Б.БАЯНБАТ: Баяжуулах үйлдвэрт эргэлтийн ус шахах насос шинэчлэгдлээ Онцлох

18 5-р сар 2020 12:00
202 удаа үзсэн
 
Монгол Улсын хэмжээнд хамгийн холоос буюу 60 км алс орших Сэлэнгэ мөрнөөс цэвэр ус олзворлож хэрэглэдэг хүмүүс бол Эрдэнэтчүүд. Тэртээ холоос цэвэр ус татаж, хэрэглэгчдэд хүргэх үүргийг Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн хамт олон гүйцэтгэдэг. Тэр ч утгаараа Монголд хамгийн том ус хангамжийн системтэй. Харин сүүлийн үед тус цехэд техникийн ямар шинэчлэл хийгдсэн талаар Ерөнхий инженер Б.Баянбатаас тодруулсан юм.    
-Танай цехэд хамгийн сүүлд техникийн томоохон ямар шинэчлэл хийгдэв?  
-Манай цехийн Эргэлтийн ус хангамжийн хэсэг нь  ЦН300-197 маркийн үндсэн таван насосоор Баяжуулах үйлдвэр лүү эргэлтийн ус шахаж технологийн хэрэгцээг хангадаг. Эдгээр насосны нэгийг Япон улсын ЭБАРА фирмийн насосоор шинэчлэн сольж угсраад, одоо зүгшрүүлэлт, тохируулгын ажил явагдаж байна. Энэ насос нь бүтээмж өндөр төдийгүй цахилгаан зарцуулалт багатай. Эрдэнэт үйлдвэрийн эргэлтийн усан хангамжийн системийн технологийн горимд тохируулан нарийвчлан тооцоолж үйлдвэрлэгдсэн насос юм. Баяжуулах үйлдвэр болон Дулааны цахилгаан станцыг эргэлтийн усаар хангах зориулалттай.  Насосны асаалт, туршилт, тохируулгын ажлыг Японы мэргэжилтнүүд ирж хамтран хийх  байсан ч корона вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад ирж чадсангүй. Тиймээс япон мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон заавар зөвлөгөө авч амжилттай ажиллалаа. Одоо зүгшрүүлэлт тохируулгын ажил  хэвийн үргэлжилж байна.  
 
 
-Энэ насос шинэчлэгдсэнээр ямар давуу тал бий болсон бэ? 
-Эргэлтийн ус хангамжийн хэсгийн үндсэн тоног төхөөрөмжүүд нь 1976 оноос хойш 40 гаруй жил тасралтгүй ажилласан Орос насоснууд байсан. Олон жил ажилласан  насос маань сүүлийн үед эвдрэл гэмтэл их  гарах, засвар үйлчилгээний зардал өсөх, цахилгаан эрчим хүчний хэрэглээ их зэргээр ашиглалтын зардал өндөр болсон. Иймд эдгээр тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн солих ажлыг Эрдэнэт  үйлдвэрийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгасны үндсэн дээр эхний насосыг шинэчлээд байна. Оны сүүлчээр дахин хоёр насос шинэчлэх бөгөөд 2021 он гэхэд үндсэн таван насосыг бүрэн сольж дуусах юм. Шинэ насоснууд суурилуулснаар Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станцын технологийн процесст хэрэглэдэг эргэлтийн усны хангамж сайжирна, эргэлтийн усны станцын үндсэн тоног төхөөрөмжийн  найдвартай ажиллагаа хангагдаж, ашиглалтын болон цахилгаан эрчим хүчний зардал буурна гээд олон давуу тал бий болно. Мөн хүчилтөрөгч үйлдвэрлэх үндсэн тоноглол болох Аж, Кж-0,06 маркийн  тоноглолыг иж бүрнээр нь шинэчлэн солих ажил үндсэндээ дуусаж байна. Ингэснээр хүчилтөрөгч үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж улмаар тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ашиглалтын зардал буурах юм. Насос болон хүчилтөрөгч үйлдвэрлэлийн тоноглолын угсралт суурилуулалтыг бид өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэн ажилд оруулж байна.  
-Дашрамд сонирхоход ус хангамжийн системийн төв шугамыг солих тухай хоёр жилийн өмнөөс яригдсан. Энэ ажил одоо ямар шатанд яваа вэ? 
-Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, хот өргөжихийн хэрээр цэвэр усны хэрэглээ өсөж байгааг харгалзан усан хангамжийн төв шугам хоолойг шинээр тавих асуудлыг шийдвэрлэсэн. Манай цех Сэлэнгэ мөрний ай савд байрлах гүний эх үүсвэрээс Эрдэнэт хүртэл татсан Ф820 мм-н хос шугам хоолойгоор хоногт  дунджаар 50000-70000 м3 орчим цэвэр ус татаж хэрэглэгчдэд түгээдэг. Эрдэнэт хотын төвлөрсөн ус хангамжийн системийн эх үүсвэрийн төв шугамыг шинэчлэн солих ажил олон жил яригдаж байгаад Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн хоёр жилийн хөрөнгө оруулалт болон өргөтгөл шинэчлэлийн төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ ажлыг эхлүүлэх талаар үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаал гараад ажиллаж байна. 
 
 
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унасантай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн горимоор ажиллаж байна. Танай цехийн хувьд хэмнэлт хэр хэрэгжүүлж байна? 
-Ер нь манай цех жил бүр эдийн засгийн хэмнэлттэй ажиллах, ашиглалтын зардал бууруулах чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөн хэрэгжүүлдэг. 2020 онд корона вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр зэсийн ханш төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа энэ үед үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс зардал бууруулах, хэмнэлт гаргах чиглэл өгсөн. Үүний дагуу  төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манай цехийн нийт зардлын 50 орчим хувийг цахилгаан эрчим хүчний зардал эзэлдэг. Бид нэгдүгээр улиралд зөвхөн цахилгаан эрчим хүчнээс 390-ээд сая төгрөг хэмнэсэн. Мөн бусад чиглэлээр үйлдвэрлэлийн зардлыг бууруулах ажлууд төлөвлөгөөний дагуу хийж байгаа.
-Баярлалаа. 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
 
Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 18 5-р сар 2020 07:25
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог