×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Д.Галбямба: Шинийг эрэлхийлэгч, хөдөлмөрч хамт олноороо бахархдаг

24 11-р сар 2014 12:00
793 удаа үзсэн

     Энэ удаагийн Аваргууд буландаа Засвар механикийн заводын Механикийн цехийн дарга Д.Галбямбыг урилаа. Тэрээр 2000 оны дундуур Австралиас ирсэн резинэн хуяг, ажлын дугуй, дисктэй хоёр төрлийн насосыг өөрийн цехэд резинээр үйлдвэрлэх технологи  нэвтрүүлсэн. Тухайн үед 400-аад сая төгрөг хэмнэж ёстой “од” болж явжээ. Мөнгөний ханш “чанга” үед үйлдвэрийн эдийн засагт ийм хэмжээний үр ашигтай санал дэвшүүлж ажил хэрэг болгосон хүн ховор байв. Энэ нь түүний хийж, хэрэгжүүлсэн ажлын нэгэн “шигтгээ”. Сүүлийн үед Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр амжилт дагуулж байна. Энэ нь Д.Галбямба даргын хэлснээр ажилтан бүрийн шинийг бүтээх чин эрмэлзлэл, хичээл зүтгэлтэй холбоотой. Ийм сайхан хамт олны нэгэн хэсгийг удирдаж яваа түүнтэй ярилцахад үг нь цэгцэрсэн, үйлс нь жигдэрсэн эрхэм санагдсан. Ингээд Засвар механикийн заводын Механикийн цехийн дарга Д.Галбямбатай уулзсан тэмдэглэлээ хүргэе.  


-Таны унасан газар, угаасан ус хаана вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Манай аав Завхан аймгийн уугуул. Цэргийн хүн байсан болохоор орон нутагт томилолтоор олон удаа явж ажилладаг байсан. Мэдээж, гэр бүлээ дагуулаад явна. Аавыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байх үед би төрсөн гэдэг.  
-Ээж тань ямар мэргэжилтэй байсан бэ?  
-Ээж маань улсад 40 гаруй жил багшилж, олон мянган шавьтай болсон буурал одоо гавьяаны амралтандаа суугаа. Бас долоон хүү, нэг охин төрүүлсэн гавьяатай.  
-Өөрөө хэд дэх хүүхэд нь вэ?
-Би хүү нарын отгон нь. Дороо нэг эмэгтэй дүүтэй.  
-Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэлцдэг. Тушаал авсан аавыгаа дагаад олон газраар явахдаа ямар хүмүүжил, төлөвшил олж авсан бэ?  
-Аав минь Дархан, Өвөрхангай, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд оролцсон. Завхан аймагт ч ажиллаж амьдарч байлаа. Аав, ээж маань ажил ихтэй болохоор ах нар дор бүрнээ  үүрэгтэй. Би ч мөн адил. Зарим нь гэр орноо цэвэрлэнэ, нэг хэсэг нь түлээ модоо бэлтгэнэ, нөгөө хэд нь хоолоо бэлдэх хуваарьтай. Тиймээс бид харьцангуй эрт бие даасан. Хаана ч дасан зохицож амьдрах чадвартай болж хүмүүжсэн болов уу. Бусдаар бол хичээл номдоо шамдаад, ээж, аавдаа туслаад ердийн сэхээтэн гэр бүлийн хүүхдүүдийн жишгээр өссөн дөө.  
-Өөрөөр хэлбэл их “номын” хүүхэд байжээ дээ?
-Тэгж хэлж болно. Анги хамт олны ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байсан. Сүүлд аавыг Улаанбаатар хотын цэргийн ангид томилосноор 1980 оноос хойш манайх Нийслэлийн айл болсон. Одоо ч манай ах, дүү нар тэнд бий.  Тухайн үед аав хөөцөлдөж байгаад Нийслэлийн 5-р 10 жилийн сургуульд намайг оруулсан.  Хөдөөний хүүхэд Нийслэлийн нэр хүндтэй сургуульд орох амаргүй давааг шалгалт өгч тэнцээд давсан. 1987 онд би 10-р анги төгссөн юм. Тухайн үед улсын шалгалтанд орох чанга байлаа. Улаан шугаманд багтаж шалгалт өгөөд Оросод хуулийн чиглэлээр сурах эрх авсан юм.
-Тэгээд сурсан уу?
-Үгүй ээ. Аавдаа хэлж байгаад цэрэгт явчихсан. Өмнөговь аймгийн Ханбогдод, одоо энэ Оюутолгой байгаа газарт хил манасан цэрэг явлаа. Тухайн үед аав эр хүний туулах ёстой даваа гээд дэмжсэн юм. Намайг цэрэгт мордоход аав “Хатуу, чанга албанаас их юм сурч ирээрэй” гэж захиж билээ. Цэргээс ирээд 1992 онд ТИС-ийн Машин үйлдвэрлэлийн технологи инженерийн ангид элсэн суралцсан.
-Тухайн үед машин үйлдвэрлэл гэдэг шинэ салбар байлаа. Энэ мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ?
-Ер нь инженер болно гэж бодож явсан. Манай нагац  эгчийн  нөхөр маш сайн механикч токарьчин хүн байлаа. Би хүүхэд байхдаа тэднийд очиж амардаг, ажилд нь тусалдаг, зөвлөлгөөг нь авдаг байсан л даа. Тэр хүн “Монголд механик инженер хэрэгтэй. Ер нь улс орны хөгжлийг гангын үйлдвэрлэлээр нь тодорхойлдог...” гээд л ярина. Тэр ахын мэдээлэл миний мэргэжил сонголтонд нөлөөлсөн.  Анх машин үйлдвэрлэл гэхээр том том машины автомат үйлдвэрлэл гэж ойлгож билээ. Оюутан болоод хичээлийг нь үзээд ирсэн чинь машин үйлдвэрлэл гэдэг маш өргөн хүрээтэй салбар байсан. Жирийн эрэг боолт, цагнаас эхлээд хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ажиллагаа, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, эд ангийг үйлдвэрлэх технологи энэ бүгд нийлээд машин үйлдвэрлэлийн салбар бүтээдгийг ойлгосон. Бүр ч их сонирхолтой болсон доо.
-“Эрдэнэт” үйлдвэртэй хувь за-яагаа хэзээнээс холбосон бэ?
-1996 онд сургууль төгсөөд “Эрдэнэт” үйлдвэртээ, тэр тусмаа Засвар механикийн заводдоо ажиллаж байна. Тухайн үед хэдий инженерийн сургууль төгссөн ч заавал ажилтнаас хөдөлмөрийн гараагаа эхэлдэг байсан юм. Тиймээс фрезерчнээр ажлын гараагаа эхэлж байлаа. Миний анхны багш Ганболд одоо манай хэсгийн мастераар ажиллаж байна. Тэр хүний заавар, зөвлөлгөөний ачаар ажлын дөр суусан. Тодорхой хугацааны дараа мастер, цехийн дарга болоод мэргэжлээрээ ажиллаж байна.  
-Хүн идэвхтэй амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Тэр утгаараа хамгийн дотно хүмүүс болох ажлын хамт олныхоо талаар юу хэлэхсэн бол...?  
-“Эрдэнэт” Монгол улсын нэрийн хуудас болсон том үйлдвэр. Энэ үйлдвэрийн үндсэн цехийн нэг Засвар механикийн заводын ажиллагчид маш хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч, ажлын төлөө хамт олон байдаг. Засвар механикийн завод Цутгуурын, Механикийн гэсэн үйлдвэрлэлийн хоёр бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна.  Манай цех тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, эд ангийг хийж “Эрдэнэт” үйлдвэрийнхээ тасралтгүй үйл ажиллагааг ханган ажилладаг. Үйлдвэрийн 36 жилийн түүхэнд үүргээ маш амжилттай биелүүлж ирсэн. Энэ хугацаанд мэргэжилтэй монгол ажилчид бэлтгэгдлээ. Одоо Засвар механикийн заводын хамт олны 90 гаруй хувь нь Монгол инженер техникийн ажилчид байна. Энэ бол бидний бахархал.  
-Сүүлийн үед танай цехэд техник, технологийн болоод хүний хөгжлийн шинэчлэл их явагдаж байгаа анзаарагддаг. Ер нь шинэчлэлийн үр дүн танд хэрхэн мэдрэгдэж байна?
-Манай Засвар механикийн заводын удирдлагын баг мэргэжлийн, өөрсдөө дотор нь хөдөлмөрлөж байсан хүмүүс учраас техник, технологийн шинэчлэл хийх, “Эрдэнэт” үйлдвэрийнхээ нэг ч гэсэн эд ангийг Монголдоо үйлдвэрлэх сэтгэлтэй ажилладаг. Тиймдээ ч манайх дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэгдсэн. Тухайлбал програмын удирдлагатай зүсэгч, фрезерийн болон токарийн суурь машин, гагнуурын хэсэг дээр хагас автомат аппарат тавилаа. Ингэснээр хөдөлмөрийн бүтээмж өндөрсөж, бүтээгдэхүүний чанар сайжирсан. Үүнийг дагаад боловсон хүчин хөгжих, сурах орчин нөхцөл бүрдэж байна. Резинэн эдлэлийн хэсэг дээр бид сүүлийн хоёр жил нилээд ажил хийлээ. Резинээр хийж байгаа бүтээгдэхүүнийхээ чанарыг тодорхойлох лаборатор манайд байгаагүй. Үүнийг хөөцөлдсөний үр дүнд бүтээгдэхүүний физик, механик шинж чанарыг тодорхойлох лабораторийг өнгөрсөн долоодугаар сард ашиглалтанд орууллаа. Энд 10-аад төрлийн багаж байна. Дээр нь 1000 тоннын халуун  прессийг ашиглалтанд оруулахад бэлэн болсон. Эдгээр шинэчлэлийг хийснээр үйлдвэрт шаардлагатай, гадны орноос өндөр үнээр авдаг тоног төхөөрөмжийг Засвар механикийн заводын хэмжээнд хийхээр улам өргөжиж байна.
-Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл амжилттай яваа. Энд танай цех ямар оролцоотой байна?
-Бид үйлдвэрт хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг өөрсдийн хүчээр хийж нутагшуулахыг зорьдог. Манай заводын бүтээгдэхүүн болгон импорт орлодог гэж хэлж болно. Манайх жилд 50 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 2014 он онцгой ачааллын жил байна. Яагаад гэхээр Ерөнхий захирал импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх тушаал гаргасан. Үүний дагуу Ерөнхий механикийн хэлтэс Засвар механикийн заводад хийж болох сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн судалгаа гаргасан. Тэдний чиглэл өгсөний дагуу манай хамт олон оны эхний есөн сарын байдлаар 3,7 тэрбум  төгрөгийн  импорт  орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Энэ тоо оны төгсгөлд өснө.
-Томоохноос нь нэрлэвэл...?
-Хүдрийн ил уурхайгаас эхлэн нэрлэе. Гурван төрлийн экскаваторын корпус хийдэг боллоо. Үүнийг импортоор авбал хичнээн их валют зарах нь тодорхой.  Экскаваторын явах, хөдлөх эд ангийг бүгдийг хийж байна. Сүүлийн үед Баяжуулах фабрикийн бутлуур, Австралийн “Варман”, Хятадын “Найпу” фирмийн насосны эд ангийг Австрали хэлбэрээр хийж үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Мөн бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад анхаарч байгаа. Баяжуулах фабрикийн 1400 насос үүргээ гүйцэтгэсэн боловч манай үйлдвэрийн бүтээмж өндөрсөхөд насосны ажиллах цаг дагаад унасан. Үүнийг сайжруулахын төлөө манай заводын хамт олон сүүлийн 2-3 жилийн хөдөлмөрөө зориуллаа. Өнгөрсөн зунаас үр дүн нь гарч эхэлсэн. 150 хүртэл унаж байсан насос маань өнөөдөр ажиллах дундаж цаг нь 210-230 руу ороод ирсэн. Манай цехийн ажиллагчид удирдлагаасаа аваад нэг юмыг ч болов өөрсдөө хийгээд сурчих юмсан гэсэн чин хүсэл, эрмэлзлэлтэй, сэтгэлтэй ажилладаг нь үнэхээр бахархмаар.
-Хаалт, хөгжлийн менежмент гэж их ярих болсон цагт танай завод хэтийн зорилгоо хэрхэн тодорхойлж байна?
-Манайх уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээ даган хөгжих ёстой. Бидэнд маш их боломж бий. Металл хийцийнхэн флот машины үйлдвэрлэл явуулъя. Дээр нь барилгын чиглэлийн металл хийцүүдийг хийе. Мөн хөдөө аж ахуйн машины сэлбэг хэрэгсэл, гүүрэн крануудын эд ангийн металл хийцийг үйлдвэрлэе. Резинэн чиглэлээр төрөл бүрийн хуяг, жийргэвч, резинэн насосны эд ангийг хийе. Манайх насосны чиглэлээр ажиллах бүрэн боломжтой. Оросын Гранд 1 насосуудын холхивч, цахилгаан хөдөлгүүрээс бусдыг 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг. Тиймээс насосны чиглэлээр хөгжих боломжтой гэж боддог. Цутгуурын цех маань уул уурхайн тоног төхөөрөмжийн цутгамал эд ангийн үйлдвэрлэлээр тэргүүлэх боломж бий. Ер нь манай заводын ирээдүй надад гэрэл гэгээтэй харагддаг.
-Амжилттай эр хүний ард хүчирхэг эхнэр байдаг. Та гэр бүлээ танилцуулаач?
-Миний эхнэрийг Р.Саруул гэдэг. Бид оюутан байхдаа танилцаж гэр бүл болсон. Нэг л мэдэхэд 20 гаруй жил өнгөрсөн байна. Манай хүн ТИС-ийг нийтийн хоолны технологич мэргэжлээр төгссөн юм. Одоо хувийн салбарт мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байгаа. Манайх 2 охинтой. Том охин Номин маань Турк сургууль төгсөөд одоо Тайвань улсын ШУТИС-д интерьер дизайны чиглэлээр сурч байна. Бага охин Биндэръяа энэ жил орос сургуулийн 1-р ангид элссэн. Манай гэр бүлийн эрхэм гишүүн хадам ээж маань бидэнтэй хамт амьдардаг. Дашрамд үйлдвэрийн их ажлын нүргээн, чичиргээ, тос, тоос, халуун дундаас ядарч ирсэн гэр бүлийн хүнээ үргэлж хайр, халамжаар өлгийдөн тосдог эхнэр, нөхрүүдэд баярлалаа гэж хэлье.     
-Цаг зав гаргасан танд баярлалаа.       


М.ОДГЭРЭЛ

Сүүлд өөрчлөгдсөн Бямба, 29 11-р сар 2014 09:03
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог