Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 8-р сар 2019

   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын бүтээлч хамт олон оны эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж, 1.5 тэрбум төгрөг бодитоор хэмнэжээ. Үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжийн эд ангиа дотооддоо үйлдвэрлэн, эдийн засгийн хэмнэлт гаргасан тус завод Баяжуулах үйлдвэр болон Ил уурхайд ашигладаг 24 нэр төрлийн импортын бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Түүнчлэн гаднын байгууллагаас 150 сая төгрөгийн захиалга авахаар төлөвлөсөн нь 240 сая төгрөгт хүрчээ.
    Төлөвлөгөөт үзүүлэлтээ хангахын зэрэгцээ заводын 2019 оны төлөвлөгөөнд туссан томоохон ажлын нэг нь Цутгуурын цехийн Хэвний хэсгийн технологийн шинэчлэлийн ажил юм. Ирэх сард шинэ тоног төхөөрөмж хүлээн авах ажлын явц 50-аас дээш хувьтай үргэлжилж байна. Энэ оны 11 дүгээр сарын нэгнээс, 2020 оны тавдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх технологийн шинэчлэлийн ажлыг Инженерийн зураг төслийн төв, Барилга засварын цехийн хамт олон гүйцэтгэж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарьд” спорт клубийн байт харвааны баг тамирчид өнгөрсөн сард зохиогдсон улсын аваргын тэмцээнээс богц дүүрэн медальтай ирсэн. Тэд энэ сарын 17-нд өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Дасгалжуулагч багш, спортын мастер Т.Цогтбаяртай ярилцлаа.

   - Байт харвааны баг тамирчдадаа баяр хүргэе. “Хангарьд” клубийн нэрийг өндөрт өргөж яваа тамирчдынхаа ололт, амжилтаас хуваалцахгүй юу?
   - Долоодугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр зохиогдсон 2019 оны өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн УАШТ-нд нийт 15 багийн 120 гаруй тамирчид өрсөлдсөн. Тэмцээний өсвөр үе, залуучуудын УАШТ-нд манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нд 3 алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн сайхан амжилт үзүүллээ. Насанд хүрэгчдээс 5 мастер, 2 дэд мастерын болзол хангасан. Залуучуудын төрөлд 6, насанд хүрэгчдийн төрөлд 8 тамирчин хүч сорин өрсөлдөж, шавь нар маань Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймаг, “Хангарьд” клубийнхээ нэрийг өндөрт өргөсөнд баярлаж байна.

  - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчид маань бэлтгэл, сургуулилтаа хэр хангаж байна вэ?
  - Испанийн Мадрид хотноо энэ сарын 19-26-ны өдрүүдэд болох өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд Монгол Улсаа төлөөлөн 10 тамирчин оролцох эрхээ авсан. “Хангарьд” клубийн 4, “Ирээдүйн одод” сургуулийн 4, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос тус бүр нэг тамирчин оролцохоор Цуврайн аманд байрлах бэлтгэл сургуулилтын бааздаа гараад байна. Хүүхдүүд маань зунжин бэлтгэл хийсэн. Залуучууд ангилалд 4, өсвөр үе ангилалд 6 тамирчин оролцоно.

  - Сонгон шалгаруулалт нь ямар журмаар хийгдэв?
  - Энэ жилийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн цаг хугацааны хувьд нэлээд оройтлоо. Тэмцээний үр дүнгээс сонголт хийхэд тохиромжгүй байсан тул Дэлхийн аваргын тэмцээнд явах тамирчдыг өнгөрсөн оны болон дөрөвдүгээр сарын заалны УАШТ-ний амжилтыг нь харгалзан сонгосон.

   - Тулгамдсан асуудал бий юу? ДАШТ-ээс ямар хүлээлттэй байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэрийн гэрээт тамирчнаас бусад нь зардал мөнгөө хувиасаа гаргахаар болсон. Эцэг эхчүүд маань сайн дэмжиж, ойлгож байгаа тул одоогоор хүндрэл бэрхшээл алга. Энэ дашрамд “Хангарьд” спорт клубийн нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс их спортыг хөхиүлэн дэмждэг Эрдэнэт үйлдвэрийнхээ үе үеийн удирдлага, хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Тэмцээний тухайд манайхан нийт тамирчдын дунд хавьцаа байр эзэлж байсан бол энэ удаагийн тэмцээнд багийн амжилтаа ахиулахыг зорьж байна. Байт харвааны төрөлд Япон, Солонгос зэрэг Азийн орнууд дээгүүр байр эзэлсээр ирсэн. Цаашид хойд юм уу, урд хөрштэй туршлага солилцон, хамтран ажиллах чиглэлээр тамирчдаа бэлтгэхээр төлөвлөж, ярьж байгаа.

   - Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Байт харваагаар суралцах сонирхолтой хүүхэд хэр олон байдаг вэ, хүүхдэд олгох төлөвшлийн тухайд?
   - Өнөөдрийн байдлаар “Хангарьд” клубт байт харвааны насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе гэсэн насны ангилалд 40-өөд тамирчин хичээллэж, 4 тамирчин маань Улсын шигшээ багт орсон. Дугуйландаа шинэ элсэлт авахдаа хүүхдийн тоо хязгаарладаггүй ч сургалтын хэрэглэгдэхүүний хувьд бидэнд дутмаг тал бий. 2010 онд авч байсан хэрэглэгдэхүүнээ өнгөрсөн онд тодорхой хэмжээгээр шинэчилсэн. Ер нь оръё гэсэн хүүхдүүдээ шинэ элсэлтээр авдаг ч явцын дунд тууштай, хичээнгүй хүүхдүүд л үлддэг. Хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлдэг спорт гэж хэлэх нь зөв байх. Төлөвшил олгох, төвлөрөх чадвар сайжрах, ааш зан тогтворжих, багаар ажиллах, биеэ авч явах байдал нь эергээр өөрчлөгддөг. Тэр хэрээр хүүхэд зорилготой, хүсэл тэмүүлэлтэй болох нь бий. Одоогоор суралцагчдын дийлэнх хувийг охид эзэлж байна. Манайх өнгөрсөн жилээс 9 настай суралцагч авч эхэлсэн.

   - Энэ жилийн элсэлтээ хэзээнээс авах вэ?
  - Спорт цогцолборын бусад дугуйлангийн адил есдүгээр сарын 15-наас шинэ элсэлтээ авч эхэлнэ. Гэхдээ ирэх сарын 19-23-нд “Хангарьдын цом” насанд хүрэгчдийн Олон Улсын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэчнээн тамирчин, хаанаас ирэх нь одоогоор тодорхойгүй ч чанартай хийхийг зорино. Тэмцээнээ дуусгаад хичээлээ эхлүүлнэ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Баялаг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэн амжилттай ажиллаж байна. Энэ сарын 10-нд маркшейдер хэмжилт хийж наймдугаар сарын эхний арав хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ.
   Тайлант хугацаанд уулын цул гаргалт 111.1 хувь, хөрс хуулалт 122.3 хувь, хүдэр олборлолт 104.5 хувь, хүдэр боловсруулалт 102.3 хувиар тус тус биелжээ. Металл авалт зэсээр 100.0 хувь, молибденоор 82.9 хувь, баяжмал дахь металлын агуулга зэсээр 101.0 хувь, молибденоор 104.1 хувь биелжээ.
   Харин ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.0 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 105.3 хувьтай байна. Ийнхүү наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн гүйцэтгэл 100-122.3 хувийн биелэлтэй байна.

                                        А.Бямбамаа

   Эрдэнэт үйлдвэр 6700 гаруй ажилтан, ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг томоохон ажлын нэг нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ юм. 2019 оны үзлэг шинжилгээг өнгөрсөн сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажилчдын 10 гаруй хувь нь хамрагдаад байна.
   “Медипас” эмнэлэг, Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч нартай зөвлөлдөн, үзлэг шинжилгээг илүү нарийвчлалтай гаргахаар 9 багц санал болгожээ. Үүнд ходоодны дуран, зүрхний эхо, мэдрэл, бүдүүн гэдэсний дуран, чихрийн шижин, уушиг, шээсний зам, нуруу, бөөр, эмэгтэйчүүд, хэвлийн тодотгогчтой буюу В,С вирус илрүүлэх шинжилгээ багтсан байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн гурван жилийн үр дүнд тулгуурлан дээрх багцуудыг гаргасан бөгөөд өвчнийг эрт илрүүлэх, хянах, эмчлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн үзжээ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан Даваа гарагт бүр болдог. Өнөөдөр болсон ээлжит шуурхайн эхэнд ХАБЭА-н асуудлаар өнгөрсөн 7 хоногт ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй ажилласан тухай мэдээллийг тус хэлтсээс өглөө.
   Наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт үндсэн үзүүлэлтүүд биелсэн тухай мэдээллийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлсэн. Бүтцийн нэгжүүдийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт хийсэн ажлын тайлан мэдээллээ дуулгаж, шинэ долоо хоногийн ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
  Цаг үеийн мэдээллээр шуурхай зөвлөгөөн үргэлжилж, Хаягдлын аж ахуйд 11200-UX шүршигч техник ирсэн тухай мэдээлэв. Цагаан тоос дарах зориулалтай  тус техникийг Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтэс хүлээн авч, ажиллуулах юм. Түүнчлэн Ил уурхайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд шүүрлийн ус буюу ногоон ус шахаж, 12 мянган метр ус гаргажээ.
  Шуурхай зөвлөгөөний үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажилчид, уурхайчдаас ирүүлж буй халуун хоол, хөдөлмөрийн хамгааллын хувцас хэрэгсэлтэй холбоотой асуудалд анхаарлаа онцгой хандуулах болно гэлээ.  Өнгөрсөн хугацаанд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээгээр гаргаж буй мэдээллийн дагуу ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Энэ ажлыг хариуцаж мөн ахалж ажиллаж буй Нийгмийн харилцааны хэлтсээс халуун хоолоор үйлчилдэг компаниудын үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэлд хийсэн шалгалтын дүн танилцууллаа.
   Ерөнхий захирлын зүгээс тухайн компаниудтай тендер шалгаруулалтын үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн гэрээ хэлцэл, баримт бичигт онцгойлон анхаарч тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан дахин шалгаж үзэхийг Дотоод хяналтын хэлтэс, Хуулийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт тус тус үүрэг болголоо. Шаардлагатай бол гомдол санал гаргаж буй дээрхи асуудлаар хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгээ хэлсэн. Түүнчлэн ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа халуун хоол, ажлын хувцас хамгаалах хэрэгсэлтэй холбоотой асуудлууд дээр анхаарч ажиллах учиртайг чиглэл хариуцсан удирдлагуудад үүрэг болголоо. Эдгээр нь ажилчдын эрүүл мэнд, амь нас цаашлаад Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндтэй холбоотой гэдгийг сануулснаар энэ удаагийн шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.

Пүрэв, 08 8-р сар 2019 00:00

Аюулгүй ажиллагчид шалгарлаа

   Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн удирдлагын эдийн засгийн үнэлгээний тухай журам, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үнэлгээний комиссын шийдвэр болон бүтцийн нэгжүүдийн 2019 оны хоёрдугаар улирлын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр хэсэг тус бүрээс Баяжуулах үйлдвэр, Дулааны цахилгаан станц, Чанарын хяналтын хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолборууд бусад цех нэгжүүдээ манлайллаа.
   Энэ тухай мэдээллийг өнөөдөр болсон ХАБЭА-н сарын зөвлөгөөний үеэр танилцуулсан юм. Зөвлөгөөний үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, аюул эрсдэлийг илрүүлэн мэдээлсэн, үр ашигтай санал дэвшүүлсэн ажилчдыг “Аюулгүй ажиллагч”-аар шалгарууллаа.
   2019 оны  хоёрдугаар улиралд  “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад 27 ажилчин анх удаа бүртгэгдэн, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа. Харин “Аюулгүй ажиллагч”-аар хоёр дахь удаагаа бүртгэгдсэн 14 ажилтан үйлдвэрийн газрын удирдах бүрэлдэхүүнтэй хүлээн авалт, ярилцлагад оролцож санал бодлоо солилцох бол “Аюулгүй ажиллагч”-аар гурав дахь удаа бүртгэгдсэн 14 ажилтныг журмын дагуу мөнгөн шагналаар шагналаа. Аюулгүй ЗӨВ ажиллацгаая.   

   А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс зохион байгуулсан “ХАБ ба үйлдвэрлэлийн гоо зүй” сэдэвт аян гурван сарын турш үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. Оролцогч 21 цех, нэгжийн ажлыг зургаан үзүүлэлтээр дүгнэхэд Баяжуулах үйлдвэр манлайлж, Засвар механикийн завод, Үйлчилгээ, аж ахуйн цех тус тус удаалж, тусгай байрт Засвар угсралтын цех, Тээвэр ложистикийн төв шалгарсан байна.
   Аяны хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хамт олон ажлын байран дахь аюул ослыг бууруулахад онцгой анхаарч, нөлөөт толь суурилуулан, бутлан тээвэрлэх хэсэгт зүг чиг заагч тэмдэг байрлуулах зэрэг хэд хэдэн ажил хэрэгжүүлснээр тэргүүн байр эзэлжээ. Харин Засвар механикийн завод ажлын байр болон автобусны зогсоолоо шинэчлэн сайжруулж, бага эмчийн өрөөг орчин үеийн эмнэлгийн стандартад нийцүүлэн тохижуулжээ. Гоо зүйн аяны хүрээнд нурууны массажны аппараттай болсон нь ихээхэн үр дүнтэй ажил болсныг заводынхон онцолж байна. ХАБЭА-н хэлтсээс улирал тутам аян хэрэгжүүлэхээр төлөвлөн, хоёр дахь аяны хаалтаа хийж байгаа нь энэ юм.
   Мөн өнөөдөр ХАБЭА-н хэлтэс сарын зөвлөгөөнөө зохион байгуулж, цех, нэгжүүдийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлууд болон тулгамдсан асуудлууд дээр санал солилцлоо. Сар бүрийн эхний долоо хоногт болдог тус зөвлөгөөний үр дүнг шийдвэрлэх түвшинд танилцуулан, уламжилдаг. ХАБЭА-н хэлтсийнхэн наймдугаар сарыг “Зохион байгуулсан ажлуудаа дүгнэх сар” хэмээн тодотголоо. 

  

  

  

  

 

  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж бүрд аюул ослыг илрүүлэх, мэдээлэх, эрсдэлийг бууруулж, арилгах чиглэлээр хэн яаж оролцож байгааг мэдээлэх үүрэг бүхий сайн дурын 153 мэдээллийн хаалгач ажилладаг. ХАБЭА-н хэлтсээс мэдээллийн хаалгач нарыг дэмжин урамшуулах, тэдний мэдлэгийг тэлэх, сургалтын таатай орчинд багаар ажиллах арга техник эзэмшүүлэх зорилгоор 20 залууг сонгон, ӨМӨЗО-ны Манжуур хотноо аялангаа суралцах хөтөлбөрт хамруулаад иржээ.
   “Ажлын байранд мэдээ мэдээллийг түгээх арга” сэдэвт тус сургалтаар ХАБЭА-н холбогдолтой мэдээ мэдээллийг хэрхэн хялбарчилж, утгыг алдагдуулалгүйгээр үнэн зөв хүргэх, дүрэм журмыг хурдан ойлгох арга техникт суралцсан байна. Аялангаа суралцах нь оролцогчдыг идэвхжүүлж, илүү санаачилгатай, урам зоригтой болгосон талаар хөтөлбөрийн ахлагч, ХАБЭА-н хэлтсийн Сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл хэлж байсан. Арга техник эзэмшүүлэх нь нэг удаагийн сургалтаар хийгдэх ажил биш тул он дуустал системтэй мэдлэг олгохоор төлөвлөжээ. Мэдээллийн хаалгач нар сурсан мэдсэнээ үйлдвэрийн 16 нэгжид туршин, хэрэгжүүлнэ.  

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн хамт олон энэ онд хөрөнгө оруулалтын чиглэлээр дөрвөн ажил хийхээр төлөвлөжээ. Үүний нэг нь Цахилгааны цехийн хүнд даацын автомашинд зориулагдсан зам засварын ажил юм. Зам засварын ажлын гүйцэтгэгчээр “Төгс цаст” ХХК ажиллаж 80 хоногийн хугацаанд хийж дуусгахаар төлөвлөжээ. Тус компанийн хамт олон зам засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Замын гэрэлтүүлгийн агаарын шугамын шинэчлэлтийн ажил, трансформаторын маслоны аж ахуйн дулаацуулгын системийг солих зэрэг бусад хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь материал, ханган нийлүүлэлт хүлээгдэж, хараахан эхлээгүй байна гэж Цахилгааны цехийн Үйлдвэр техникийн албаны дарга мэдээллээ.

А.Бямбамаа

   Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогын дагуу нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Ингэхдээ 2014 онд таван жилээр батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай 17 журмыг хэрэгжүүлэн, мөрдлөг болгон үйл ажиллагаандаа тусгаж ажилладаг.  
   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс долоо хоног бүрийн лхагва гарагт Манлайллын хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр болсон хурлаар шинэчлэгдэн, батлагдсан журмуудыг ХАБ-ын ажилтнуудад танилцуулсан юм.
   Таван жилээр батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам”-ын мөрдөх хугацаа дууссан тул Ерөнхий захирлын тушаалын дагуу ажлын хэсэг байгуулан журам шинэчлэх ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар зургаан журам шинэчлэгдэн батлагджээ. Өмнөх журмуудаас давуу тал, онцлог байдлын талаар нийт ажилчдад таниулж сурталчлахын тулд бүтцийн нэгжүүдийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерүүдэд ийнхүү шинэчлэгдэн, батлагдсан журмуудыг танилцууллаа. ХАБ-ын инженерүүдээр дамжуулан үйлдвэрийн нийт ажилчдад мэдээлэл өгөх юм.
   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн орлогч дарга Б.Баттайван: “Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын соёл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүргэж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлан олон нийтэд түгээх үйлсэд  үнэтэй хувь нэмэр оруулдаг Эрдэнэт үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны хамт олонд амжилт хүсье” гэлээ.   

А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 8-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Зургийн цомог