Б.БАТ-ЭРДЭНЭ: Манайхан 14 хоног гэртээ харихгүй тусгаарлагдан ажиллана Онцлох

30 3-р сар 2020 12:00
272 удаа үзсэн

Дэлхий нийтийг хамраад байгаа Covid-19 вирусын халдвараас сэргийлэх үүднээс хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн иргэдийг “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлаад байна. Тэдний биеийн байдал, орчин нөхцөл ямар байгаа талаар тус цогцолборын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулсан юм. 

-Одоогоор сувилалд хэчнээн хүн тусгаарлагдаад байна?

-Манайд 79 хүн тусгаарлагдсан байснаас тав нь өрхийн эмнэлгийн хяналтад гарсан. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн хүмүүсийн нэг нь хуурай ханиалгасан учир хойд эмнэлэг рүү шилжүүллээ. Тусгаарлагдсан хүмүүс халуураагүй, биеийн байдал хэвийн байгаа болохоор шинжилгээ авах шаардлагагүй гэж үзсэн.  

-Тусгаарлагдсан хүмүүсийн орчин нөхцөл, хэрэглээ хангалт хэр байгаа вэ?

-Бид нэг удаагийн хэрэглэлээр хангасан. Өөрсдөө ч тусгаарлагдах бэлтгэлтэй ирсэн байна. Эхний үед аль аль талаасаа элдэв юм шаардаад маргаан гарч байсан ч одоо нөхцөл байдалдаа дасаад хэвийн болсон. 

-Нэг өрөөнд хэдүүлээ байгаа вэ?

-Хоёроороо байгаа. Бусад өрөөний хүмүүстэй харьцахгүй. Хүн бүрийн үүрэг, хариуцлага, энд мөрдөх дотоод журам, зааврыг нэг бүрчлэн бичиж хэвлээд хавтсанд хийж өгсөн. Уншиж ойлгоод асуудал үүсгэхгүй байгаа. 

-Хоолны асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Манайхан өрөөнүүдийн үүдэнд хоолыг нь тавихад тэд гарч ирж авдаг. Өрөөндөө өөрсдөө аяга тавгаа угааж, ариутгалаа хийдэг. Утсаар байнга мэдээлэл авч байгаа.

-Энд байгаа хүмүүс Эрдэнэтийнх үү?    

-Үгүй. Хилийн “Алтанбулаг” боомтоор орж ирсэн Монгол улсын иргэд. Олонх нь оюутнууд байна. Янз бүрийн улс орноос дамжиж ирсэн хүмүүс байгаа. 

-Хоол, байрны зардал хаанаас гарч байгаа вэ?

-Одоогийн байдлаар Онцгой комиссын шийдвэрээр хоногийн төлбөрийг 50 мянган төгрөгөөр тогтоосон. Иргэд өөрсдөө төлөх болов уу. Онцгой комиссын данс руу ороод Эрдэнэт үйлдвэр рүү шилжүүлэх байх. Одоохондоо төлсөн хүн байхгүй. 

-Эмнэлгийн ажилчид, эмч, сувилагчид, хоол үйлдвэрлэлийнхэн маань өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна?

-Гэртээ огт харихгүй, хамт тусгаарлагдсан байгаа. Одоогийн байдлаар манай хоёр эмч, хоёр сувилагч, хоол зөөгч гурван ажилтан, цэвэрлэгээний гурван үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй тусгаарлагдаад ээлжээр ажиллаж байна.

-Тэд 14 хоног гэртээ харихгүй ажиллахаар цалинд өөрчлөлт орох уу?

-Онцгой байдлын журмын дагуу тушаал гарч, цалин бодогдоод нэмэгдэл хөлс аваад явна.

-Ер нь “Эрдэнэт” сувиллын цогцолбор онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар зохион байгуулалтаар ажиллаж байна вэ?

-Манайх өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Автобусанд ажилчдын халуун үзэж, үйлдвэрийн бүтцийн нэгжийн бүх цех, хэсэг дээр өдрийн цагаар ээлжээр ажиллаж байна. Мөн Спорт цогцолбороос 10, Соёл, урлагийн цогцолбороос хоёр хүн дайчилгаанд ажиллаж байгаа.

-Корона вирус илэрлээ гэхэд манай бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан уу?

-Бэлэн байдлыг бүрэн хангасан. Хүчил төрөгчийн аппарат, тоног төхөөрөмж, нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, эм, тариа гээд бүгд нийлүүлэгдсэн.

-Баярлалаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 30 3-р сар 2020 03:21
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог