Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Бямба, 29 12-р сар 2018

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Тэргүүний ажилтнуудын шинэ жилийн баярын цэнгүүний үеэр компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэд хэдэн шийдвэрийг танилцууллаа. “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр “Москва 300”, “ЭКО 400”, “Залуус 600” хорооллыг компанийн хөрөнгө оруулалтаар “Медипас” эмнэлгийн хажууд нь цогцоор нь бариулахаар болжээ. Орхон аймгийн ЗДТГ-аас энэхүү асуудлыг дэмжин ажилласанд компанийн удирдлага талархлаа илэрхийлэв. Мөн компанийн зүгээр ажилчиддаа орон сууцтай болоход нь хөнгөлөлт үзүүлж олгодог 8 сая төгрөгийг шинэ оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Манлайлагч мастеруудын цалинг 2019 оны эхний өдрөөс 1 сая төгрөгөөр нэмэгдүүлэн, цаашид компанийн хэмжээнд манлайлагч мастерын нэмэгдэл бий болгосныг компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шинэ жилийн цэнгүүний үеэр хэллээ. 

         Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олон компанийн ТУЗ-өөс өгсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг энэ сарын 25-ны өдөр давуулан биелүүлсэн. Үүнийг дагаад компани 2018 онд санхүү, эдийн засгийн өндөр ашиг орлоготой ажиллаж, түүхэн амжилт тогтоов. Тухайлбал, анх удаа борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улс болон орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн, цэвэр ашгийн төлөвлөгөөг 20 хувиар давуулан биелүүлсэн. Үйлдвэрийн удирдлагуудын шийдвэр гарч, нийт ажилчиддаа цэвэр ашгийн үр дүнгээс мөнгөн урамшуулал олгохоор боллоо.

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

 

 

           

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Тэргүүний ажилтнуудын шинэ жилийн ёслолын цэнгүүн уурхайчин бүрийн хүсэн хүлээдэг баяр байдаг. Энэ өдөр компанийн нийт ажилтнуудын 6000 гаруй бүртгэлийн дугаар бүхий хайрцагнаас Ерөнхий захирлын сугалаагаар 2 өрөө байрны супер азтан тодордог уламжлалтай. “Эрдэнэт” үйлдвэрийн 2018 оны 2 өрөө байрны эзнээр Авто тээврийн байгууллагын жолооч, Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Баттуулын Хишигчулуун тодорлоо.

 

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

                    Компанийн шилдэг ажилтнуудыг тодруулах шинэ жилийн цэнгүүн энэ сарын 28-ны өдөр боллоо. Энэ үдэш компанийн хамт олон 2018 оны ажлаа дүгнэж, Оны шилдгүүдээ тодруулан, Төрийн дээд одон медалиар ажилтнуудаа шагнав. Ёслолын цэнгүүнд ЗГХЭГ-ын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн болон Орхон аймгийн Засаг дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, түүний удирдлагын баг, цех хэсгийн шилдэг ажилтан, “Мастерын манлайлал” хөтөлбөрийн шилдэг мастерууд, компаниас төрсөн алдартан, гавьяатууд оролцлоо. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, “Алтан гадас” одонгоор Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсгийн механикч Л.Баасанчулуун, Хөдөлмөрийн  хүндэт медалиар Хууль эрхзүйн газрын тэргүүлэх хуульч З.Жаргалмаа нарыг тус тус шагнав.

                    Оны шилдэг ажилчнаар Автотээврийн байгууллагын хүнд даацын машины жолооч Б.Гарам-Очир, Засвар угсралтын цехийн тоног төхөөрөмжийн засварчин Д.Бямбадорж, “Сэлэнгэ” амралтын баазын үйлдвэрлэлийн байрны үйлчлэгч М.Нармандах нар шалгарлаа. Оны шилдэг санаачлагчаар Ил уурхайн эрчим зүйч Н.Бат-Ирээдүй, Засвар механикийн заводын хэсгийн мастер А.Ууганбаяр, Лаборатори судалгааны төвийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Т.Доржсүрэн нар тодорсон. Оны шилдэг мэргэжилтнээр Засвар механикийн заводын хэвний загварчин Тарасов Ю.М., Ган бөмбөлгийн цехийн цахилгаан механикч С.Сумьяабазар, Спорт ордны усан сангийн ахлах арга зүйч С.Алтантуяа, Оны шилдэг удирдах ажилтнаар Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн дарга Д.Бямбадорж нар шалгарлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны Шилдгийн шилдэг ажилтнаар Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулагч Д.Ганзориг тодорсон. Тэрээр сүүлийн таван жилд Нунтаглан баяжуулах хэсгийн техник, технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн технологийн тохируулгын ажилд хамт олноо удирдан идэвх санаачилгатай оролцсон байна. “А.Ф.Трюряковын нэрэмжит шагнал”-аар Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн механикч Машинец Е.А., Цахилгаан цехийн цахилгаан ба хийн гагнуурчин Ж.Эрдэнэцогт, Эрчим  хүчний цехийн Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Л.Балдорж нарыг шагналаа.

 

У.Цэрэнбат

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2018 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Зургийн цомог