Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 22 4-р сар 2019

     Энэ сарын эхний 20 хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар давуулсан дүн гарчээ. Уулын цул гаргалтыг 1 сая 346.1 мянган метр куб байхаар төлөвлөснөөс 1 сая 401.4 мянган метр кубд хүргэж, төлөвлөгөө 104.2 хувиар биеллээ. Хөрс хуулалтын ажил 560.9 мянган метр куб буюу 106.8 хувиар, хүдэр олборлолт 2 сая 145.9 мянган тонн буюу 102.5 хувиар тус тус давсан үзүүлэлттэй байна. Баяжуулагчид энэ хугацаанд 1 сая 816.3 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний биелэлт 105.4 хувьд хүрчээ.
     Хүдэр дэх зэсийн агуулга сарын эхний 20 хоногт  0.459 хувьтай, молибден 0.0154 хувьтай байв. Зэсийн металл авалт бодит гүйцэтгэлээр 88.36 хувьтай, молибдений металл авалт 56 хувьтай байж, төлөвлөгөө 100.1-115.5 хувиар давж биеллээ.
     Ингэснээр уурхайчид дөрөвдүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар нийт 32400 тонн зэсийн баяжмал, 391.4 тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна.

М.БАЛЖИННЯМ

Фото: Б.БАТТӨГС

     Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Цахилгаан, тоног төхөөрөмжийн засварын хэсгийг зорилоо. Хаврын урь орсныг зарлах мэт алтан нар хүмүүн бүхний зулай дээрээс ээнэ. Тэртээгээс 130 тоннын даацтай аварга белаз хүдэр тээвэрлэн “уухилан” гарч ирэх нь бахдалтай. Хажууханд уулын овоолгын хэсэг залуус хөрс тэгшилж харагдана. Ил уурхайн цахилгааны хэсэг 46 ажилтантай. Эл хэсэгт Б.Дэлгэрцогт, Л.Дэчиндээ, Д.Цэцэнхүү, Д.Эрдэнэбат нарын ахмадууд ажиллаж уурхайн түүхийг бичилцжээ. Эдүгээ тэдний залуу халаа энд ажиллаж буй. Тэд уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, засвар, тохируулга болон үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг. Энэ хэсгийн ажлын чанар, гүйцэтгэлээс нийт уурхайн ажил хамаарна. Тус хэсгийнхэн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, гар ажиллагааг хөнгөвчлөх, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгахад чиглэсэн олон шинэ санал, санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Бид Ил уурхайн Цахилгаан, тоног төхөөрөмжийн Засварын хэсгийн ажлын байранд зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.


Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн дарга Д.Мөнхдалай:

       1983 онд Хүдрийн ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн Засварын хэсэг анх байгуулагдсан. Анхны даргаар нь Ежов И.А гэж орос мэргэжилтэн ажилласан байдаг. Түүнээс хойш Томилов А.И, Хадуян В.Н, Д.Эрдэнэцогт, Галич В.И, С.Гандуулга нар ажиллаж ирсэн түүхтэй. Манай хэсэг 10 экскаватор, зургаан өрмийн машины засвар үйлчилгээ, угсралт, туршилт тохируулга, уурхайн цахилгаан хангамж, ус татах, бутлах байгууламж, гэрэлтүүлэг, замын техник механизмуудын цахилгаан засварын ажил, машин механизмын гараж, гуанз, диспетчерийн пункт, захиргааны хоёрдугаар байрны инженерийн шугам сүлжээ, цахилгаан тоноглолуудын засвар үйлчилгээний ажлыг хийж байна.

     Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүд нь тогтмол 12В-оос хувьсах 6000В хүртэлх хүчдэлийн түвшинд ажилладаг. Иймд цахилгаанчдаас мэдлэг, ур чадвар шаардсан нарийн төвөгтэй, хариуцлагатай ажил байдаг. Уулын тоног төхөөрөмж тасралтгүй найдвартай ажиллах нь бидний ажлаас шууд хамааралтай. Иймээс шинэ залуу ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд  анхаарч ахмад үеийнхний дадлага туршлага мэдлэгээс суралцуулах ажлыг зохион байгуулж байна. Сүүлийн үед уурхайн хэмжээ томорсон, усан сангууд нэмсэн, шугаман тэлэлт ихэссэн, экскаватор болон насос  бусад тоног төхөөрөмжүүдийн тоо өссөнтэй холбогдуулан ажиллах хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ үндэслэлээ үйлдвэрийн удирдлагуудад тавьсан. Асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хэсэг шинэ бүтээл оновчтой санал, бүтээмж инновацын манлайллын ажлаар ямагт тэргүүн эгнээнд явдаг. Энэ амжилтаа жил бүр бататгасан. Тухайлбал, синхрон хөдөлгүүрийн роторыг сэргээн засварлаж үйлдвэрт 300 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Орчин үеийн хөөн асаах төхөөрөмж экскаваторуудад суурилуулснаар цахилгаан тоноглолуудын гэмтэл эрс багасаж, хүчдэлийн уналтгүй боллоо. НКУ төхөөрөмж суурилуулснаар сул зогсолт 70-80 хувь багассан. Цехийн хэмжээнд Бүтээмж чанарын дугуйлангуудын дундаас ажлын шинэ саналын тоо, үр ашгийн үзүүлэлтээрээ сүүлийн таван жилд манай хэсэг тэргүүн, дэд байр эзэллээ. 2019 оны дөрөвдүгээр сард анх удаа Монголд тиристорын хувиргуур-хөдөлгүүрийн систем бүхий ЭКГ-12К экскаваторын цахилгаан угсралт тохируулгын ажлыг хугацаанаас нь өмнө амжилттай дуусгалаа.

Тохируулгын инженер Ш.Мягмардаш:

       2007 оноос өнөөг хүртэл би Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэгт Тохируулгын инженерээр ажиллаж байна. Манай бригадад О.В.Остроухов, О.Батсайхан нарын инженерүүд ажилладаг. Ил уурхайн өрмийн машины тогтмол гүйдлийн болон зөөлөн асаалтын хувиргуур, давтамж хувиргагч, электроникийн удирдлагатай маслын станцуудын засвар үйлчилгээ, тохируулга, экскаваторуудын нам хүчдэлийн иж бүрэн төхөөрөмжүүдийн засвар, цахилгааны гэмтэл саатлыг засварлаж эдгээр тоног төхөөрөмжүүдийн туршилт тохируулга, найдвартай ажиллагааг бид хариуцан ажилладгаараа онцлогтой.


Эрчим зүйч Н.Бат-Ирээдүй:

       2005 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Цахилгааны хэсэгт тоног төхөөрөмжийн засварчин, жижүүрийн цахилгаанчин, эрчим зүйчээр ажиллаж байна. Бид уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүд, экскаватор, өрмийн машинуудын төлөвлөгөөт болон урсгал цахилгаан засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж ирсэн. Төлөвлөгөөт засварыг цаг тухайд нь чанартай хийснээр экскаватор, өрмийн машины цахилгаан талаас хамаарах сул зогсолт сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр буурсан. СБШ-250МНА-32 маркийн өрмийн машины тогтмол гүйдлийн хөдөлгүүр болон компрессорын хөдөлгүүрүүдийг улиралд нэг удаа бүрэн үйлчилгээ хийснээр цахилгаан хөдөлгүүрүүдийн ашиглалтын хугацаа уртсаж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

     Тус өрмийн машины вращателийн хөдөлгүүрт тогтмол гүйдлийн хувиргуур, компрессорын хөдөлгүүрт зөөлөн асаалтын хувиргуур, явах хөдөлгүүрүүдэд давтамж хувиргагчтай гидро систем тавьсан байгаа. Сүүлд угсарсан ЭКГ-12К экскаватор нь Тиристорын хувиргуур-хөдөлгүүрийн системээр ажилладаг. Дөрвөн машин агрегатгүй болсноор дуу чимээ бага синхрон хөдөлгүүр, генератор солих шаардлагагүй. Ингэснээр экскаваторын найдвартай ажиллагаа сайжирч өндөр бүтээмжтэй ажиллана. 15-20 хувийн эрчим хүчний хэмнэлт гарна. Уулын тоног төхөөрөмжийн  цахилгаанчдын мэргэжил, ур чадвар олгох сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулж байна.  5А зарчмын хүрээнд манай бригад цехийн гадна, доторх тохижилт, сэлбэг хэрэгслийг эмх цэгцтэй болгосноор оны хамгийн цэвэр ажлын байраар шалгарсан. Сүүлийн үед техник технологи хурдацтай хувьсан өөрчлөгдсөнөөс гадаад дотоодын ижил төстэй уул уурхайн болон цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай танилцах, туршлага судлах зорилгоор ажилтнуудыг мэргэшүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна.


Цахилгааны мастер Д.Баярмагнай:
     Энэ хэсэгт би 12 дахь жилдээ цахилгаанчин, мастераар  ажиллаж байна. Реле хамгаалалтын бригад нь Ил уурхайн хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмжүүд болох төрөл бүрийн чадалтай зөөврийн дэд станцууд, сэлгэн залгах пунктууд, уурхайн гэрэлтүүлгүүд, уян, хатуу кабелын засвар, ашиглалт, реле хамгаалалтын тавил тохируулгыг хариуцан ажилладаг. Одоогоор уурхайд зөөврийн дэд станц болон сэлгэн залгах пункт нийт 52 ажиллаж байгаа. Энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн. Бид уурхайн газардуулгын байгууламж болон аянгын хамгаалалтын тоноглолуудын ашиглалтын байдалд хяналт тавихаас гадна шинээр суурилуулах газардуулгын байгууламжуудын угсралтын ажлыг гүйцэтгэдэг. Сүүлийн үед манай бригад микропроцессорын элементийн базад суурилсан реле хамгаалалтыг Ил уурхайн нөхцөлтэй уялдуулан зөөврийн сэлгэн залгах пункт, чиглэл мэдрэх газардуулгын реле, хүчдэлийн реле ЕЛ-11 зэргийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь реле хамгаалалтын үндсэн шаардлагыг хангахаас гадна уурхайн экскаватор, өрмийн машин болон цахилгаан тоног төхөөрөмжүүдийн сул зогсолтыг багасгаад байна.
     Мөн уурхайн кабелийн байгууламжийн засварт Америкийн 3М компанийн хүйтэн суултын аргыг нэвтрүүлсэн, кабелийн өндөр хүчдэлийн туршилтад сүүлийн үеийн хагас дамжуулагч элементийн баазад суурилсан АИД-70м багаж ашиглаж байна.

     Ийнхүү Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэг нь өөрсдийн хүчээр уулын тоног төхөөрөмжийн их засвар болон экскаватор, өрмийн машины угсралт тохируулгын ажлыг өдөр бүр чанарын өндөр түвшинд гүйцэтгэж явна. Ийм л эгэл ажилчдынхаа бүтээлч хөдөлмөрөөр бахархмаар. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн цахилгааны нэн хариуцлагатай ажлыг эрхэлж яваа уулын техникийн торгон цэргүүдийн ажил үйлс өөдрөг байг ээ.


Т.БАТЧУЛУУН

Фото: Б.БАТТӨГС

     Цагаан тоосон дахь хүнд металлын агуулга, түүний шинжилгээний үр дүнгийн талаар Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн байгаль орчны лабораторийн эрхлэгч С.Баялагтай ярилцлаа.

     - Та эхлээд лабораторийн талаар товч танилцуулна уу?
   
- Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 3-р заалт, 31 дүгээр зүйлийн 7-р заалтыг үндэслэн байгаль орчны лаборатори 2008 онд ашиглалтад орсон. Үйлдвэрийн цех, нэгжүүд болон хүрээлэн буй орчны хөрс, ус, агаарын дээжид шинжилгээ хийж, хяналт тавин ажилладаг. Манай лаборатори Орос, Герман, АНУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн шинжилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Газар дээр нь хэмжилт, шинжилгээг хээрийн болон суурин шинжилгээний аргаар хийх боломжтой. Монгол улсын  Стандартчилал, хэмжил зүйн газраар дөрвөн  удаа магадлан итгэмжлэгдсэн.
    Энэ онд “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 шинэчлэгдсэн стандартын шаардлага хангаж дөрвөн  жилийн хугацаатай итгэмжлэл авсан.

     - Үйлдвэрийн хаягдал цагаан тоосыг хэрхэн шинжилдэг вэ? Шинжилгээний үр дүн ямар гарч байна?
     - Бид Хаягдлын аж ахуйн элс буюу цагаан тоосонд тогтмол хяналт тавин ажилладаг. Эрдэнэт үйлдвэрийн хаягдал хураах санг 1978 оноос ашиглаж байна. 2018 оны байдлаар Хаягдлын аж ахуйн нийт 2033 га талбайн 1303 га-г хаягдал элс эзэлж байна. Бид хаягдал  элсний химийн найрлагыг тогтмол тодорхойлдог.
      Саяхан олон улсын магадлан итгэмжлэгдсэн Геологийн төв лаборатори, манай үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсийн Химийн төв лабораторит цагаан элсний химийн найрлагын шинжилгээг хийлгэсэн. Ингэхдээ Орхон аймагт байрлах 18-р карьерийн байгалийн элстэй харьцуулан шинжилсэн. Эндээс хүний биед хортой элемент болох кадьми, хар тугалгын химийн найрлагыг авч үзвэл Хаягдлын аж ахуйн цагаан элсэнд кадьми 0,0001, хар тугалга 0,003, 18-р карьерийн элсэнд кадьми 0,0001, хар тугалга 0,001 хувийн агуулгатай байна. Эдгээр элсний физик, хими шинж чанар нь ойролцоо байгаа юм.

     - Хөрсөн дэх хүнд металлын агуулга хэр байдаг вэ?
  
- Хүрээлэн буй орчны хөрсөнд хүнд металлын таван үзүүлэлт, хөрсөнд байх чийг буюу ялзмагийн хуурай үлдэгдлийг тодорхойлдог. Цагаан тоос буусан хөрснөөс MNS 58/50-2018  стандартаар дээж авч шинжлэхэд хар тугалганы хэмжээ 100мг/кг байхаас 17,20, хром 150 мг/ кг байхаас 50,44, цинк 300 мг/ кг байхаас 70,6 мг/кг байна. Хөрсний бүтцээсээ хамаарч зэс, молибден арай өндөр байдаг.

    - Жаргалант суманд тарьсан хүнсний ногоо цагаан тоосонд өртсөн болохоор хортой гэх яриа газар авсан. Энэ талаар хийсэн шинжилгээ, батлагдсан үр дүн бий юу?
    - Хаягдлын аж ахуйн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн. ЖЭНР компани Вокзал орчмын айлын хашаан дахь ногооны талбай, Жаргалант сумын ногооны талбайгаас төмсний дээж авч Улаанбаатар хотод Номин холдинг ХХК-ийн Эко стандарт лабораторит 2018 оны 9-р сард шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээгээр хар тугалга, кадьми, зэс, нитрат гэсэн дөрвөн үзүүлэлтийг авч үзсэн бөгөөд шинжилгээний үр дүн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй. Аймгийн хүнс Хөдөө аж ахуйн газраас  бас судалгаа хийлгэсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнд гарсан тухай Жаргалантын ногоочдод танилцуулж байсан.

     - Тэгвэл цагаан элсийг барилгын материал болгон ашиглах боломжтой эсэхийг судалсан туршилт байдаг уу?
   
- Хаягдал цагаан элс нь механик эвдрэлээр үүссэн бутармал, элсэрхэг чулуулаг юм. Үүнийг үндэслэн барилгын материалын түүхий эдийн туршилт судалгааны олон ажил хийсэн байдаг. Тухайлбал Технологийн сургуулийн багш, доктор Б.Оюун цагаан шороог хаягдлын даланд байгаагаар нь хуурай хольц, тоосгонд ашиглах, нунтаглан бетонд нэмэлт болгох, цагаан шороог шигшиж угаан элс, шавраар салган угаасан элсээр хуурай хольц гаргах, шавраар өнгөлгөөний тоосго хийх, цагаан шороог нано хэмжээтэй нунтаглан бетонд нэмэлтээр хэрэглэх зэрэг туршилт судалгааны  ажил  хийсэн.

     - Саяхан гол ус бохирдуулж буй эх үүсвэрүүдийг илрүүлэх шалгалт хийсэн. Энэ талаар ...?
   
- Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга удирдамж гарган “Эрдэнэт, Хангал голыг бохирдуулж буй эх үүсвэрүүдийг тогтоох хяналт шалгалт явуулсан. БОАЖГ, МХГ, Сэлэнгэ сав газрын захиргаа, УЦУОШТ, Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн хамтарсан эхний шатны шалгалтаар дээрх голыг бохирдуулж буй 11 аж ахуй нэгжийн 17  эх үүсвэр тогтоосон. Эрдэнэт үйлдвэрээс гол бохирдуулж буй хоёр эх үүсвэр илэрсэн. Дараагийн шатны шалгалт  II улиралд явагдах юм.

Я.ЭНХТУЯА

Фото: Б.БАТТӨГС

     Нар наашилсан хаврын сайхан өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ил уурхайн хоосон чулуулгийн 3-р овоолго дээр гарлаа. Энд уурхай үйл ажиллагаагаа явуулж, экскаватор эргэлдэн хөрсийг нь хуулан шанагадаж, аварга белазууд ар араасаа өдөр, шөнөгүй цувралдан хүдэр зөөж байсан гэхэд итгэхийн аргагүй газар нь эдгэжээ. Бүр ойр орчмын газраас илүү модтой, “онгон дагшин” мэт ялгарч харагдах нь гайхам сайхан. Эрдэнэтийн Овоо ордыг ашиглах явцад байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай нөхөн сэргээлтийн ажлыг зэрэгцүүлэн явуулах бодлого “Эрдэнэт үйлдвэр” баримталсаар ирсэн. Үүний нэгэн бодит жишээ нь энэ овоолго. 2007 оноос хойш жил бүр энд 50 сая төгрөг төсөвлөн, хоёроос дөрвөн га талбайд нөхөн сэргээлт хийжээ. Ингэснээр өнгөрсөн хугацаанд таван хэсэг газарт нийт 36,2 га талбайд 37300 шинэс, 4420 улиас, 4350 хайлаас, 2200 чацарганын мод тарьж ургуулан олон настын үрээр ургамалжуулсан байна. Газрын гадаргаас 100 гаруй метр өргөгдсөн, байнгын салхитай бөгөөд нартай өдөр хөрсний халалт ихэсч, хуурайшдаг онцлогтой энэ овоолгод нөхөн сэргээлт хийх амар ажил байгаагүй нь ойлгомжтой. Гэсэн ч “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн чадсаныг бэлхнээ харж болно. Уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн энэ газрын онцлогт тохируулан биологийн нөхөн сэргээлт хийснээр унаган төрхийг нь бүрэн сэргээжээ. Зуны цагт энд цомцогт баавар, зоосон, алаг башир зэрэг цэцэгс алаглан, яргуй, сөд, таван салаа, чацаргана, үхрийн нүд гэх мэт эмийн ургамал, жимс ургаж, чийгийн улаан хорхой, царцаа, эрвээхий элбэгших  төдийгүй оготно, зурам, үнэг туулай хүртэл гүйлдэнэ. Эрдэнэсийг нь “шүүсэн” хоосон чулуулгийн овоолго дээр мод сөөгөөр биологийн нөхөн сэргээлт амжилттай хийсэн  Монголын уул уурхайн анхны газар бол “Эрдэнэт үйлдвэр” юм. Үүгээрээ ижил төстэй бусад үйлдвэрүүдэд үлгэр жишээ үзүүлнэ гэж байгаль орчны мэргэжилтнүүд үздэг. Нөхөн сэргээлт одоо ч үргэлжилсээр...

     Талбайн усалгааг 40 тоннын багтаамжтай усжуулалтын белазын тусламжтайгаар дөрөвдүгээр сараас эхлэн 10-р сарын сүүлч хүртэл цаг агаарын байдлаас хамааран тогтмол хийнэ. Моддын арчилгаа, нөхөн тарилтыг цаг тухайд нь явуулахаас эхлээд экологийн мэргэжилтнүүдийн ажил мундахгүй их. Мөн биологийн нөхөн сэргээлтийн үр дүнд овоолгын хүрээлэн буй орчинд бий болсон  экосистем, амьтан, ургамлын бүлгэм хэрхэн өөрчлөгдөх явцыг урт хугацааны туршид ажиглаж, үнэлэлт хийдэг. Одоогоор энд дөрвөн зүйлийн 39000 мод, байгалийн 72 зүйлийн ургамал ургаж байна. Мөн 36 зүйл шавьж, 19 зүйл шувуу, гурван төрлийн хөхтөн амьтан бүртгэгджээ. Эндээс уул уурхайн ашиглалтын дараа байгалийн унаган төрх бүрэн сэргэж буй сайхан дүр зургийг харж сэтгэлээ амрааж болно.

     “Эрдэнэт үйлдвэр” сонгосон газраа тэгшлэх, үржил шимтэй хөрсөөр хучих зэргээр техникийн нөхөн сэргээлтийг өөрсдийн машин техник, хүн хүчээр хийдэг. Түүнээс гадна биологийн нөхөн сэргээлтийн талаар цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор хөрс, ургамал, амьтны мониторингийн судалгааг Технологийн сургууль болон Природа ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх багтай хамтран гүйцэтгэсэн юм. Ил уурхайн хоосон чулуулгийн зөвхөн 3-р овоолго дээр хийсэн нөхөн сэргээлтийн мэдээлэл ийм байна.
      Үүний зэрэгцээ уурхайчид “Ногоон-төгөл”-д 25 төрлийн 12000 мод, үйлдвэрийн бүсэд нийт 127 мянган мод тарьж ургуулсан. Түүнээс гадна “Сэлэнгэ” амралтын баазынхан байгалийн унаган төрхийг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах тал дээр тун санаачилгатай ажилладаг. Найман жилийн өмнө “Хустайн нуруу”-наас бугын 10 или анх авчирч нутагшуулсан нь одоо хэдэн арваар тоологдохоор өсч үржсээр байна. Мөн тарвага, гөрөөс нутагшуулан, галуу, цацагт хяруул зэрэг шувуу тэжээн өсгөж байгаа нь амрагчдын нүдийг хужирладаг. Цаашид зэрлэг гахай, бор гөрөөс, аргаль, янгир, баданга хүдэр сэргээн нутагшуулах бэлтгэл хангаж буй талаар Сэлэнгэ амралтын баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны инженер Г.Бас-Эрдэнэ ярьсан юм.
     “Эрдэнэт үйлдвэр” уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг бууруулах, тэтгэн сайжруулах зорилго хөтөлбөрөө ийнхүү “онц” хэрэгжүүлж, Монголын уул уурхайд жишиг тогтоож байна.

М.ОДГЭРЭЛ
Фото: Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог