×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2018

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, хөтлөгч, МУСТА Пүрэвийн Энхтуяа “Гэгээн үдэш” уран бүтээлийн анхны цэнгүүнээ энэ сарын 22-ны өдөр “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулна. Тус цэнгүүн нь тайз, дэлгэц хосолсон анхны уран бүтээл болж байгаагаараа онцлогтой юм. Энэ талаар өнөөдөр болсон Хэвлэлийн бага хуралд мэдээлэл хийлээ. Тоглолтонд МУУГЗ Г.Чулуунбат, МУГЖ Л.Чулуунчимэг, МУСТА Д.Март, МУСТА Я.Гэрэлчулуун нарын болон дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид оролцоно. П.Энхтуяагийн “Гэгээн үдэш” цэнгүүнээр UBS телевизийн “Сайн уу? Сайнаа” ток шоу нэвтрүүлэг, тайзнаа тоглолт болон амилна.
     Эрдэнэтийн телевизийн салбарын анхдагчдийн нэг, МУСТА П.Энхтуяа нь 29 дэх жилдээ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд сонсогч, үзэгчдэд зориулан олон арван мэдээ, сурвалжлага, нийтлэл нэвтрүүлгийг хүргэсэн. Мөн 2013 онд “Миний өгүүлсэн хорвоо” нэртэй шилдэг өгүүллэгийн аудио цомог, 2015 онд “Хуран мэдэхүйн зам” нэртэй дурьдатгал, түүхийн нийтлэлийн эмхэтгэл, 2018 онд “Насны цөвийг амирлуулагч гурван бурханы судар”, “Ловон Бадамжунай” хос цомгийг бие даан гаргаж байсан.  

 


У.Цэрэнбат
 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан тус компанийн Залуучуудын холбоо, Монголын оюун ухааны академи, “Уурхайчин” соёлын ордон хамтран энэ сарын гуравны өдөр “Оюунлаг залуу-2018” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уурхайчин залуус оролцсон анхдугаар тэмцээнийг хоёр үе шаттайгаар явуулсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн бүх цех, нэгжээс шалгарсан шилдэг 12 баг оюуны бяд шалган өрсөлдөв. “Оюунлаг залуу-2018” тэмцээний тэргүүн байрт С.Буяндэлгэр ахлагчтай Ил уурхайн баг шалгарлаа. Дэд байрт Лаборатори судалгааны төвийн “Сэтгэмж”, гуравдугаар байрт Дулааны цахилгаан станцын “Мегаватт”, Геологи хайгуулын ангийн “Geomind” баг орж, тусгай байрт Баяжуулах үйлдвэрийн “5x5”, “Эрдсүлж” ХХК-ийн “Оюуны бядтай залуус”, Төслийн менежментийн хэлтсийн “Оюуны уурхай” баг тус тус шалгарсан байна.


У.Цэрэнбат


 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх “Уурхайчин” соёлын ордон, дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид, үйлдвэрийн тэргүүний уран сайханчид өнөөдөр тус ордны 40 жилийн ой, өвөл цагийн соёл урлагийн ажлыг нээлээ. Ордны хоймор залрах “Янжинлхам” бурханд хүндэтгэл үзүүлэн цэнгүүлснээр түүхэн баярын үйл ажиллагаа эхлэв. Өнөөдөр тус хамт олон түүхэн үзэсгэлэн гаргаж, баярын хурлаа хийж байна.

У.Цэрэнбат

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн ажилтнууд Говил багийн иргэдтэй уулзалт хийлээ. Уул уурхайн компанийн үйлдвэрлэлээс үүсдэг хаягдал булинга,  элс нь хавар, намрын хуурайшилт, салхины хурд ихтэй үед цагаан тоос болон дэгдэж, Баянцагаан, Говил багийн нутаг дэвсгэрт тархдаг. Цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах богино хугацааны дэд хөтөлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр, орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран 2006-2015 онд хэрэгжүүлсэн. 2018-2021 онд Орхон аймагт хэрэгжих “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, аймгийн Засаг даргын тушаалаар байгуулагдсан, хамтарсан ажлын хэсэг боловсруулжээ. Хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах тус уулзалт Орхон аймгийн Жаргалант сумаас эхэлсэн бол Говил багт үргэлжилсэн. Удахгүй Баянцагаан багийн иргэдтэй уулзалт хийх юм.

 

У.Цэрэнбат

 

Урлаг, соёлын салбарт олон жил тасралтгүй хөдөлмөрлөнө гэдэг хувь хүний эр зориг, авъяас билэг, сэтгэл зүтгэл сорьсон чанга даваа. Энэ давааг давсан хүн л олны дунд хүндлэгдэж явдаг. Ийм нэгэн уран бүтээлч бол Д.Мөнх-Эрдэнэ юм. Түүний хоёр дахь бие даасан тоглолт энэ сарын 17-ны өдөр “Уурхайчин” соёлын ордонд болно. “Хувь заяаны галт тэрэг” тоглолтонд Монголын урлаг, соёлын салбарын, олны танил хамтлаг дуучид оролцох юм байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех, нэгжийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, техникийн ажилтнууд өнөөдөр ноцтой эрсдэлийн удирдлагын менежментийн сургалтад хамрагдлаа. Тэд энэхүү сургалтаар 2014 оноос тус менежментийг хэрэгжүүлж эхэлсэн “Оюутолгой” ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагын тогтолцоо хариуцсан менежер, өндөр эрсдэлийн зөвлөхөөр хичээл заалгаж, дадлага хийв. Уул уурхайн ууган үйлдвэр “Эрдэнэт”-т ноцтой эрсдэлийг удирдах менежментийг 2016 оноос Баяжуулах фабрик, Засвар монтажний цех хэрэгжүүлж эхэлсэн бол Ил уурхай, Авто тээврийн байгууллагын хамт олон үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд ажлын байранд учирч болох ноцтой эрсдлийг урьдчилан удирдах арга барилыг эзэмшиж байна.

У.Цэрэнбат

Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Найрамдлын өдрүүд  10-р сарын 5-аас эхлэн сарын хугацаанд үргэлжлэв.  Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс  58 дахь жилийн  найрамдлын өдрүүдийн хүрээнд ЕБС-ын сурагчид болон цэцэрлэгийн багачуудын дунд олон талт үйл ажиллагааг  зохион байгуулсан юм.

Мөн тус нийгэмлэгээс Найрамдлын өдрүүдийн хүрээнд ОХУ-ын кино өдөрлөгийг Уурхайчин соёлын ордонд зохион байгууллаа. Өдөрлөгийг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б. Мажинбуу нээж, мэндчилгээ дэвшүүлж, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын дэд консул Кузнецов Дмитрий Николаевич нарын зочид ОХУ-ын мэргэжилтнүүд, уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлсэн юм.

Өдөрлөгийн үеэр  ОХУ-ын  “Российскийн рененссанс” кино наадамд оролцсон ОХУ-ын  уран бүтээлчдийн тоглолт, “Дурлалын бооцоо”  инээдмийн  шинэ киног үзэгчдийн хүртээл болгов. Мөн “Кавказад болсон явдал”  киноны гол дүрийн жүжигчин  Н.В.Варлей  хүрэлцэн ирж үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан юм. Тус үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа 200 гаруй гадаадын мэргэжилтнүүд оролцож, Оросын уран бүтээлчдийн шилдэг тоглолтыг үзэж сонирхов.

Нийгмийн хариуцлагын жишиг загварыг бүтээгч Эрдэнэт үйлдвэр ХХК,  орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бодлогын хүрээнд Орхон аймгийн аж ахуйн нэгж,  үйлдвэрлэгчдийг дэмжих зорилт  хэрэгжүүлдэг.  Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр бүхий л хэлбэрээр орон нутгийн үйл ажиллагаанд дэмжлэг өгч  байгаагийн томоохон хэсэг нь жижиг дунд үйлдвэрлэгчид рүү хандсан  худалдан авалтын бодлого юм. Орхон аймгийн үйлдвэрлэгчидтэй  хамтын ажиллагааны хүрээгээ  тэлэх, тэднээс бараа бүтээгдэхүүн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэх чиглэл баримталж буй нь бизнес эрхлэгчдэд таатай нөлөө үзүүлж байна. Тухайлбал, 2016 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн  11 үйлдвэрлэгчтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан 7,7 тэрбум төгрөгийн, 2017 онд 13 аж ахуйн нэгжээс 11,5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ. Тэгвэл  2018 оны 9 сарын байдлаар уг үзүүлэлт 1,5 хувиар өссөн дүнтэй байна. Орон нутгийн үйлдвэрлэгчидтэй энэхүү хамтын ажиллагааны үйл явц,  гарч  буй ахиц дэвшил болон хүндрэл бэрхшээлийн  талаар санал бодлоо солилцох зорилготой уулзалтыг Эрдэнэт  үйлдвэрийн зүгээс санаачлан зохион байгуулдаг. Харин хоёр дахь удаагийн уулзалт өнөөдөр болов.

Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой

Орхон аймгийн  үйлдвэрлэгчидтэй хийх  уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийв. Бид энэ оны 2 дугаар сарын 2-ны өдөр үйлдвэрлэгчдээ хүлээн авч уулзсан. Тэр  үеэр бид та бүхэнтэй хамтран  ажиллах  гэрээ байгуулахад ямар асуудал байгаа эсэх, Эрдэнэт үйлдвэрээс энэ чиглэлээр ямар дүрэм журмыг  баримтлан ажиллаж буй талаар мэдээлж байсан бол энэ удаа өмнөх уулзалтын шийдвэр, үр дүнг  нээлттэй хэлэлцэх, энэ хугацааны үйл ажиллагааны тайланг мэдээлэх болно хэмээн тэрээр хоёр дахь уулзалтын зорилгыг тодотгов.  Мөн 2018 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд олон ажил,үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний дотор Хууль эрх зүйн газар болон Хангамжийн хэлтсээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, орон нутгийн компаниудтай байгуулах хамтын ажиллагааны гэрээг ойлгомжтой, ил тод болгох зорилтыг хэрэгжүүлж ирлээ. Анхны уулзалтанд Орхон аймгийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байв. Эдгээрийн 15 нь үйлдвэрлэгч компани. Бид хамтын ажиллагааны мэдээллээ хэвлэл мэдээлэл болон өөрийн цахим хуудсаар дамжуулан бүхий л хэлбэрээр нээлттэй хүргэхийг зорьж байна. Тиймээс өнөөдрийн уулзалтаар оны эхний 9 сарын тайлан мэдээллийг та бүхэнд хүргэнэ. Энэ бол бидний хамтын ажиллагаа цаасан дээр бус хөрсөн дээр бууж буйг бодитоор харуулах нэг хэлбэр юм. 2019 он бол та бидний хувьд том дэвшлийн жил байх болно.  Өөрөөр хэлбэл,  хамтын ажиллагаатай компаниудын тоо болон худалдан авалтын үнийн дүнг нэмэгдүүлнэ гэсэн үг. 2016 онд Эрдэнэт үйлдвэр үндэсний аж ахуйн нэгж болсон. Ингэснээр Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөх, түүний хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үүрэг хүлээж байгаа. Ер нь Монгол Улсын Их хурал, Засгийн газраас баримталж буй бодлогод үндэсний үйлдвэрлэлийг дэмжин, хөгжүүлнэ гэсэн том зорилт бий. Энэхүү зорилтыг бид бодит ажил хэрэг болгох ёстой. Тиймээс худалдан авалтын бодлого, дүрэм журмыг үүнд чиглүүлж, ил тод нээлттэй, үр өгөөжтэй байх арга хэлбэрийг нэвтрүүлнэ. Үйлдвэрлэгчид та бидний хамтын ажиллагаа харилцан ашигтай, үр дүнтэй байж гэмээнэ үндэсний үйлдвэрлэл хөгжин дэвжих таатай хөрс суурь бэхжинэ. Ирэх он энэхүү зорилтын хэрэгжилтийн жил байна” хэмээн мэдээлэлдээ дурьдсан юм.  

Үйлдвэрлэгчид өсч, нийлүүлэгчдийн тоо буурчээ

Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны тайлан, илтгэлийг Хангамжийн хэлтсээс танилцуулав. Эрдэнэт үйлдвэр худалдан авалтын үйл ажиллагаандаа тухайн бараа бүтээгдэхүүн нь тус үйлдвэрийн хэрэгцээнд нийцсэн байх, чанар стандартын шаардлага хангасан байх, зах зээлийн үнэтэй дүйцэхүйц байх, заасан хугацаанд нийлүүлдэг байх гэсэн дөрвөн үндсэн зарчмыг баримталдаг.

2018 оны эхний 9 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр дотоод болон гадаадын аж ахуйн нэгжүүдтэй нийт 488 худалдан авалтын гэрээ байгуулсны 29 хувь буюу 28,9 тэрбум төгрөгийн 143 худалдан авалтын гэрээг Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй байгуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 149 хувиар өссөн байна.  Дотоодын компаниудаас энэ хугацаанд нийт 102 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ.  Энэ нь өмнөх онуудаас харьцангуй өндөр үзүүлэлт аж. Тухайлбал, 2015 онд 51,3 тэрбум, 2016 онд 62 тэрбум, 2017 онд 102 тэрбум, харин энэ оны эхний 9 сарын байдлаар дотоодын үйлдвэрлэгчдээс авсан  худалдан авалтын үнийн дүн 102 тэрбумд хүрээд байна. Сүүлийн 4 жилд тус үйлдвэр Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдээс нийт 150 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд үүний 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалтыг үйлдвэрлэгч компаниудаас авчээ. Эндээс харахад Орхон аймгийн нийлүүлэгч компаниудаас авах худалдан авалтын хэмжээ  буурч,  үйлдвэрлэгч компаниудаас авсан худалдан авалт өссөн байна. Одоогийн байдлаар орон нутгийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хийсэн гэрээний 81 хувь нь 100 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь цаашид хамтран ажиллах үйлдвэрлэгчдийн тоог нэмэгдүүлэх чиглэлд эерэг нөлөө үзүүлж байгаа аж.  

Орон нутгийн үйлдвэрлэгчдээ хүлээн авч уулзаж буйд талархав

Эрдэнэт үйлдвэрээс хоёр дахь удаа зохион байгуулж буй хамтын ажиллагааны тайлан уулзалтад оролцсон компанийн төлөөллүүд дээрх үгийг онцолж байлаа. Энэ удаагийн уулзалтад Орхон аймагт үйлдвэрлэл эрхэлдэг 19 компанийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн. Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин, хамтын ажиллагааны харилцан ашигтай уян хатан бодлогыг хэрэгжүүлж буй нь бизнесийн нэн таатай орчныг бүрдүүлж байна гэж үйлдвэрлэгчид талархаж байв. Цаашид хамтын ажиллагааны хүрээг тэлэх, үйлдвэрлэгчдийн тоог нэмэгдүүлэх, худалдан авалтын гэрээний хугацааг уртасгахад хоёр талын үүрэг хариуцлага, зөв хандлага  юунаас ч илүү чухал гэдгийг онцолсон. Мөн уг уулзалтад “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал У.Энхбаяр оролцож, баялаг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжиж, Эрдэнэт хотын хөгжилд хамтран хувь нэмрээ оруулахыг уриаллаа. Энэхүү санаачилгыг  Эрдэнэт үйлдвэр уриалгахан хүлээн авч, бүх талаар дэмжин ажиллах болно гэдгийг уулзалтын үеэр Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам хэлэв.

М.Балжинням

 

Эрдэнэт" үйлдвэрийн "Энэрэл" төвийн хүүхдүүд төрсөн өдрөө Монгол бахархлын өдөр тэмдэглэдэг. ТЭД өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн "Найдвар" төвөөр зочилж баяраа хуваалцав. МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.

Бүлэг Мэдээ

Орхон аймгийн 100 гаруй мянган иргэний хүнсний ногооны хэрэгцээний 80 хувийг дангаараа хангадаг Жаргалант сумынхан өнөөдөр "Алтан намар" хэлэлцүүлэг зохион байгууллаа.Тус үйл ажиллагаанд "Эрдэнэт" үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Худалдааны хэлтэс, Хөгжлийн хэлтсийн ажилтнууд болон аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд оролцов.

Ж.Бат-Өлзий Орхон аймгийн ХХААГазрын дарга

"Эрдэнэт"-ийн байгаль орчныхон цагаан тоосыг дарахад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар иргэдэд нээлттэй мэдээлэл хийлээ.
Тус компани 2007 оноос буюу Засгийн газрын "Цагаан тоос" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс өнөөг хүртэл уул уурхайн хаягдлын нөлөөллийг бууруулахад олон туршилт хийсэн.

Тухайлбал, Япон улсад үйлдвэрлэсэн бороожуулагч ашиглах, бор хөрсөөр дарах, органик полимер, нано технологиор бүтээсэн тоос дарагч ашиглах зэрэг туршилт хийсэн.
2018 оны дөрөвдүгээр сараас Баяжуулах үйлдвэр, Лаборатори судалгааны төв хамтран шинэ туршилт хийсэн нь өндөр үр дүнтэй нь батлагдаад байна.
Энэ нь үйлдвэрлэлийн хаягдлыг барьцалдуулагч бодистой нийлэгжүүлж тусгай хатуу гадаргуу үүсгэх юм.Үүнээс цагаан тоос босоогүй.
Хавар, намрын хуурайшилтын үед энэ туршилтыг Хаягдлын аж ахуйн талбайд үргэлжлүүлэх компанийн Ерөнхий захирлын тушаал гарч, тоног төхөөрөмж,
нийлэг бодис худалдан авах хөрөнгө оруулалт хийгдээд байгаа юм.Энэ ажил өндөр үр дүн авчирна гэдгийг мэргэжлийнхэн иргэдэд мэдээллээ.

Мөн Жаргалант сумын ургацын баярын үеэр яамны болон Засаг дарга, ИТХ-ын шагнал эзэддээ очив.

У.Цэрэнбат

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог