Л.Ганбаатар: Хүдрийн агуулгын дундажлалыг автоматаар хийдэг болно Онцлох

21 3-р сар 2016 12:00
1184 удаа үзсэн

Эрдэнэт үйлдвэрийн Уулын тээврийн техникүүдэд  удирдлагын Pitram системийг суурилуулж эхэллээ. Энэхүү системийн онцлог,  давуу талын талаар ХМТАЦ-ийн Мэдээллийн технологи ба аюулгүй байдлын товчооны Системийн шинжээч Л.Ганбаатараас тодрууллаа.


-Энэхүү систем аль улсынх вэ, ямар техникт тавигдах вэ?
-Энэ системийн тоног төхөөрөмж програм нь Австрали улсынх. Эрдэнэт үйлдвэрт  2012 оноос  үе шаттай хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийж буй ажил. Уулын ажлын автомат  удирдлагын  энэхүү  систем нь экскаватор, өрмийн машин, Белаз машинууд дээр тавигдах юм.

-Урьд нь ашиглаж байсан Вист системээс ялгагдах онцлог юу вэ?
-Вист систем нь хүдрийн агуулгын дундажлалыг хангалттай гаргаж чаддаггүй, уулын тээврийн ажлын хяналтын систем байсан. Өнөөдөр хэдэн тонн хүдрийг ямар экскаватораас аль пункт рүү, хэдэн номерийн Белазаар хэдэн рейс зөөсөн, хичнээн түлш зарцуулсан гэсэн мэдээллийг Вист системээс авдаг байсан. Питрам систем нэвтэрснээр зөвхөн автосамос-вал төдийгүй, экскаватор, өрмийн машин гэх мэт, уулын ажлыг гүйцэтгэж буй бүх техникийн мэдээллийг нэгтгэн авахаас гадна аль цооногоос хэр агуулгатай  хичнээн хэмжээний хүдэр зөөгдөж байгааг тодорхойлох боломж бүрдэж байна. Мөн Вист  систем нь аналоги  сигналаар өгөгдлөө дамжуулдаг тул, тухайн техникээс  мэдээлэл авах ч буцаагаад түүн рүү ямар нэгэн мэдээлэл өгөх боломж хязгаарлагдмал  байсан бас орчны нөлөөнөөс хамааран сигналын уналт гарч өгөгдөл алдагдах явдал их гардаг байсан.  Pitram  систем нь  тоон технологи дээр суурилсан Mesh сүлжээгээр өгөгдлөө дамжуулах тул ВИСТ систем дээр гарч  байсан  дээрх  дутагдлууд  байхгүй болно.

-Энэхүү системийг ямар мэргэжилтнүүд  суурилуулж байна вэ?
-Майкромайн компанийн мэргэжилтнүүдийн баг болон манай ХМТАЦехийн инженерүүд хамтран системийн угсралт тохируулгын ажлыг гүйцэтгэж байна.

-Манайхан энэ системийг цааш нь ажиллуулах боломжтой юу?
-Боломжтой.  2012 оноос  Micromine, Geobank систем нэвтэрсэн нь энэ системийн суурь болсон. Энэ системүүд нь уурхайн хүдрийн биетийн тоон загварыг гаргах, өгөгдлийн санг бүрдүүлэх ажлуудыг  гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл энэ системийг нэвтрүүлэх үндсэн суурь 012 оноос эхлээд тавигдсан. Мөн бид энэ системтэй зарим талаараа төстэй ВИСТ, Автотрейкер зэрэг системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн  ашигласан туршлагатай учраас цаашид энэ системийг ажиллуулах бүрэн боломжтой.

-Pitram системийн давуу тал нь юу байна?
-Маш олон давуу талтай. Хамгийн чухал давуу тал нь Экскаватор дээр суурилагдсан Өндөр нарийвчлалын GPS  болон бусад мэдрэгчүүдийн тусламжтайгаар шанаганы байршлыг тодорхойлж Белаз дээр яг аль цооногоос хэчнээн тонн хүдэр ачигдсаныг тооцож улмаар Баяжуулах фабрикт өгч  буй хүдрийн дундаж агуулгыг тогтмол барих боломжийг бүрдүүлж байгаа явдал юм.  

-Системийн ач холбогдлыг хэлнэ үү?
-Өрөмдлөг тэсэлгээнээс авахуулаад  тээвэрлэх хүртэл бүхий л процессын өгөгдлүүдийг орчин үеийн дэвшилтэт техно-логи бүхий нэгдсэн системээр цуглуулан боловсруулж байгаа нь манай компанийн уулын ашиглалт, төлөвлөлтийн ажлыг шинэ түвшинд гаргана.


Я.ЭНХТУЯА

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:12
Үнэлэх
(0 Саналууд)

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог