×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрүүл мэндээ эрхэмлэгч

24 11-р сар 2014 12:00
881 удаа үзсэн

     15 настай Д.Дамдиндорж хүү аавыгаа  даган  Сэлэнгийн Цагаан арал руу мал тууж явахдаа Эрдэнэт хороонд саатан хоноглов. Тэр нь  1977 оны зун юмсанж.  Завханы Эрдэнэхайрхан сумын дунд  сургуулийн сурагч сэргэлэн шар хөвгүүн  орос, монгол залуусын бүтээлч хөдөлмөр ундарсан, хөл хөдөлгөөн ихтэй, тэр нэгэн сууринг  гайхан бишрээд л өнгөрч. Багаасаа малын захад өссөн болохоор дунд сургуулиа дүүргээд ч малаа маллалаа.  Эрдэнэт  нутагт  асар  том уулын үйлдвэр шангаа татаж,  илгээлтийн эздийг элсүүлж буй чимээ сураг, алс баруун хязгаарын хөдөө нутгийн  хүүгийн сэтгэлд нэг л ойрхон санагдах болж. Ингээд сэтгэлийн дуудлагаа даган 1980 онд  Эрдэнэтэд ирж, өрмийн машинч мэргэжил эзэмшин, жилийн дараа  Хүдрийн ил уурхайд туслах машинчаар хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Тухайн үед   ажил   үйлсээрээ   алдар нь   түгсэн     өрмийн машинч Д.Жаргалсайханы шавь нь болов.  Хожим багш нь  Монгол улсын хөдөлмөрийн баатар болоход  тун их бахархсанаа ярьж, аргагүй л нүдээ олсон шагнал гээд л баясах. Тэр багшаасаа хөдөлмөрлөх арга барил,  олны дунд биеэ авч явахаас  өгсүүлээд олон эрдэм сурсан гэх.  А.Дамдиндорж 30 дахь жилдээ  өрмийн машинчаар ажиллаж, бригад ахалж,  багшийн эрдмийг  шавьдаа өвлүүлэхээр мэрийж явна. Ажилдаа сэтгэлтэй ханд, машин техникээ арчилж торд, нэг боолт суларсныг ч дор нь чангалчих гээд л залууст зааварлан, өөрөөрөө үлгэрлэнэ. Тэр: “18-р өрмийн бригадын бид найм  нэгэн сэтгэл өвөрлөн, машин техникээ гамтай эзэмшиж,  чармайн ажилласнаар төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлдэг. Нэг машин дээр  өрмийн машинч, туслахтайгаа,  4 ээлжээр ажилладаг. Бригад хамт олны ажлын амжилтанд  техникийн бэлэн байдлыг хангаж ажилладаг засварчин, цахилгаанчин гээд олон хүний хөдөлмөр зүтгэл ч нөлөөлдөг. Нэг ээлжинд ажилладаг 5 өрмийн 10 машинч, мастертайгаа 11-үүлээ бас нэгэн  хамт олон. Бид тун ойр харилцаатай байж, бие биендээ тус дэмтэй явдаг.  Хэн нэгнийх нь ах дүү  ямаа самнах, хадлангаа авах үед нь ээлжийн хамт олноороо  очоод тусалчих жишээтэй. Урин цагт амралтаараа  салхинд хамт гарч  голын захад сайхан тухалчихна. Эдэн дотроо би хамгийн ахмад нь.  Өвлийн цагт тэсэлгээтэй өдөр постонд зогсохоос чөлөөлөх зэргээр намайг халамжилна. Манай залуус ийм л хамтач нөхөрсөг, хүнлэг” гээд тэднийгээ магтах. Нэр нь хүртэл эрдэнэтэй баян  хангайг түшиж,  дэлхийн шилдэг үйлдвэрийн нэгэн эд эс нь болж яваагаа  хэн хүнд заяахгүй аз завшаан хэмээж, уул овоогоо шүтдэг. Шилдэг  үйлдвэрийн ажилчин  бусдаас өөр,  манай үйлдвэрийнхэн  аль ч уурхайд очсон биеэ даан ажиллах чадвартай гээд л омогших. Батбаяр, Хүрэлтөмөр, Базарваань, Гүрдагва, Ө.Даваа нарын үе тэнгийн залуустайгаа өрмийн нэгдүгээр бригадад  ажиллаж явснаа дурсаад, тэд маань одоо туршлагатай шилдгүүд болсон гэв.  Тэр  Батзориг, Борхүү,  Ганболор, Эрдэнэ-Очир гэх 4 шавьтай. Борхүү их сургууль төгсөн, мастераар дэвшин ажиллаж байгаа, отгон шавь  Эрдэнэ-Очир нь  өрмийн машинчийн 5-р зэрэгтэй, одоо багшийнхаа туслахаар  ажилладаг аж.   


     А.Дамдиндорж үйлдвэрийн  маань аль ч үеийн удирдлагууд баялаг бүтээж буй ажилчдаа гадаадын ижил төстэй үйлдвэртэй танилцуулдаггүйд  сэтгэл жаахан дундуур явдгаа нуусангүй. Цаашид залуусыг явуулж, юм үзүүлж,  нүдийг нь нээгээсэй гэж хүсдэгээ ч хэлэв.
     А.Дамдиндорж  өөрийнхөө ажил мэргэжлийг уурхайн зүрх  судас нь гэж тодорхойлсон юм.  СБШ-250 МН маркийн аварга машинаар уулын  цул өрөмдөж, тэсэлгээнд бэлтгэх түүний ажил үнэхээр л уурхайн анхны дамжлага төдийгүй зүрх судас нь бололтой. Өрмийн машинчийн доргион чичиргээ, тоос шороо, дуу чимээ ихтэй амаргүй хөдөлмөрт А.Дамдиндорж 30 жил зүтгэхдээ нэг ч удаа эмчийн магадлагаа авч ажлаас чөлөөлөгдөж үзээгүй хүн.  Эрүүл мэндийн замын нээлтийн үеэр “Эрдэнэт” үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, өөрийн эрүүл мэнддээ онцгой анхаарч ирсэн 4 хүнийг шалгаруулан унадаг дугуйгаар урамшуулсны нэг нь манай хөргийн эзэн. Түүнээс  эрүүл, эрч хүчтэй байдгийн нууцыг асуухад “ажил амралтаа зөв зохицуулах” гэж товчхон хариулав. А.Дамдиндорж  50 гарсан ч тун шаламгай хөдөлгөөнтэй хүн юм. Хөдөлгөөн, эрүүл агаар хоёрыг  чухалчилдаг бололтой. Долоо хоног бүр зааланд тогтмол очиж сагс, волейбол тоглодог гээд залуудаа  ханиад хүрмэгц, наадмын талбайг гурав тойроод гүйчихэд л  зүгээр болчихно шүү дээ гээд  хүд хүд инээх.
     А.Дамдиндоржийнх 2 хүү, нэг охинтой. Эхнэр О.Оюунчимэг нь Завхан аймгийн Идэр сумын уугуул.  10-р цэцэрлэгт ажилладаг. Том хүү нь БНХАУ-ын  Шиньяаны Их сургуулийг  олон улсын худалдааны мэргэжлээр  төгссөн. Улаанбаатар хотод  Хятадын  хөрөнгө оруулалттай компанид ажилладаг. Бага хүү нь  Геологийн инженерийн сургуулийг ирэх хавар төгсөнө. Охин нь 1-р сургуулийн 10-р ангид суралцдаг.  Хэдхэн  хоногийн өмнө анхны ач хүү нь хорвоод мэндлэн, удам залгах  нуган ачтай болсон тэрбээр баяр  хөөртэй явна. А.Дамдиндоржийн ижий 80 шахсан буурай 9 хүүхэд, ач, зээ, ачинцар, зээнцрийнхээ сайн сайхан явааг харж, насны жаргал эдлэн сууна.
     А.Дамдиндоржийн 2 хүү  тун ч спортлог. Том хүү нь боксын спортын нэгдүгээр зэрэгтэй, Залуучуудын улсын аваргын хүрэл медальтай, Хангарьд спорт клубийн тамирчин явж.  Эрдмийн мөр хөөж, их спортоос алсарсанд аав нь жаахан харамсдаг гэсэн.  Бага хүү нь сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй. Орхон аймгийн Өсвөр үеийн шигшээ багийн тамирчин байж. Хүүхдүүддээ урлаг, спортоор хичээллэ, өөрийгөө тал бүрээр хөгжүүл гэж сургаж иржээ. Тэрээр  2002 оны “Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аварга. Монгол улсын Тэргүүний уурхайчин цол тэмдэгтэй.
     Нутаг усандаа ажилч хичээнгүйгээрээ  алдартай  аав, ээжийнхээ аливаад чин сэтгэлээсээ  хандаж, шударга хөдөлмөрлөөрэй гэсэн  захиасыг дагаж, залуус, үр хүүхэддээ үлгэрлэсээр явна.


Я.ЭНХ

Сүүлд өөрчлөгдсөн Даваа, 24 11-р сар 2014 14:33
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог