Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2019

   Улс үндэстний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх суурь хүчин зүйлсийн нэг гэгддэг инновацыг эх орондоо хөгжүүлэх зорилгоор байгуулсан Технологи ба инновацыг дэмжих төвүүдийн (Technology and innovation support center-TISC) үндэсний сүлжээнд Технологийн сургууль нэгдэн орлоо. Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга С.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү нар энэ сарын 20-ны өдөр гэрээнд гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа баталгаажсан юм. ТISC буюу технологи, инновацыг дэмжих үндэсний сүлжээнд нэгдэн орох нь Олон улсад хэвлэгддэг шинжлэх ухааны холбогдолтой ном товхимол, сэтгүүлүүдийг хямдралтай үнээр унших, олон төрлийн сургалтанд үнэгүй хамрагдах боломж олгодгоороо давуу талтай. Инновацыг дэлгэрүүлэх нь орон даяар техникийн болон шинжлэх ухааны мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, патентын тухай мэдлэг мэдээллийг тэлж, оюуны өмчийн мэдээллийн санд хэрэгцээ шаардлагынхаа дагуу хайлт, дүн шинжилгээ хийхэд туслахаас гадна өргөн утгаараа аливаа улс орныг дэлхийн эдийн засгийн өсөн нэмэгдэж буй сорилтуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.  

   Технологийн сургуулийн хамт олон өнгөрсөн сард оюутнуудад зориулсан бизнес инкубатор төвийн нээлтийг хийж, мэргэжилдээ үндэслэн бизнесийн салбарт хөл тавихаар зорьж буй залуучуудаа дэмжихээр шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд гурван багийн 10 гаруй оюутан залуус чадавхижиж байна. Уул уурхайн мэргэжилтэй залуусын бүтээмжийн шинэлэг санааг хөгжүүлж, бизнесийн орчинд байр сууриа олоход туслах зорилготой энэхүү төв эх орондоо инновацын бүтээл гаргадаг түшиц газар болохоор алсын хараагаа тодорхойлжээ.

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т  ажилд оруулна гэсэн залилангийн 8 хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм. Үйлдвэрийн зарим удирдлагуудыг таньдаг хэмээн бусдыг мэхэлж олон сая төгрөгийн хохирол учруулсан иргэдэд хууртахгүй байхыг анхааруулж байна. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгууллагын дотоод дүрэм журмаар нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах, үйлдвэрт 20 ба түүнээс олон жил ажилласан ажилтан өндөр насны тэтгэвэрт суухад нэг хүүхдийг нь мэргэжил, болон эрүүл мэнд бусад шалгуур үзүүлэлт хангасан тохиолдолд ажилд авдаг. Түүнээс бус хэн нэгэн хувь хүнээр зуучлуулан, бусдад авлига өгөх журмаар ажилд орох ямар ч боломжгүй гэдгийг Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр хэлж байна. Тэрээр “Иргэд мэдээлэл дутмаг байдлаас болж бусдад залилуулж байгаа хэрэг өмнө гарч байсан. Одоо ч байсаар байна. Бид сонгон шалгаруулалтыг улам боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна. Аль болох хүний оролцоогүй шударга явуулахад бид арга хэмжээ авч байгаа. Хэрвээ хэн нэгэн дээрх сэдлээр хандаж ямар нэг тохиолдолд мөнгө авч, амлалт өгч байвал хуулийн байгууллагад хандаж шалгуулах хэрэгтэй. Магадгүй манай байгууллагын ажилтан холбоотой бол бидэнд мэдээлэл өгч шалгуулж болно” гэлээ. Сул ажлын байрны зарыг www.erdenetmc.mn сайтаар бүртгэх бөгөөд эндээс ажлын байрны сонгон шалгаруулалтын  мэдээллийг авах боломжтой юм.