хангалт үйлдвэрийн хэмжээнд  дөрвөн удаа өгсөн. Оёдлын цех туслалцаа үзүүлж, хүн бүрт амны хаалт оёж тараалаа. Амны хаалт болон бусад ариутгал халдваргүйтгэлийн бодисны нөөц бэлтгэх талаар Шуурхай штабын санал хүсэлтийг үйлдвэрийн удирдлагууд дэмжиж, цаг тухайд нь шийдвэрлэж байна. Ажилчдаасаа нэг ч хүнийг орхигдуулахгүй хяналтад байлгах, биеийн халууныг хэмжих, шинж тэмдэг гарсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах талаар Эрдэнэт сувиллын цогцолбор дээр хоёр удаагийн сургалт дадлага зохион байгууллаа. Дэлхий нийт энэ цар тахлаас бүр мөсөн ангижраагүй байгаа энэ үед урьдчилан сэргийлэх ажил цаашид үргэлжилнэ.      

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Зургийн цомог