Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 12-р сар 2018

     Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт өнгөрсөн наймдугаар сараас 24-р гидроциклоныг угсарч, суурилуулж байна.  Энэ нь тээрмээс гарч буй нунтагласан хүдрийг том жижгээр нь ангилах зориулалт бүхий төхөөрөмж юм.  Өмнө нь  тус  хэсгийн  өргөтгөлийн үеэр БНХАУ-ын Найпу фирмийн багц  гидроциклон  суурилагдсан.  Долоон гидроциклоноос бүрдсэн нэг багцыг дахин ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн жигд ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгдэх аж. Уг гидроциклоны хяналт удирдлагын системийг тохируулан суурилуулах ажлыг ХМТАЦ-ийн Баяжуулах үйлдвэрийн Технологийн автоматжуулалтын хэсэг гүйцэтгэж байна.  Гидроциклоныг энэ  сарын сүүлчээр  хүлээлгэн өгөхөөр  Баяжуулах үйлдвэр  болон Засвар монтажийн цехийн ажилчид шамдан ажиллаж байна.

 

Я.ЭНХ

     Байт харвааны Хангарьдын цом дөрөв дэх удаагийн нээлттэй тэмцээн Хангарьд паласт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд Алдар нийгэмлэг, Живт хасар, Добу мэргэн, Ирээдүйн одод зэрэг найман байгууллагын 80 гаруй тамирчин оролцож, цэц мэргээ сорилоо. Тэмцээн рекурв, компаун төрлөөр, насанд хүрэгчид, өсвөрийн тамирчдын дунд боллоо. Хангарьд спорт клубийн тамирчид зургаан алт, таван мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж, таван цомын гурвыг нь авлаа. Эдгээрийн дундаас   Баяжуулах үйлдвэрийн ШХХ-ийн мастер, байт харвааны спортын мастер Н.Өлзийхутаг мөнгө, тус хэсгийн оосорлогч, Үндэсний сурын Улсын мэргэн Л.Отгонбаяр хүрэл, ЗМЗ-ын мастер, спортын дэд мастер  Б.Ганзориг хүрэл медаль хүртлээ. Энэхүү тэмцээнийг Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэсэн бөгөөд ирэх жилээс олон улсын нээлттэй тэмцээн болгохоор зорьж байгаа аж. Байт харваагаар хичээллэснээр  хүүхэд залуусын  бие бялдрын хөгжилд сайнаар нөлөөлөхөөс  гадна  анхаарал төвлөрөл сайжирч, зөв төлөвшин хүмүүжүүлэх ач холбогдолтой юм.


Я.ТУЯА

     Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, үйлдвэрийн Залуучуудын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь  байгууллагын хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтын гэрээнд тэднийг төлөөлөн санал оруулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,  цех хэсгийн үйл ажиллагааг дэмжих, уламжлалт өв соёлыг дэлгэрүүлэхэд оршиж байна. Талууд залуучуудын тулгамдсан асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, сурч боловсрох, шинийг эрэлхийлэх, санаачлах, бүтээлч үйлсийг дэлгэрүүлэх, тэднийг урамшуулах, сурталчлах талаар хамтын дэмжлэг үзүүлэх, урлаг спортын  арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалттай хамтын шийдвэрээр явуулахаар санамж бичигт тусгажээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан  “Уурхайчин залуу” нөхөрсөг уулзалт, хэлэлцүүлэг, “HARD GAME-2018” хөгжөөнт тэмцээн, “Оюунлаг залуу” уралдааныг үйлдвэрийн Залуучуудын холбоо санаачлан зохион байгуулсан байна. “Уурхайчин соёлын ордон, Монголын оюун ухааны академитай хамтран зохион байгуулсан  Оюун ухааны анхдугаар уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин залуус маш идэвхтэй оролцлоо. Тэдний дунд ой тогтоолтын спортыг дэлгэрүүлэх, оюуны алжаалыг тайлах, үйлдвэрийн түүхэн үйл явдлын талаар мэдлэг, мэдээлэл түгээх, олон улсын оюуны спортын тэмцээнд баг бүрдүүлэн оролцох зорилготой явагдсан нь энэ уралдааны онцлог байлаа.” гэж албаны хүн ярилаа.


Т.БАТ

Page 3 of 3

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Зургийн цомог