×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Д.Энхбаатар: Хамт олонтойгоо эвтэй байж алдаа гаргахгүйг хичээдэг Онцлох

02 11-р сар 2015 12:00
1265 удаа үзсэн

     Энэ удаа бид “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, МТХБ-ын ХАБЭА-н асуудал хариуцсан инженер  Дашийн Энхбаатартай ярилцлаа.


   -Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
   - Ах нь Төв аймгийн Жаргалантын САА-д төрсөн. Загдал, Зөөхийн хөндийн Их тариан талбайд  тоглож өслөө. Төв аймгийн Жаргалантын САА-гаас  14 тариаланч  хөдөлмөрийн баатар, 5 гавьяат төрсөн. Манай улсын ууган САА шүү дээ.
   -Өөрийнхөө удам судраас хуучилна уу?
   -Миний аав Хэнтий аймгийн Баянхутаг нутгийн уугуул. Харин ээж маань Завхан аймгийн Нөмрөг сумынх. Нутаг орноосоо аав, ээжээ дагаад хотод сууршсан байдаг. Улаанбаатарт танилцаж, гэр бүл болоод Жаргалантын САА-д эвлэлийн илгээлтээр ирж ажил, амьдралын гараагаа эхэлсэн түүхтэй. Аав, ээж  маань  жирийн  малчин ардын хүүхдүүд. Аав тариан талбайн трактор комбайнуудад түлш түгээдэг машины жолооч байлаа. Манай нутгийнхан ганган Даш гэдэг юм. Одоо 90 настай. Би  Зил-130 машины кабинд “кабины бор” нэртэй өссөн дөө. Ээж маань САА-н Нийтийн ахуй үйлчилгээний газарт насаараа оёдолчин хийсэн 80 гарсан хөгшин бий.
    -Таны ажлын онцлог юу вэ?
    -Би хуучин ЗХУ-д одоогоор Украин улсын Одесс хотод цэргийн мэргэжил эзэмшсэн. Одоо үйлдвэрт ХАБЭА хариуцсан ажилтан бол-чихоод явж байна. Миний ажил бусад мэргэжлээс ихээхэн ялгаатай, цехийн нийт ажилчид өглөө ажилдаа инээж ирээд орой  сэтгэл ханамжтай харьж байвал миний ажил сайн байна гэж өөрийгөө дүгнэдэг. Ингэж ажиллахад хамт олныг зөв төлөвшүүлж, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн уур амьсгалыг бий болгож чадвал ажил маань аяндаа бүтнэ гэж боддог.
    -Таны бахархал юу вэ?
    -Мэдээж энэ сайхан үйлдвэрээрээ, тэр тусмаа төлөвшиж тогтсон, бие биеэ орлон ажиллахад суралцсан, үг даах чадвартай  хамт олноороо бахархдаг. Жижиг цех ч гэлээ манай хамт олон урлаг, спортын тэмцээнд бүгд идэвхтэй оролцдог.
    -Та анх Эрдэнэтэд хөл тавьсан үеэ эргэн дурсахгүй юу?
    -Манай эхнэр Одесс хотод хүнсний технологийн сургууль төгссөн, технологич-инженер мэргэжилтэй. Надаас нэг жилийн өмнө төгсөөд Эрдэнэтийн Хүнсний комбинатад хуваарилагдсан. Би 1992 оны зун ОХУ-д цэргийн дээд сургууль дүүргээд Одесс-Эрдэнэт гэсэн маршрутаар ирж байлаа. Анх вокзал дээр буухад аль нь урд, аль нь хойд зүг юм бол, жижигхэн л болохоос цэвэрхэн сайхан  хот  юм  гэсэн сэтгэгдэл төрсөн шүү.
    -Ямар мэргэжилтэй болох хүсэл мөрөөдөлтэй байв?
   -Хөдөө газар тариалангийн бүс нутагт өсч, хүмүүжсэн болохоор ХАА-н мэргэжил сайхан санагддаг байлаа. Автын юм уу, ХАА-н инженер болох хүсэл мөрөөдөл тээж явсан. 10 жилийн сургуулиа төгсөөд Угтаалын ХАА-н ТМС-ийн трактор-комбайнчийн анги авахад ээж маань  явуулаагүй. Тэгээд цэрэгт татагдсан. Ингэж цэргийн хүн болсон доо.
    -Тэгээд “Эрдэнэт” үйлдвэртэй хэзээнээс хувь  заяагаа  холбочихов оо?
   -Эрдэнэтэд ирээд л энд амьдрахаар шийдэж цэргийн амьдралаа орхисон. Тэгээд  хувиараа аж ахуй, газар тариалан эрхэлж үзсэн. Нэг их орлого ашигтай ажиллаагүй. Тухайн үед 3 жил ган болоод ургац муу байлаа. 2003 онд ГОК-д /МТХБ гэж мэдэхгүй/ механикийн орон тоо байна гэж дуулаад  Б.Алтанхуяг  /Одоо  Ерөнхий захирлын Эдийн засаг эрхэлсэн орлогч/ даргатай уулзлаа. Манай цехийн дарга Бондаренко Г.И гэж айхтар зарчимч хүн байлаа. Цехийн ахлах механик Аленин П.А ч өндөр шаардлагатай. Ингээд цехийн дарга, ахлах механик хоёр ажилд орох өргөдлөө орсоор бич гэж байна. Би ч өргөдлөө орсоор бичиж өгснөөр Б.Алтанхуяг дарга цехийн удирдлагуудтай  зөвлөлдөж намайг  ажилд авсан.
    -Гавьяа шагнал юу билээ?
    -1980 оны 11-р сард бага дэслэгч цолтой офицер болсон. 1981 оны улсын баяр наадмаар Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиар анх шагнагдаж байлаа. Энэ л миний хамгийн мартагдашгүй том шагнал байж дээ. 1990 онд Одессд сурч байхдаа “Байлдааны хүндэт медаль”- аар шагнуулж байв. 2014 онд “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга ажилтан болсон. Энэ нь надад төр засгийн одон медалиас дутахгүй том шагнал мэт санагддаг.
   -Та сэтгэлдээ ямар сургаал үгийг бодож явдаг вэ?
    -“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг зарчмыг хатуу баримталдаг.
    -Таны хобби юу вэ?
    -Байгалийн сайханд гэр бүл, найз нөхөдтэйгээ аялах дуртай. Эх орныхоо уудам тал нутгаар тоос татуулан давхиж Хангай, Хэнтийн нурууны өндөр өндөр даваан дээр гараад овоо тойрч явахад эх орноороо бахархах сэтгэл төрдөг шүү.
    -Та гар сэтгэл нийлсэн найз нөхөд олонтой юу?
    -Найз нөхөд олон янз. Хар багын, 10 жилийн, цэргийн, ажлын, гэр бүлийн гэх мэт. Ер нь өглөө гараад ажилдаа ирнэ, орой болтол хамт олонтойгоо байна, тэгэхээр хамт олон шиг найзууд ховор бололтой. Тэдэнтэйгээ л гар сэтгэл нийлж ажиллаж амьдрах юм даа. Цэргийн найзууд бол зөндөө. Аль ч аймагт очиход байна шүү дээ.
    -Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
    -Наймуулаа. Дээрээ ганц эгчтэй. Улаанбаатар хотод амьдардаг. Эдийн засагч мэргэжилтэй. Би хоёр дахь нь. Харин 6 эрэгтэй дүүтэй. Тасаг цэрэг командална шүү дээ.
    -Та байраа хувьчилж авсан биз дээ? Хүүхдүүд тусдаа гарсан уу?
    -Анх Эрдэнэтэд 5-р хороололд 3 өрөө байр худалдан авч байлаа. Эндээ насыг барах биз. Манайх хүү, охин хоёртой. Охин ОХУ-д магистр хамгаалсан. Одоо Хүмүүнлэгийн их сургуульд орос хэлний багшаар ажиллаж байна. Сурч дуусаагүй бололтой. Докторантурт сурч байгаа. Хүү МУИС-ийн 2-р дамжааны оюутан.
    -Нэг газар он удаан жил ажиллахаар танд юу бодогдож байна вэ?
    -Цэргийн сургуулийн сэтгэл судлалын багш бидэнд нэг юм захидаг байлаа. Та бүхэн сургуулиа төгсөөд нэг л газар ажиллаарай. Олон газрын хаалга татах тийм ч сайн хэрэг биш. Нэг газар ажиллавал та тэр газрынхаа  бурхан эсвэл буг нь болно гэсэн.(Инээв.) Хөдөлмөрийн аварга болохыг бодоход арай буг нь болоогүй байх аа.
    -Та алдаа гаргаж байв уу? Хүний ямар зан чанарыг эрхэмлэдэг вэ?
    -Алдаа гаргалгүй яахав, тэр тусмаа хүн удирдаж ажиллахад олон ааш араншинтай хүмүүс таарна, муудаж сайдах үе гардаг. Ер  нь буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээх чадвартай байх ёстой. Алдаагаа давтахгүй, хамт олонтойгоо эвтэй явахыг хичээдэг.
    -Та ажлын талбар дээр ямар зарчим баримталдаг вэ?
    -Манай ажлын гол зарчим “нэн түрүүнд ХАБ”.
    -Таны ид ажиллаж байх үеийг одоогийнхтой харьцуулбал...?
    -Миний ид ажиллаж байсан үе 1980-1987 он. 6 сарын түр курс төгссөн 20 настай залуу офицер 100 гаруй цэрэг командалж явсан торгон үе. Олон аавын хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх тийм ч амар ажил байгаагүй. Тэгэхэд би өөрөө хүүхэд байсан үе шүү дээ. Олон сайхан залуусыг зөв сайхан хүмүүжүүлж ар гэрт нь аав, ээжид нь хүлээлгэн өгч байснаараа бахархдаг. Тэр үед мэдээллийн технологи хөгжөөгүй. Сургалтанд ашиглах материал хомс. Хар цагаан зурагтнаас өөр юмгүй байсан. Одоо ч мэдэхгүй, чадахгүй юмаа интернет ашиглаж хуулаад л жинхэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байх шив.
    -Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.


Т.БАТЧУЛУУН

Сүүлд өөрчлөгдсөн Баасан, 22 2-р сар 2019 03:20
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог