Б.БАТЦЭЦЭГ: Тамхи татахаа багасгахаас илүү шууд хаях нь хамгийн үр дүнтэй Онцлох

04 6-р сар 2020 12:00
155 удаа үзсэн

Дэлхий нийтээр тамхигүй өдрийг жил бүрийн тавдугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдрийг угтан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд иргэдийнхээ тамхины хэрэглээг багасгах, түүний хор уршгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилт тавин олон ажил зохион байгуулж байна. Энэ удаагийн дугаарт тамхины хэрэглээ, хор уршгийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын  хоол зүйч Б.Батцэцэгтэй ярилцлаа.

 

-Манай улсад тамхины хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Тамхи бол мансууруулах нөлөөтэй, донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор. Тамхи татахыг олон улсын өвчний ангилалд f-17 сэтгэцийн өвчнөөр бүртгэсэн байдаг. Манай улсын хүн амын 47 хувь буюу бараг тэн хагас нь тамхи татаж, үлдсэн хагас нь дам тамхидалтад өртдөг нь халдварт бус өвчин нэмэгддэг гол шалтгааны нэг  болж байна.

-Тамхи татах нь хүний бие организмд ямар сөрөг нөлөөтэй вэ ?

-Хүний  бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно.  Тамхины утаанд агуулагдах янз бүрийн химийн нэгдэл, хорт бодис уушгины эдийг гэмтээнэ. Мөн цусанд шингэж судасны ханыг гэмтээх нөлөө үзүүлнэ. Ийм учраас тамхи татдаг хүн зүрхний ишеми өвчнөөр өвдөх эрсдэл тамхи татдаггүй хүнээс тав дахин их байдаг. Тамхи татах нь  жирэмсэн эмэгтэйн ураг, үр хөврөлд маш хор нөлөөтэй. Ургийн гажиг үүсэх, зулбах, жин багатай төрөх аюултай.

-Тамхи хорт хавдар үүсгэдэг үү?

-Тамхи бүх төрлийн хавдар үүсгэдэг. Тамхинд 7000-аад төрлийн химийн бодис байдгаас 69 нь хорт хавдар үүсгэнэ. Химийн хортой бодис агуулагддаг уушгины хавдраар өвчилсөн хүмүүсийн 87 хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг. Цус харвалт, зүрхний шигдээс, хавдар, уушгины эмгэг гэх мэт олон өвчний шалтгаан тамхинаас үүдэлтэй. Тиймээс залуу хүн ч энэ өвчинд өртөх эрсдэлтэй. Нэг янжуур татахад хүний нас долоон минутаар хорогддог гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Тиймээс өөртөө өвчин худалдаж аваад байна гэсэн үг.

-Тамхинаас хүн гараад эргээд орчих тохиолдол түгээмэл байдаг. Ийм тохиолдолд яах ёстой вэ?

-Хамгийн зөв арга бол ердөө өөрийгөө удирдах, тамхи татдаг тохиолдлууддаа дүгнэлт хийж, зайлсхийх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй л дээ. Цөөрүүлж  татах хугацааг хол болгох гэхээсээ илүүтэй шууд хаях нь хамгийн үр дүнтэй. Тамхи стресс тайлдаг гэж хүмүүс эндүүрдэг. Стрессийг тайлахгүйн дээр эхний янжуурыг татах үед дараагийн янжуурыг татах сэдлийг өгч донтуулдгийг анхаарах хэрэгтэй.

-Тамхинаас татгалзсанаар хэдий хугацаанд хүний биед эерэг өөрчлөлт гарах вэ?

-Таталгүй найман цаг болоход цусны хүчилтөрөгчийн тэжээл хэвийн хэмжээнд очно. 48 цагийн дараа  цусан дахь никотин алга болж, уушгийг бүрхсэн жижиг үснүүд хэвийн ажиллаж эхэлнэ. Нэг жилийн дараа зүрхний өвчин тусах магадлал 50 хувь буурна. Арван жилийн дараа  уушгины хорт хавдар тусах магадлал 50 хувь, 15 жил болоход  эрүүл хүнийхтэй ижил түвшинд очно. Тиймээс тамхийг цаг алдалгүй хаях хэрэгтэй. 

-Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд тамхины хэрэглээ хэр байна. Энэ төрлийн судалгаа бий юу?

-2020 оны 5 сард түүврийн аргаар ажилчдын 10 хувийг хамруулсан судалгаа авч дүгнэсэн байгаа. Судалгаанд хамрагдагсдын 76 хувь нь татдаг гэж хариулсан.  Үүнээс 10-аас дээш жил татсан нь 50-иас илүү хувийг эзэлдэг нь тамхины хэрэглээ манай үйлдвэрийн ажилчдын дунд өндөр байна. Тамхинаас гарах гэж оролдсон боловч одоо хэр нь татдаг гэсэн хувь их байгаа нь ажиглагдсан. Мөн 26-39 насны залуучууд ихэнх хувийг эзэлж байгаа нь харамсалтай. Тиймээс тамхины хор хөнөөлийг таниулах, хэрэглээг багасгах үр нөлөөтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байна. Тамхидалт нь ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснөөр тэдний ажлын бүтээмж буурдаг, эрүүл мэндийн зардал, мөн ажил таслалт ихсэх талтай.

Т.Батчулуун

Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог