Р.ЭНХБОЛД: Томилгоот бүрэлдэхүүнийг нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангасан Онцлох

12 3-р сар 2020 12:00
284 удаа үзсэн
 
Шинэ корона вирусын улмаас Эрдэнэт үйлдвэр гамшиг эрсдэлийн өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжин ажиллаж байна. Цаг үеийн энэ асуудлаар болон байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн үед хэр бэлтгэлтэй байдаг талаар Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штабын Тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболдтой  ярилцлаа. 
 
-Гамшгаас хамгаалах штаб өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ?
Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжих тухай Ерөнхий захирлын А/78 тоот тушаалд нэмэлт өөрчлөлт оруулан хугацааг  3-р сарын 30 хүртэл сунган ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдалд хязгаарлах зарим арга хэмжээ авсан. Хурал цуглаан, биеийн тамирын болон урлагийн  ажиллагаа, үйлдвэрийн харьяа сургууль цэцэрлэгүүд, “Эрдэнэт” сувиллын цогцолборын сувилах, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын амралтын үйл ажиллагааг түр зогсоосон. “Эрдэнэт” сувилал цогцолбор, Гэрээт аврах, гал унтраах  58-р анги, Цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ үеэр үйлдвэрийн ажилчдын автобус, хоолны газрууд, алба нэгжүүдэд халдваргүйжүүлэх, ариутгалын ажлыг эрчимжүүлэн хийж байна. Мөн ажилчдын халуун хэмжих  тандалтын ажил үргэлжилж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер, Гамшгаас хамгаалах штабын даргын баталсан Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийн шийдвэрээр шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна. Орхон аймгийн Онцгой комисссын шуурхай жижүүр, Эрүүл мэндийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тогтмол мэдээлэл өгч байгаа.
-Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу “Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлах  байр бэлдэх  болсон. Бэлтгэл хэр хангасан бэ?
-Сувиллын тусгаарлах байрны бэлтгэл ажил хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтныг тусгай өмсгөл, амны хаалтаар хангасан. Үйлдвэрийн газрын хэмжээнд Механикийн хэлтсээс санаачилга гарган, хандивын аян өрнүүлж байна. Хандивын мөнгийг  Аймгийн онцгой комисст  төвлөрүүлэх юм. 
-Үйлдвэрийн ажиллагчдад амны хаалт тарааж байгаа. Энэ ажиллагаа хэрхэн явагдаж байна? Мөн Онцгой нөхцөлд ажиллах хүмүүсийн хамгаалах хэрэгсэл хэр хангагдсан бэ?
-Манай үйлдвэр Гамшгаас хамгаалах тусгай нөөцтэй. Нөөцөөс 1-р сарын 27, 28-нд үйлдвэрийн ажиллагчид болон  гэрээгээр ажилладаг хүмүүст  зориулалтын  амны хаалт тараасан. Мөн   үйлдвэрийн удирдлагаас шийдвэр гарган,  Оёдлын цехэд урьдчилсан байдлаар амны хаалт 30 мянган ширхгийг  үйлдвэрлэх болсон. Одоогоор  12 мянгыг  цех, нэгжүүдэд тараалаа.  Мөн халдварын  голомтод ажиллах хүмүүст зориулан  тусгай өмсгөл 400-г авсан. Үүний 150-ийг Аймгийн Онцгой комисст шилжүүлсэн. “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Цагдаагийн хэлтэс, Дотоодын цэрэг, Гал унтраах ангийн бие бүрэлдэхүүнд хуваарилсан. Ерөнхийдөө нөхцөл байдал хүндэрвэл  халдварын голомтод үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүнийг  нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангасан.
-Эмнэлгийн байгууллагын тандалтад байгаа хүмүүс бий юу?
-Өмнөд Солонгост  зорчиж ирсэн  Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчид, тэдний гэр бүлийнхэн, угтаж авсан гээд нийт 31 хүн  Шуурхай штабт бүртгэлтэй байгаа.  Одоогийн байдлаар хорио цээрийн хугацаа нь дууссан 10-аад хүн эмнэлгийн байгууллагын зөвшөөрлөөр ажилдаа орсон. 
-Өнгөрсөн мягмар гарагт Эрдэнэтэд газар хөдөлсөн. Манай үйлдвэрийн объект барилга байшин, шугам сүлжээ эрсдэлд өртөөгүй биз?
-Манай үйлдвэртэй харьцангуй ойрхон зайд  4,9 магнитудын газар хөдөлсөн. Үүний дараа цех нэгжийн объект хариуцсан ажилтнууд  нарийвчилсан  шалгалт хийсэн. Хаягдлын аж ахуйн далан, Уурхайн хана, үйлдвэрийн барилга, шугам хоолойд  ямар нэгэн өөрчлөлт, хохирол, үр дагавар гараагүй. 
-Байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн  үед манай үйлдвэр хэр бэлтгэлтэй байдаг вэ?
-Эрдэнэт үйлдвэр хуулийн дагуу Гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй. Энэ төлөвлөгөө нь  болзошгүй гамшиг осол, байгалийн аюулт үзэгдлийн үед  шат дараатай ажиллаж, хохирол багатай давахад чиглэдэг. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах  журмын дагуу Улс орон даяар жил бүрийн 3-р сарын дөрөв  дэх долоо  хоногийн пүрэв  гаргийн 16 цагт Гамшгийн сургууль болдог. Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд  газар хөдлөлтийн цагийн байдлаар дохио өгч сургуулилт явуулсан. Эрдэнэт үйлдвэрийн  хоёр  цэгт  зарлан мэдээллийн дуут дохиотой. Зарим  цех чанга яригчийн системтэй. Мөн ХМТАЦ-ийн холбооны ДАКС дохиоллын системээр цех нэгжүүдийн удирдлагад  нэгэн зэрэг дохио өгч бэлэн байдлыг хангах  юм. Түүнчлэн ажилчдын ХАБЭА-н сургалтаар  аюулт үзэгдэл ослын үед ажлын байранд өөрийгөө хэрхэн хамгаалах тухай хичээл ордог. 
-Газар хөдлөлтийн үед хүмүүс өөрийгөө хэрхэн хамгаалах  вэ?
-Сүүлийн үеийн газар хөдлөлтийн  судалгаагаас харахад нас барсан хүмүүсийн 80-аад хувь нь  байшин барилгаас гарч яваад хохирсон байдаг.  Зарим тохиолдолд хүчтэй газар хөдлөлтийн эхэнд бага хэмжээний чичирхийлэл мэдэгддэг. Үүнийг дохио газар хөдлөлт гэдэг. Энэ үед байшин барилгаас гарах ёстой.  Харин дохио хөдлөлтгүй  гэнэтийн хүчтэй газар хөдлөлтийн үед тухайн байрандаа  цонх, шил, тавилга, гэрлийн бүрхүүлээс зайдуу, ширээн доогуур /голд нь биш хөл дагуу/  барилгын бат бөх хийцтэй хана зэрэг байрлал сонгож хүлээнэ. Газар хөдлөлт намжсаны дараа аюулгүй зайд гарна.  
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Сүүлд өөрчлөгдсөн Пүрэв, 12 3-р сар 2020 07:10
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог