Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Бямба, 09 11-р сар 2019
   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд үргэлжилсээр байна. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдаас бүрдсэн энэ удаагийн лиг Улсын шигшээ багийг бүрдүүлэх зорилго тавьсан. Ур чадвар, авхаалж самбаагаа дайчилсан багуудын тоглолт өрсөлдөөнтэй, хөгжөөн дэмжигчдийн уухай заал дүүрэн цуурайтсан амралтын өдрийн эргэн тойронд мэдээ мэдээллээ бэлтгэсээр байна. 

   
 
   Өчигдөр буюу 11 дүгээр сарын 08-ны өдрийн эхний тоглолт “Энагурэ”, “Тэнүүн Огоо” багийн эмэгтэй тоглолтоор эхэлж, гурван үе үргэлжилсэн тоглолт 3:0 харьцаатайгаар “Энагурэ” багийн хожлоор өндөрлөсөн юм. Лигийн нэгдүгээр тойргийг 5 оноотой дуусгасан “Хилчин Алтайн барс” баг “Уурхайчин” багийг 3:0 хожсоноор үндсэн оноогоо 8 болгон ахиуллаа. Тэмцээний гурав дахь тоглолт “Хобби Эйс”, “Дархан сеть” багуудын хооронд мөн 3:0 ялалтаар өндөрлөж, “Хобби Эйс” баг ширүүхэн өрсөлдөгч болохоо харууллаа. 
   Эрэгтэй багуудаас “Ховд Алтайн барс хилчин", “Хос Бар RKH"-ын тоглолт 3:0 харьцаатай өндөрлөв. “Эрчим”, “Уурхайчин” багуудын тоглолтын тооны харьцаа 3:1 болж, “Эрчим” баг оноогоо ахиулж чадлаа. “Булган”, “Тэнүүн-Огоо” багийн хооронд өрнөсөн дараагийн тоглолт “Тэнүүн Огоо” багийн 1:3 гэсэн илт давуу байдлаар дууссан. 
   Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 9-ний өдрийн эхний тоглолт “Дархан сеть”-ийн эмэгтэй баг “Уурхайчин”-г 3:1 харьцаагаар талбай дээр нь буулгаж авснаар эхэллээ. Харин хоёр дахь тоглолт "Хобби-Эйс", "Энагурэ" багуудын дунд болсон бөгөөд таван үеийн турш үргэлжилсэн тоглолтын дүнгээр 3:2 харьцаагаар “Хобби эйс”-ийн охид ялалтыг гартаа авлаа. Хоёрдугаар тойргийн чухал тоглолтын нэгээр “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Тэнүүн Огоо”, “Хилчин Алтайн барс” эмэгтэй багуудын тоглолт нэрлэгдсэн бөгөөд 3:0 харьцаатай “Тэнүүн Огоо” багийн хожлоор хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөж байна. 
   Эрэгтэй багууд “Эрчим”, “Булган” багуудын тоглолтоор эхэлж, “Эрчим”-ийнхэн уран чадварлаг тоглолт үзүүлэн, тоглолтын харьцааг 3:0 болгосноор хожлоо авч чадсан юм. Хоёрдугаар тойргийн 11 дэх тоглолт Х.Бадамсүрэн эзэнтэй, ОУХМ Л.Төгсбаяр дасгалжуулагчтай Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” баг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт эзэнтэй, Спортын мастер Б.Мөнгөндөл, Б.Болдбаатар дасгалжуулагчтай “Ховд Алтайн барс хилчин” багуудын хооронд болж, тоглолт 0:3 харьцаатайгаар өндөрлөсөн нь “Барсууд” тэмцээний үндсэн оноогоо ахиулах боломжийг олголоо. Мөн “Мегастарс”, “Хос бар RKH” багууд энэ өдрийн шувтаргын тоглолтыг хийж, “Мегастарс” баг 3:1 харьцаатайгаар хожсон юм.
   Хоёдугаар тойргийн сүүлийн өдрийн тоглолтууд маргааш өглөө 08.00 цагт “Ховд Алтайн барс хилчин”, “Энагурэ” багуудын тоглолтоор эхэлнэ.
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Монголын Волейболын  Үндэсний дээд лигийн  2-р тойргийн тэмцээнд “Эрчим”, “Булган”  багийн эрэгтэй  тамирчид өрсөлдөж, Эрчим баг 3:0 харьцаатай хожив. Тоглолтын дараа “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” клубийн багийн  ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуштай уулзаж ярилцлаа.
 
 
   - Юуны өмнө өрсөлдөгчөө илт давуу тоглолтоор буулган авсан танай багт баяр хүргэе.
   - Баярлалаа. 

   - “Булган” багтай тоглох гол тактик юу байв?
   - Анхнаасаа л давуулалтаа чангалж, эсрэг багийн нэгдүгээр дамжуулалтыг сарниулж, “нам”-ын довтолгоогүй болгож, өндрийн довтолгоон дээр төвлөрсөн хаалтууд тавья гэж  төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу тоглож өрсөлдөгчөө хожлоо.

   - Танайхны  хүчтэй довтолгоо эсрэг  багийн тамирчдыг хүнд байдалд оруулж байсан. Хүчтэй довтолж бөмбөгийг өөртөө шилжүүлэх үед танд юу бодогддог вэ?
   - Ер нь оноо салгасны дараа багаа хожилд хүргэхэд нэг алхам ойртууллаа гэж баярладаг. Энэ үед дамжуулагч, холбогч нартаа урмын үг хэлдэг. 
 
   - Танай багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
    - Манай  мөнхийн хүчтэй өрсөлдөгч бол “Хасу Мегастарс”. Тэмцээн болгонд өгөө аваатай хождог, үе тэнгийн залуус байдаг. 
 

   - Гол өрсөлдөгчтэйгээ хэрхэн тоглохоор төлөвлөж байна?
   - Волейболын спортын хамгийн чухал зүйл давуулалт байдаг. Давуулалтаа чангалсан тохиолдолд “айлын” довтолгоо сарнидаг. Давуулалтаа чангалаад хаалтаа зөв тавьж л тоглоно доо. 

   - Энэ жилийн “Үндэсний лиг”-т ямар амжилт гаргах зорилготой вэ?
   - Түрүүлэх зорилго тавьсан. Эхний тойрогт 2-оор гарсан. Ер нь тэргүүн байрт өрсөлдөх багуудын тоонд орсон яваа. Бид зорилгынхоо төлөө хичээж тоглоно. 

   - Танай багийн онцлог?
   - Монголын  хамгийн шилдэгт тооцогддог довтлогч тамирчид манайд байдаг. Манай багийн тоглогчдын довтолгоо өрсөлдөгч багуудын хамгаалагчдын толгойн өвчин болдог болов уу. 

   - Танай легионер тамирчны  довтолгоо ч бас хүчтэй байсан ?
   - Нэгдүгээр тойргийн эхний тоглолтуудад легионер тамирчинтайгаа сайн ойлголцохгүй байсан. 2-р тойрогтоо маш сайн ойлголцож, яг нэг баг болж чадсан. 

   - Багийн амжилтад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл юу вэ?
   - Манай багт Олон улсын хэмжээний мастер Отгонтөгс, Мөнх-Оргил гэж  их туршлагатай тамирчид бий. Тэд багийг нэгдмэл бас  амжилттай байхад ихээхэн нөлөөлдөг.  Эгзэгтэй үед чухал зөвлөгөөг тэд маань л  өгдөг.
                                                                                                                                                           
                                                                                                                   Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс
 
 
 
 
 
 
 
 

 

 

   Монголын волейболын дээд лигийн тэмцээний хүндэт зочин, Олон улсын хэмжээний мастер Х.Хандсүрэнтэй уулзаж дурсамжаас нь хуваалцлаа.

   - Та хэдэн настайгаасаа спортод дурласан бэ?
   - Би дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа өндөр, уртад харайдаг, ойрын зайд гүйдэг, хөнгөний тамирчин байлаа. Сонгиноос хотод шилжиж ирээд Спортын төв ордонд Н.Норов багшийн удирдлага дор уран сайхны гимнастекаар хичээллэдэг болсон. Бүр нэгдүгээр зэрэг авсан.


   - Волейболын спорт руу “халтирч” орсон нь хэзээ вэ?
   - Тэр үед хөдөлгөөний эвсэлтэй хүүхдүүдийг биеийн тамирын багш нар спортын төрөлд шилж авдаг байсан юм. Нэг өдөр гимнастекийн бэлтгэлээ хийж байтал олон хүн орж ирээд бүгдийг нь тойруулж харж байснаа намайг заагаад “Энэ хүүхдийг авнаа” гэсэн. Юунд авч байгааг нь ч ойлгоогүй. Багш маань намайг өгөхгүй гэж үзээд дийлээгүй, волейбол руу алдсан даа. Би их өндөр хүүхэд байсан юм.

   - Волейболын спортын тамирчнаараа олонд танигдсан үеэ дурсаач?
   - Долдугаар анги төгсөөд оюутан болсон. Тэр үед цэргийн хувцас өмссөн хүүхнүүд гоё харагдаад болдоггүй ээ. Тэгэхээр нь хоёрдугаар курсээсээ сургуулиа орхиод “Алдар” нийгэмлэгт шалгуулаад тамирчнаар орчихсон. 1964 онд ажил хөдөлмөрийн гараагаа ахлах цолтой эхэлж байлаа. Нийгэмлэгийн шигшээ багт тоглож олонд танигдсан гэж хэлж болно.

   - Ид тоглож байх үедээ оролцож байсан томоохон тэмцээн...?
   - 1969 онд Ташкентад олон улсын оюутан залуучуудын наадамд оролцож байлаа. Олон улсын тэмцээн Венгирт болоход гурван удаа явсан. Олон улсын армийн тэмцээнд тоглосон. 1970 онд Болгарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж, 30 гаруй улсаас манайх 16-д шалгарч байлаа. Тэнд хамгийн их урам хугарсан. Куба, манайх хоёр тоглоод 17:15-ын харьцаагаар хожигдсон. Уг нь манай баг маш сайн тоглосон юм. Тэр үед улсын шигшээ баг Солонгос дасгалжуулагчтай байсан. Дэлхийн аваргад явж байсан багийн гишүүдээс одоо цөөхөн хүн үлдэж дээ.
   
   - Та багтаа ямар үүрэгтэй тоглогч байсан бэ?
   - Би волейболын улсын шигшээ багт олон жил өргөгч хийсэн. Одоо энэ “сагсны” Ц.Шаравжамцын ээж Борхүүгийн холбогч байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд Алимаа, Үнэнбат бид гурав л холбодог байсан шүү дээ. Ц.Шоовдор эгчид Үнэнбат холбодог байсан.

   - Та Нийслэлийн 28-р сургуульд биеийн тамирын багшаар олон жил ажилласан. Шавь нар олон уу?
   - Тоолж явсангүй ээ. 40-өөд жил биеийн тамирын багшаар ажиллахдаа волейболын секц хичээлүүлж олон мянган шавьтай болсон. Би айлын ганц хүүхэд юм. Ээж маань ерэн хэд наслаад саяхан өөд боллоо. Аав маань эрт өнгөрсөн. Би аав, ээжийгээ олон удаа баярлуулсан гэж боддог. Аав маань нэг удаа “Хүүхэд ганцаддаггүй юм байнаа” гээд намайг үнсэж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр үед л багаасаа спортоор хичээллэж тамирчин болсны хэрэг бүтлээ дээ гэж бодогдсон. 

   - Залуусын тоглолт үзэж суухад нүдэнд тусч байгаа тамирчин байна уу?
   - Сайхан тоглож байгаа олон залуус байна. Миний нэртэй, Хандсүрэн гэж охин сайн тоглож байна. Заримынх нь нэрийг мэдэхгүй юм. Очоод хэлээд зөвлөчихмөөр санагдах үе зөндөө. Манай волейболынхон дээд үеэ мэддэг их зарчимтай улс. Залуус маань биднийг их хүндэлж явдагт талархдаг.

   - Танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.   
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

   Монгол Улсын гавьяат дасгалжуулагч,  Волейболын спортын олон улсын хэмжээний мастер Н. Чулуунбаатартай Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн үеэр ярилцлаа.


 

   - Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

   - Үнэхээр сайхан байна. Үе үеийн тамирчид, хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг хөдөлгөсөн, өвөрмөц шинэлэг сайхан үйл ажиллагаа боллоо. Волейболын спортын дөрвөн үеийг нэгэн дор уулзуулж, биднийг гүн хүндэтгэсэн Монголын Волейболын холбоо, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн удирдлага мөн зохион байгуулах комисст баярлалаа.

   - Та волейболын спорттой хэзээнээс “нөхөрлөсөн” бэ?
    - Бидний багад спортын заал гэж байсангүй. Хариугүй жаахан танхимд багш нарынхаа тоглохыг  шимтэн харсаар л энэ спортод татагдан, насан туршдаа үнэнч явна. 1963 онд Монголын Бүх ард түмний 2-р спартикиадаар түрүүлснээс хойш долоон  спартикиадад орж тавд нь аваргалсан. Алдар спорт хороонд 20 гаруй жил талын довтлогчоор тоглосон. Би 60 гаруй жил волейболоор хичээллэж, спортын байгууллагад 50 гаруй жил ажиллажээ. 75 настай ч уралдаан тэмцээнд оролцсоор бие эрүүл, шүд бүрэн, саруул сайхан яваа маань энэ  спортын ач. Одоо би Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт арга зүйчээр ажиллаж, волейболын секц дугуйлангаар залуу үеэ бэлтгэсээр  явна.

   - Залгамж халаа тамирчдын уран чадварын талаар та юу хэлэх вэ?
   - Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн сайхан тоглолтууд болж байна. Ер нь волейболын спорт хөгжлийн шинэ шатанд гарч буй нь тамирчдын ур чадвар, зохион байгуулалтаас харагдаж байна. 

   - Дасгалжуулагчийг тамирчдынх нь  амжилт  баясгадаг. Энэ тухай бяцхан дурсамж хуваалцаач?
   - Олон сайхан шавь нарынхаа амжилтаар бахархдаг. Дээхэн “Залуу монгол” баг Лигийн аварга болоход би ахлах дасгалжуулагчаар, миний шавь Баатархүрээ дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Багш шавь гар нийлэн дасгалжуулж аварга төрүүлсэн тэр мөч үнэхээр сэтгэлээс гардаггүй. Ер нь дасгалжуулагч байна гэдэг тамирчныхаа аав, ах, эмч, сэтгэл зүйч нь байдаг юм.

   - Монголын волейболчдын ирээдүйг та хэрхэн хардаг вэ?
   - Тоглолтын ур чадвар, техник, комбинаци хөгжиж байна. Ер нь энэ байдлаараа бэлдэж Үндэсний шигшээ багтай болбол Азидаа амжилттайтоглох боломж бий. Багийн спортыг хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.  Үндэсний шигшээ баг байгуулан, шилдэг тамирчдыг бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй. 
 
                                                                                                                   Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс

   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лиг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд зочноор уригдан ирсэн ахмадуудынхаа сэтгэгдлийг бид цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. “Хоршоолол” нийгэмлэгт харьяалж, Улсын шигшээ багийн тамирчнаар тоглож байсан ахмад тамирчид өнөөгийн залуучуудын ур чадварыг хэрхэн үнэлж байгаа талаарх яриаг хүргэе.

 
Спортын мастер, ахмад тамирчин Б.МАРТ: Эрдэнэтийн дэвжээ биднийг “Улсын аварга” болгосон
 
 
   - Волейболын спортын хөгжилд ахмад үеийнхний үүрэг оролцоо их байсан. Таны хувьд аль багт тоглож, ямар тэмцээн уралдаанд оролцож байв?
   - Би 9-р ангид байхдаа Улсын шигшээ багийн тамирчин болсон. Тухайн үед буюу 1968-1970 онд БНАСУ-аас урилгаар ирсэн дасгалжуулагч багшийн удирдлага дор анхны шавь нь болж, энэ спортын гайхамшигтай техникүүдэд суралцан, Азийн хурдан тоглох арга барилыг эзэмшсэндээ өнөө хэр баярлаж явдаг юм. Шигшээ багт 12 эмэгтэй байснаас хамгийн залуу тамирчин нь би байлаа. Бид хойд Солонгост бэлтгэл хийж ирсний дараагаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход туслах довлогчоор явж, 24 багаас шилдэг 16-д шалгарсан амжилт үзүүлсэн. Тус тэмцээнд Герман, Куб, Болгартай нэг зоонд тоглон, эн тэнцүү өрсөлдөж билээ. Кубын баг эхний 8-д өрсөлдөж, бид 9-16-д орсон байдаг юм. Биднийг тэмцээнээс ирсний дараа Улс бодлогоор дэмжсэн бол магадгүй Куб шиг дэлхийд өрсөлдөх хэмжээний баг гарах байсан болов уу. Гэтэл эсрэгээрээ Солонгос багш нутаг буцаж, шигшээ багийг тараасан. Бид 1970-1989 оны хооронд Олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцон нэг мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болсон. “Үйлдвэр хоршооллын Олон Улсын тэмцээн” 1972 онд зохиогдоход бид анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байлаа. Улмаар зах зээлийн шуурганд бүх л спорт өртөж, хөгжил нь хумигдсан. Монгол хүнд авьяас бий. Үүнийг Улс бодлогоор дэмжээд өгвөл болохоор санагддаг.

     - Эрдэнэт хоттой холбоотой сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
  - 1985 онд Эрдэнэт хотод Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Хоршоолол” нийгэмлэгийн баг тамирчидтайгаа ирж байлаа. Манай баг шувтаргын тоглолт дээр Их сургуулийн багтай аваргын төлөө үзэж, “Улсын аварга” болж байсан үе санаанд тод үлджээ. Эрдэнэтийн дэвжээ их ээлтэй.

   - Тоглолтын тухайн юу хэлэх вэ?
   - Өнөөгийн залуучуудын үсрэлт, авалт, давуулалт маш хүчтэй болсон нь харагдаж байна. Дэлхийн давуулалтын хурд 130 гаруй км/ц хурдтай болсон энэ үед өөрсдийгөө хөгжүүлж, цаг үеэ мэдэрч байгаа нь сайшаалтай. Манай эрэгтэйчүүд саяхныг болтол үсрэлтэй давуулалт хийж чаддаггүй байсан бол чадвар нь үнэхээр их сайн болсон байна. Дэлхийтэй ойртож байгаа нь сайн хэрэг. 
 
 
Спортын мастер, ахмад тамирчин Л.БАДАМСҮРЭН: Ямар ч зүйл хийсэн чин үнэнчээр хийж байгаарай

 
  - Спортын түүхэнд тод мөртэй ахмадынхаа сэтгэгдлээс хуваалцахад сайхан байна. Улсын шигшээ багийн тамирчин байсан үеэ бидэнтэй хуваалцахгүй юу? Өнөөдөр та ямар ажил алба эрхэлж байна вэ?
   - Би хүүхэд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж байгаад 1967 онд өөрийн хүсэл сонирхлоор 18 насандаа волейболын спорт руу орсон. Өндөр нуруутай гээд “Хоршоолол” нийгэмлэгийн тамирчин болж байлаа. Улсын шигшээ багийн тамирчин болсноор  Солонгос багшийн удирдлагаар олон зүйл сурсан. 1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үед би 20 настай, багийнхнаасаа ахмад нь гээд хасагдаж билээ. “Хоршоолол” нийгэмлэгтээ тоглож, 4-р спартикадын аварга болж, тасралтгүй тэмцээнд орсон. Тэр үед албан байгууллагаараа тэмцээнд их орно. Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа 1974 оноос “Хөдөлмөр” нийгэмлэгт орж, насаараа тэр багтаа тоглосон. 1998 оноос хойш өнөөг хүртэл тоглож амжаагүй л явна. Одоо 10-аад хүнийг ажлын байраар ханган, ажлын хувцасны үйлдвэр ажиллуулж байгаа.

   - Эрдэнэт хотод болж байгаа энэ удаагийн тоглолтын талаар юу хэлэх вэ?
   - Бид хэд хэдэн удаа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Эрдэнэтэд ирж байсан. Олон Улсын тэмцээнд орж байгаа юм шиг биднийг их сайхан угтан авсан. Сүүлийн үед ажил ихтэй, багийнхантайгаа уулзаж амжихгүй байлаа. Эрдэнэт явъя гэхээр нь тэмцээнээ үзэх гээд хүрээд ирлээ. Залуучууддаа хандан хэлэхэд, ямар ч зүйл хийсэн чин үнэнчээр хийж байгаарай гэж хэлье.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Монголын волейболын Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний онцлогуудын талаар Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Эрчис тал клубийн захирал  Дашийн Баяраа ярьж, Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийллээ.

 
   “Монголын волейболын холбоо шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний хийхээр төлөвлөсөн нэгэн томоохон ажил нь Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн юм. 2011 оноос хойш зогсонги байсан их спортыг бид зохион байгуулж байгаа нь нэг онцлог юм. Энэ тэмцээнээрээ Монголчууддаа волейболын спортын гайхамшгийг мэдрүүлэх, таниулах, хөгжүүлэх их үйлсийг хамтдаа бүтээнэ. Бидний ирээдүй болсон залуучууддаа ахмадуудаа хүндэтгэх, бахархах ёстой гэдэг үүднээс гавьяатууд ахмад тамирчдаа урьж оролцуулж байгаа нь тэмцээний нэг онцлог юм. Лигийн аваргын тэмцээнд хоёр япон тамирчин,  2,3м өндөртэй  АНУ-ын тамирчин анх удаа оролцож байгаа нь бас нэг онцлог болж байна. Хөдөө орон нутагт анх удаа тэмцээний нээлт боллоо. Улаан хивсэн дээгүүр тамирчдыг алхуулна гэдэг тамирчдад итгэл төрүүлэн, урам зориг өгсөн сайхан үйл ажиллагаа болж байгаагаар онцлог болж байна.  Уурхайчин багт 15-16 насны, бидний ирээдүй болсон залуу тамирчдыг оролцуулж байгаа нь тэмцээний содон онцлог болж байна. Эдгээр залуус Монгол Улсын нүүр царай болсон шилдэг тамирчид болно гэдэгт итгэлтэй байна”. 
   “Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбоог тэргүүлж байсан хүн. Энэ хугацаанд Уурхайчин багийг байгуулснаас хойш  21 дэх жилдээ баг нь амжилттай сайн явж байна. Энэ хүний сэтгэл, их спортыг дэмжиж байгаа нь үнэхээр агуу. Монгол Улсын хамгийн том үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо маш их баярлаж байна. Уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шимийг хүртэж байгаа хувьтай хүмүүс гэж боддог доо. Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад хамгийн идэвхитэй оролцож байгаа Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Готовын Баярсайхан ахдаа амжилт хүсье”. 
 
                                                                                              А.Бямбамаа
   Хасу Мегаватт ХХК-ийн дэд захирал, Монголын Волейболын холбооны тэргүүлэгч гишүүн Т.Алтансүх өөрийн “Хасу Мегастарс” багийн тамирчдаа дэмжиж байхад нь уулзаж ярилцлаа.
 

 
   - Танай баг энэ удаагийн тэмцээнд амжилт арвин уу?
   - Хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд эхэллээ. Манайх нэгдүгээр тойрогтоо зургаа тоглож, зургаа хожсон. Өөрөөр хэлбэл нэгдүгээр тойргоосоо нэгээр гарсан. Эрдэнэтэд 16 тамирчинтай явж байна.

   - Өрсөлдөгчид “ширүүн” байна уу?
   - Үнэхээр сайн байна. Энэ удаагийн Үндэсний дээд лигийн тэмцээний онцлог нь легионер тамирчид урьсан явдал. Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” баг хоёр оростой, Булганы баг мөн хоёр оростой, “Алтайн барс” хоёр японтой, “Эрчим” баг нэг оростой. Харин манайх Америк, 198 см өндөр нэг тамирчинтай тэмцээнд оролцож байгаа. Ер нь багуудын чансаа ижил түвшинд байна. Тоглолтын дүнгийн харьцаа ч ойролцоо яваа.

   - Одоо энэ тоглож байгаа залуус “Хасу Мегастарс” клубын хэд дэх үеийн тамирчид вэ?
   - Манай гурав дахь үеийн тамирчид тоглож байна. Хасу Мегаватт компанийн “Хасу Мегастарс” клуб өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн багтай. Манайд эмэгтэй баг байсан одоо байхгүй. Гурван үеийн тамирчид дээшээ бие биеэ нөхөөд явчихдаг юм. Хамгийн ахмад тамирчин нь 27 настай. Манайхаас Олон улсын хэмжээний мастер хоёр, спортын мастер 10 гаруй төрсөн.

   - Монголын волейболынхны хамгийн том амжилтын талаар яриач?
   - 2008 онд болсон Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд Хятадын багийг хожиж хүрэл медаль хүртсэн. Сүүлийн үед клубууд амжилт их гаргаж байна. Тухайлбал, манай баг түрүү жил Жакартад болсон Азийн наадамд оролцсон. Дараа нь Шри Ланкад болсон тэмцээнд оролцож багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн Японд очиж тоглосон, саяхан Буриад улсад зохиогдсон тэмцээний аварга болоод ирсэн. Гадаад, дотоодод чансаа үзэх тоглолтод оролцож л байвал туршлага хуримтлагдаж, баг сайжирдаг.

   - Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлт Эрдэнэтэд боллоо. Сэтгэлд нийцэв үү?
   - Гайхамшигтай. Эрдэнэтчүүд маань биднийг үүрээр төмөр замын буудал дээр элэгсэг дотно хүлээн авч, халуун цайгаар дайлж, дуу хуур болж угтсанд сэтгэл үнэхээр огшсон. Орой нь “Хангарьд” паласт волейболын үндэсний дээд лигийн тэмцээний нээлт ёслол төгөлдөр, шинэлэг боллоо. Бүх үйл ажиллагаанд асар их сэтгэл, зүтгэл шингэсэн нь харагдаж байсан. Одоо тэмцээн маргаангүй, сайхан явагдаж байна.       
 
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС
 
                     
 
  
 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог