×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Н.Батцэнгэл: Манай ажлын цар хүрээ жилээс жилд нэмэгдэж байна Онцлох

23 11-р сар 2015 12:00
1561 удаа үзсэн

Орхон аймаг, Эрдэнэт  үйлдвэрийн  2015-2016 оны хамтын  ажиллагааны хүрээнд энэ жил 2, 3, 6-р бичил хорооллын 67 байр, Нутгийн удирдлагын ордны байрны  гадна  фасадыг будаж,  Эрдэнэт хотын  өнгө  төрхийг  шинэчиллээ.  Энэ ажлын үндсэн гүйцэтгэгчээр  Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх РСЦ ХХК  ажилласан. Дээрх ажлын гүйцэтгэл  болон тус компанийн үйл ажиллагааны  талаар  РСЦ  компанийн  захирал  Н.Батцэнгэлтэй ярилцлаа.

   - Орхон аймаг  “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд хотын өнгө төрхийг шинэчлэх энэ ажил хэдийд эхэлсэн бэ?
   - Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн 2015-2016 оны хамтын ажиллагааны хүрээнд Аймгийн Иргэдийн хурлын ажлын  төлөвлөгөөний дагуу 2, 3, 6-р бичил хорооллын байруудын гадна фасад будах ажил энэ оны  8-р сарын 20-нд эхэлсэн.  
   - Танай компани энэ ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан. Та бүхэн ямар үүрэгтэй оролцов?
   - Бичиг баримт бүрдүүлэх, туслан гүйцэтгэгчдийг шалгаруулах ажлыг  аймгийн Захирагчийн албатай хамтарч зохион байгуулсан. Материалаа нэгдсэн журмаар захиалж, компани дээрээ төвлөрүүлэн бүх компанид тараасан. Ер нь ажиллагаа тун ихтэй  ажил байсан. Худалдан авах ажиллагааны тендерийн материал манай дээр хадгалагдаж байгаа.
   - Туслан гүйцэтгэгчээр Эрдэнэтийн компаниуд оролцсон уу?
   - Тийм ээ. Эрдэнэтийн 50 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажилласан.  Хямралын үед орон нутгийн жижиг компаниудыг ажиллуулсандаа сэтгэл  хангалуун байгаа.
   - Олон компанийн хүчээр  богино хугацаанд  дуусгажээ. Ажлаа хэдийд хүлээлгэн өгөв?
   - Хамгийн сүүлд Нутгийн удирдлагын ордны фасад будах  ажил хийсэн.  Эдгээрийг дулааны улиралд амжиж хийлээ. Барилгын ажил гүйцэтгэх стандартын дагуу хасах 5 хэм болоход ажил зогсоож байсан. Бид энэ ажлыг 10-р сарын 26-нд хүлээлгэн өгсөн.
   - Мөнгөн дүнгээр  хэдий хэр  ажил хийв?
   - Энэ нь нийт 3 тэрбум 739, 3 сая төгрөгийн ажил. Аймгийн төсвөөс  884,9 сая төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт” үйлдвэрийн дансаар дамжуулан өгсөн. Үүгээр материалын үнийг  төлсөн.  Хамтын ажиллагааны хүрээнд 1,2 тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэр хариуцах юм. Үлдсэн 1,7 тэрбум төгрөгийн эх үүсвэр  шийдэгдээгүй байна. Иймээс  туслан гүйцэтгэгч компаниудад  төлбөр хийгдээгүй байгаа.
   - Хаанахын ямар материал ашигласан бэ?
   - Солонгосын улсын үйлдвэрийн Нора фирмийн хөрсжүүлэгч, фигмент, эмульс хэрэглэсэн. Тэд 10 жилийн баталгаа өгч байгаа.
   - Эрдэнэт хотын өнгө төрх сайхан боллоо гэж хүмүүс сэтгэл хангалуун байна.  Өнгө донжийг хэн  гаргасан бэ?
   - Аймгийн Ерөнхий архитектор гаргасан.  Будаж эхлэхэд  янз бүрээр ярьж байсан л даа. Аймгийн иргэдийн хурлаас баталсан журмаар явсан. Ерөнхийдөө хүмүүст таалагдсан.
   - Энэ жил Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд өөр ямар ажил хийсэн бэ?
   - Баян-Өндөр уулан дахь  цэцэрлэгт хүрээлэнг тохижуулан, хашаа барьсан, Төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн засварласан зэрэг 200 гаруй сая төгрөгийн ажил хийсэн. Ирэх жил  1,4,5-р бичил хорооллын фасадын ажил хийгдэх байх.
   - Танай компани хэдэн ажиллагчтай вэ?
   - Манай компани 240 хүнтэй.  Мэргэжлийн 20 гаруй инженер, барилгын мэргэшсэн ажиллагсадтай. Ер нь   мэргэжлийн боловсон хүчний нөөц сайтай, Эрдэнэтийн хамгийн том барилгын компани.
   - Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд оролцсон тухайгаа ярина уу?
   - Бид Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан. Ган бөөрөнцгийн цехийн шинээр ашиглалтанд орж буй нүүрсний хийгээр ажилладаг зуухны  барилгын гүйцэтгэгчээр ажилласан. Бас  Говилд үйлдвэрлэлийн зориулалттай байрыг орон сууц болгон өөрчилж,  Эрдэнэт үйлдвэрийн 37 айлын орон сууцыг ашиглалтанд өгсөн. Ингээд бидний хийсэн ажлын хэмжээ жилээс жилд өсч, тэр хэрээр  борлуулалт нэмэгдэж байгаа.
   - Борлуулалт нэмэгдсэн талаарх  тоон үзүүлэлтийг манай уншигчдад хэлнэ үү?
   - Бидний хийсэн ажлын үзүүлэлт яах аргагүй борлуулалтаар хэмжигдэнэ. 2010 онд 5,7 тэрбум,  2012 онд 6,3 тэрбум төгрөг, 2013 онд 9,5 тэрбум, 2014 онд 13,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн.  Мөнгөн дүнгээ (13.5 тэрбум) барилгад шилжүүлэн, тоймлон харьцуулбал  100 ортой 10 цэцэрлэгтэй дүйцнэ гэсэн үг. Энэ оны эхний 10 сарын байдлаар 13 тэрбум 150 сая төгрөгийн нэмүү өртөг шингэсэн ажил хийгээд байна. Ноднингийн мөн үетэй харьцуулахад ажлын үзүүлэлт өндөр байна.
   - Хаа сайгүй эдийн засаг хүндэрсэн  үед танай борлуулалт нэмэгдэхэд юу нөлөөлөв?
   - Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэгд, үйлдвэрийн шинэ удирдлага РСЦ-ийн ажилчид чадна гэж бидэнд итгэл үзүүлж байна. Барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчээр манай  компанийг сонгох нь “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө гадагшаа урсахгүй давуу талтай. Хоёрт, үр ашигтай технологи нэвтрүүлэхийг бид хичээж байна. Манайх цагт 75-100 м3 бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, олон улсын сертификаттай, өвөл зунгүй ажилладаг зуурмагийн узельтэй болсон.  Эрдэнэтэд  13  зуурмагийн узель байдаг ч манайхаас бусад нь өвөл ажилладаггүй.  Гуравт,  хэд хэдэн үйлдвэрлэлийг зэрэгцүүлж явуулахыг зорьж байна. Тухайлбал Чингэлийн гол дээрх 18-р карьерт элс угааж, бетоны гол хольц пегес үйлдвэрлэж,  хөнгөн болон хүрмэн блок хийхээр төлөвлөж байна.  Мөн манай ажилсаг бүтээлч хамт олны хөдөлмөрийн үр дүн ч борлуулалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Өнөө  жил манайхаас  9 хүн төрийн дээд одон медаль, 14 хүн Засгийн газрын шагнал хүртлээ. Энэ нь  манай компанийн ажлын үзүүлэлт болов уу.
   - Борлуулалт өссөн болохоор танай ажилчдын цалин нэмэгдэв үү?
   - Борлуулалт ихсэх тусам дундаж цалин нэмэгдэж байгаа.  2010 онд манай ажилчдын дундаж  цалин 910 мянган төгрөг байсан бол 2014 онд 1,9 сая төгрөг болсон.
   - Танайх өөрийгөө бүрэн санхүүжүүлж байна уу?
   - Тийм ээ. “Эрдэнэт” үйлдвэрийн охин компани гэдгээрээ Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу манай ажиллагчдад үйлдвэрээс нийгмийн дэмжлэг олгодог. Ноднин  энэ дэмжлэгийн  30 хувийг манай компани   санхүүжүүлсэн.   Энэ   жил
50 хувьд хүргэхээр ажиллаж байна. Ер нь санхүүгийн хувьд биеэ даан ажиллахаар хичээж байна. Үйлдвэрийн удирдлагаас ч ийм бодлого барьж байгаа.
   - Танай компанийн ирэх жилийн зорилт юу вэ?
   - Энэ жил  үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 37 айлын орон сууц болгон ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Манай хамт олон үүндээ урамшин барилга барья гэж шийдэн, дээрх орон сууцны арын талбайд 60 айлын 2 орон сууц барихаар төлөвлөн  ажиллаж байна.
   - Ярилцсанд баярлалаа. Танай компанийн бүтээлч хамт олонд ажлын амжилт хүсье.

 

Я.ЭНХТУЯА

Гэрэл зургийг А.БАЯСГАЛАН

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 19 7-р сар 2017 07:12
Үнэлэх
(0 Саналууд)

Эрдэнэт үйлдвэр ххк

Цахим хуудас: erdenetmc.mn

Мэдээний төрөл

Календарь

« 12-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Зургийн цомог