Б.БЯМБАДАГВА: Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны “нэг цонхны” бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна Онцлох

11 5-р сар 2020 12:00
369 удаа үзсэн
 
Эрдэнэт үйлдвэрт Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар шинээр байгуулагдаад хагас жил орчим ажиллаж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулсан хийгээд цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар тус газрын дарга Б.Бямбадагваас тодрууллаа. 
 
-Эрдэнэт үйлдвэрт Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар байгуулагдах ямар нөхцөл шаардлага үүссэн бэ гэдгээр яриагаа эхэлье? 
-Өмнөх жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаа тодорхой хэмжээнд ахиц дэвшилттэй явж ирсэн байдаг. Гэсэн ч холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас Эрдэнэт үйлдвэр худалдан авалтын чиглэлээр “нэг цонхны” бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж зөвлөсөн. Учир нь худалдан авалтын үйл ажиллагааг хоёр газар, дөрвөн хэлтэс тус тусдаа зохион байгуулдаг, гэрээнүүд нь өөр өөр өнгө, хэлбэртэй байсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Сангийн яамнаас ямар нэг гэрээтэй холбоотой тодруулга, лавлагаа авах гэхээр өөр өөр хэлтэс, нэгжийн мэргэжилтнүүд очиж янз бүрийн тайлбар өгдөг. Энэ байдал нь “нэг цонхны” бодлого алдагдсан, худалдан авалтын үйл ажиллагаа хууль, эрх зүйн хүрээнд явж байгаа эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэхэд хүргэж, хүндрэлтэй олон асуудал ургасан учраас Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын санаачилгаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрээр өнгөрсөн оны 12-р сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцэд Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрыг шинээр байгуулж баталсан юм.
-Худалдан авах ажиллагаа явуулдаг хэд хэдэн хэлтсийг бодлогын газарт нэгтгэж зангидсан. Ингэснээр ямар ач холбогдол, давуу тал үүссэн бэ? 
-Манай бодлогын газрын харьяанд Худалдан авах ажиллагааны хэлтэс, Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, мониторингийн хэлтэс, Төлөвлөлт, мониторингийн алба гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна. Хоёр хэлтсийн нэг нь ажил үйлчилгээ, нөгөө нь бараа материал худалдан авах ажиллагаа зохион байгуулдаг. Харин Төлөвлөлт, мониторингийн алба худалдан авалтын болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, харьяа хоёр хэлтсийн үйл ажиллагаанд дотоод мониторинг хийх чиг үүрэгтэй. Бид үйлдвэрийн газрын хөгжлийн үндсэн чиглэл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, техник, технологийн болон байгаль орчны бодлоготой уялдуулан эдийн засгийн үр өгөөжтэй, хэмнэлттэй, ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнийг хангасан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны “нэг цонхны” бодлогыг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. 
-Ажлаа юунаас эхэлсэн бэ. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд амжуулав? 
-Хөрөнгө оруулалт, худалдан авалтын бодлогын хүрээнд шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай ажлууд хүлээгдсэн байсан. Үйлдвэрийн газрын хөрөнгө оруулалт, худалдан авалт, бизнес төлөвлөгөөг оновчтой хэрэгжүүлэх, худалдан авах үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, хүнээс хамаарал багатай програмчлал ашиглах чиглэлд том зорилт тавин ажиллаж байна. Намайг ажлаа авахад 2020 оны Худалдан авалтын төлөвлөгөө 2019 ондоо батлагдсан байсан. Тиймээс батлагдсан төлөвлөгөөг аль болох алдагдуулахгүй, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чиглэсэн худалдан авалтуудыг шуурхай зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Холбогдох мэргэжилтнүүдээ www.tender.gov.mn -ээс нэгдсэн мэдээллийн статистикийг хэрхэн авах, худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, төлөвлөлтүүдийг хэрхэн өөрчлөх, дотоод цахим системүүдтэй цогцоор ажиллах зэрэг асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвлөмж чиглэл авч хамтарч ажиллалаа. Мөн, бид дотооддоо холбогдох программ хангамжуудыг боловсруулаад дуусаж байна. Төлөвлөлт, мониторингийн албаныхан маань 10-аад асуудалд дотоод мониторинг хийж, Хуулийн хэлтэс болон бусад нэгжүүдтэйгээ хамтраад мониторингийн дүгнэлт гаргаад зохих арга хэмжээ авч, худалдан авах ажиллагааг зөв чиглэлд оруулахаар ажиллаж байна. Гэрээ бүртгэхээс эхлээд дүгнэх хүртэлх үйл явцын журмыг ажлын хэсэг боловсруулж, Ерөнхий захирлын тушаалаар батлуулах түвшинд хүрээд байна. 
-Энэ журамд онцгой ямар заалтууд орсон бэ? 
-Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээ сошиал орчинд тавигддаг. Янз бүрийн хүмүүсийн гар дээр очдог. Энэ асуудлыг эмхэлж цэгцлэхээс гадна гэрээтэй холбоотой үүргийг тодорхой болгож, хэрэв хэрэгжээгүй тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын тогтолцоог нарийвчлан оруулсан. Ер нь энэ журамд нарийвчилсан маш олон зохицуулалтыг шинээр онцгойлон оруулснаараа ач холбогдолтой. Мөн гэрээлэлтэй холбоотой үйл ажиллагааг зөв голдрилд оруулах хяналтын тогтолцоог боловсронгуй болгосон. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн худалдан авалтад хууль, эрх зүйн хүрээнд ахиц дэвшил гарна гэдэгт итгэж байна.    
-Энэ жилийн хувьд хэчнээн тендер зохион байгуулах вэ?  
-Худалдан авалтын төлөвлөгөөгөөр 1143 нээлттэй тендер зохион байгуулна. Ерөнхий захирал нээлттэй тендерүүдийг долоодугаар сарын нэгний дотор зохион байгуулж дуусгах үүрэг чиглэл өгсөн. Дараа нь гэрээ байгуулах, гэрээг хэрэгжүүлэх ажлуудаа ондоо багтаан бүрэн дуусгахын тулд шахаж  байгаа юм. Өнөөдрийн байдлаар үнэлгээний 475 хороо байгуулагдсан, ажил урагштай, эрчимтэй явж байна. Одоогоор 190-ээд тендерийн үр дүнг баталгаажуулаад байна.
-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар жилд 300 орчим тендер зохион байгуулахын тулд 30 гаруй хүнтэй ажилладаг юм билээ. Танай газрын хүн хүчний хүрэлцээ, мэргэжилтнүүдийн чадамж хэр байна? 
-Тендерийн тоотой нь харьцуулбал манай мэргэжилтнүүд дэндүү цөөн л дөө. Жилд 1200 орчим тендер зохион байгуулдаг газар Монголд Эрдэнэт үйлдвэрээс өөр байхгүй. Тийм болохоор манай 44 ажилтан орой үдэш гэлтгүй сууж, маш ачаалалтай ажиллаж байгаа. Удахгүй 2021 оны худалдан авалтын төлөвлөлтийн ажил эхэлнэ. Цехүүд захиалгаа хийх, үүнтэй уялдуулаад Маркетингийн хэлтэс зах зээл, үнийн судалгаа явуулах гээд шат дараатай ажил хагас жил хэртэй үргэлжилдэг учраас зургаадугаар сарын нэгнээс ирэх оны төлөвлөлтийн ажилдаа орно.   
-Эрдэнэт үйлдвэр энэ онд 830.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. “Ковид 19” вирусын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөнд өөрчлөлт орох уу? 
-“Ковид 19” вирусын тархалт, эдийн засгийн хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд худалдан авалтын өгөөжийг сайжруулах, зарим худалдан авалтад хязгаарлалт хийх арга хэмжээний талаар Төв штаб болон салбар штабууд дээр яригдаж байгаа. Хөрөнгө оруулалтын тооцооллыг нарийн гаргасны үндсэн дээр зарим хөрөнгө оруулалтыг танах, царцаах асуудал яригдахыг үгүйсгэхгүй.  Гэхдээ батлагдсан төлөвлөгөөг аль болох хэрэгжүүлэхийн төлөө зорьж ажиллана. 
-Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, орон нутгийн аж ахуйн нэгжийг дэмжих, давуу эрх олгох чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? 
-Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэчлэл ерөнхийдөө дуусаж байна. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсөж, нэр төрөл олширно гэдэгт найдаж байгаа. Орхон, Булган аймгийн цаашлаад үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд бодож төлөвлөсөн зорилт бий. Орхон аймгийн Засаг даргын тамгын газар бусад байгууллагууд руу албан тоот явуулсан. Цаашид ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн сертификат бүхий иргэдтэй хуулийн хүрээнд шууд гэрээ байгуулах аргаар худалдан авалтыг зохион байгуулж болно. Тодруулбал, нээлттэй тендерүүдийг Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, төлөвлөлтийн хүрээнд худалдан авалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Хүндрэлийг даван туулах үйлдвэрийн газрын санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр батлагдсантай холбоотой хэмнэлтийн горимд шилжиж байгаа хэд хэдэн өөрчлөлт бий. Тухайлбал, нээлттэй тендерээр 80 сая төгрөгийн мод худалдан авах байсан бол 10 сая төгрөгт багтаагаад үрслэгээний суулгац авах гэдэг ч  юм уу... Цогц өөрчлөлтүүдийг шуурхай хийгээд явахгүй бол төрийн худалдан авалт гэдэг нэг л төлөвлөсөн, тендерийн кодоо авчихсан, тоон дүнгээ тавьчихсан бол өөрчлөх боломжгүй болдог. Тэгэхээр бид түргэн хөдөлж, уян хатан байж эдийн засгийн хэмнэлттэй, үйлдвэртээ үр өгөөжтэй байх нөхцөлийг хангах ёстой. 
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 11 5-р сар 2020 00:53
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог